Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                             Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                                           Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          А.Хандмаа

             Шүүгдэгч                                                                 У.Гантогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн У.Гантогтоход холбогдох 201718020080 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1982 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэгэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсрогтой жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Манлал сумын 9-р баг, Энхтайваны 02 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нв яг шийтгүүлж байгаагүй, Их Монгол овгийн Уртнасангийн Гантогтох /РД:МЗ82121778/

 

Шүүгдэгч У.Гантогтох нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэр, “Хаданцын гол” гэх газарт 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 08 цагийн орчим У.Ган-Эрдэнийн эзэмшлийн 3ил-131 загварын 05-16 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж, тээврийн хэрэгслийн тэвшинд зорчин явсан Д.Батжаргалын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Гантогтох мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр уулруу самаранд явахдаа ах Ган-Эрдэнийн Зил-131 маркийн 0516 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ууланд 20-иод хоног байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 31-ний өглөө буцаж ирж явахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Хаданцын гол” гэх газарт замын халтиргаатай мөсөн дээр машин халтирч унасан ба Батжаргалын амь насыг хохироосондоо маш их харамсаж байна гэв. 

            Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаяр мэдүүлэхдээ: ....Миний дүү зам тээвсийн ослын улмаас нас барсанд их харамсаж байна. Санаатай үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон хэрэг биш дээ, осол юм чинь. Оршуулгын зардапд 4.000.000 төгрөг орсоныг У.Гантогтох, түүний ах У.Ган-Эрдэнэ нар төлж барагдуулсан. Иймд одоо ямар нэгэн гомдол, саналгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-15-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Анхбаяр мэдүүлэхдээ: ... 2017 оны 03 дугаар сарын 31-ний өглөө Гантогтохын жолоодож явсан 70-80 шуудай самар ачсан 3ил-131 автомашины тэвшин дээр самарт явсан 7 хүний хамт сууж явахад мөсөн дээгүүр гарч явсан чинь зүүн талруугаа гулгаад онхолдчихсон. Бууж ирээд харахад автомашины дугуй том чулуунд тээглээд онхолдчихсон байсан. Бид нартай явсан Алтанбулаг сумын ах тэвшний доор шуудайтай самарнуудад дарагдсан байхыг бид нар самрыг холдуулж гаргаж авахад ухаан алдсан байсан ба хиймэл амьсгал хийхэд нэг сэргээд дүүтэйгээ юм ярьж байснаа кабинд оруулсаны дараа удалгүй нас барсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Батбямба мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 08:00 цагийн орчим У.Гантогтох жолоочтой 05-16 СЭҮ улсын дугаартай автомашин онхолдоод миний төрсөн ах Д.Батжаргал шуудайтай самарнуудад дарагдсаны улмаас нас барсан. Бид нар ахыг шуудайтай самарнууд доороос гаргаж ирээд хиймэл амьсгал хийхэд сэргэсэнээ “ээжийг дуудаад өгөөч” гээд байсан ба хүйтэн байсан болохоор араас ирсэн машины кабинд оруулаад 10-20 орчим минут болоод амьсгал хураасан. Машин уулын бүдэг замын дээд талын цастаж мөстсөн хэсгээр зөөлөн явж байхад гулгаад дугуйнд нь чулуу таарсан байх хажуу тийшээ онхолдох үед би үсэрсэн. Харин ах маань намхан талд нь сууж явсан болохоор үсэрч амжаагүй байх. Тэвшин дээр 8 хүн, кабинд 3 хүн суулгаад явж байсан ба жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-р хуудас/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №22 дугаартай “...Талийгаач Д.Батжаргалын биед баруун 2, 3, 4, 5-р хавирга, зүүн 2, 3, 4-р хавирганы хугарал элэгний язралт, баруун бөөрөнд язарч урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо Талийгаач нь цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт. /хх-ийн 45-46, 48-51-р хуудас/

Техникийн шинжээчийн №29 дугаартай “...3ил-131 маркийн 05-16 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.Гантогтох нь Замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд... 9.1. Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...21 Хүн тээвэрлэх 21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. А/ “Тэвшин дотор суудал засаж бат, бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлаганы дээд ирмэгнээс багагүй байх. В/ Тэвшний хойд болон хажуу, хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх. Г/ Зорчигчдын буулгах суулгах шаттай байх” гэснийг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт, /хх-ийн 43-р хуудас

Хэрэг учралын газарт хийсэн үзлэг, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08-р хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-51-р хуудас/, хохиролын баримтууд /хх-ийн 16-21-р хуудас/, У.Гантогтохын сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд /хх-ийн 63-66-р хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримт ял шалгах хуудас /хх-ийн 80-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 77-р хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-77-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтаар:

Шүүгдэгч У.Гантогтох нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэр, “Хаданцын гол” гэх газарт 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 08 цагийн орчим У.Ган-Эрдэнийн эзэмшлийн 3ил-131 загварын 05-16 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд... 9.1. Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...21 Хүн тээвэрлэх 21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. А/ “Тэвшин дотор суудал засаж бат, бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлаганы дээд ирмэгнээс багагүй байх. В/ Тэвшний хойд болон хажуу, хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх. Г/ Зорчигчдын буулгах суулгах шаттай байх” гэснийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж, тээврийн хэрэгслийн тэвшинд зорчин явсан Д.Батжаргалын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон. Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч У.Гантогтох  нь анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нас барагчийн оршуулгын зардлыг төлсөн,   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаяраас шүүхэд ирүүлсэн ...У.Гантогтоход холбогдох эрүүгийн хэрэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн бичгийг ирүүлсэн,шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хохирогч тал ял шийтгэлийн талаар гомдол саналгүй зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч У.Гантогтох нь цагдан хоригдсон хоноггүй, жолооны 491434 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх зэргийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Их Монгол овгийн Уртнасангийн Гантогтохын тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар У.Гантогтоход тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан У.Гантогтоход оногдуулсан 03 жил, 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар У.Гантогтоход оногдуулсан 03 жил, 10 хоногийн  хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,төлөх төлбөргүйг дурьдсугай.

6.У.Гантогтохын №491434 дугаарын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Гантогтоход урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

9.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ