Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 104/ШШ2019/00205

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 104/ШШ2019/00205

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод оршин байрлах Жи мобайл ХХК /РД: 5055873/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Нарлаг 1 гудамж, 2 тоотод оршин суух Биржгээд Нядаагийн Сэлэнгэ /РД: ЖЯ66010304/-гээс

Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчА.Тэмүүжин, хариуцагч Н.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Сэлэнгэ манай компаниас NP10 интернет төхөөрөмжийг худалдан авч гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар төлбөрийн урьдчилгаанд 20.000 төгрөг төлсөн. Төхөөрөмжийн үнэ 240.000 төгрөг үүнээс урьдчилгаа 20.000 төгрөгийг хасаад үлдэх 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. 2015 оны 03 дугаар сараас эхлэн ямар ч төлбөрийг төлөөгүй. 2016 оны 02 дугаар сард төлбөрийг бүрэн төлж барагдуулах ёстой байсан. Үүргээ биелүүлэхгүй удаа дараагийн шаардлагыг үл ойшоосон учраас бид 2019 оны 04 дүгээр сард шүүхэд хандсан. Үүнээс өмнө удаа дараа утсаар болон бичгээр мэдэгдэл өгч байсан. Хариуцагчийн тайлбараас харахад гэрээг ойлгоогүй байна. Манай байгууллагаас интернэт төхөөрөмж биш интернэт худалдаад авсан мэт ойлгоод байна. Манай төхөөрөмжийн хувьд Солонгос улсаас орж ирсэн. Сем карт уншиж, интернэт сүлжээ цацах зориулалттай. Одоо нэхэмжлэлийн үнийн дүн 330.000 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Н.Сэлэнгэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сард Налайх дүүргийн 2 дугаар хорооноос интернэт төхөөрөмж худалдаж авах тухай мэдээлэл өгсөн. Интернэт төхөөрөмж худалдан авч сар бүр 20.000 төгрөг төлж, 20 мегабайт дата эрхтэй, интернэт орчинд ажиллах, хурдтай, саадгүй ашиглах боломжтой гэсэн. Үүний дагуу манай хорооны ихэнхи иргэд төхөөрөмжийг худалдаж авсан. Тэгээд тус компанитай гэрээ байгуулж төхөөрөмжийг аваад маргааш өдрөөс нь эхлэн гацаад ажиллахаа больсон. Үүнээс хойш Жи мобайл ХХК-руу утсаар өдөр бүр залгаж энэ интернэт чинь гацаад байна. Ашиглах боломжгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд гацах нь аргагүй. Маш олон хэрэглэгч залгасан болохоор гацаж байгаа. Та шөнийн цагаар хэрэглээрэй гэж хэлсэн. Бид төхөөрөмжийг интенэтийн орчноос шаардлагатай бүх мэдээллийг авах гэж анх худалдаж авсан. 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр интернэтийн хугацаа дууссан. Жи мобайл ХХК-руу залгаад энэ төхөөрөмж чинь гацаад байна. Ашиглаж, хэрэглэх ямар ч боломжгүй байна гэж хэлсэн. Үүнээс хойш би огт сунгалт хийгээгүй. 2015 оны 06 дугаар сард Жи мобайл ХХК-ийн төлөөлөгч нар ирж уулзсан. Тэгэхэд нь би та нар энэ төхөөрмжөө аваад явчих аа. Шинээрээ байгаа үүнийгээ аваад яв аа гэхэд энэ төхөөрөмж Засгийн газраас гэр хорооллын иргэдийг интернэтээр хангах зорилгоор үнэгүй тараасан. Бид танаас датаныхаа мөнгийг авах гэж байгаа гэсэн. Би өөрийн хүссэнээр интернэт ашиглаж чадаагүй учраас мөнгийг төлөхгүй гэсэн. Тэгэхэд намайг төхөөрөмж ашиглахгүй гэсэн баримтан дээр гарын үсэг зуруулаад авч явсан. Тэр баримт хэрэгт байхгүй байна. Төхөөрөмж худалдан авсан иргэдийн гол зорилго нь интернэтийг саадгүй хэрэглэх болохоос тус компаниас төхөөрөмж авах ямар ч шаардлагагүй. Би төхөөрөмж биш интернэт худалдаж авсан. Иймээс нэхэмжлэлийн үнийн дүнг төлөх ямар ч үндэслэлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Н.Сэлэнгээс худалдах худалдан авах гэрээний үүрэг 220.000 төгрөг, алданги 110.000 төгрөг нийт 330.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Н.Сэлэнгэ худалдан авсан төхөөрөмжөөр интернет үйлчилгээг авч чадаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж маргасан.

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр NP10 маркийн 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг хариуцагч Н.Сэлэнгээтэй бичгээр гэрээ байгуулж худалдсан бөгөөд хариуцагч Н.Сэлэнгэ төхөөрөмжийн үнийг 12 сарын хугацаанд сарын 20.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хугацааны дотор хариуцагчаас үүрэг шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үсэн болно.

 

Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар худалдагч Жи мобайл ХХК нь худалдан авагч Н.Сэлэнгээд эд зүйлийг хүлээлгэн өгсөн, худалдан авагч эд зүйлийг хүлээн авч 2 сарын хугацаанд хэрэглэж урьдчилгаа 20.000 төгрөг төлсөн, үлдэх 220.000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон.

 

Хариуцагч Н.Сэлэнгэ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзаж буй үндэслэлийг интернет хэрэглэх боломжгүй сүлжээ орж ирээгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тэрээр худалдан авсан эд зүйлийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, солиулах, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байсан. Гэтэл энэ эрхээ эдлэхгүй хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн байгаа учраас шүүх түүний тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Иймд хариуцагч Н.Сэлэнгээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 220.000 төгрөг, гэрээний 5.3-т заасан алданги 110.000 төгрөг нийт 330.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч Н.Сэлэнгээс 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.550 /арван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Сэлэнгээс 10.550 /арван мянга тьаван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ