| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0206/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/229 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/229
2025 05 22 2025/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,
шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Лд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.Л нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Мөнх-Алдар талбай дээгүүр 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота приүс-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч О.Л:
...Надад хамтран амьдрагч болох н.Дприус-30 маркийн машин байсан. Би хамтран амьдрагчтайгаа нийлээд удаагүй бөгөөд 2 сар гаруй хугацаа л өнгөрч байна. Манай хүн машинаа бариад ирээд удаагүй бөгөөд толгой нь өвдөөд машиндаа унтаж байсан. Би тухайн үед таньдаг ахын хамт 1 шил архи уучихсан байсан бөгөөд толгойны эм авахаар хамтран амьдрагчынхаа тээврийн хэрэгслийг унаад эмийн сан руу явж байхдаа зогсоолоос гарч зогсоод цагдаад баригдсан. Одоо хамтран амьдрагчаасаа салсан. Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Өөрийн тээврийн хэрэгслээ зарж, борлуулсан... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч О.Л нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Мөнх-Алдар талбай дээгүүр 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота приүс-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/
-Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай /хх-ийн 3 тал/
-Согтуурал хэмжигч багаж үлээсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 тал/,
-Шүүгдэгч О.Лы сэжигтнээр өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цагийн үед Төв аймгийн Зуунмод сум Нацагдорж 5 дугаар баг 16 дугаар гудамжинд явж байхдаа танил ах Баянжаргалтай таараад бид хоёр 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Дараа нь бид хоёр салж яваад би гэрийнхээ үүдэнд ирэхэд эхнэр Б.Днь машиныхаа жолоочийн баруун урд талын суудлыг хойшлуулсан байдалтай дотор нь унтаж байсан. Тэгээд би жолооны ард суугаад эхнэр Б.Дэм нь дуусч байсныг мэдэж байсан учир машинаа жолоодоод эмийн сан орохоор явсан. Тэгээд би Мөнх-Алдарын талбайн зүүн талын засмал замаар урагшаа яваад талбайн зогсоол дээр машинаа байрлуулаад буух үед нэг цагдаа хүрч ирээд намайг тандангчаар үлээлгэж шалгахад 2.17 хувийн согтолттой гэж зааж байсан. Тэгээд миний унаж байсан тээврийн хэрэгслийг түр саатуулж журмын хашаанд хийсэн. Мөн хамаатны ах Нацагдоржийг дуудаад намайг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/
-Гэрч Б.Д“...Би 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед машиныхаа жолоочийн хажуу талын суудал дээр суугаад өвчин намдаах эмээ уугаад хэсэг машиндаа унтчихсан байсан. Тэгээд би нөхөр О.Лд хандаж “Чи яах гэж юм уучаад машин барьсан юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа жолооны ард суугаад намайг гэрт хүргэж өгөөд харин Лыг аваад цагдаа руу явсан. Тэгээд миний машиныг саатуулаад журмын хашаанд хийчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал /
-Гэрч П.Д“...Би 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан томилгооны дагуу Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр баг үсчийн уулзвар орчим эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед 14 цагийн үед замын цагдаагийн тасгийн зохицуулагч Мөнхбат ах надруу залгаад “Мөнх-Алдарын талбай дээр цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл яваад байна. очоод шалгаад үз” гэж хэлсэн. Тэгээд би дуудлагын дагуу Мөнх-Алдарын талбай дээр очих үед 52-14 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь талбайн баруун талын шороон зогсоол машинаа тавьсан байх үед нь очиж уулзсан. Тэгээд би тухайн жолооч О.Лыг тандагчаар үлээлгэн шалгахад согтолттой байсан.Мөн регистрийн дугаараар нь шүүж үзэхэд 2024 оны 09 дүгээр сард 1 жилийн хугацаатай жолоодор эрхээ хасуулсан. Байсан. Тэгээд тухайн жолоочийг замын цагдаагийн тасаг дээр аваачиж драгер багажаар хэмжихэд 2.175 хувийн согтолттой гэж зааж байсан. Дараа нь тухайн иргэн. О.Лы унаж явсан тээврийн хэрэгслийг саатуулж журмын хашаанд хийж согтуу жолооч О.Лы ар гэрийн хүн гэж хамаатных нь ах Нацагдоржийг тус иргэнийг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /14 тал /
-Шүүгдэгч О.Лы яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг ойлгосон. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн сэжигтний мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/ болон болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл:
...Шүүгдэгч О.Л нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Мөнх-Алдар талбай дээгүүр 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота приүс-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч О.Л нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа:
...Шүүгдэгч О.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруу дээр маргахгүй байгаа... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч О.Л:
... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч О.Л болон түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Л болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.
Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Тодруулбал, шүүгдэгч О.Л нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Л тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.Л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Иймд шүүгдэгч О.Л энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл:
...Шүүгдэгч О.Лы тухайд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэдэгтээ маргасан зүйл байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон, тогтоогдсон тул шүүгдэгч О.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийт тустай ажил хийлгэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа
...Миний үйлчлүүлэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзаж, улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хөнгөрүүлж 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч О.Л:
...Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажилладаг бөгөөд энэ асуудлаа шийдэх зорилгоор ажлаасаа чөлөө авсан байгаа. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Мөн ажил хийж ар гэрээ авч явдаг зэргийг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч О.Лд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч О.Л нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Мөнх-Алдар талбай дээгүүр 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота приүс-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй, харин эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал бий болсон.
Иймд шүүх шүүгдэгч О.Лы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 720/долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч О.Лд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна..., тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус заасан учраас шүүгдэгч О.Лы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэцэгүн овгийн Отгонбаатрын Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Цэцэгүн овгийн Отгонбаатрын Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, долоон зуун хорин /720/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Лд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь шүүхээс оногдуулсан 720/долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхи йн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН