Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/463

 

 

 

 

 

      2021          05            13                                        2021/ДШМ/463                                                                                                           

 

М.И-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч М.И-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Т.Түвшинжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.И-д холбогдох 1902000000371 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ы И-, Хөвсгөл аймагт 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт Хөрөнгө оруулалт, сангийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хорооллын 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

М.И- нь Солонгос улсын виз гаргаж өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдүүлж А.У-аас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг, П.М-гээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, Г.Б-гээс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, Г.Г-гаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, И.Т-лаас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, Н.А-ээс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, С.Б-аас 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, Ч.Н-с 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг тус тус залилан авч бусдад нийт 20,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.И-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн И.Т, Н.А, Ж.С нарын хуурамч бичилт хийгдсэн 3 ширхэг нийгмийн даатгалын дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, М.И- нь 41 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Д.Болормаа, Т.Т нараас тус бүр 2,000,000 төгрөг гаргуулан М.И-д олгож, шүүгдэгч М.И- нь төлөх төлбөргүйг дурдаж, түүний Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Г-д олгож, иргэний хариуцагч Д.Б-гийн нэр дээрх арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хязгаарласан 3011 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч М.И- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, түүнд авсан хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

            Иргэний хариуцагч Т.Т давж заалдах гомдолдоо: “...Би шийтгэх тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. М.И- нь иргэний нэхэмжлэгч А, С нарын нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт зэргийг хуурамчаар үйлдэж визний материалд өгсөн. Гэрч П.С виз мэдүүлэхэд хуурамч материал бүрдүүлсэн гээд гараагүй. Уг визний урилга материал бэлдэхэд П.Сувд нь 1,000,000 төгрөгийг зарцуулсан болохоо баримттай мэдүүлсэн. Үлдсэн 1,000,000 төгрөгийг иргэний хариуцагч Д.Б авсан. Миний дансыг прокуророос 5 сар хаасны улмаас Хаан банк надаас 1,446,000 төгрөгийн алданги нэхэж төлүүлсэн. Үүнээс болж би хохирч байна. Иймд М.И-д 2,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй...” гэжээ.

            Шүүгдэгч М.И- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Н.А-с авсан мөнгийг Т.Т-д өөрийн дансаар шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон. Шүүх Т.Т-аас надад мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн тул мөнгөө авах хүсэлтэй байна” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.И- нь Н.А-с 5,000,000 төгрөгийг авсан. Үүний 2,000,000 төгрөгийг Т.Т-ын дансанд, 2,000,000 төгрөгийг Д.Б-гийн дандсанд шилжүүлсэн нь тогтоогддог. Прокурорын хяналтын шатанд Т.Т-ыг иргэний хариуцагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч Н.А-д учирсан 5,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.И- төлж барагдуулсны тул шүүх иргэний хариуцагч Т.Т, Д.Б нараас тус бүр 2,000,000 төгрөгийг шүүгдэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.И-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ иргэний хариуцагчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.И- нь Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдүүлж А.У-с 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг, П.М-с 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, Г.Б-с 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, Г.Г-с 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, И.Т-с 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, Н.А-с 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, С.Б-с 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, Ч.Н-с 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг тус тус авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч А.У-ын “...М.И- Солонгосын виз гаргаж өгнө гэж надаас 4,000,000 төгрөг авсан. Мөнгө авах үед Б гэгч байгаагүй, ямар ч хамаагүй...” /3-р хх 213-214, 1-р хх 17-19, 20-21/,

хохирогч П.М-гийн “...М.И- нь “БНСУ-ын 3 сарын хугацаатай виз гаргаж өгнө. Эхний ээлжинд 3,500,000 төгрөг 14 хоногийн хугацаагаар зээлсэн гэсэн гэрээ хийгээд нотариатаар батлуулаад, би энэ хугацаанд визний материал бүрдүүлээд өгчихнө” гэхээр нь мөнгөө өгсөн. Үүнээс хойш залгаж асуухаар “Удахгүй бүтнэ”, “Хэд хоногоос гарна” гэсээр байгаад утсаа солиод алга болсон...” /3-р хх 244-245/,

хохирогч Г.Б-ийн “...2017 оны 10 сард ах Болдсайханыг Солонгос явуулахаар виз хөөцөлдсөн... Ичко гэх 30 орчим насны эмэгтэйтэй “Виз гарна, гадаад паспортаа, 500,000 төгрөгийн урьдчилгаа өг” гэсэн. “Манайх олон хүний виз гаргаж байгаа” гэхээр нь компани юм байна гэж бодсон. Сарын дараа холбогдоход Солонгост олимп болох гээд виз удааширч байна гэсэн...”  /1-р хх 201, 204-205, 3-р хх 215/,

хохирогч Г.Г-гийн “... Фэйсбүүкээр “Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө, виз гарсны дараа мөнгөө авна” гэсэн зарын дагуу холбогдоход “Эхний ээлжинд гадаад паспорт, 2 хувь цээж зураг, 500,000 төгрөгтэй өгөхөд болно” гэсэн. Г.Б-тэй хамт М.И-той уулзахад “Манайх найдвартай, аялалын виз гаргадаг, ямар ч санаа зовох юм байхгүй. Элчин сайдын газарт таньдаг хүнтэй” гэж хэлсэн. Би 500,000 төгрөгөө данс руу нь шилжүүлсэн...” /1-р хх 212-213, 3-р хх 218/,

хохирогч И.Т-ын “... манай дүү Б надад “Хамт ажиллаж байсан И- гэх эмэгтэй Солонгосын виз их хурдан гаргаж өгч байна” гэж хэлсэн. Тэгээд дүүтэйгээ хамт явахаар шийдээд хүн нэг бүрийн 1,000,000 төгрөгөө бэлнээр өгсөн. Тэр цагаас хойш холбогдох бичиг баримт болох нийгмийн даатгалын лавлагаа, гадаад паспорт, гэр бүлийн лавлагаа, 2 хувь цээж зураг надаас авсан...” 2-р хх 29-31/,

хохирогч Н.А-ийн “... зарын дагуу И-той холбогдоход “Эхний ээлжинд 1 хүний 500,000 төгрөг хэрэгтэй” гэсэн. Эхнэрийн хамт явах байсан тул 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь “Урьдчилгаа хийхгүй бол болохгүй байна” гэхээр нь 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш удахгүй гэж хугацаа хойшлуулаад байгаа...” /2-р хх 107-109, 110-111, 3-р хх 170, 194/,

хохирогч С.Б-гийн “... И- урьдчилгаа 2,500,000 төгрөг, гадаад паспорт өг гэхээр нь өгсөн...” /3-р хх 42, 171/,

хохирогч Ч.Н-ын “... зарын дагуу И-той уулзахад урьдчилгаа 500,000 төгрөг авсан. Виз гарсны дараа 4,500,000 төгрөг авна гэсэн боловч хугацаандаа гарахгүй байсан...” /3-р хх 68-69, 169/,

гэрч Ж.С-гийн “... Алтангэрэл бид хоёр Солонгос явах гэж байсан. М.И-д эхлээд 1,000,000 төгрөг, дараа нь “Урьдчилгаа нэм” гэхээр нь 4,000,000 төгрөг шилжүүлсэн ...” /2-р хх 114-115/,

иргэний хариуцагч Д.Б-гийн гэрчээр өгсөн “... М.И- “Хоёр хүний визний материал авчихсан. Виз гаргадаг хүндээ өгөх гэтэл тэр хүн бүтэлгүйтээд байна. Танд танил байна уу гэж асуусан...” /2-р хх 125-126/,

иргэний хариуцагч Т.Т-ын гэрчээр өгсөн “... М.И- гэх хүн Б-гийн яриад байсан 2 хүний визний материалыг 2,000,000 төгрөгтэй хамт өгсөн...” /2-р хх 127-128/

гэрч П.С-ын “... Т “Ойрд танай ажлаас Солонгост хурал болох хуваарь байна уу” гэхээр нь байгаа гэсэн. Тэрээр Алтангэрэл, Сарангоо гэх хоёр хүний гадаад паспорт үзүүлээд Солонгос явуулъя гэсэн. Би хурлаар оруулна, манай журмаар үйлчилгээний хөлс авдаг талаар хэлсэн.” /2-р хх 132-133/ гэсэн мэдүүлгүүд,

М.И-гийн Хаан банкны дансны хуулга /1-р хх 87-148, 3-р хх 43-44/, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /2-р хх 151-153, 159-163, 3-р хх 81-85, 86-90, 4-р хх 2-3, 21-25, 45-46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч М.И- нь гадаад улсад зорчих визны материал бүрдүүлэх, зуучлах үйл ажиллагаа дагнан эрхэлдэггүй атлаа “БНСУ-ын элчин сайдын яаманд танилтай, баталгаатай виз гаргаж өгнө” гэж хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдүүлж мөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжид бүрэн нийцжээ. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн барагдуулсан хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин шийтгэх тогтоолд иргэний хариуцагч Д.Б, Т.Тнараас тус бүр 2,000,000 төгрөг гаргуулан шүүгдэгч М.И-д олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаараас хэтэрсэн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж тус тус заажээ.

Иргэний нэхэмжлэлтэй холбоотой дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас хохирол хүлээж, түүнийгээ нөхөн төлүүлэхээр шаардлага гаргасан этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж, нөгөө талд шүүгдэгчээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагч гэж эрх зүйн байдлыг тодорхойлоод, эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарсан тохиолдолд үүнийг шүүгдэгчээр, эсхүл иргэний хариуцагчаар төлүүлэх эсэх асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх журмыг тогтоосон болно.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан гэх үндэслэлээр иргэний хариуцагчийн хариуцах төлбөрийг гаргуулан шүүгдэгчид олгох шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээнээс хальсан шийдвэр байх тул иргэний хариуцагч Т.Т-ын гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН