Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 16

 

“Б Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0580 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0731 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: “Б Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн татварын газарт холбогдох,

2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 22/0006085 дугаар актаар тавигдсан төлөх ёстой бүгд 211.319.906.0 төгрөгийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 100.858.449 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар татварын өрнөөс чөлөөлөх хуулийн үйлчлэлд хамруулахыг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0580 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2, 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 05 сарын 06-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 22/0006085 дугаар актын маргаан бүхий 100.858.449 төгрөгөөс 29.668.409 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хамруулах шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн татварын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 71.190.089 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай  хуульд хамруулахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0731 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б Ө” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Татварын байгууллага нь акт тавихдаа Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.1.2, 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан хуулийн заалтуудыг хэрэглээгүй.

Татварын улсын байцаагчийн 22/0006085 тоот акт нь 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр баталгаажсан ч агуулга нь, шалгагдсан баримтууд нь өөрөө 2012-2013 оны баримтууд болохоор эдгээр үйл явдлууд нь гарцаагүй Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасанд бүрэн нийцэж байхад уг хуулийн үйлчлэлд манай компанийг бүрэн хамааруулаагүй.

Манай компанид тавьсан татварын улсын байцаагчийн дээрх акт нь захиргааны арга хэмжээ авагдсан акт нь өөрөө захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрт бүрэн хамаарч байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд үнэлээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч “Б Ө” ХХК нь Нийслэлийн Татварын газарт холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22/0006085 дугаар татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 211319906 төгрөгийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 100858449 төгрөгийг өршөөлийн хуульд хамруулж, чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд “өөрийн боломжоор актаар тогтоосон төлбөрийг төлж байсан, нөхөн татвараа эхлээд суутгах боломжтой, заавал хуульд бичигдсэн дарааллаар төлөх үүрэггүй, татвар төлөгчийн эрх, ашгийг хүндэтгэн үзсэнгүй” гэх үндэслэлээр маргаж байна.

Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт татварын өрийг барагдуулах дарааллыг тогтоож, эхлээд тухайн татварт ногдох алданги, торгуул, сүүлд нь татварын үндсэн өрийг барагдуулахаар заасан тул захиргааны байгууллагын өршөөлд хамруулахаас татгалзсан үйлдэл хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн тухайд актаар тогтоосон төлбөрөөс 110461406 төгрөгийг төлсөн байх бөгөөд дээрх хуульд зааснаар эхлээд алданги, торгуульд уг төлбөрийг тооцож, нөхөн татвар төлөгдөөгүй үлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн хуулийн үйлчлэх хугацааг тодорхой заасан байна.

Иймээс нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн 29.668.409 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж, холбогдох нөхөн төлбөрөөс хасч шийдвэрлэсэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

Харин хуулийн хугацаанаас өмнө нэгэнт төлсөн төлбөр, торгуулийг нь буцаах эсхүл суутгах боломжгүй, татварын өршөөл нь зөвхөн биелэгдээгүй шийтгэлд хамаарах хуулийн зорилгод нийцэх юм.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасанчлан “... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх”-д буюу биелэгдээгүй шийтгэлээс өршөөн хэлтрүүлэхэд хуулийн зорилго орших бөгөөд энэ нь нэгэнт биелэгдсэн шийтгэлд хамааралгүй.

Хууль тогтоогчоос өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд “хүмүүнлэг” зарчмын үүднээс онцгой, цөөн тохиолдолд гэм буруутай этгээдийг хуулиар хүлээлгэсэн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор өршөөлийн хуулийг баталж, энэ хүрээнд зөвхөн татварын өртэй татвар төлөгчийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн нь тэгш эрхийн зарчмыг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй.

Эдгээр болон бусад асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0580 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0731 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН      

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ