| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0157/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/201 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-ид холбогдох эрүүгийн 2538000030109 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Д-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д- нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... сумын 4 дүгээр баг ... гэх газар Портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч замын зорчих хэсгийг чөлөөлөх, ослын дохионы гэрэл асаах, ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүйгээс уг замаар зорчиж явсан “Тоёота Приус-41” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл Портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Б-ийн биед хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2538000030109 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Д- нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... сумын 4 дүгээр баг ... гэх газар Портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автомашинд эвдрэл гэмтэл гарч зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. 9.4 “б”-р заалт “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй эсхүл байхгүй бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэн: түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас уг замаар зорчиж явсан “Тоёота Приус-41” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б-Портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гарч, Д.Б-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-ийн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хүргэн дүү Э.Н-ын машин байгаа юм. Э.Н- нь хотоос өдөржингөө барьсан болохоор бид хоёр жолоогоо сольж бариад явж байсан. Энэ машиныг манай дүү 2023 онд худалдаж авсан гэсэн. Эрүүл мэндийн зүгээс миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Машинд учирсан хохирлыг бас л би өөрөө нэхэмжлэхгүй, машины хохирлыг хүргэн дүү Э.Н-ад би өөрөө төлж барагдуулна. ...Турк улсад 10 жил амьдарч байна. Монгол улсад ирээд 2024 оны 11 сарын 25-ны өдөр ирсэн, Турк улсад оршин суух визний хугацаа 01 сарын 25-ны өдөр дуусаж байгаа учраас энэ сарын 17-ны өдөр нислэгийн тизээ захиалсан. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй учраас хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Гэрч Э.Н-ын “...Энэ тээврийн хэрэгслийг 2023 оны 11 сарын 09-ний өдөр хотоос 34 сая төгрөгөөр ... ББСБ-ын нэр дээр зээлээр худалдаж авсан юм. 2024 оны 11 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу Б- эгч, эхнэр Б- бид гурав гарсан. Замдаа Хөвсгөл аймгийн ... сум өнгөрөөд ядраад байсан учраас Б- эгчээр машинаа бариулахаар өгсөн. Тэгээд би арын суудалд унтаад явж байсан чинь машин мөргөчихлөө гэсэн, машинаас буугаад ирсэн чинь зам бүрэн гүйцэт чөлөөлөөгүй портер машины араас мөргөсөн байсан. Тэгээд портерын кабиныг онгойлгож үзсэн чинь жолооч нь байхгүй, аваар ч татаагүй машинаа орхисон юм байх гэж бодсон чинь машин доороо жолооч юм хийгээд байж байсан юм байна лээ. Портерийн жолооч гэмтсэн, манай эхнэр жирэмсэн байсан болохоор даралт ихсэж цочролд орсон гээд эмч нар үзээд эмнэлэг рүү аваад явсан. Машинд урд гупер гобу, аржетор, салхины шил, шил арчигч сав, тосолны илүүдлийн сав хагарсан байсан. Би машинаа засварлахад 6 сая орчим төгрөг гаргасан. Энэ зардлыг Б- эгч өгсөн. Тийм учраас нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34- 35 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч М.Б-н 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №06 дугаартай: “ 1. Иргэн Д.Б-ийн биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч М.Б-н 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №20 дугаартай: “1. Д.Б-н биед сээрний th4 нугалмайн их биед шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Д.Б-ийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохиролын хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч М.Б-н 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №05 дугаартай: “1. Д.Д-ийн биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13 тал/,
Техникийн шинжээчийн: “Портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д- нь МУ-ын ЗХД-ын 14.10-р заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. 9.4 “б”-р заалт “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасэы дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй эсхүл байхгүй бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэн: түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна. Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б-нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь техникийн шинжээчийн ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. Тухайн зам тээврийн осолд замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д- нь МУ-ын ЗХД-ийн 14.10 болон 9.4 “б”-р заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна” гэх дүгнэлт /хх-ийн 69-70 тал/,
Шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ... сумын Засаг даргын Тамгын газарт очиж байгаль орчны улсын байцаагчаас мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ бичүүлж аваад мод бэлтгэхээр заасан газраас очиж модоо бэлтгэж ачаад аймгийн төв рүү ганцаараа хөдөлсөн. ... сумаас орж ирэхэд оройн 20 цаг болж байсан байх. ... цаахан талд явж байхад машины диск эвдрэхээр нь зогсоод ослын аваарын гэрлээ асаахад асаж байсан. Түлш дуусаж байна гэж шар гэрэл асаж заахаар нь машинаа унтраасан чинь бүх гэрэл унтарчихсан. Машины аккумляторын утас нь салчихлаа гэж бодоод дээлээ өмсөөд машиныхаа хойно эвүүрэг эвчихээд машин доогуураа ороод аккумляторын утсаа залгаад машин доогуураа гарах гэж байхад араас машин ирээд мөргөсөн. ...ослын тэмдэг байрлуулаагүй, байрлуулж амжаагүй, ослын зогсолтын тэмдэг бол уг нь байсан. Миний хойд гэрэл хагарсан өөр гэмтэлгүй, эвдрэлийн үнэлгээ гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх 31-32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Б-ийн хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Э.Н-ын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч М.Б-н 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №06 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч М.Б-н 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №20 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч М.Б-н 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №05 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13 тал/, техникийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Д- нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... сумын 4 дүгээр баг ... гэх газар Портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автомашинд эвдрэл гэмтэл гарч зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. 9.4 “б”-р заалт “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасэы дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй эсхүл байхгүй бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэн: түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас уг замаар зорчиж явсан “Тоёота Приус-41” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б-Портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гарч, Д.Б-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б-ийн биед тогтоогдсон “...сээрний th4 нугалмайн их биед шахагдсан хугарал бүхий” гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Д.Д-ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Д- жолоодож зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Д- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Д-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №20 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Д.Б-нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “...миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэх /хх-ийн 21 тал/ мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Д-ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 55, 99-104 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2538000030109 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Д-ийн В, С, D ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
5. Шүүгдэгч Д.Д-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2538000030109 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Д-н В, С, D ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР