Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/02683

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        06           09                                     101/ШШ2022/02683

                                                                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, Зээл 29-р гудамжны 63 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Завхан аймагт амьдарч байгаа, Сартуул овогт Рэнцэндорж Бат-Эрдэнэ /ИА90021033/-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 110- байрны 33 тоотод оршин суух, Буурлууд овогт Наранжаргал Мөнгөншагай /ЖМ89042316/-д холбогдох,

гэрээний үүрэгт 3,680,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов. 

 

Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнэ нь Н.Мөнгөншагайд холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 3,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2018 оны 9-р сараас 11-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Санзай зусланд байрлах төслийн хаусны суурь цутгах ажлыг Н.Мөнгөншагайтай харилцан тохиролцож 14,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Ажлаа дууссаны дараа төлбөрийг бага багаар цувуулж өгснөөр 7,180,000 төгрөг үлдсэн байсан. Тухайн үед Н.Мөнгөншагайтай гэрээ байгуулаагүй байсан, удаа дараа ажлын хөлсөө нэхэхээр өгнө гэх мэтээр шалтаг хэлээд утсаа ч авахгүй болсон тул цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагад Н.Мөнгөншагайг дуудаж надтай уулзуулснаар тэрээр төлбөр төлөх баталгаа гаргаж өгснөөр 3,680,000 төгрөг төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 2,680,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

 

Нотлох баримт:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4-5/, Н.Мөнгөншагай баталгаа гарах /хх-6/, нэхэмжлэлийн шаардлага багасгасан хүсэлт /хх-28/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнэ нь хариуцагч Н.Мөнгөншагайд холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 3,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 1,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,680,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан /хх-1-2, 28/.

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнийн хариуцагч Н.Мөнгөншагайд холбогдуулан гаргасан 3,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан өгч /хх-13/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-15/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг 88084640 дугаарын утас руу 2022-05-23, 2022-05-31-ний өдрүүдэд залгаж мэдэгдсэн, нэхэмжлэл гардаж авсан хаягаар хүргэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудсанд баталгаат шуудан эзэнгүй гэж, хорооны засаг дарга нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тодорхойлсноор хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.Мөнгөншагай нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 9-р сараас 11-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Санзай зусланд байрлах төслийн хаусны суурь цутгах ажлыг Н.Мөнгөншагайтай харилцан тохиролцож 14,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн боловч ажлын хөлсийг дутуу төлснөөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр баталгаа гаргасан гэж тодорхойлсон.

 

Хэрэгт авагдсан баримтаар Н.Мөнгөншагай нь иргэн Р.Бат-Эрдэнээр 14,000,000 төгрөгийн ажил үйлчилгээ хийлгэсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг хоёр хувааж өгөхөөр харилцан тохирсон бөгөөд 3,000,000 төгрөгийг 2020-2-22-ны дотор үлдэгдэл болох 2,000,000 төгрөгийг 2020-04-01-ний дотор багтаан төлөхөөр харилцан тохиролцов гэжээ /хх-6/.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх нь захиалагчийн үүрэг” гэж тус тус зохицуулсан.

 

Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу биежсэн, материал эд зүйл байдаг тул уг үр дүнг хүлээлгэн өгснөөр ажил гүйцэтгэгчид хөлс авах эрх үүсэж, захиалагч ажлын үр дүнг хүлээн авснаар хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Н.Мөнгөншагай гүйцэтгүүлсэн ажлын хөлсөө дутуу төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгагдах явцад тэрээр үлдэгдэл төлбөр төлөх баталгаа гаргаснаар ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шаардаж байгаа талаар нэхэмжлэлд дурдсан бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх шаардлагатай холбогдуулан ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгч 2022 оны 03-р сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагчаас 1,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах, хуулийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

 

Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн багасгаж шаардсан 2,680,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 73,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 73,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Мөнгөншагайгаас 2,680,000 /хоёр сая зургаан зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнэд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 73,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнгөншагайгаас 73,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Д.ЯНЖИНДУЛАМ