Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/462

 

 

 

 

 

 

2021              05            13                                         2021/ДШМ/462                          

 

 

И.С-, У.С- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                            

            прокурор Ц.Шагдар,

            шүүгдэгч И.С-, У.С-,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Сувд-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.С-, И.С- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох 1909018940596 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн И-гийн С-, Улаанбаатар  хотод 1999 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо, ....-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 

2. Б овгийн У-гийн С-, Улаанбаатар хотод 2000 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүрэг 00 дүгээр хороо, Горькийн 00 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоног хорих ялаар тооцон нэмж нийт эдлэх ялыг 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон.  

Шүүгдэгч И.С- нь:

1. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нахиа” эмийн сангийн лангуун доороос Б.Ц-гийн 1,796,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2. У.С-тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцэст байрлах “Ц” нэртэй караокены лангуун доороос хохирогч Д.Ч-гийн 380,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

3. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр С- дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа ажиллагаа явуулдаг халуун усны газар нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Х-ын 240,000 төгрөг, Samsung G-7 загварын гар утас, Samsung tub c-2 загварын гар утас зэрэг эд хөрөнгийг авч 1,153,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн сандал дээр байсан тус дэлгүүрийн худалдагч насанд хүрээгүй хохирогч Г.Нийн “I phone 11 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бусадтай бүлэглэн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” үсчин, гоо сайхны салоноос хохирогч Н.Р-гийн Samsung А-50 загварын 450,000 төгрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

6. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 43 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Ш” хүнсний дэлгүүрийн касснаас хохирогч М.Х-ийн ОРРО А-9 загварын 518,400 төгрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

7. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Э.Т-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүмбэр” худалдааны төвд Б.А-ийн бэлэн хувцасны лангуунаас Samsung А-20 загварын 442,320 төгрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

8. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 47-26 тоотод байрлах “Э” хүнсний дэлгүүрийн лангуунаас Г.Я-гийн Samsung A-50 загварын 560,000 төгрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч У.С- нь У.С-тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцэст байрлах “Цогт тэнгэр” нэртэй караокены лангуун доороос хохирогч Д.Чимэдцэрэнгийн 380,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

С- дүүргийн прокурорын газраас: У.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  И.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И.С-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.С-ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч У.С-т оногдуулсан хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-ийн цагдан хоригдсон 421 хоногийг, шүүгдэгч У.С-ын цагдан хоригдсон 166 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.С-өөс 4,104,060 төгрөг гаргуулж хохирогч Б.Цогзолмаад 1,796,500 төгрөг, хохирогч Ц.Хосбаярт 1,153,000 төгрөг, хохирогч Н.Рагчаад 225,000 төгрөг, хохирогч М.Хүслэнд 518,400 төгрөг, хохирогч Б.Анхгэрэлд 221,160 төгрөг, хохирогч Д.Чимэдцэрэнд 190,000 төгрөг, шүүгдэгч У.С-аас 190,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Чимэдцэрэнд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг “CD, 1 ширхэг зургийн дэвтрийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч У.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 онд анх хэрэгт холбогдохдоо байцаагч Дүүрэнбаярт шалгагдаж байгаа өөр нэг хэргээ нэгтгүүлэх хүсэлт гаргахад хүлээж авалгүй шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаанд энэ хүсэлтээ дахин гаргахад яллагдагчаар татагдаагүй гэх шалтгаанаар 9 сар хорих ял шийтгэсэн. Ингээд 427 дугаар хорих ангид ялаа эдэлж, дуусахад 2 сар 3 хоног үлдсэн байхад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 1 жил хорих ял нэмж шийтгүүллээ. Би анхнаасаа хэргээ үнэн зөвөөр хүлээж ирсэн. Байцаагчийн хариуцлагагүй үйлдлээс болж хохирч байна. Иймд эрх зүйн байдлыг минь харж үзэн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч И.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 200203113 тоот хэрэгт би оролцоотой. Уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас нэгтгэх үүрэг өгсөн боловч хариуцсан прокурор нь шийдвэрлэлгүй яллах дүгнэлт үйлдсэн. Мөн С- дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа Мягмар-Очир яллах дүгнэлт гардаж авснаас хойш цагдан хорих 461 дүгээр ангид ирж байцаалт аваад явсан. Уг хэрэг нь Саруул захын жимсний лангуунаас бэлэн мөнгө хулгайлан хэрэг юм. Би С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял авахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэргүүдээ нэгтгэхийг мөрдөн байцаагч, прокурорт удаа дараа хэлсэн боловч уг гэмт хэргийг нуун дарагдуулж байгаад шүүхээс оноосон ялын хугацааг дуусгаад гаргаж ирэн буруутгаж байгаад маш их гомдолтой байна. Уг хэрэг нь 2011 оны 2 дугаар сард үйлдэгдсэн байдаг. Би эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд үйлдсэн бүх гэмт хэргээ нэгтгүүлэхийг хүсч байна.

            Мөн “Нахиа” эмийн сангийн хэрэгт намайг яллагдагчаар татан хууль танилцуулж байцаалт аваагүй атал хавтас хэрэгт надаас аваагүй байцаалт яаж орсныг ойлгохгүй байна. Тэгээд ч “Нахиа” эмийн сангийн хэрэг цуг явсан Баярсайхантай хохирол, төлбөрийг хувааж төлөх төлнө гэж бодож байна. Миний хамгийн анх гардаж авсан яллах дүгнэлтэд 7 хэрэг байсан ба “Нахиа” эмийн сангийн хэрэг байгаагүй. Мөн энэ хэрэгт яллагдагчаар татаж, авсан байцаалт байхгүй. Харин 7 хоногийн дараа дахин яллах дүгнэлт гардуулж өгсөн. Тэр яллах дүгнэлтэд 8 хэрэгт буруутгасан. Одоо бас анхан шатны шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолд 7 хэрэг байгаа. “Нахиа” эмийн сангаас авсан үйлдэл нь байхгүй. Зөвхөн хохирогч Ц-гийн мэдүүлгээс өөр баримт алга. Энэ хэргийг сайн шалгуулмаар байна.

            Хохирогч Я-гийн утсыг авахад Мөнхбаатар оролцоотой тул шалгуулах хүсэлтэй байна.

            Хохирогч Х-ын хаалга онгорхой байсан. Хаалга түгжээтэй байсан бол Хосбаяр өөрөө түлхүүрээ авч явах байсан. Хяналтын камерийн бичлэгийг зориуд утсгасан гэж бодож байгаа. Хаалга цоожтой байсан гэсэн мэдүүлгээс болж намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн. Тийм учраас би энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бүх үйлдлүүд яг адилхан байдаг.

            Би өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. 2006017722339 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан 1909018940590 дугаартай хэрэгт нэгтгэхдээ хэргийн дугаар болон тогтоолын дугаарыг зөрүүтэй тэмдэглэсэн, мөн эрүүгийн 2006020772368 дугаартай хэрэгт эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1909018940596 дугаартай хэрэгт нэгтгэлгүй, 2006017772339 дугаартай хэрэгт нэгтгэсэн зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь заалтыг зөрчсөн” гэв.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргийн талаар маргаагүй. Харин шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө яллагдагчаар татагдсан өөр хэргүүдээ нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасаар байхад хүлээж авалгүй И.С-ийг 8 үйлдэлд, У.С-ыг 1 үйлдэлд гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна. Шийтгэх тогтоол гарахаас өмнө 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газраас И.С-ийг хулгайлах хэрэгт яллагдагчаар татсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулах зорилгоор баримтыг шүүхэд өгсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  нэгтгэхээр буцааж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан. Тиймээс шүүхийн шийдвэр гарахаас өмнө яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдсон тул Баянгол дүүргийн прокурорын газарт яллагдагчаар татсан хэргийг С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой нэмж нэгтгэх боломжгүй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн зөрчил гаргасан. Үүнд, хохирогч Б.А-ийн эд зүйлийг хулгайлсан гэх үйлдэлд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар татсан байхад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тухайн хэргийг үндсэн хэрэгт нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татаагүй байхад үндсэн хэрэгт нэгтгэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Мөн тухайн хэргийг нэгтгэхдээ өөр дугаараар нэгтгэсэн /4хх 63/. 2006020772368 дугаартай эрүүгийн хэргийг үндсэн хэрэгт нэгтгэх ёстой байтал 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үндсэн хэрэгт нэгтгэгдсэн хэрэг дээр нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч И.С-ийн 7 үйлдэл бичигдсэн байхад тодорхойлох хэсэгт 8 үйлдэлд гэм буруутайд тооцсон. Энэ нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй” гэв.

            Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч И.С- анх нэг үйлдэлд холбогдон шалгагдаж байхдаа хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ирээгүйн улмаас цагдан хоригдсон. 5 сарын хугацаанд цагдан хоригдоход тухайн хэрэг нь 2 үйлдэлтэй шүүхэд шилжиж байсан. И.С-ийн зүгээс өөр дүүргүүдэд шалгагдаж байгаа хэргүүдээ нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасны дагуу “Ц” караокед нэвтэрсэн хэргийг У.С-тай хамтарч үйлдсэн гэдгээр шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. И.С-өд холбогдох өөр үйлдэл байгаа эсэхийг тодруулахаар бүх дүүргийн цагдаагийн газар болон Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг руу албан бичиг хүргүүлж, холбогдсон хэргүүдийг бүгдийг нэгтгэсэн. И.С- цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөхөд дахин шинээр гэмт хэрэг үйлддэг, мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлдаг. Эрэн сурвалжилж үргэлжлүүлэн цагдан хориход дахин гэмт хэрэг гарч ирээгүй тул хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар И.С-ийн эрх зүйн байдал дордох, дээрдэх эсэхийг өмгөөлөгч бодож үзэх хэрэгтэй байх. Хувийн байдлын хувьд, 8 удаагийн хулгайн үйлдэлтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, нийтийн байранд эх, дүүгийн хамт амьдардаг. Өмнө нь таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлээд удаа дараа гэмт хэрэг үйлдсэн. 14 сар цагдан хоригдож хугацаа дууссан.  Баянгол дүүргийн прокурорын газраас Т-тэй бүлэглэн үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Уг хэргийг Тэмүүлэнд холбогдуулан шалгаж байгаа хэрэгт нэгтгэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн “Нахиа” эмийн сангаас бэлэн мөнгө авсан үйлдэлтэй нь холбогдуулан прокуророос 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эрүүгийн 1706019542320 дугаартай хэрэгт яллагдагчаар мэдүүлэг авсан нь 4 дүгээр хавтас хэргийн 52-53, 55-58 дахь талд байгаа. Өмгөөлөгч хэргийг нэгтгэхдээ буруу нэгтгэсэн гэх боловч ...2368 дугаартай хэргийг ...2339 дугаартай хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэгтгэж, ...2339 дугаартай хэргийг үндсэн хэрэг болох ...0596 дугаартай хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэгтгэсэн. Үүнийг процессын зөрчил боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хуралдаанаар У.С-, И.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар дор дурьдсан асуудлуудыг шалгалгүй орхигдуулснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

  1. Хохирогч М.Э “...гаднаас 18-20 орчим насны эмэгтэй, эрэгтэй хоёр хүүхэд орж ирсэн. Эхлээд эмэгтэй нь ахуйн барааны хэсгээс элгэн гутлын өнгөлөгч асууж, харин эрэгтэй нь өөр зүйл асуугаад ... хоёулаа кассны өмнө ирээд эрэгтэй нь “Харандаа хаана байгаа вэ, аваад өг” гэж хэлсэн ...” гэж /2-р хх 208/, хохирогч Г.Н “... үл таних хоёр эрэгтэй орж ирээд намайг хүнд байцаа авч өгөх хооронд сандал дээр байсан гар утсыг аваад гарсан. Нэг нь мерси шоколад хоёрыг аваад гарсан...” гэж /2-р хх 93/, хохирогч Н.Р “... хоёр эрэгтэй орж ирээд нэг нь үсээ саарал болгуулах гэсэн юм гээд ард зогссон. Нөгөө эрэгтэй нь хана налаад зогсож байсан. Тэд хэсэг зогсож байгаад гэнэт гараад явчихсан. Тэдний дараа утсаа шалгатал байхгүй байсан ...” гэж /3-р хх 186/, хохирогч Г.Я “... 17 цагийн үед гар утсаа дэлгүүрийнхээ лангуун дээр тавьснаа санаад авах гэтэл байхгүй байсан. Камер шүүж үзэхэд хоёр эрэгтэй хүүхэд худалдагчийг бараа авахаар саатуулж байгаад нөгөө тал руу явахад өндөр залуу нь хулгайлаад авч байсан ...” /4-р хх 148/ гэж тус тус мэдүүлсэн байх ба эдгээр үйл явдлуудтай холбоотой хяналтын камерын бичлэг /2-р хх 202-205, 90, 202-203, 4-р хх 144/-үүд хэрэгт эд мөрийн баримтаар авагджээ.

            Мөн шүүгдэгч У.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Х-ын халуун усны газарт болсон хулгайлах гэмт хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...И.С- халуун усны газар руу орсон. Гарч ирэхгүй удаад байхаар нь араас нь ороход И.С- “Чимээгүй байж бай” гэхээр нь 2-3 минут болоод гараад гадаа хүлээсэн. И.С- 15-20 минутын дараа нилээн сандарсан байдалтай гарч ирээд зам дагаад гүйсэн. Би араас нь алхаж байгаад нилээн холдохоор нь гүйгээд очсон. И.С- халааснаасаа 1 ширхэг гар утас, гэдэснээсээ том хэмжээтэй гар утас гаргаж ирээд “Энэ хоёрыг хулгайлсан. Уг нь хайрцагтай мөнгө авсан чинь замдаа асгачихсан юм шиг байна. 20,000 төгрөг үлджээ. Энэ хоёрыг зарья” гэсэн...” /2-р хх 39-41/ гэж мэдүүлжээ.

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ц.Х, Г.Н, Н.Р, М.Э, Г.Я нарын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан байж болзошгүй үндэслэл тогтоогдож байхад энэ талаар зохих мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.

            2. Шүүгдэгч И.С- нь урьд бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэний учир Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 594 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр суллагдсаны дараа 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд 8 удаагийн үйлдэл бүхий хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд шалгагдсан өөр хэргүүд байгаа, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр наргиж, цэнгэн, орон сууц түрээсэлсэн гэж мэдүүлсээр байхад шүүгдэгч И.С-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинж байгаа эсэхэд прокурор хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

            3. Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний /сар, өдөр засвартай/ өдрийн 395 тоот прокурорын тогтоолоор 2006017772239 /хэргийн дугаар буруу бичигдсэн/ дугаартай эрүүгийн хэргийг 1909018940596 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн байна. Гэтэл мөн дүүргийн прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 428 тоот прокурорын тогтоолоор 2006020772368 дугаартай эрүүгийн хэргийг 2006017722339 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэж заасан эрүүгийн хэрэг нэгтгэх журмыг зөрчжээ.

            4. Шүүдэгчийн өмгөөлөгч Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201726020439 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг гаргаж өгсөн тул шүүгдэгч И.С-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй.

            Дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг арилгах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, У.С-, И.С- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч У.С-ын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.С-, И.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан С- дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол У.С-, И.С- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН