Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/02785

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******,*******,

хариуцагч-,*******,*******,,,

Баянзүрх дүүрэг,,,*******, тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр,,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Мр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь С.Нт холбогдуулан,,,*******, тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий орон сууцыг Г” ХХК-ийн захирал Ж.Мраас худалдан авч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн. Тухайн үед уг орон сууцанд С.Н амьдарч байсан тул худалдан авсан талаараа хэлж дараагийн байр сууцаа олтол түр амьдарч байхыг зөвшөөрсөн боловч сүүлдээ миний орон сууцыг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчиж, өмчлөгчийг өмчийн эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа гэж тодорхойлсон.

Хариуцагч тал тайлбартаа ...маргаан бүхий орон сууцыг Ч.П гэх иргэнээс худалдан авч тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байсан нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа талаар тус дүүргийн прокурорын газрын 2022-04-18-ний өдрийн 709 дугаартай прокурорын тогтоолд дүгнэсэн. Хариуцагч болон Ч.П нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болох нь 2009-11-20-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн нь 2009-12-08-ны өдөр бөгөөд уг гэрээ нь Г ХХК-ийн батламжийн үндсэн дээр энэхүү маргаан бүхийн орон сууцны өмчлөлийг шударгаар олж авсан. Нэхэмжлэгчид уг орон сууцны шаардах эрх хууль ёсны дагуу шилжээгүй гэж үзэж байгаа, мөн хэрэг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цахилгааныг тасалсан байгаа. Нэхэмжлэгчид маргаан бүхий орон сууцны шаардах эрх бүрэн шилжээгүй байхад орон сууцыг чөлөөлөхийг шаардаж байгаа тул энэ нэхэмжлэл үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс ...манай компани 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 18/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Г.Мтай байгуулснаар түүний ажлын хөлсөнд маргаан бүхий тоотын орон сууцыг шилжүүлсэн боловч Г.М нь гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр 120.000.000 төгрөгт багтаан дутуу баригдсан 4 айлын байшинг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгахаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхийг манай компаний зүгээс удаа дараа шаардсан боловч компаниас 200.000.000 төгрөг авна гэж ярьж явсан байсан. Бидний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т “гэрээний төлбөрт дүйцүүлэн олгосон орон сууцуудыг захиран зарцуулах эрхийг Б тал нь А талд итгэмжлэлээр олгох, Б тал санхүүжилтээ тодорхойлоогүй нөхцөлд А тал өөрийн өмчлөлд буцаан авна гэж тохирсон байдаг. Гэтэл Г.М нь 120.000.000 төгрөгийн ажлыг өөрийн санхүүгийн хүчин чадлыг манай байгууллагад тодорхойлж өгөх үүргээ биелүүлээгүй, санхүүжилтээ тодорхойлоогүй. Уг орон сууцыг итгэмжлэлээр захиран зарцуулах эрхийг манай компанид буцаан олгоогүй. Г.Мгийн нэр дээр гэрчилгээ гаргаж өгсөн нь үүрэг биелүүлэх барьцаа болгож хийсэн үйлдэл боловч буцаагаад манайд итгэмжлэлээр захиран зарцуулах эрхийг шилжүүлэх байсан.

Г.Мгийн зүгээс сантехникээс бусад ажлыг гүйцэтгэх зорилго тавин ажиллаж байна гэх мэдэгдэл ирүүлсэн тул манай зүгээс 2020 оны 05 дугаар сард гэрээнээс татгалзах мэдэгдлээ илгээж, 2020 оны 09 сард гэрээнээс татгалзсан талаар мэдэгдэл явуулсныг Г.М өөрөө хүлээн авсан байсан. С.Нийн зүгээс цагдаагийн байгууллагад хандаад 3-4 жил болж, энэ хэрэг цагдаагийн газарт шалгагдаж байсан тул би ажил гүйцэтгэх гэрээний маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй, энэ асуудлыг шийдвэрлэгдсэний дараа бид нэхэмжлэгч талыг хариуцагчаар татаж шүүхэд хандана гэсэн байр суурьтай байсан. Тиймээс Г.М нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэх эрх байхгүй гэж тайлбарласан.

Нотлох баримтын тухайд

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, хууль зүйн туслалцааны гэрээ /хх-9/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 484 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх-20-21/, УБЦТС ХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-22/, УБЦТС ТӨХК бэлэн мөнгөний орлогын баримт /хх-23-24/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0761 дугаартай шийдвэр /хх-25-29/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар магадлал /хх-30-34/, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаартай тогтоол /хх-35/,,,*******, Б.Доржийн гудамж тоотын орон сууцны өмчлөгч Г.М гэж бүртгэгдсэн гэрчилгээ /хх-36/, Г ХХК, Г.М нарын 2018-12-14-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ /хх-37/, Г ХХК-ийн Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хаягласан 2018-12-18-ны өдрийн албан бичиг /хх-38, 39/, УБЦТС ТӨХК-ийн Г.Мтай 2020-4-08-ны өдөр байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх-40-42/, Глоб констркашн ХХК, Б ХХК нарын хооронд 2018-12-19-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-43/, Глобконстракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-44/,,, б.доржийн гудамж 32-р байр тоотын үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-45-46/, Г.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, Г.Мгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-48/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Г.Мд хаягласан 2021-05-14-ний өдрийн албан бичиг /хх-49/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-50/, хууль зүйн туслалцааны гэрээ /хх-72/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.

Хариуцагчийн хариу тайлбар /хх-13/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай хэрэг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-14-16/, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын -ны өдрийн 18336 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-17-19/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-74/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 709 дугаар тогтоол /хх-97/, С.Н, Ч.П нарын 2009-11-20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ /хх-106-108/, С.Нт гэж хаягласан Глоб констркашн ХХК-ийн 2009-12-07-ны өдрийн дугаартай батламж /хх-109/, Баянзүрх дүүргийнны засаг даргын С.Н тоотод 2010 оноос оршин сууж байгаа тухай тодорхойлолт /хх-110/, С.Нийн иргэний үнэмлэх хуулбар /хх-111/, С.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /х-112/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-113/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022-4-21-ний өдрийн Ц.Ч танаа гэж хаягласан албан бичиг /хх-114/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн хариу тайлбар /хх-131-132/, Г ХХК-ийн Б ХХК-ийн захирал Г.М танаа гэж хаягласан 2020-5-15, 2020-8-30-ны өдрийн албан бичиг /хх-135, 136/ зэрэг баримтыг гаргасан.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт нь дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс С.Нийг 2019-04-05-ны өдөр гаргасан өргөдөл /хх-58/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-59/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст С.Нийг 2019-4-3-ны өдөр гаргасан өргөдөл /хх-60-61/, хохирогчоор С.Нийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-62-63/, хохирогч С.Нээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-64-66/ байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С.Нт холбогдуулан Баянзүрх дүүрэг,*******,******* /13360/, Б.Доржийн гудамж тоот, 80 мкв талбайтай, 3 өрөө орон сууцнаас хариуцагч С.Нийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.М нь,*******,******* /13360/, Б.Доржийн гудамж тоот, 80 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна /хх-36/.

 

Г.М нь “Г” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалгын 32/ тоот гэрээ байгуулснаар /хх-37/,,*******, глоб хотхон тоот, 80 мкв бүхий 3 өрөө орон сууцыг Г.М орон сууц захиалгын гэрээгээр авсан, төлбөрийг 100 хувь дууссан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах албан бичгийг Г ХХК нь 2018-12-18-ны өдөр Баянзүрх дүүргийн эд хөрөнгө бүртгэлийн хэлтэст гаргаснаар /хх-38, 39/ нэхэмжлэгч нь дээрх орон сууцны өмчлөгчөөр 2018-12-18-ны өдөр бүртгэгдсэн /хх-36/ болох нь тогтоогдож, уг орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргасан байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж зааснаар Г ХХК нь Баянзүрх дүүргийн эд хөрөнгө бүртгэлийн хэлтэст 2018-12-18-ны өдөр хүсэлт гаргаснаар нэхэмжлэгч тухайн орон сууцны өмчлөгчөөр 2018-12-18-ны өдөр бүртгэгдэж, дугаартай гэрчилгээ олгогдож өмчлөх эрх үүссэн байна.

 

Тиймээс нэхэмжлэгч Г.М нь гуравдагч этгээд Г ХХК-тай 2018-12-14-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцны анхны өмчлөгчөөр бүртгэгдсэнээр өмчлөх эрхийг олж авсан байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч С.Н нь орон сууцыг хууль бусаар эзэмшиж оршин суугаагүй, Ч.Птай 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан,*******, 15-р хороолол, сансар хотхон глобын 32-р байрны 4-р давхрын тоотод байрлах 77 м.кв, 3 өрөө мансард бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, Г ХХК-ийн 2009-12-07-ны өдрийн тоот батламж зэргийг үндэслэн шударга өмчлөгч болсон гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд хариуцагч С.Н нь Ч.Птай маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг 2009 оны 11 дүгээр сарын 20-ны байгуулсан, нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, гуравдагч этгээд Г ХХК нь Б ХХК-тай 2018-12-19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан байна.

 

Түүнчлэн хариуцагч С.Н маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар бусдад залилуулсан талаар гомдол гаргаснаар хохирогчоор тогтоогдон цагдаагийн байгууллагад шалгагдсан, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2022-4-18-ны өдрийн 709-р тогтоолд ...хохирогч С.Н өмчлөлийн маргааныг шүүхээр шийдэхийг хүсэж, хэргийг хааж өгнө гэх мэдүүлэг гаргаснаар, цугларсан нотлох баримтуудаас үзэхэд С.Н нь тухайн байрыг эзэмшиж байсан Ч.Птай худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байсан нь гэрч хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Дээрх харилцааг Монгол Улсын Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан буюу орон сууц захиалгын гэрээ, худалдах, худалдан авах гэрээнүүдээс үүдэлтэй иргэд хоорондын маргаан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй... үндэслэлээр хаасан талаар дурдаж /хх-97/ талууд уг асуудлаар маргаагүй.

 

Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0761 дугаар шийдвэрээр С.Нийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, гуравдагч этгээд Г.М, Г ХХК, Баянзүрх дүүрэг,*******, Б.Доржийн гудамж, тоотод байрлах орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн дугаартай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, дугаартай бүртгэл, дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож /хх-25-29/ шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж /хх-30-34/, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна /хх-35/.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Нийн гаргасан шаардлагаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Г.Мд олгосныг хүчингүй болгох маргааныг шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Мгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хууль бусаар орон сууц эзэмшиж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр хариуцагчаас уг орон сууцны шударга эзэмшигч гэж үзэж маргаж байх боловч хариуцагч С.Нийн эзэмшил хууль ёсны дагуу гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан,,******* /13360/ Б.Доржийн гудамж тоотод байршилтай, 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй гурван өрөө орон сууцыг хариуцагч С.Нийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нээс 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ