Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1038

 

 

 

 

 

 

 Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00849 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлтэй, хариуцагч МУИС холбогдох

                                                                                      

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 10 924 262 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь МУИС-ийг 1994 онд эдийн засгийн бакалавр, эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш сургуульдаа судлаач, багш, ахлах багш, дэд профессор, профессор зэрэглэлийн албан тушаалд ажиллахын зэрэгцээ удирдах албан тушаалд сүүлийн 10 гаруй жил ажилласан. Сүүлд Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлаар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажилласан. Энэ хугацаанд сургуулийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд өөрийн хариуцсан үйл ажиллагаа, чиг үүргийг Монгол Улсын хууль, МУИС-ийн дүрэм, журмын хүрээнд нэр төртэй биелүүлж ирсэн. МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар бүхий Ц.Б хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилд томилох тухай тушаалыг гаргаж намайг үндэслэлгүйгээр Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлаас чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үндэсний аудитын газраас МУИС-ийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн дүнгээр МУИС хязгаарлалттай санал дүгнэлт авч, зөрчил арилгуулах 2 албан шаардлага, 1 акт тогтоогдсонд Ц.Б-г буруутган, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах үндэслэл болгожээ. Энэхүү алдаа, зөрчил нь хувь хүн Ц.Б хувьд гаргасан алдаа, зөрчил биш бөгөөд МУИС-ийн санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд байгаа зүйлс юм. Мөн Аудитын тайлангийн гол асуудалд дурдагдсан алдаа, зөрчлийг арилгах бүрэн боломжтой бөгөөд Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу шат дараалсан арга хэмжээ аваад хэрэгжүүлж байна. Сургуулийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн арилгасан байх зорилготойгоор үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай А/104 тоот тушаалаар батлуулан, хэрэгжүүлж байгаа. БСШУСЯ-ны Сайдын тушаалаар ажлын хэсэг МУИС дээр 04 дүгээр сард ажилласан. Ажлын хэсэг нь Мониторинг хийж эхэлсэн эхний өдөр МУИС-ийн удирдлагын багтай уулзах үед Ц.Б байсан ба үүнээс хойш мониторингийн явцад нэг ч удаа дуудаж уулзаагүй, асуух, тодруулах үйлдэл хийгдээгүй бөгөөд ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулах үед болон СЭЗГ-ын дарга Д.Отгонбаатарыг үүрэгт ажлаас халах тухай санал өгсөн зэрэг асуудлууд огт яригдаагүй. Үүнээс хойш мониторингийн дүгнэлтийг нэг ч танилцуулаагүй. Тэгсэн атлаа мониторингийн ажлын хэсгийн дүгнэлтийг ажлаас халах тушаалын үндэслэл болгосон байна. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сонсгох ажиллагаа гэгчийг зохион байгуулан, танилцуулж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гаргасан хууль зүйн үндэслэлгүй. Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг, харин 40.1.5 нь ажил олгогчийн итгэлийг алдах хэмжээний мөнгөтэй холбоотой алдаа дутагдал гаргасан байхыг шаардана. Энэ дүгнэлт нь МУИС-ийн ерөнхий үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт болохоос Ц.Б гаргасан зөрчлийг тогтоосон дүгнэлт биш. Харин энд заасан зөрчлийг гаргасан нэр бүхий 4 хүнд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Түүнчлэн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаад өөр ажилд томилоод байгаа нь эрх зүйн хувьд зөрчилтэй гэж үзнэ. Дүгнэлтээр 2 албан шаардлага гаргаж, хугацаатай буюу 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор зөрчил арилгах үүрэг өгсөн. Өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй бол буруутай ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Б ажлын байрны үндсэн чиг үүрэг нь МУИС-ийн Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх хөрөнгө босгох, санхүүгийн нөөцийг чиглүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон зохистой ашиглалтыг хангах ажлыг удирдан зохион байгуулах. Ц.Б дээрх албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байх хугацаандаа МУИС-ийн төсвийг захиран зарцуулах санхүүгийн нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан. Ц.Б МУИС-ийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалтны хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, холбогдох хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Ц.Б нь МУИС-ийн Захирлын 2017 оны А/341 дүгээр тушаалаар 2017 оны жилийн эцэст нийт 42.222.300 төгрөгийн үндсэн хөрөнгөнд тооллого хийх ажлыг хариуцсан боловч энэхүү тооллогыг явуулаагүй атлаа тооллого хийсэн мэтээр илтгэх хуудас, тооллогын нэгтгэсэн дүн, тайлангүйгээр санхүүгийн жилийн эцсийн тайлан гаргасан байна. Мөн тайлант оны эцэст өглөгийн 305.200.000 төгрөг, авлагын 578.300.000 төгрөгийг тооцоо нийлж актаар баталгаажуулж, баримтжуулсны эцэст санхүүгийн тайлан гаргах байтал жилийн эцсийн санхүүгийн тайланг тооцоо огт нийлэхгүйгээр гаргасан байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэргүйгээр 30.752.900 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэж, 19.080.300 төгрөгийн үндсэн хөрөнгийг данснаас хассан. Тэрээр тайлант онд 5.996.700.000 төгрөгийн худалдан авалт хийхдээ Төрийн болон орон нутгийнөмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлтийн тэмдэглэл хөтлөөгүй, тендерт оролцогчдод албан тоот мэдэгдэл хүргүүлэхгүйгээр явуулсан нь санхүүгийн аудитын шалгалтаар илэрсэн байна. Иймд Ц.Б санхүүтэй холбоотой ноцтой зөрчлийг санхүүгийн эрх бүхий байгууллага буюу Үндэсний Аудитын Газар шалгаж тогтоон, актаар нотолсон байна. МУИС болон Ц.Б хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр дээрх зөрчлийг хөдөлмөрийн харилцаа шууд зогсоохуйц ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон, мөн ажил олгогчийн итгэлийг алдсан тул МУИС-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/233 тушаалаар Ц.Б хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 10.924.262 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Ц.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч миний бие МУИС-д 1994 онд төгссөнөөс хойш судлаач, багш, ахлах багш дэд профессор, профессороор ажилласан. .... 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас шалгалт хийж Хязгаарлалттай санал дүгнэлт өгч, зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага, төлбөр барагдуулах хугацаатай акт тус тус гарсан. Энэхүү санал дүгнэлт, албан шаардлага, актын биелэлт зэрэгтэй холбоотой асуудлыг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2018 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн А/104 дугаар тушаалаар ажлын хэсэг гарган, Нягтлан бодох бүртгэлийг сайжруулах төлөвлөгөө гарган ажиллаж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авч ажилласан. Нэхэмжлэгч нь удирдах албан тушаалтан ба ажлын байрны тодорхойлолтоор нээлтийн тэмдэглэл хөтлөх, мэдэгдэл хүргүүлэх үүргийг шууд хүлээдэг ажлын байр биш юм. Шүүх нь нэхэмжлэгч "гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт" гэх ойлголт, ухагдахууныг санаанаасаа хийсвэрлэн гарган ирж нэхэмжлэгчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхээс "нээлтийн тэмдэглэл хөтлөөгүй, мэдэгдэл хүргүүлээгүй зөрчил гаргасан" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн атлаа "нэхэмжлэгчийг байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан" гэж түүнийгээ шууд тайлбарлаж байгаа нь хоорондоо огт нийцэхгүй юм. Аудитын тайланг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж зөрчлийг илрүүлсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн    40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нь сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтад нийцээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаардана. Санхүүгийн аудитын шалгалт нь нэхэмжлэгчийн бус байгууллагын үйл ажиллагаанд хийгдсэн шалгалт байна гэж дүгнэсэн атлаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй зөрчлийг эс үйлдэхүйгээр гаргасан байна гэж шүүхээс дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй алдаатай болжээ. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах боломжтой.

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч МУИС-д холбогдуулан  тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 10 924 262 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын        24-ний өдрийн 5/233 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 2.2.4, 5.3.1, 5.3.2.2 дахь заалт, Монголын Үндэсний Аудитын газрын САГ-2018/111/СТА-ТӨҮГ кодтой санхүүгийн аудитын тайлан, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02/61 тоот акт, 04/22, 04/123 тоот шаардлага, БСШУСайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/107 тоот тушаалаар байгуулагдсан МУИС-ийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн шалгалтын тайлан, дүгнэлтийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон гэх ноцтой зөрчил гаргасан болон ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь холбогдох эрх бүхий байгууллагын тайлан, акт болон албан шаардлагуудаар тус тус тогтоогдсон гэж Ц.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг  2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс цуцалж, мөн өдрөөс Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын профессорын албан тушаалд томилжээ.

 Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл нь  мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гаргасан гомдол  байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил, мөн хуулийн 40.1.5.-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй тус тус гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэйгээр заасан ба ийнхүү зөрчил, буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэзээ  гаргасан, гаргасан гэх зөрчил нь тодорхой тогтоогдсон байх учиртай.

Ажил олгогчийн дээрх тушаалд Ц.Б түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.2.2 дахь заалт буюу “...байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон...”  гэх ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл заажээ.

Үндэсний аудитын газраас МУИС-ийн 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний хооронд аудит хийж, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06/761 тоот аудитын гэрчилгээгээр “хязгаарлалттай санал дүгнэлт” өгсөн, аудитын тайланг баталгаажуулж байгууллагад хүргүүлсэн ба аудитын явцад үндсэн хөрөнгө, өглөг, авлага, худалдан авах ажиллагаа, мөнгөн хөрөнгө, зардал, дотоод хяналтын үйл ажиллагаанд илэрсэн алдаа, зөрчилтэй асуудлаар  02/61, 01/31 тоот акт, 04/122, 04/123 тоот албан шаардлага болон 6 зөвлөмж хүргүүлжээ. /2хх-ийн 24-46/

Ажил олгогч нь Ц.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа аудитын тайлан болон аудитаар илэрсэн 43 009 300 төгрөгийн зөрчилд хүргүүлсэн 2 албан шаардлага, төсөвт төвлөрүүлээгүй 6 368 307 төгрөгийн зөрчилд тогтоосон төлбөрийн 1 актыг  тус тус үндэслэсэн байдаг  ба мөн тэдгээрийг үндэслэн МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/106 тоот тушаалаар Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлын байрны шууд харьяалан удирдах Санхүү, эдийн засгийн болон Хангамж үйлчилгээний газрын албан тушаалтнууд болох мэргэжилтэн Б.Гантуяа, нягтлан бодогч Ж.Энхцэцэг, эдийн засагч Д.Тунгалаг, нярав Л.Хоролсүрэн нарт сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна.

Гэтэл аудитын тайланг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр Ц.Б зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нь сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд ажил олгогчийн дээрх тушаалд заасан “Ц.Б хөдөлмөрийн гэрээний  5.3.2.2-т тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч энэ үндэслэлийн талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

Мөн Үндэсний аудитын газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 04/123 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад “....Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан “ерөнхий нягтлан бодогч” 20.2.6-д заасныг зөрчсөн...” талаар дурдаж, ерөнхий нягтлан бодогч Л.Гоёцэцэг “жилийн эцсийн тооллогын дүнг эцэслэн нэгтгэсний дараа санхүүгийн тайланг гаргаж байх” албан шаардлагыг зөвшөөрсөн гарын үсэг зурсан байхад уг зөрчлийг Ц.Б гаргасан мэтээр тушаалд заасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Б 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлаар томилогдсон байхад аудитын тайлан болон аудитаар илэрсэн гэх 43 009 300 төгрөгийн зөрчилд хүргүүлсэн 2 албан шаардлага, 6 368 307 төгрөгийн зөрчилд тогтоосон төлбөрийн 1 акт нь түүнийг ажил хүлээн авснаас хойшхи, эсхүл өмнөх хугацаанд хамаарч байгаа алин болохыг аудитын дүгнэлтээр ялгаж салгаж тогтоогоогүй байхад дээрх акт, албан шаардлагууд, аудитын тайланд дурдсан зөрчлүүдийг бүхэлд нь түүнд хамаатуулан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй  гаргасан гэж тус тус дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч Ц.Б нь хэзээ, ямар байгууллага аж ахуйн нэгжээс  хэдэн төгрөгийн худалдан авалт хийх  үед зөрчил гаргасан талаар аудитын дүгнэлт, тайлан болон хэрэгт авагдсан бусад  ямар ч нотлох баримтаар тодорхойлогдоогүй байхад анхан шатны шүүх түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчиж, “...нээлтийн тэмдэглэл хөтлөөгүй, тендерт оролцогчдод албан мэдэгдэл хүргүүлээгүй...” ажлын байрны тодорхойлолтод заасан гол үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйтэй холбоотой зөрчил гаргасан гэж үзсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй,  байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан, энэ нь холбогдох байгууллагын шалгалтаар нотлогдсон гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйтэй холбоотой. Мөн шүүх “...аудитаар илэрсэн 43 009 300 000 төгрөгийн зөрчил” , “...5 996 700 000  төгрөгийн худалдан авалт...” гэх зэргээр хэрэгт байхгүй тоо, баримт дурдсан  алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Үндэсний аудитын газрын аудитын дүгнэлт, тайланд нэхэмжлэгч Ц.Б гаргасан гэх зөрчил тодорхойлогдоогүйгээс гадна БСШУСайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/107 тоот тушаалаар байгуулагдсан МУИС-ийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн шалгалтын тайлан, дүгнэлтэд тусгагдсан МУИС-ийн захиргааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалттай холбоотой зөрчлүүд нэхэмжлэгчид хамааралгүй байна.

 Нэхэмжлэгч Ц.Б  ажил, албан тушаал нь “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан”  гэх ойлголтод хамаарахгүй байх тул анхан шатны шүүх ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлд  нийцсэн  гэж үзсэн нь буруу байна.

Дээр дурдсан үндэслэлээр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нэхэмжлэгч Ц.Б Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэгт түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй холбоотой баримт хэрэгт авагдсан /хх-ийн 10/ харин сүүлд томилогдсон ажил, албан тушаалын дундаж цалин хөлсийг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлс 2 974 400 төгрөг, тэрээр  “... профессор багшаар үндсэн цалин 1 947 000 төгрөг, эрдмийн зэрэг цолны нэмэгдэл 15 хувь...” гэж тайлбарласан тул сүүлд томилогдсон ажил, албан тушаалын дундаж цалин хөлсийг 1 947 000 төгрөг +1 947 000 * 15%=2 239 050 төгрөг, зөрүү 735 350 төгрөг болох ба  2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны нийт зөрүүтэй тэнцэх олговорт нийт 9 029 414 төгрөгийг хариуцагч МУИС-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00849 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг  “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож,  урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт  9 029 414 төгрөгийг хариуцагч МУИС-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж , 2 дах заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид 159 420 төгрөгийг хариуцагч МУИС-иас гаргуулж улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                           ШҮҮГЧ                                             Ч.ЦЭНД                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Н.БАТЗОРИГ