Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/02531

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 21 байрны 21 тоотод тошин суух, Боржигин овогт Сэд-Очир Саранбаяр /ЦА73082403/,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 4 хороо, 15 хороолол, 110 байрны 39 тоотод оршин суух, Харчин овогт Бямбажав Аранжин /ФА78092071/,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 16 хороо, Дандарбаатар гудамж 1 тоотод оршин суух, Хангайтан овогт Зоригт Цэлмэн /ЦБ72100608/ нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

гуравдагч этгээд- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа хөгжлийн банк ХХК бие даасан шаардлага гаргаагүй,

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Саранбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Б.Аранжин,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хатан-Ундрах,

Шинжээч Ч.Жамьян,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Аранжин, З.Цэлмэн, С.Саранбаяр нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 782 дугаар магадлалаар 105,114,352.18 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж З.Цэлмэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино, 3-р хэсэг 5 тоотод байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, хоёр машины гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18641331356181 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай газрын хамт 86,156,531 төгрөрөөр үнэлсэн нь бодит зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Энэхүү газрын үнэлгээг тогтоохдоо холбогдох дүрэм, журам зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн мэдээллийн сангаас авсан нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаанд уг газрын үнэлгээг 49,300,156 гэж үнэлсэн байхад шинжээч нь 25,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй. Бид хоёр машины гарааштай, 125 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 80-100 сая төгрөг хүрэх байх гэж тооцсон боловч үнэлгээ хэт багаар гарсныг зөвшөөрөхгүй байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтооход тухайн хөрөнгийн байршил ба нөлөөлөх байх гэж найдсан.

Мөн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 21-р байрны 21 тоотод байрлах, Ү-2204000086 дугаартай үл хөдлөх хөрөнгийг зах зээлээс багаар үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэхүү байр нь Сансар хороололд үнэлгээ сайтайд тооцогддог, гал тогоо томтой, давхартаа хоёр айлтай байдаг. Уг байрыг 170,599,000 төгрөгөөр үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэж гомдол гаргаж байна гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэрээр С.Саранбаяр, Б.Аранжин, З.Цэлмэн нараас 105,868,074 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-нд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох З.Цэлмэнгийн эзэмшлийн нэгж талбарын 18641331356181 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайтын богинод байрлалтай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбайтай газар, З.Цэлмэнгийн өмчлөлийн Ү-2202037385 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино 3 дугаар хэсгийн 5 тоотод байрлах, 136 м.кв талбайтай хувийн сууц, С.Саранбаярын өмчлөлийн Ү-2204000086 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 21-р байрны 21 тоотод байрлах 51 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийг гүйцэтгэлийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн.

 Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг гүйцэтгэхийг төлбөр төлөгч нарт хугацаатай мэдэгдэл өгсөн боловч биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгч нарын эзэмшил, өмчлөлийн дээрх эд хөрөнгийг 2021-12-15-ны өдрийн 21260781 дугаар тогтоолоор З.Цэлмэнгийн эзэмшлийн нэгж талбарын 18641331356181 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайтын богинод байрлалтай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбайтай газар, Ү-2202037385 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино 3 дугаар хэсгийн 5 тоотод байрлах, 136 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн, 2022-01-12-ны өдрийн 21260781/01 тогтоолоор хураасан.

С.Саранбаярын өмчлөлийн Ү-2204000086 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 21-р байрны 21 тоотод байрлах 51 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 2021-12-15-ны өдрийн 21260781/01 тогтоолоор битүүмжилж, 2022-01-12-ны өдрийн 21260781/02 дугаар тогтоолоор хураасан.

Талуудаас дээрх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайтын богинод байрлах, эзэмшлийн газар, гарааш, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Б.Аранжин, З.Цэлмэн нар 500,000,000 төгрөгөөр, С.Саранбаярын өмчлөлийн Ү-2204000086 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 21-р байрны 21 тоотод байрлах 51 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 245,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн саналыг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилж үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022-02-07-ны өдрийн 2/30, 2/31 дугаар тогтоолоор Ашид билгүүн ХХК, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэж, үнэлгээний тайлангийн талаар нэхэмжлэгч нарт 2022-02-11-ний өдөр мэдэгдэж, танилцуулан, үнэлгээний тайланг канондож өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч нараас төлбөр гаргуулах тухай шүүхийн шийдвэр 2021-03-18-ны өдөр гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. 2022 оны 01-р сард төлбөр төлөлөгч нарын хөрөнгийг хурааж, үнийн санал авахад нэхэмжлэгч нар хэт өндөр үнэлгээ тогтоосон тул зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан тул хариуцагч талын тайлбарыг дэмжсэн байр сууринаас оролцож байна гэв.

4. Нотлох баримт:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, тус шүүхийн 2021-08-16-ны өдрийн 00996 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-4/, тус шүүхийн 2021-03-18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэр /хх-5-8/, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-9-21/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022-02-11-ний өдрийн 4-161/2705, 4-161/2685 дугаартай үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэл /хх-22, 23/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-24-34/, шуудангийн тэмдэгтэй дугтуй /хх-35/, З.Цэлмэнгээс Б.Аранжинд олгосон итгэмжлэл /хх-130/, нэгж талбарын дуудлага, худалдааны анхын үнийн лавлагаа /хх-131/, Б.Саранбаярын иргэний үнэмлэх хуулбар /хх-132/ зэргийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэл /хх-39/, хариу тайлбар /хх-79/, тус шүүхийн 2021-08-16-ны өдрийн 00996 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-80/, тус шүүхийн 2021-03-18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэр /хх-81-84/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021-09-01-ний өдрийн 21260781 дугаартай тогтоол /хх-85/, шийдвэр гүйцэтгэгчийн 2021-09-15-ны өдрийн тэмдэглэл /хх-86/, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2021-09-15-ны өдрийн 161/01 мэдэгдэл /хх-87/, шийдвэр гүйцэтгэгчийн 2021-09-15-ны өдрийн тэмдэглэл /хх-88/, эд хөрөнгө битүүмжилсэн 2021-12-15-ны өдрийн 21260781 дугаартай тогтоол /хх-87-88 давхардаж дугаарлагдсан/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-89/, мөн өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн 21260781/01 дугаартай тогтоол /хх-90-91/, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 161/01, 161/02 мэдэгдэл /хх-92, 93/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022-01-12-ны өдрийн тэмдэглэл /хх-94/, эд хөрөнгө хураах тухай 2022-01-12-ны өдрийн 21260781/01 дугаартай тогтоол /хх-95-96/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-97/, эд хөрөнгө хураах тухай 2022-01-12-ны өдрийн 21260781/02 дугаартай тогтоол /хх-98-99/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-100/, Б.Аранжин, З.Цэлмэн нарын гаргасан үнийн санал /хх-101, 104/, З.Цэлмэн гаргасан үнийн санал /хх-102/, С.Саранбаярын гаргасан үнийн санал /хх-103, 105/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гаргасан шинжээч томилуулах хүсэлт /хх-106/, шинжээч томилсон 2022-02-07-ны өдрийн 2/30 дугаартай тогтоол /хх-107/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022-02-11-ний өдрийн 4-161/2705, 4-161/2685 дугаартай үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэл /хх-108, 109/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022-02-11-ний өдрийн тэмдэглэл /хх-110/, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай /хх-111/, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хх-112-113/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-114/, шинжээч томилсон 2022-02-07-ны өдрийн 2/31 дугаартай тогтоол /хх-115/, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх-116/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-117/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч томилсон захиралын тушаал /хх-118/, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн 2022-02-11-ний өдрийн баримт /хх-119/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлан /хх-120/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022-02-11-ний өдрийн тэмдэглэл /хх-121/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022-02-11-ний өдрийн 4-161/2686, 4-161/2706 дугаартай үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэл /хх-122, 123/ зэргийг хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлт /хх-43-44/, итгэмжлэл /хх-45-46/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-47-48/, тус шүүхийн 2021-03-18-ны өдрийн 00878 дугаартай шийдвэр /хх-49-52/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021-05-17-ны өдрийн 782 дугаартай магадлал /хх-53-60/, тус шүүхийн 2021 оны 00996 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-61-62/, тус шүүхийн шүүгчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2021-08-16-ны өдрийн 12925 дугаартай захирамж /хх-63-64/, бичгээр гаргасан тайлбар /хх-71-72/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч нар шаардах эрхийн үндэслэлээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан төлбөр төлөгч З.Цэлмэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино, 3-р хэсэг 5 тоотод байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, хоёр машины гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18641331356181 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай газрын хамт 86,156,531 төгрөрөөр үнэлсэн нь бодит зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, газрын үнэлгээг тогтоохдоо холбогдох дүрэм, журам зөрчсөн, төрийн мэдээллийн сангаас авсан нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаанд газрын үнэлгээг 49,300,156 гэж үнэлсэн байхад шинжээч нь 25,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй, хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо хөрөнгийн байршил харгалзан үзээгүй гэж,

иргэн С.Саранбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 21-р байрны 21 тоотод байрлах, Ү-2204000086 дугаартай үл хөдлөх хөрөнгийг зах зээлээс багаар үнэлсэн, гал тогоо томтой, давхартаа хоёр айлтай байдаг зэргийг харгалзан үзээгүй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ төлбөр төлөгч Б.Аранжин, З.Цэлмэн нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөр төлөгч З.Цэлмэнгийн эзэмшилийн газар, өмчлөлийн хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Саранбаярын өмчлөлийн дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авч тохиролцуулах ажиллагаа явуулахад төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч нарын гаргасан саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөр төлөгч З.Цэлмэнгийн дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг, барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Саранбаярийн өмчлөлийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр тус тус томилж, үнэлгээний тайланг 2022-02-11-ний өдөр хүлээлцэж, төлбөр төлөгч нарт мөн өдөр нь мэдэгдэж, танилцуулсан тул уг үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03-р сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэрээр Б.Аранжин, З.Цэлмэн нараас 105,114,352.18 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-нд олгох, С.Саранбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиролдолд З.Цэлмэнгийн эзэмшлийн нэгж талбартын 18641331356181 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богинод байрлалтай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбай газар, З.Цэлмэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203027385 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино 3 дугаар хэсгийн 5 тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, С.Саранбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000086 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 21-р байрны 21 тоотод байрлах, 51 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021-05-17-ны өдрийн 782 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч нарын нэр, хувийн сууц гэсний дараа гарааш гэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гэснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 08-р сарын 16-ны өдөр олгосон 00996 дугаартай гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21260781 дугаар тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа талаарх отлох баримтыг тайлбартаа хавсаргаж өгсөн байна.

Төлбөр төлөгч Б.Аранжин, З.Цэлмэн нар дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох З.Цэлмэнгийн эзэмшилийн газар, өмчлөлийн хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21260781 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21260781/01 дугаартай тогтоолоор хураасан, С.Саранбаярын өмчлөлийн 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн 21260781/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01-р сарын 12-ны өдрийн 21260781/02 дугаартай тогтоолоор мөн хураасан байх бөгөөд нэхэмжлэгч нар эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргаагүй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зохицуулсан.

6. Хэрэгт авагдсан баримтаар дээрх хураагдсан З.Цэлмэнгийн эзэмшилийн газар, өмчлөлийн хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Б.Аранжин, З.Цэлмэн нар 500,000,000 төгрөгөөр, С.Саранбаярын өмчлөлийн 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 245,000,000 төгрөгөөр үнийн санал гаргаснаар төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2022 оны 02-р сарын 01-ний өдөр 5/1094 тоот албан бичгээр гаргасан байна.

7. Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2022 оны 02-р сарын 07-ны өдрийн 2/30 дугаар тогтоолоор Ашид билгүүн ХХК, 2/31 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч нар дээрх эзэмшлийн газар, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 86,156,531 төгрөгөөр, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 170,599,000 төгрөг болохыг тус тус тодорхойлсон байна.

 

8. Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар дээрх шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах эрхтэй талаар хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч нарт 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн 4-161/2705, 4-161/2685 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Аранжин гардан авсан байх бөгөөд төлбөр төлөгч болох З.Цэлмэнд гардуулан өгөх хувийг мөн гардан авсан талаар шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд дурдаж, гарын үсэг зурсан байна.

 

9. Харин нэхэмжлэгч тал дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээч нь зуслангийн зориулалттай газар, хувийн сууц, хоёр машины гараашийн үнэлгээ тогтоохдоо хуулиар тогтоосон журам зөрчсөн, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, тухайн газар болон хөрөнгийн байршлыг харгалзан үзээгүй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо гал тогоо томтой, давхартаа хоёр айлтай, Сансар хороололд үнэлгээ өндөрт тооцогддог зэргийг харгалзан үзээгүй гэх шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нар тал бодит зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ тооцоолол хийгээгүй, үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй.

 

10. Мөн хүчингүй болгуулах тухай үнэлгээний тайлан 2022 оны 02-р сарын 11-ний өдөр гарсныг нэхэмжлэгч нарт 2022-02-11-ний өдрийн 4-161/2705, 4-161/2685, 4-161/2706, 4-161/2686 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, уг тэмдэглэлд гарын үсэг зурсан байдлаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагаа шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байна.

 

11. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан тул нэхэмжлэгч нар хуулиар тогтоосон дээрх хугацааг хэтрүүлсэн, ийнхүү хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаантай байдал тогтоогдохгүй байна.

 

12. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч шинжээчийг томилох, тухайн шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар зохицуулагдсан.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж, хуулийн 8.2-т “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ” гэж заасан.

 

13. Тиймээс шүүх хуралдаанд оролцсон Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайланг хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох ажлыг гүйцэтгэсэн, үнэлгээний олон улсын стандарын дагуу үнэлж, зах зээлийн хандлага, өртөгийн хандлагыг баримталж, зах зээлийн үнэлгээний хандлагаар хөрөнгийг үнэлсэн, шинжээч тайлангийн 5.1-т заасан хөрөнгийн үнэлгээний тооцоолол, дүн, 5.3-т заасан үнэ цэнийн тооцоолол зэргээр эзэмших эрхтэй 700 м.кв талбайтай газар, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зэх зээлийн үнэ цэнийг 2022 оны 02 дугаар сарын байдлаар 86,156,531 төгрөгөөр тооцсон гэж тайлбарласан.

 

14. Түүнчлэн нэхэмжлэгч З.Цэлмэнгийн нэр дээрх эзэмших эрхийн нэгж талбарын 18641331356181 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богинонд байрлах зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийн 000717387 дугаартай гэрчилгээнд бичигдсэн Сүхбаатар дүүргийн засаг даргын 2017-11-27-ны өдрийн А/387 тоот шийдвэрийн огноо дугаар нь нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаанд бичигдсэн шийдвэрийн огноо дугаар тохирч байна.

 

15. Иймд нэхэмжлэгч Б.Аранжин, З.Цэлмэн нар шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч болон шүүхийн шийдвэрт төлбөр төлүүлэхээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч З.Цэлмэн 2022-02-23-ны өдөр урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аранжин, З.Цэлмэн, С.Саранбаяр нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан төлбөр төлөгч З.Цэлмэнгийн эзэмшлийн нэгж талбартын 18641331356181 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богинод байрлалтай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбай газар, түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203027385 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино 3 дугаар хэсгийн 5 тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, С.Саранбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000086 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 21-р байрны 21 тоотод байрлах, 51 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Цэлмэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Д.ЯНЖИНДУЛАМ