Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч С.Т-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч З.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.П-ид холбогдох эрүүгийн 2438003660080 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З.П-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.П- нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.Т-гийн “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийг зарж өгнө гэж итгэмжлэл хийлгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 27,000,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438003660080 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч З.П- нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.Т-гийн “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийг зарж өгнө гэж итгэмжлэл хийлгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 27,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.П-ийн: “...Бид 10 жилийн нэг сургуульд суралцаж өссөн найзууд.  Бидэнд урдын өс хонзон ямар нэгэн маргаан байхгүй. Бид нэгэндээ гэмгүй сайхан найзалдаг байсан. 2025 оны 05 дугаар сард ярилцсан юм. С.Т- тухайн үед Хөвсгөл аймагт байсан. Намайг Улаанбаатар хотод байгаа учраас миний машиныг зараад өгөөч гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрч надад итгэмжлэл хийгээд өг гээд итгэмжлэл хийлгэж авсан. Би уг машиныг ломбардад тавьсан. Сүүлд нь нэг хүнд зарсан юм. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Мөн уучлалт хүсэж байна. С.Т-гийн үнэхээр бэлнээр нь өгч барагдуулж чадахгүй байсан. Учир нь манай ээж савны хавдартай, эмчилгээтэй байсан. Эмчилгээ хийлгээд одоо бие нь эдгэрч байгаа. Одоо би ажлаа хангалттай хийгээд С.Т-гийн мөнгийг 5-6 сарын дотор бүрэн барагдуулах боломжтой байна. 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний цалин бууна. Тэр үед 3,000,000 төгрөг өгнө. Сар бүрийн 15-ны дотор 5,000,000 төгрөг өгч уг өрийг дуусгана...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Т-гийн өгсөн: “...Би хохироод одоогийн байдлаар 1 жил 1 сар болж байгаа. З.П-ийн хэлж байгаа шиг надтай огт холбогдохгүй байсан. Араас нь би хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад хандсан. Өөрөө Улаанбаатар хот руу яваад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ахыг нь хайсан. Оюутан ангийн найзтай нь уулзаж З.П-ийн байгаа газрыг нь заалгасан. Хариуцаж байсан цагдаа, прокурорт удаа дараалан гомдол гаргаж байсан. 9 дүгээр сард нь цагдаад өгсөн. 2 дугаар сар хүртэл утас нь холбогдохгүй байсан. Өөрөө маш их хайлт хийсэн. Үнэхээр энэ хүн намайг найзаа гэж бодож байсан бол өөрөө үнэн учраа хэлж байсан бол арай өөр байх байсан. Залилан хийснээс нь хойш 4 сарын цагдаад өгсөн. Би түүний ээжтэй уулзаж учраа хэлсэн. Би арван жилийнх нь найз нь юм. З.П- ийм хэрэгт орооцолдсон. Та мэдсэн үү, та санаа зовж байна уу. Би хууль шүүхийн байгууллагад өгөхөд бэлэн байна гээд 3-4 удаа уулзсан. Тэгэхэд би мэдэхгүй байна гэсэн. Юу болсон талаар асуухад юу ч дугарахгүй байсан. Ээж нь юм хэлэхгүй байсан учраас би цагдаагийн байгууллагад хандлаа шүү гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний гомдож байгаа 2 дахь зүйл нь миний машиныг 5 дугаар сард зарсан гэдгийг цагдаад өгсөн З.П-ийн мэдүүлгээс мэдсэн. Би 6 дугаар сард нь Солонгос улсад нь байсан. Би машиныг чинь ахдаа зарчихсан гэж байсан. Машиныг нь манай ахын хүүхэд унаж байгаа санаа зоволтгүй гэж хэлж байсан. Ийм байдлаар итгэл төрүүлээд л яваад байсан. Хамгийн сүүлд 9 дүгээр сард би аавтай нь утсаар ярьж байсан. Би үнэхээр цагдаагийн байгууллагад өглөө шүү гэж хэлсэн. Миний найз учраас би танд сануулж хэлж байна гээд аавд нь тайлбарласан. Хэд хэдэн удаа хэлсэн ч хэн нэгэн ач холбогдол өгөөгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. З.П- анхны мэдүүлгээ 2 дугаар сард өгсөн. 6 сарын дараа анхны мэдүүлгээ өгсөн байдаг. Цагдаагаас залгахаар утас нь холбогдохгүй эсхүл тийм хүн биш гээд хэлчихдэг байсан. Цагдаа нь маш сайн мэдэж байгаа. Би тасгийн дарга болон цагдаагийн даргад нь удаа дараалан бичгээр гомдол гаргаж байсан. Би Солонгос улсад хувийн ажил хийдэг. Сүүлийн 2 жилийн хугацаанд 7 удаа явсан. Миний ажил, орлого Солонгос улстай холбоотой байдаг. Энэ хэргээс болоод дахин нэг ч удаа Солонгос улс руу явж чадаагүй. Одоо Хөвсгөл аймагт ажил хийхгүй байгаа. Шүүх хуралдаанд биечлэн орох ёстой гэж хэлсэн юм. Өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцоогүй ч гэсэн төлбөр төлөөд өмгөөлөгчийн зөвлөгөө авч байсан. Энэ хэргийг дуусгасан нь дээр юм байна гэж өдийг хүртэл хүлээсэн юм. Миний амьдардаг Солонгос улсад сэтгэл санааны хохирлын талаар авч үздэг. Би одоо нэг зүйлийг сайн ойлгосон. Би МУИС-ийн мэдээлэл технологийн сургуульд суралцаж төгссөн. Манай сургууль Хууль зүйн сургуультай. Сонгон судлах хичээлийнхээ хүрээнд энэ талаар хичээл үзэж байсан. Би мөнгөөр үнэлж болохгүй маш том хичээлийг олж авсан гэж бодож байна. Учир нь би энэ машинаас өмнө З.П-ид маш олон удаа мөнгө зээлж байсан. Тухай бүрд нь буцаагаад өгч байсан. Зарим үед удааж байсан. Анхнаасаа энэ хүнд мөнгө зээлээгүй бол хүнд тусалъя гэсэн сэтгэл гаргаагүй байсан бол, бусад хүмүүс шиг хандсан байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж би бодож байна. Машин оруулж ирдэг бизнес маань зогссон. Би үүнд маш их харамсаж байна. Япон улсаас 3-4 сарын хугацаанд хүлээж байгаад орж ирсэн мөнгөөрөө дахиад машин захиалдаг. З.П-ийн өгөх ёстой 27,500,000 төгрөгөөр би 3-4 машин захиалах боломжтой. Гэтэл энэ бизнес маань дампуурсан. Ах, эгчээсээ мөнгө зээлсэн байх үедээ өгсөн. Би өөрөө шүүхэд дуудагдах хэмжээнд хүрсэн. Өөрийнхөө хашаа, байшинг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж ах, эгчийнхээ мөнгийг аргалж төлсөн. Гэвч би ах, эгч нартайгаа өмнөх шиг ээ харилцаж чадахгүй болсон. Цагаан сараар ч золгоогүй. Энэ хүнд залилуулснаас гадна маш их сэтгэл санааны хохиролтой байгаа. Одоогийн байдлаар ямар ч орлогогүй байгаа. Машин авч өгөх талаар бүр сүүлд л надад хэлсэн юм. Гар утасных нь чатыг харах юм бол би “байна уу, юу болж байна хөгшөөн” гэх мэт олон чат бичсэн. Миний хувьд маш их гомдолтой байна. Авах ёстой мөнгөө аваад өөрийнхөө өрийг дармаар байна. Би өөрийн гэсэн гэр бүлтэй, өр зээлтэй. Бусдын л адил амьдарч байгаа хүнээс илүү гарахааргүй тийм хүн. Миний мөнгийг бүтэн өгчих өөрөөр гомдох зүйлгүй. Амьдралаас авч болох том хичээлийг чи заалаа гэж хэлье. Найзууд учраас өөр гомдол гаргамааргүй байна. Хамгийн гол нь надад хэлэхдээ манай аав пургон зарна, хашаагаа зарна. “Болчихно , болчихно” гэдэг үгээр намайг хуураад явсан. Би ч гэсэн чамд удаан хугацаанд итгэсэн. Шүүхийн шийдвэр гараах дахиад л 1-2 жил болоод төлөх ч юм уу, ямар асуудлыг гарна гэдгийг үнэхээр мэдэхгүй байна. З.П-ийн ах нь Тавантолгойд хэд хэдэн том тэрэгтэй гэж хэлж байсан. Хамаатных нь хүүхэд магадгүй хуулийн байгууллагаас ял авах гээд байгаа цаг мөчид нь туслах байх аа гэж бодож байна. Тийм учраас мөнгөө бүгдийг нь нэг дор өгөөч ээ гэдэг зүйлийг хэлэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Т-гийн өгсөн: “...Би 2024 оны 05 сарын 07-ны өдөр 14 цагийн үед манай найз З.П- над руу утсаар яриад найз нь Улаанбаатар хотод байнга чиний машиныг төрлийн ахдаа зарахаар боллоо гэхээр нь итгэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшлийн гаалийн бичигтэй 2024 оны 03 сарын 27-ны өдрийн Монгол улсад орж ирсэн 2012 онд үйдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй Приус-41 гэх машинаа зарахаар болчихлоо гэж хотод байсан авга ах М-руу яриад би өөрөө Хөвсгөлд байна та хаана байна гэтэл ах Улаанбаатар хотод гэртээ байна гэхээр нь М-ахад хандаж за ахаа байж байгаарай манай найз очиж миний Приус-41 машиныг авахаар боллоо одоо нотариат очиж итгэмжлэл хийх гэж хэлээд утсаар салгасан. Тэгээд манай найз З.П- над руу залгаад би нотариат дээр байна итгэмжлэлээ хийх үү гэхээр нь за тэгье гээд 2 талаас итгэмжлэл хийсэн. Тэгээд манай найз тэр өдөртөө Баянгол дүүргийн 20-р хорооны ... гэх нэртэй газраас миний машиныг аваад явсан. Тэгээд маргааш өдөр би найзаасаа за юу болов машин тэрэг зарагдаа юу гэж асуутал манай тэр ах маань 7 хоногт хөдөөнөөс орж ирнэ тэгээд мөнгөө өгөөд машинаа авна гэсэн гэхээр нь за за гээд 7 хоног хүлээсэн. 7 хоногийн дараа дахин залгахад дахиад 7 хоног сунгасан за за гэсэн. дараа 7 хоногт залгасан чинь ах маань ирсэн найзуудтайгаа Тэрэлж явсан байна утас нь холбогдохгүй байна гэхээр нь 7 хоногийн дараа залгасан чинь ах маань эмнэлэгт хэвтсэн архины хордлогонд орсон гэхээр нь 7 хоногийн дараа чинь манай ах машин авах мөнгөөрөө архи уугаад дуусгасан байна банк бусаар машиныг гаргаж авна гэж гэсэн. ...7 сарын 09-ний өдөр би өөрөө Улаанбаатар хот ороод З.П-той өөрийн биеэр уулзсан. Тэгэхэд машиныг манай нисэхэд байдаг ахын хүүхэд авсан би мөнгөөр онлайн покер тоглоод алдчихсан. Би нисэхэд байдаг ахынхаа байрыг өөрөө дээрээ шилжүүлж 6 хувийн зээл гаргаж мөнгийг чинь өгье гээд алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 19-20 тал/,

Гэрч Б.Б-ын өгсөн: “...Энэ Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл нь 2024 оны 03 сарын 27-ны өдөр гаалиар орж ирсэн. Яг манай найз Б- бид хоёр өөрсдөө захиж оруулж ирсэн эсвэл гааль байхад хүнээс худалдаж авсан эсэхээ санахгүй байна. Ямартай ч тухайн цагаан өнгийн Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг Б-н найзын дүү С- гэх хүнд худалдаж байсан. Манайхаас 2024 оны 05 сарын 27-ны өдөр 27 сая төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдан авч байсан. Одоо С- манайхтай ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй. ...тухайн автомашиныг бэлэн мөнгөөр авч байсан болохоор шууд нэр дээр нь шилжүүлж өгч байсан. Бэлэн мөнгөөр авсан болохоор шууд нэр рүү шилжүүлж өгсөн гэрээ хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 83 тал/,

Гэрч А.С-н өгсөн: “...Би ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 05 сарын 27-ны өдөр 27 сая төгрөгөөр ахын найз болох Б-с худалдаж авч байсан. Тухайн үедээ би Хас банкнаас эмэгтэйчүүдийн дэмжих бизнесийн зээл авч бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Одоо ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг би өөрөө одоо ч унаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

“...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-924/10914 дугаартай: “...Приус-41S маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн нийт зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын байдлаар 27,000,000 төгрөгөөр үнэлэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-74 тал/,

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /хх-ийн 55 тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 79 тал/,

Хохирогч С.Т-гийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /хх-ийн 56 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Хохирогч С.Т-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 11 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч З.П-ийн өгсөн: “...би болсон үйл явдлын талаар бүх зүйлээ үнэнээр нь ярьсан байгаа. ...6 сарын дотор бүх хохирлыг барагдуулж дуусгана. ...би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч З.П- нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.Т-гийн “Тоёота Приүс-41” маркийн тээврийн хэрэгслийг зарж өгнө гэж итгэмжлэл хийлгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 27,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг” ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч З.П-ийн үйлдэл идэвхтэй, бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч З.П-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч З.П- нь хохирогч С.Т-гийн автомашиныг зарж өгнө гэж итгэмжлэл хийлгэн хуурч авсан хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж залилан автомашиныг шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч З.П- нь хохирогч С.Т-г хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч З.П-ийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч С.Т-гийн өмчлөлийн “Тоёота Приус-41” маркийн автомашиныг шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч З.П-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Т-д 27,000,000 төгрөгийн хохирол учирсан нь “...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-924/10914 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч С.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт “өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан хөлс, автомашины үнэлгээний хөлс 120,000 төгрөг гарсныг нэхэмжлэхгүй, “Тоёота Приус-41” маркийн автомашины үнэ 27,000,000 төгрөг, зээлсэн 500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлсэн 500,000 төгрөгөө иргэний журмаар нэхэмжилнэ” гэжээ.

 Шүүгдэгч З.П- нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч С.Т-д 2,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн, үлдэх 25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.П-оос 25,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Т-д  олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч З.П-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.П-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч З.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 50-53 талд авагдсан ...зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч З.П- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид хорих саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөөс нийт 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, өөрийн үйлдэлд гэмшиж байгаа. Хохирогчоос уучлалт хүсэж байгаа. Түүний хувийн байдал нөгөөтэйгөөр амьдралын нөхцөл байдал буюу ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг. Ээж нь хорт хавдартай. Ээжийгээ эмчлүүлж байгаад энэ цаг хугацаанд хохирогчийн хохирлыг төлж чадаагүй. Энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Ээж нь 2025 оны 3 дугаар сард савны хорт хавдар өвчний улмаас мэс засалд орсон. Шүүгдэгчийн зүгээс цаашид тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж хохирогчийн хохирлыг төлөх боломжтой болсон. Улсын яллагчийн зүгээс нэг жилийн хугацаагаар хорих ялын санал гаргаж байна. Үүнийг өмгөөлөгч миний зүгээс миний үйлчлүүлэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ял эдлүүлэхгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой. Тухайлбал хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Мөн хохирогчийг төлбөрийг төлж барагдуулахын тулд өөрөө хөдөлмөрлөж байж уг хохирлыг барагдуулна. Нийгмээс тусгаарлагдаж хорих ял авсан тохиолдолд хохирол төлбөр төлөгдөхгүй өнгөрөх боломжтой. Хохирогч мөн хохирлоо төлүүлж аваагүйгээс болж эдийн засгийн уналтад орох боломжтой учраас хохирол төлбөр төлөхийн тухайд нийгмээс тусгаарлахгүй байх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байдаг. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухай зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэх талаар хуульчилсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчийн нийгмээс тусгаарлахгүйгээр, хорих ял оногдуулахгүйгээр, хохирол төлөх боломжоор хангаж 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авах боломжтой байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэнсэж албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Урд гэмт хэрэг үйлдэж байгаагүй нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.П-ид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг  үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.П-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 заасныг баримтлан шүүгдэгчид “гэмт хэргийн хор уршгийг арилгах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.П- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч З.П-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 заасныг баримтлан шүүгдэгч З.П-ид “гэмт хэргийн хор уршгийг арилгах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч З.П-ид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч З.П-ид авсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.П-оос тээврийн хэрэгслийн үнэ 25,000,000 (хорин таван сая) төгрөгийн гаргуулж хохирогч С.Т- (...)-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч З.П- нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд бэлнээр 2,000,000 (хоёр сая) төгрөг өгсөн, хохирогч С.Т- нь үнэлгээчний хөлс 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР