Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/205

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Ц.Г-,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн 2538000930156 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б- нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 14 дүгээр багийн ...инд Ц.Г-ийг зодож, биед доод уруулд шарх, дээд зүүн 1, 2 дугаар шүдний булгарал, дээд баруун 1, 2 дугаар шүдний хөдөлгөөн бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000930156 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Б- нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 14 дүгээр багийн ...инд хохирогч Ц.Г-ийн нүүр рүү мөргөж, эрүүл мэндэд нь доод уруулд шарх, дээд зүүн 1, 2 дугаар шүдний булгарал, дээд баруун 1, 2 дугаар шүдний хөдөлгөөн бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-ийн өгсөн: “...2025 оны 03 дугаар сард Ц.Г-ийг зодсон. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр wагаан сарын золгуут хийхээр ... орж ирээд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14-15 цагийн орчим ... сумын 14 дүгээр баг ...инд 06 тоотод манай нутгийн хөгшин болох Н- гэх айлд очсон. Тэгээд тэндээс гараад дүүгийнхээ гэр рүү явж байхад гудамжинд нэг жижиг машин зогссон байсан бөгөөд хажуудаа сууж байсан эрэгтэйг машинаас буулгасан. Тэгээд нөгөө машинаас буусан согтуу эрэгтэй шууд над руу ирээд ...намайг барьж аваад чи намайг таних уу гэж асуусан. Тэгэхээр нь би чамайг танихгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн шууд миний нүүр рүү нэг удаа мөргөөд цаашаа нөгөө буусан машиндаа суугаад яваад өгсөн. ...Тэгээд манай дүү цагдаад гомдол гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

Гэрч Б.Н-н өгсөн: “...би 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн машинтай таксинд явж байсан. Тэгээд би ... сумын 2 дугаар хороонд эгчийнхээ гэрт очоод буцаад явж байсан чинь зам дээр нэг хүн гар өргөхөөр нь би тухайн хүнийг аваад би 10 дугаар хороонд нэг гудамжинд ороод ирсэн чинь тухайн эрэгтэй хүн надад хандаж ахиад таксинд явах уу гэхээр нь би үгүй ээ ах аа би хүүхдээ авах гээд яараад байна явж байна гэж хэлээд хөдлөөд явах гэсэн чинь тухайн гудамжинд нэг дээлтэй ах явж байсан. Тэр үед миний машинаас буусан эрэгтэй хүн тухайн дээлтэй хүн дээр очсон. Тэгээд би машинаа эргүүлээд буцаад явах гэж байхад миний машинаас буусан хүн зодуулсан гээд байгаа дээлтэй ахыг заамдаад авчихсан байхаар нь би зогсоод машины цонхоо буулгаж байгаад болиоч гэж хэлээд хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.А-н 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай: “...Ц.Г-ийн биед доод уруулд шарх, дээд зүүн 1, 2-р шүдний булгарал, дээд баруун 1, 2-р шүдний хөдөлгөөн бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ц.Г-ийн биед үүссэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн, шүдний гэмтлүүд нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 41.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 47 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-50 тал/,

Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би ... сумын 2 дугаар багаас 9 дүгээр баг руу явж байгаад хүн зодсон байна лээ. Миний хувьд нэлээд согтуу байсан учраас болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.Г-, гэрч Б.Н-, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.А-н 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай дүгнэлт,  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч О.Б- нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 14 дүгээр багийн ...инд хохирогч Ц.Г-ийн нүүр рүү мөргөж, эрүүл мэндэд нь доод уруулд шарх, дээд зүүн 1, 2 дугаар шүдний булгарал, дээд баруун 1, 2 дугаар шүдний хөдөлгөөн бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ц.Г-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч О.Б-ийн хохирогч Ц.Г-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Ц.Г-, шүүгдэгч О.Б- нар нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “...эрүүл мэндэд учирсан хохиролд 3,000,000 төгрөг өгөх, авахаар харилцан тохиролцож, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 1,500,000 төгрөг өгсөн, хэрэг шүүхээр шийдвэрлэхээс өмнө 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 1,000,000 төгрөг өгөхөөр” тохиролцсон хохирол төлбөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 78 тал/ хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-: “...500,000 төгрөг нэмж өгсөн, одоо үлдэх 1,000,000 төгрөгийг 8 дугаар сард төлнө” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Буяндалай: “...миний үйлчлүүлэгч шүүгдэгчтэй харилцан тохиролцоод 3,000,000 төгрөг авахаар болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,500,000 төгрөг, прокурорын хяналтын шатанд 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид өгсөн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх талаар илэрхийлсэн. Үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбарыг өгч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О.Б-ээс 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г-т олгох нь зүйтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1020 дугаартай “Иргэний нэхэмжлэгч томилох тухай” албан тоотын хуулбар, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 66, 68 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Иргэний нэхэмжлэгч Ж.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Г-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 66,332 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Б-ээс 66,332 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 32-33, 35-40, 42-44 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч О.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг харгалзан шүүгдэгч О.Б-ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2538000930156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ээс 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г- (...)-т олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Б-ээс 66,332 (жаран зургаан мянга гурван зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн 2538000950166 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б- нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Г-т 2,500,000 төгрөг хохиролд өгсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР