Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/MA2017/0249

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0249

         Улаанбаатар хот

 

 

Б.Наранзаяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Наранзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Д.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Наранзаяагийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Наранзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Б.Наранзаяаг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалын орон тоо хасагдаагүй байх тул урьд эрхэлж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан Б.Наранзаяад 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 3 сар, 1 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 1546842 /нэг сая таван зуун дөчин зургаан мянга найман зуун хоёр/ төгрөгийг олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх

нь шийдвэрийн дүгнэлт хэсэгтээ маргааны нэг тал болох нэхэмжлэгч Б.Наранзаяагийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж түүнийг “Байгууллага бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан” үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн байна.

Улмаар Төрийн албаны туухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалын орон тоо хасагдаагүй байх тул урьд эрхэлж байсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ээр эгүүлэн томилохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

Төр засгийн байгууллагууд шат шатандаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсонтой холбогдуулан хуучин Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/64 тоот тушаалаар тус хэлтсийн албан хаагч ажилчдыг ажлаас чөлөөлөлж, шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтэст шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хуучин бүтцээр аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь 46 орон тоотой, хуучин Хөдөлмөрийн хэлтэс нь 23 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байжээ. Эдгээр орон тоог механикаар нийлүүлж тооцвол 69 болж байна.

Харин шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нийт 50 орон тоотой ажиллахаар батлагдсан. Энэ өдрөөс хойш 35 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орон тоо нь хасагдсан, болон орон тоо нь цөөрсөн нэр бүхий төрийн албан хаагчдыг хуулийн дагуу төрийн албанаас чөлөөлсөн болно. Эдгээр хүмүүсийн нэг нь Б.Наранзаяа юм. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчидтай анх уулзаж нөхцөл байдлыг танилцуулан бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн иймд ажлаас чөлөөлж хуульд заасан нэг удаагийн тэтгэлэг олгоно, асуух асуулт, санал байгаа эсэхийг тодруулахад Б.Наранзаяа ямар нэгэн асуулт, санал байгаагүй. Мөн хуулийн дагуу олгосон тэтгэлгийн мөнгөнөөс хувийн хэрэгцээндээ авч хэрэглэн зарцуулсан баримт нь хавтаст хэрэгт авагдсан болно.

Шинээр батлагдаж ирсэн Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тооны “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэсэн албан тушаалд өмнөх буюу хуучин Хөдөлмөрийн хэлтсийн хоёр ажлын байранд ажиллаж байсан иргэн Б.Болор-Эрдэнэ, Б.Гантулга, Б.Наранзаяа нарын аль нэгнийх нь ажлын байр 100 хувь хадгалагдан үлдсэн гэх  үндэсгүй бөгөөд хэн нэгнийх нь эрхэлж байсан ажил албан тушаал илүү чиг үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Байгууллагын даргын хувьд батлагдсан нэг орон тоон дээр дээрх 3 хүнээс тус орон тооны ажлын байрны тодорхойлолтын үндсэн шаардлагад нийцэж мэргэжил нь таарч байгаа мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтын шаардлагын дагуу жирэмсэн байсан хүнийг сонгон орон тоон дээр үлдэж томилсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн шаардлагын дагуу төрийн албан хаагчын ажлын байрыг хадгалж, мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжиж ирсэн хуучин Хөдөлмөрийн хэлтсийн 23, хуучин Халамж үйлчилгээний хэлтсийн 46 нийт 69 төрийн албан хаагчаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад заасан нөхцөл шаардлагыг үндэслэн шинээр батлагдаж ирсэн 50 орон тоонд багтаан томилсон тушаал гаргахдаа Б.Болор-Эрдэнийг хамруулж баталгаажуулсан болно.

Б.Наранзаяаг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлаас чөлөөлсөн үндэслэлээс гадна дараах нэмэлт нөхцөл байдлын талаар тайлбаруудыг гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

“Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ний ажлын байранд эдийн засагч эсхүл нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн ажиллахаар нөхцөл тавигдсан байдаг бөгөөд Б.Наранзаяа нь уг шаардлагад тохирохгүй мэргэжилтэй болно. Мөн Хөдөлмөр хэлтсийн даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар тушаалаар “Сануулах” арга хэмжээ, 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/35 дугаар тушаалаар “Цалинг 2 сарын 20 хувиар бууруулах” арга хэмжээ буюу нэг жилд 3 сарын дотор 2 удаа сахилгын арга хэмжээ авагдаж байжээ. Эдгээр байдлууд нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5 дахь хэсгүүдэд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ удаа дараа биелүүлээгүй, хариуцсан ажлаа хангалтгүй гүйцэтгэж мөн хариуцсан ажилдаа дадлага суугаагүй бодит байдал дээр мэргэшээгүй байсан гэж үзэх бүрэн үндэстэй юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан нөхцөл шаардлагаар төрийн албан хаагчыг шилж сонгох үндэслэл болно.

Иймд байгууллага бүтцийн өөрчлөлт орж хуучин Хөдөлмөрийн хэлтсийн 23 орон тоо 5 болж хасагдаж зарим албан тушаал нийлж нэгдэн өөрчлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан нөхцөл шаардлага, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн ерөнхий шаардлагын дагуу өөр хүнийг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр томилж, харин хуучин Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тухай үеийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдөн шинээр байгуулагдсан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжин ирсэн Б.Наранзаяаг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг баримтлан төрийн албанаас чөлөөлж тэтгэлэг олгосон нь хууль зүйн үндэстэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Наранзаяа нь “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Б.Наранзаяаг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай”  2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргажээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол батлагдсан байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар харьяалагдах болжээ.

Дээрх тогтоолын дагуу аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нэгтгэж, тус 2 хэлтсийн чиг үүрэг хэвээр хадгалагдан “аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” болон өөрчлөн байгуулагдсаныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ гэж үзэхээр байна.

Байгууллага өөрчлөн зохион байгуулагдсанаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт зэргийг баримтлан “Байгууллага бүтцийн өөрчлөлтөд орж орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр хуучин Хөдөлмөрийн хэлтсийн зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Наранзаяаг үүрэгт ажил, албан тушаалаас нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс чөлөөлж, хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар тушаал гаргасан нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Б.Наранзаяа Архангай аймгийн Хөдөлмөр хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалаар тус хэлтсийн “Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөр, сургалт хариуцсан мэргэжилтэн, мөн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаар тушаал, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байжээ.

Харин Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буудсантай холбогдуулан нэр бүхий албан хаагчдыг үүрэгт ажлаас нь төлөөлж, түүн дотор Б.Наранзаяаг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 дүгээр тушаал гаргасан байна.

Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нэгтгэсэнтэй холбоотойгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  даргын “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах” тухай 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан бөгөөд тус газрыг нийт 50 орон тоотой, түүн дотроо Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нь хэлтсийн дарга 1, дөрвөн мэргэжилтний орон тоотой буюу Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоог 1 байхаар баталсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар батлагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан тухайн ажлын байранд тавигдах шаардлага /“Ерөнхий шаардлага нь “Дээд боловсролтой”, Эдийн засагч, нийгмийн ажилтан мэргэжилтэй/, ажлын байрны үндсэн зорилт нь ижил байгаагаас үзвэл нэхэмжлэгч Б.Наранзаяагийн өмнөх эрхэлж байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг сүүлд батлагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтний орон тоонд хэвээр хадгалагдаж байна гэж үзэхээр байна.

“Байгууллагын бүтцийн өөрчлөлтөд орж, орон тоо хасагдсан тул” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Наранзаяаг ажил, албан тушаалаас чөлөөлж байгаа хариуцагчийн гаргасан маргаан бүхий дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчжээ.

Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг ... байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн гаргасан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Б.Наранзаяг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай”  2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дүгээр тушаал нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан байгууллагын бүтцийн өөрчлөлтөд орж орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан атлаа одоо шүүхэд тушаалын үндэслэлээ “ажлын байрын тодорхойлолтод “Эдийн засагч, нийгмийн ажилтан” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Наранзаяаг тэрхүү шаардлагыг хангаагүй” гэж хариуцагч тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, ажлын байрны тодорхойлолтод заасан “Эдийн засагч, нийгмийн ажилтан” гэх мэргэжилтэй байх ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Наранзаяаг ажлаас нь хариуцагч чөлөөлөөгүй.

Тиймээс шүүх зөвхөн нэхэмжлэгч Б.Наранзаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тэрхүү маргаан бүхий захиргааны акт, захиргааны албан тушаалтны үйлдэл нь хуульд нийцсэн эсэх, тодорхой нэг тохиолдолд үндэслэл бүхий эсэхэд дүгнэлт өгөх замаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй.

Мөн нэхэмжлэгч Б.Наранзаяа нь хэдийгээр “Эдийн засагч, нийгмийн ажилтан” гэх Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт заасан ерөнхий шаардлагын хангаагүй гэж үзэж болох ч тэрээр уг ажлын байранд 2013 оноос хойш ажиллаж байсан, мөн “Удирдлагын академи” төрийн алба, удирдлагын сургуульд “Төрийн захиргааны менежмент”-ийн чиглэлээр 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төгссөн, Хөдөлмөрийн яамнаас “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх” сургалт зохион байгуулан нэхэмжлэгч Б.Наранзаяад “Сертификат” олгож байсныг дурдах нь зүйтэй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, мөн дугаарлалтын алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “...Хөдөлмөрийн тухай хуулийн...” гэсний дараа “46 дугаар зүйлийн 46.2,” гэж нэмж, “Тогтоох” хэсгийн сүүлийн заалтын дугаарыг “3” гэснийг “4” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                              О.НОМУУЛИН

 

                                    ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР