Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/202

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч П.Б-  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б- өд холбогдох эрүүгийн 2538000510147 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Б- ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б-  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 14 дүгээр багийн ... тоотод байх “... ” бүжгийн газарт 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр П.А-тай “бүжгэнд оруулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь алгадаж, биед нь хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000510147 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Б-  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 14 дүгээр багийн ... тоотод байх “... ” бүжгийн газарт 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр П.А-тай “бүжгэнд оруулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь алгадаж, биед нь хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б- ийн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

Хохирогч П.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 19-ний орой 14 дүгээр хорооны ... бүжгийн газрыг ажиллуулж байхад нэг согтуу эрэгтэй хүн ирээд бүжгэнд согтуу орох гэхээр нь би оруулахгүй гэсэн. Тэгэхэд тухайн хүн тэнд байсан бас нэг согтуу хүнд бүжгэнд оруулаад өг гээд 5,000 төгрөг өгсөн гэсэн. Тэгээд нөгөө согтуу хүн нь бүжгэнд оруулж чадахгүй байсан. Тэгэхэд нөгөө хүн тухайн мөнгө өгсөн хүнтэйгээ бүжгэнд оруулж чадсангүй гээд хоорондоо барьцалдаж аваад зодолдсон. Тэгээд нөгөө бүжгэнд оруулж өгнө гэсэн согтуу хүн нь зугтаагаад алга болсон хойно нөгөө согтуу бүжгэнд орно гээд байсан эрэгтэй над руу ирээд “та хоёр хуйвалдаж миний мөнгийг авсан” гэж хэлээд хэл амаар доромжлоод бүжгэнд орно гээд байсан. Тэгж хэрүүл маргаан хийж байгаад миний зүүн талын чих рүү нэг удаа алгадаад авсан. Тэгээд нөгөө хүн гараад зугтаасан. ...Одоо миний учирсан хохиролд нөхөн төлбөр 398,000 төгрөгийг өгчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

Гэрч Ч.Г-ын өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 19-ний орой ... сумын 14 дүгээр хорооны “... ” бүжгийн клубт бүжгэнд ороод бүжиг тарж байх үед бүжгийн клубын хүүхэн шанаагаа дарсан гаднаас орж ирсэн. Тэгээд яасан гэж асуухад “би алгадуулчихлаа куртикийг нь аваад үлдсэн намайг алгадсан хүн зугтаагаад явсан, энүүхэн энэ рүү явсан, араас нь гарч харъя” гэхээр нь би тухайн хүний машинд хамт суугаад явсан. Тэгээд 9 дүгээр хорооны “Мөрөн” дэлгүүр дотор нөгөө хүүхнийг алгадсан гэх нөхөр архи ус хоёр авсан согтуу ганцаараа байж байхад нь нөгөө хүүхэн бид нар очоод алгадсан гэх хүнийг барьж цагдаад өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай: “...П.А-ын биед хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Д.А-н биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1- т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,

Шүүгдэгч П.Б- ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр би “... ” бүжгийн газрын заал руу орох гэтэл үүдэнд нь зогсож байсан эмэгтэй “та согтуу байна” гэдэг шалтгаанаар оруулахгүй байсан. ...тэгээд байж байтал тэр эмэгтэй нэг залууг өөрийнхөө оронд зогсож байгаарай гэж хэлээд цаашаа явсан. Тэгсэн тэр залуу надад хандан “одоо удахгүй тарах гэж байгаа юм чинь ах та надад 5,000 төгрөг өгөөд орчих” гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд 5,000 төгрөг өгөөд орох гэтэл цаанаас нь нөгөө эмэгтэй ирээд оруулахгүй гэсэн. ...Тэгэхээр нь би тэр үл таних залуугаас “мөнгөө авъя” гэхэд өгөхгүй байсан ба бид хоёр барилцаж аваад ...тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Тэр хүүхэн ярихдаа үүдний амбаар дотор өөрийгөө цохисон гээд байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.А-, гэрч Ч.Г- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч П.Б-  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 14 дүгээр багийн ... тоотод байх “... ” бүжгийн газарт 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр П.А-тай “бүжгэнд оруулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь алгадаж, биед нь хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Б- ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч П.Б- ийн үйлдэл идэвхтэй, хохирогч П.А-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч П.Б- ийн хохирогч П.А-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Б-  нь хохирогч П.А-ын нэхэмжилсэн 398,000 төгрөгийн нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 300,000 төгрөгийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 98,000 төгрөгийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Б- ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Б- өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 38-40, 43, 45-48 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Б-  нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч П.Б-  нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч П.Б- өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Хөвсгөл аймгийн ... сумын нутаг дэвсгэрээр тогтоох...” саналыг харгалзан шүүгдэгч П.Б- өд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- өд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2538000510147 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Б- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- өд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.Б- өд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2538000510147 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б- өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР