| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/0126/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/131 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат
Шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** овогт ***************ийн ***************д холбогдох 2526000000026 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20** оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг **** тоотод оршин суух хаягтай,
Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/554 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж ял шийтгэгдэж байсан *************** овогт *************ийн *************** /РД: ***************/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************** нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “*******” зочид буудлын 31 тоот өрөөнөөс ***************ын “IPhone-11” маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр найзуудтайгаа юм уусан. Манай гэрт 2 пиво аваад ***************, *************** нар ирсэн. Тэгээд буудалд ороод унтаад өгсөн. Манай хүн залгаад миний утас байдаггүй. Тэгсэн чинь ********* миний утсыг аваад явсан юм байна лээ. Тэгээд би мэдэхгүй өглөө боссон. Тэгээд ахиж уугаад тасраад ухаанаа алдсан. *************** миний утсыг цэнэглээд үлдээсэн гэж худлаа хэлээд миний утсыг аваад явсан юм байна лээ. Тэгээд манай хүнд аваачаад өгчихсөн байсан. Тэгээд би цэнэглэж байгаа гэж бодоод өрөөнөөс андуураад хүний утас аваад гараад ирсэн. Би нойлд орж бөөлжөөд буцаад өрөөндөө орохдоо өрөөгөө андуураад өөр өрөөнд орсон байсан. Тэгээд тэндээсээ гуйвж яваад такси бариад гэртээ хариад нам унтаад өгсөн. Тэгээд манай хүн чи хүний утас аваад ирсэн байна гэхээр нь би олсон гэж хэлсэн. Тэгээд утсыг нь эргүүлж өгсөн. Эзэн дээр нь очиход жоохон хүүхэд байсан. Тэгээд уучлаарай, санаандгүй аваад явчихаж гэж хэлсэн. Утасны ард талд нь виза карт байсан. Бас сим карт зэрэг бүгдээрээ байсан. Би сим карт болон өөр юмыг нь ерөөсөө оролдоогүй утсыг нь буцааж өгсөн. Тэгээд гомдол санал байхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа болоод явсан. Тэрнээс хойш архи дарс уухаараа янз бүрийн хэрэг төвөгт орчих гээд байгаа юм байна гээд уухаа больсон. Одоо ажлаа хийгээд явж байгаа. Би одоо захын ар тал угаалгын газарт ажил хийж байгаа. Би дахиж тийм зүйл хийхгүй. Намайг мөнгөн торгуулиар торгож өгнө үү. Би одоо ойлгосон” гэв.
Насанд хүрээгүй хохирогч ***************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хархорин сумын ** дугаар сургуульд сурч, Хархорин сумандаа гэр бүлийн хамт амьдардаг. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр багш, баг тамирчдын хамт Арвайхээр суманд тэмцээнд оролцох гэж ирсэн. Арвайхээр суманд манай хамаатны ах ***************ын эзэмшлийн “******” нэртэй зочид буудлын 31 тоотод байрласан. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тэмцээндээ спортын ордон руу явахдаа 31 тоот өрөөнд өөрийн “Iphone-11” маркийн хар өнгийн, дэлгэцний наалт хэсэг нь хагарсан, өнгөгүй хамеран кейстэй, утасны ар хэсэгтэй наалддаг эмэгтэйн зурагтай, мөн ардаа миний нэртэй банкны виза карттай утас цэнэглэж үлдээгээд 08 цагийн үед гарсан. 11 цагийн үед ирэхэд утас байхгүй болсон байсан. Тэгээд буудлын ажилтанд мэдэгдээд камер шүүлгэхэд манай өрөөнд эрээн куртиктэй эрэгтэй ороод гарсан байсан. Тухайн утсыг 2024 оны 09 дүгээр сард 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн гар утсаа олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч ***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр ************ найзтайгаа уулзаад, ************** гэх найзтай нь уулзаад 2 ширхэг пиво уугаад нэг охинтой танилцаж, гурвуулаа хамт шөнийн 2 цаг болж байхад буудал орсон. Тэгээд “************” нэртэй буудлаас би 7 цагийн үед гараад явсан. ********** шөнө нь гараад явсан байсан. Тухайн буудлын 2 давхар, 37 тоотод *************** тухайн охинтой үлдсэн. Би ***************д үлдэгдэл тооцоогоо хийгээрэй гээд гарсан. Би тухайн буудалд 55,000 төгрөгийн тооцоог өөрийн Хаан банкны *************** тоот данснаас 15,000 төгрөгийг хийгээд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр хийсэн. Тэр үед би хар өнгийн куртик малгайтай явсан. *************** эрээн өнгийн куртиктэй явсан. *************** саарал өнгийн куртиктэй явсан. Би өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буудалд очиж үлдэгдэл тооцоогоо хийх гэтэл буудлын эгч өчигдөр чамтай хамт явсан *********** гэх найз чинь хаана байна, буудлаас утас хулгайлсан юм шиг байна гэсэн. Би тэгэхээр нь утас руу нь залгаад хаана байна гэхэд гэртээ байна гэсэн. Тэгэхээр нь чи яагаад зүгээр явж чадахгүй утас хулгайлчихсан юм бэ гэхэд шууд утсаа салгачихсан. Удалгүй эхнэр нь залгаад *********** харин гэртээ орж ирэхэд халаасыг нь үзтэл 2 камертай “Iphone-11” маркийн гар утас байна. Олсон гэж ярьсан талаар надад ярьсан. Тэгэхээр нь би цагдаагаас очиж наад утсыг чинь авах байх гэж хэлээд утсаа салгасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч ***************ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тухайн өдөр *************** гэртээ байж байгаад 20 цагийн үед найз *************** нь ирээд хамт гараад явсан. Тэгээд гэртээ ирж хоноогүй. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 10 цаг болж байхад согтуу 2 тал пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд орондоо ороод унтаад өгсөн. Тухайн өдөр *************** эрээн өнгийн куртиктэй байсан. Тэгээд би унтчихаар нь куртикийг нь үзтэл халааснаас нь өөрийнх нь утас, нөгөө халааснаас нь 2 камертай “Iphone-11” маркийн гар утас гарч ирсэн. Тэгээд би орой сэрэхээр нь хүн амьтны юм аваагүй биз чи гэж асуутал би юугаа авч ирдэг юм гээд байсан. Тэгээд би тухай утасны эзэн нь залгах байх гэж хүлээж байсан юм. Гэтэл өчигдөр цагдаа нар ирээд алдагдсан утас байна гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин ***************ийн Хөрөнгө үнэлгээний 12/44 дугаартай "...“Iphone-11” маркийн хуучин гар утас 500,000 төгрөг, гар утасны хамгаалах хуванцар хуучин гэр 10,000 төгрөг, Хаан банкны виза карт 10,000 төгрөг, нийт хөрөнгийн үнэ цэн 520,000 төгрөг" гэсэн тайлан /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6, 7, 10 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ***************ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч ***************ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ***************нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “********” зочид буудлын 31 тоот өрөөнөөс ************ын “IPhone-11” маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. ...Насанд хүрээгүй хохирогч ***************ын мэдүүлэг, гэрч ***************, *************** нарын мэдүүлэг, алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан, эд зүйлийг хураан авч, улмаар таньж олуулах ажиллагаа явуулж, хүлээлгэж өгсөн талаарх нотлох баримтууд авагдсан. ...Насанд хүрээгүй хохирогч *************** “***************” нэртэй зочид буудлын 31 тоот өрөөнд ...байж байгаад тэмцээндээ явахдаа тухайн буудлын өрөөндөө “IPhone-11” маркийн гар утсыг цэнэглээд үлдээсэн нөхцөл байдал тогтоогдоно. Энэ үйл баримттай зэрэгцээд тухайн өдрийн урд өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө шүүгдэгч *************** нь найзуудын хамт буудлын өрөөнд байрладаг. ...Улмаар тухайн буудлын өрөөнөөс гарах үед буюу 28-ны өдрийн өглөө *************** нь өөрийн байрлаж байсан өрөөнөөс өөр хүний байрлаж байсан өрөөнд нэвтрэн орно. Энэ нь хэрэгт авагдсан камерын бичлэг болон гэрч ***************ын өгсөн *************** нь ямар өнгийн хувцастай явж байсан бэ гэдэг нь тодорхой дурдагдана. Ингээд утсыг нь аваад гэртээ очдог. Энэ гэртээ очсон нөхцөл байдлыг гэрч ***************с мэдүүлэхдээ халааснаас өөрийнх нь гар утас, нөгөө халааснаас 2 камертай гар утас гарч ирсэн. Тухайн өдөр эрээн өнгийн хувцастай явж байсан гэдэг нь эдгээр баримтаар тогтоогдоно. Эдгээр нөхцөл байдлууд нь бүхэлдээ хяналтын камерын бичлэгээр мөн адил тогтоогддог. ...Мөрдөн шалгах ажиллагааны үед ***************ын гэрт нь байсан утсыг хурааж авч насанд хүрээгүй хохирогчоор содон шинж тэмдгээр нь таниулж миний утас мөн гэсэн учраас тухайн гар утсыг нь хүлээлгэж өгсөн. Дээрх нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогддог. ...Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах байдлаар тогтоогддог. ...Өөрөөр хэлбэл зочид буудал гэдэг бол тусгайлан хамгаалах зориулалттай байр. Энэ олон өрөөтэй буудлын зөвхөн нэг өрөөнд *************** үйлчлүүлэх гэж төлбөрийг төлж тус буудалд ордог. Энэ орсон өрөөнөөсөө өөр өрөөнд орж байгаа буюу ***************ын түрээслээгүй, орох эрхгүй өрөөнд нэвтэрч байгаа нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх буюу орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. ...Иймд шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр хүсэлт гаргаж үүнийг мөрдөгчөөс хангаж шийдвэрлэсэн. Энэ цаг хугацаанаас хойш мөн дахин гомдол санал гаргаагүй байна. Иймд шүүгдэгчээс хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч *************** нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “********” зочид буудлын 31 тоот өрөөнөөс ************ын “IPhone-11” маркийн хар өнгийн гар утсыг буудлын өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эзэмшлийн утсыг хулгайлан авч, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Энэ хэргийг шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байгаа учраас нотлох баримтаар тооцох үндэслэлтэй байна. *************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утсыг эзэнд нь буцаан өгсөн. Хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй талаар бичгээр хүсэлт гаргасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй учраас шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гаргуулах зүйл байхгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***************д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *************** нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “*******” зочид буудлын 31 тоот өрөөнөөс ***************ын “IPhone-11” маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ********** овгийн *********ийн *********** нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Насанд хүрээгүй хохирогч ***************ын: “...Арвайхээр суманд манай хамаатны ах ***************ын эзэмшлийн “***************” нэртэй зочид буудлын 31 тоотод байрласан. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тэмцээндээ спортын ордон руу явахдаа 31 тоот өрөөнд өөрийн “Iphone-11” маркийн хар өнгийн, дэлгэцний наалт хэсэг нь хагарсан, өнгөгүй хамеран кейстэй, утасны ар хэсэгтэй наалддаг эмэгтэйн зурагтай, мөн ардаа миний нэртэй банкны виза карттай утас цэнэглэж үлдээгээд 08 цагийн үед гарсан. 11 цагийн үед ирэхэд утас байхгүй болсон байсан. Тэгээд буудлын ажилтанд мэдэгдээд камер шүүлгэхэд манай өрөөнд эрээн куртиктэй эрэгтэй ороод гарсан байсан. Тухайн утсыг 2024 оны 09 дүгээр сард 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч ***************ын “...Би тухайн өдөр *************** найзтайгаа уулзаад, *************** гэх найзтай нь уулзаад 2 ширхэг пиво уугаад нэг охинтой танилцаж, гурвуулаа хамт шөнийн 2 цаг болж байхад буудал орсон. Тэгээд *************** нэртэй буудлаас би 7 цагийн үед гараад явсан. *************** шөнө нь гараад явсан байсан. Тэгээд тухайн буудлын 2 давхарт 37 тоотод *************** тухайн охинтой үлдсэн. Би ***************д үлдэгдэл тооцоогоо хийгээрэй гээд гарсан. Би тухайн буудалд 55,000 төгрөгийн тооцоог өөрийн Хаан банкны *************** тоот данснаас 15,000 төгрөгийг хийгээд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр хийсэн. Тэр үед би хар өнгийн куртик малгайтай явсан. *************** эрээн өнгийн куртиктэй явсан. *************** саарал өнгийн куртиктэй явсан. Би өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буудалд очиж үлдэгдэл тооцоогоо хийх гэтэл буудлын эгч өчигдөр чамтай хамт явсан *************** гэх найз чинь хаана байна, буудлаас утас хулгайлсан юм шиг байна гэсэн. Би тэгэхээр нь утас руу нь залгаад хаана байна гэхэд гэртээ байна гэсэн. Тэгэхээр нь чи яагаад зүгээр явж чадахгүй утас хулгайлчихсан юм бэ гэхэд шууд утсаа салгачихсан. Удалгүй эхнэр нь залгаад *************** харин гэртээ орж ирэхэд халаасыг нь үзтэл 2 камертай “Iphone-11” маркийн гар утас байна. Олсон гэж ярьсан талаар надад ярьсан. Тэгэхээр нь би цагдаагаас очиж наад утсыг чинь авах байх гэж хэлээд утсаа салгасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч ***************ын: “...Тухайн өдөр *************** гэртээ байж байгаад 20 цагийн үед найз *************** нь ирээд хамт гараад явсан. Тэгээд гэртээ ирж хоноогүй. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөө10 цаг болж байхад согтуу 2 тал пиво барьчихсан орж ирсэн. ...Тухайн өдөр *************** эрээн өнгийн куртиктэй байсан. Тэгээд би унтчихаар нь куртикийг нь үзтэл халааснаас нь өөрийнх нь утас, нөгөө халааснаас нь 2 камертай “Iphone-11” маркийн гар утас гарч ирсэн. Тэгээд би орой сэрэхээр нь хүн амьтны юм аваагүй биз чи гэж асуутал би юугаа авч ирдэг юм гээд байсан. ...Гэтэл өчигдөр цагдаа нар ирээд алдагдсан утас байна гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2025 оны 01 дүгэр сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6, 7, 10 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний 12/44 дугаартай тайлан /хх-ийн 30-32 дугаар хуудас/, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6, 7, 10 дугаар хуудас/, мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17 дугаар хуудас/, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ***************ын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***************ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *************** нь насанд хүрээгүй хохирогч ***************д “IPhone-11” маркийн хар өнгийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, насанд хүрээгүй хохирогч ***************, түүний хууль ёсны төлөөлөгч *************** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болно.
Иймд шүүгдэгч ***************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: ...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. ...Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд төлөв даруу, хөдөлмөрч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүний даалгасан ажлыг хариуцлагатай хийдэг зэрэг нь өөрийнх нь мэдүүлж байгаа мэдүүлгээс нь харахад тодорхой харагдаж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг тусгайлан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд түүний үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, түүний эрүүл мэндийн байдал, ам бүлийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заасан. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болох эрх зүйн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтыг шүүгдэгч ***************ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хэрэглэх боломжтой гэж үзэж ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг маань ялын санкцийн тухайд 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байгаа учраас доод хэмжээний хоёрын нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоод дурдаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч ***************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч *************** нь урьд ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хх-ийн 50/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-63/ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч ***************ыг урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шүүх, шүүгдэгч ***************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ***************д нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***************ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *************** нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************** нь нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт ***************ийн ***************ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *************** овогт ***************ийн ***************ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР