Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2020/00148

 

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т аймгийн П газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э-т холбогдох,

 

Гэм хорын хохирол 7 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: .....................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.Э  нь Ц.М , Х.Б , О.Б  нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 82-94 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2014 оны 10 дугаар сард Төв аймгийн Аргалант сумын 3 багийн нутаг Цант уулнаас 1 тооны буга Бурхан уулнаас 1 тооны согоог хууль бусаар агнаж, амьтны аймагт 28 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2 хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Золжаргал 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Улмаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 199 дугаартай Эрүүгийн хэргээс зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор 20161510016 дугаартай хэргийн сэжигтэн Б.Э  нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрийлсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө үйлдэгдсэн тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан заалтад хамаарагдан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Гэвч хариуцагч Б.Э  нь Ан амьтны экологи, эдийн засагт учирсан хохирлоо нөхөн төлөөгүй тул улсад учруулсан гэм хорын хохирол болох 7 050 000 төгрөгийг гаргуулж, төлбөрийг улсын төсөвт оруулж өгнө үү. Өмнө нь прокурорын байгууллагын тухай хууль гэж байсан, одоо Прокурорын тухай хууль гэж нэршил нь өөрчлөгдсөн хэдий боловч утга агуулга нэг. Нийтийн эрх ашиг сонирхол гэж нэрлэдэг болсон. Гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг өмнө нь ч гэсэн прокурорын байгууллагын тухай хуулиар шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хэргийг шийдвэрлүүлж байсан, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Прокурорын тухай хууль гарснаар энэ өөрчлөгдөөгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг ойлгож болохгүй. Төр нийтийн ашиг сонирхол гэж нэршлийн хувьд илүү өргөн цар хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Төр нийтийн ашиг сонирхол гэдгийг Прокурорын тухай хуулинд мөн адил ялгаагүй гэж ойлгож болно, тиймээс бид нэхэмжлэл гаргах эрхтэй. Хариуцагч тухайн үед өмгөөлөгчтэй байсан, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж оролцож байсан. Мөрдөн байцаах шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж прокурорын тогтоол гарсан, одоо хүчин төгөлдөр. Б.Э т хууль сануулж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй”гэв.

 

Хариуцагч Б.Э  шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн үед Х.Б  гэж хүний гуйлтаар явсан, хууль бус ан агнаж байгааг мэдээгүй. Х.Б  ойрхон айлд очоод ирье гээд тэгээд орой нөгөө хоёр хүнтэйгээ уулзаад цааш явна гэхээр нь би явахгүй, явлаа гэтэл дарамтанд ороод явж ирсэн. Мөрдөн байцаах шатанд мөрдөн байцаагч намайг дуудаж чи хэрвээ ингэвэл хэргийг чинь хэрэгсэхгүй болгож, ямар нэгэн төлбөр хариуцахгүйгээр энэ хэргээс гарна гэсэн тул өмгөөлөгчтэйгээ уулзахгүйгээр зөвшөөрсөн. н.Монгол гэдэг өмгөөлөгчийг авсан ч надад тусламж үзүүлээгүй. Тийшээ явж ирсэнээс хойш Х.Б өд байнга дарамтлуулж байсан. Тухайн үед би ан агнана гэж мэдээгүй, айлд очно гэсэн тул энэ хэрэгт хамааралгүй. Гэтэл мөрдөн байцаагч ингэж болно гэж зөвлөсний дагуу болчих байх гээд зөвшөөрсөн чинь нэг жилийн дараа маш өөр болж шүүхийн шийтгэх тогтоолоор машиныг хураасан, энэ жил нэхэмжлэл гаргаж мөнгө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хяналтын прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаж явсаар дээд шатны пурокурорт очсон. Прокурорын тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энэ шинэ хууль гарахаас өмнө прокурор төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл бичдэг байсан бол одоо шинэ хуулинд төр нийтийн эрх ашгийг хамгаалж прокурор нэхэмжлэл бичиж болно гэж заасан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр Прокурорын тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байхад М.Гансувд прокурорын тогтоол 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гарсан, Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоол 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гарсан, Иргэний хуулинд заасны дагуу буцаан хэрэглэж болохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б.Э т холбогдуулан гэм хорын хохирол 7 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар “...Прокурорын тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл прокурорын тогтоол 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, шүүхийн шийтгэх тогтоол 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Иймд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй” гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэх үндэслэлүүдийг тус тус заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж прокурор төрийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж гаргасан нэхэмжлэлийг ойлгох тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

Хариуцагч Б.Э  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... би тухайн үед Х.Б  гэх хүний гуйлтаар явсан, хууль бус ан агнаж байгааг мэдээгүй. Мөрдөн байцаах шатанд мөрдөн байцаагч намайг дуудаж чи хэрвээ хэргээ хүлээвэл хэргийг чинь хэрэгсэхгүй болгож, ямар нэгэн төлбөр хариуцахгүйгээр энэ хэргээс гарна гэсэн тул би зөвшөөрсөн тайлбар бичиж өгсөн. Иймд гэм буруугүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Хэргийн баримтаас үзэхэд Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор Б.Э ыг мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан заалтад хамаарагдсан гэх үндэслэл зааж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх тогтоол болон хэрэгт авагдсан бусад баримтаар хариуцагч Б.Э  нь бусадтай бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  болоноор Хариуцагч Ч.Ганхуяг нь 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум, Хустайн цогцолбор газрын хамгаалалтын бүсэд буга агнаж, байгаль орчинд 7 050 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагчаас гэм хорын хохиролд 7 050 000 төгрөг гаргуулан улсын төсөв оруулах нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э аас гэм хорын хохиролд 7 050 000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 127 750 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ

 

              ШҮҮГЧИД                                                          Б.МӨНХБАЯР

 

                                                                 Б.МӨНХЖАРГАЛ