Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/01948

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/01948

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 0-р хороо 0-р хороолол Алтай гудамж 00-р байр 00 тоотод оршин суух Д овогт Т Э /РД:0000000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р хороо Харуул алтай хотхон 000-р байр 00 тоотод оршин суух И овогт М.Б /РД:00000000 /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний төлбөрт 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, гэрч Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь Т.Э 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй, барьцаагүй зээл авсан.

М.Б нь эхний 2 сарын хүүг төлсөн үүнээс хойш үндсэн зээл болон хүүг төлөөгүй.

М.Б үндсэн зээл 4,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 сарын 16-ны өдөр хүртэлх 4 сарын хүү 1,920,000 төгрөг, 2017 оны 03 сарын 16-ны өдрөөс 2017 оны 04 сарын 14-ны өдөр хүртэлх 29 хоногийн алданги /1 өдрийн 4,000,000*0,5%=20,000 төг/ 580,000 төгрөг нийт 6,500,000 төгрөгийг зээлдүүлэгч Т.Э гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э нэхэмжилсэн 6,500,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй, би Т.Э мөнгө төгрөг авч өгч байсан тохиолдол байхгүй.

Харин иргэн Б 10 хувийн хүүтэй 5,335,000 төгрөг зээлж аваад дансаар Батчимэг 3,835,000 төгрөг шилжүүлсэн.

Б 2016 оны 9 сарын 14-нд уулзахад манай охин Э гэрээ хий одоо охиндоо эрхээ шилжүүлж байгаа гээд гэрээ хийсэн. Гэрээ хийснээс хойш 2 удаа хүү төлөхдөө би Б данс руу шилжүүлсэн.

Би Т.Э мөнгө зээлж аваагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Миний үйлчлүүлэгч М.Б нь Б мөнгө зээлдэг байсан болохоос Т.Э мөнгө зээлж байгаагүй охиндоо эрхээ шилжүүлж байгаа нэрээр 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн зээлийн гэрээг хийсэн байдаг. Энэ зээлийн гэрээний дагуу М.Б нь 4,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн аваагүй.

 

М.Б Т.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч М.Б холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 6,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.Б нь Т.Э зээлийн гэрээгээр мөнгө хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр 4,000,000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай авахаар тохиролцон зээлийн гэрээ байгуулан хоёр тал гарын үсэг зурсан байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Зохигчдын хооронд дээрхи зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг хариуцагч М.Б бэлнээр болон дансаар хүлээлгэн өгөөгүй болох нь хариуцагчийн Д.Б нь эрхээ охиндоо шилжүүлж байгаа гээд өмнөх зээлийн үлдэгдлийг нэгтгээд гэрээг хийсэн болохоос 4,000,000 төгрөгийг би Т.Э аваагүй, мөнгө өгч авч байгаагүй гэх тайлбар, М.Б 000000000000 тоот ХААН банкны дансны хуулга, гэрч Д.Б М.Б бид хоёр танилууд надаас дандаа мөнгө зээлдэг байсан. Т.Э нь миний төрсөн охин түүний Хаан банкны данс нь 000000000 дугаартай энэ дансаар М.Б

мөнгө шилжүүлж байгаагүй гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Харин гэрч Д.Б Хаан банкны 00000000 тоот данс хариуцагч М.Б Хаан банкны 0000000000 дансанд удаа дараа зарлага болон орлого хийгдсэн болох нь дансны хуулгаар нотлогдов.

 

Нэхэмжлэгч Т.Э хариуцагч М.Б нарын хооронд зээлийн гэрээний зүйлийг шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчид зээл шаардах эрх үүсээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Т.Э нэхэмжлэлтэй хариуцагч М.Б  6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Э улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ