| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/00327/И |
| Дугаар | 101/ШШ2022/03055 |
| Огноо | 2022-06-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/03055
2022 06 28 101/ШШ2022/03055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Л.Энхжаргал, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг,*******, өөрийн байранд байрлах “Монхидро констракшен” ХХК /РД-2548216/,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,,,,
гэм хорын хохиролд 56,,689 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян,,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж,
Иргэдийн төлөөлөгч Г.Ваанчий,
Гэрч Д.Цогт-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Дугаржав 2001 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын улсын тусгай хамгаалалттай газар болох Шилийн богд уулын тогтоо хэсэгт ах, дүү, төрөл садан, сайн дурын байгууллагуудын дэмжлэгтэйгээр мод тарьж эхэлсэн. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тухайн газар бөөгийн мөргөлийн зан үйл үйлдэхдээ хариуцагч Н.Мягмарсүрэн нь гал алдсаны улмаас нэхэмжлэгч Ч.Дугаржавын тарьсан ургамал, модыг шатаасан байдаг. Энэхүү шатсан га талбайг Байгаль орчин аялал жуулчлалын яамны ойн судалгаа, хөгжлийн төв 2019-06-13-ны өдрийн 1/456 дугаар албан бичгээр 8066 ширхэг мод, сөөг амьдрах чадваргүй болохыг тогтоосон.
Тиймээс хариуцагчаас шатсан модны үнэнд 28,580,000 төгрөгийг, модыг Улаанбаатар хотоос аваачиж тарьж суулгахад тухайн орон нутгаас болон Улаанбаатар хотоос ажилчид авч явснаар ажилчдын томилолт зардалд 9,000,000 төгрөгийг, 2011-2019 оны өөрийн зардлаар автомашины түлшинд зарцуулсан зардалд 4,690,560 төгрөгийг, ажилчдын хоол хүнс, цалин хөлсний зардалд 5,120,000 төгрөгийг, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Дарьганга сумын улсын тусгай хамгаалалттай газар болох Шилийн богд ууланд мод тарихаар явахдаа автомашин түрээслэн явдаг байсан тул 2011-2019 оны автомашины түрээс 5,300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн нэхэмжлэгч “Монхидро констракшен” ХХК нь нэхэмжлэгч Ч.Дугаржавын мод тарих ажилд тусламж дэмжлэг болгон үзүүлсний 2011-2019 оны түлшний зардал болох 3,034,129 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас 2019 оны 4-р сард гал гарснаар тухайн шатсан газрын хохирлын хэмжээг тогтоолгохоор Улаанбаатар хотоос Ойн судалгаа хөгжлийн төвийн шинжээч очиж ажиллахад гарсан түлшний зардалд 1,040,000 төгрөг, нийт 56,,689 төгрөгийг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохиролд нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ойн судалгаа хөгжлийн төвийн албан бичиг хэрэгт авагдсан байгааг шинжээчийн дүгнэлт мэтээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Ч.Дугаржав нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд судалгааны чиглэлээр мод тарьсан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвийн албан бичгээр нэхэмжлэгчид хохирол учирсан болон уг хохирол нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэдгийг тогтоогоогүй.
Нэхэмжлэгч нарын тарьж ургуулсан ой нь Монгол Улсын ойн нэгдсэн санд бүртгэгдээгүй, нэхэмжлэгч тал таримал ой ургуулсан гэж байгаа боловч ямар га талбайд хэдэн төрлийн ямар ямар тарьц суулгасан, хэдийн хэмжээний зардал гаргасан талаарх нарийвчилсан тооцоо байхгүй, нотлох баримтаар гаргасан төлбөрийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Шүүхийн журмаар эдгээр баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар Е баримт нэг ч ирээгүй байна. Нэхэмжлэгчийн ургуулсан ойд учирсан хохирлын экологи байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй, эрүүгийн журмаар шалгаж уг нөхцөл байдлыг бүрэн нотлогдоогүй гэж үзсэн. Нэхэмжлэгч “Монхидроконстракшен” ХХК-нд хохирол учирсан гэх байдал нотлогдохгүй, нэхэмжлэгч хэрхэн хамтран ажилласан гэдэг нь тодорхойгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.
Иргэдийн төлөөлөгч “хэргийн материалд дурдагдсанаар 8га газар тарьж ургуулсан модны нэлээдгүй хэсэг галд өртсөн байна. Хэдийгээр санамсар болгоомжгүй үйлдлээр хийгдсэн гэж үзэх авч гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан.
Нотлох баримт тухайд
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, нэхэмжлэгч Ч.Дугаржавын төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-5/, нэхэмжлэгч Монхидроконстракшен ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-7/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-08-20-ны өдрийн 02009 дугаартай Н.Мягмарсүрэнг эрэн сурвалжлах тухай шийдвэр /хх-8/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021-11-12-ны өдрийн 26ё1-3/6844 дугаартай Н.Мягмарсүрэн хаяг тогтоосон албан бичиг /хх-9/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021-7-01-ний өдрийн 07627 дугаартай Н.Мягмарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж /хх-10/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ойн судалгаа, хөгжлийн төвийн 2019-06-13-ны өдөр Сүхбаатар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газарт хаягласан албан бичиг /хх-15-16/, Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан зураг /хх-17-22/, мөн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан Засгийн газрын 106 дугаар тогтоол /хх-2324/, Ойн таксаци ХХК-н 2,740,000 төгрөгийн зарлагын падаан /хх-25/, Моностой ойн нөхөрлөл 3,090,000 төгрөгийн зарлагын баримт /хх-26/, Ази цэцэрлэгжүүлэлт 3,250,000 төгрөгийн зарлагын баримт /хх-27/, Моностойн ойн нөхөрлөлийн 3,500,000 төгрөгийн зарлагын баримт /хх-28/, Ази цэцэрлэгжүүлэлт ХХК-ийн 4,000,000 төгрөг, 3,500,000 төгрөгийн зарлагын баримт /хх-29, 30, 31/, Моностой ойн нөхөрлөлийн зарлагын баримт /хх-32/, Сүхбаатар ШТС-н 103,200 төгрөгийн, 954,000 төгрөгийн, 174,900 төгрөгийн, 188,000 төгрөгийн, 100,000 төгрөгийн, 112,800 төгрөгийн, 106,150 төгрөгийн, 96,500 төгрөгийн, 231,600 төгрөгийн, 91,500 төгрөгийн, 192,150 төгрөгийн, 223,200 төгрөгийн, 204,000 төгрөгийн, 122,400 төгрөгийн зарлагын падаан /хх-37, 39, 41, 44, 48, 49, 50, 54, 56, 61, 65, 66, 69, 71, 72/, Шатахуун авсан тухай 187,200 төгрөгийн, 188,400 төгрөгийн, 110,400 төгрөгийн, 128,800 төгрөгийн, 128,800 төгрөгийн, 105,600 төгрөгийн, 173,800 төгрөгийн, 64,000 төгрөгийн, 174,600 төгрөгийн баримт /хх-36, 43, 53, 55, 59, 63, 64, 67, 71/, Эрдэнэцагаан ШТС-н 186,560 төгрөгийн зарлагын баримт /хх-38/, Шунхлай ШТС-4-н 94,800 төгрөгийн, 147,200 төгрөгийн, 107,400 төгрөгийн, 159,200 төгрөгийн /хх-42, 60, 69, 72/, Тэс петролеум ХХК ШТС 140,000 төгрөгийн, 166,000 төгрөгийн /хх-46, 58/, Петровис ШТС 100,000 төгрөгийн /хх-47/, Жаст ойл ХХК 166,000 төгрөгийн /хх-52/, Ник ХХК-ийн 150,019 төгрөгийн, 20,000 төгрөгийн, 152,998 төгрөгийн, 159,982 төгрөгийн /хх-75, 76, 77, 79/, Монгол оросын биологийн экспедиц, эрдэм шинжилгээний ажилтан Ч.Дугаржавын байгуулсан 2012-9-10, 2013-08-12, 2014-9-02, 2015-08-20, 2016-08-24, 2017-10-04, 2018-08-15-ны өдрүүдийн автомашин түрээслэх гэрээ /хх-40, 45, 51, 57, 62, 68, 70/, Монхидро констракшн ХХК-ийн НӨАТ падаан 124,760 төгрөгийн, 65,645 төгрөгийн /хх-91, 92/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.
/хавтаст хэргийн хх-11, 12-14, 33-34,35, 73-74, 78, 80, 81-90, 93-95 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/
Хариуцагчийн хариу тайлбар /хх-102, 103/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-106/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар /хх-114/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүх зохигчийн хүсэлтээр Ази цэцэрлэгжүүлэлт ХХК-иас 2013-8-12-ны өдрийн модны суулгац худалдан авах гэрээ /хх-131/, 2013-8-12-ны өдрийн захиалагчид модны тарьц хүлээлгэн өгсөн акт /хх-132/, 3,250,000 төгрөгийн зарлагын баримт /хх-133/, 2015-08-20-ны өдрийн модны суулгац худалдан авах гэрээ /хх-134-135/, модны тарьц хүлээлгэн өгсөн 2015-8-21-ний акт /хх-136/, 2016-08-24-ний акт /хх-137/, 2017-10-05-ны акт /хх-138/, 4,000,00 төгрөгийн зарлагын баримт /хх-139, 140/, 3,500,000 төгрөгийн зарлагын баримт /хх-141/, Моностой ойн нөхөрлөлийн 4,500,000 төгрөгийн кассын зарлагын баримт /хх-142/, суулгац захиалагчид хүлээлгэн өгсөн 2018-8-15-ны акт /хх-143/, модны суулгац худалдан авах гэрээ /хх-144/, 3,500,000 төгрөгийн кассын зарлагын баримт /хх-145/, 2014-09-01-ний суулгац хүлээлгэн өгсөн акт /хх-146/, 2014-09-01-ний модны суулгац худалдан авах гэрээ /хх-147/, 3,090,000 төгрөгийн кассын зарлагын ордер /хх-148/, 2012-9-05-ны модны суулгац худалдан авах гэрээ /хх-149/, 2021-9-10-ны модны тарьц суулгац хүлээлгэн өгсөн акт /хх-150/, Ойн таксаци ХХК-иас 2011-8-19-ний хүлээлгэн өгсөн акт /хх-153/, 2011-08-05-ны модны суулгац худалдах худалдан авах гэрээ /хх-154/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Дугаржав, “Монхидроконстракшен” ХХК нар Н.Мягмарсүрэнд холбогдуулан гэм хорын хохиролд 56,,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2-р багийн нутаг дэвсгэрт оршин Шилийн богд ууланд бөө мөргөлийн зан үйл хийхдээ гал алдсан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын 2011 оноос тарьж ургуулсан 8066 ширхэг мод, сөөг шатсан, шатсан га талбай, мод, сөөгийн хэмжээг Байгаль орчин аялал жуулчлалын яамны ойн судалгаа, хөгжлийн төв тогтоосон тул гэм буруутай этгээд хариуцагчаас нэхэмжлэгч Ч.Дугаржавын 2011-2019 онд мод, сөөг тарих ажилд зарцуулсан зардал, түүнийг дэмжиж шатахууны дэмжлэг үзүүлсэн нэхэмжлэгч “Монхидроконстракшен” ХХК-нд учирсан хохирол гэж тодорхойлсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ойн судалгаа хөгжлийн төвийн албан бичиг шинжээчийн дүгнэлт биш, Ч.Дугаржав нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд судалгааны чиглэлээр мод тарьсан боловч Монгол Улсын ойн нэгдсэн санд бүртгэгдээгүй, нэхэмжлэгч тал таримал ой ургуулсан гэж байгаа боловч ямар га талбайд хэдэн төрлийн ямар ямар тарьц суулгасан, хэдийн хэмжээний зардал гаргасан талаарх нарийвчилсан тооцоо байхгүй, нотлох баримтаар гаргасан төлбөрийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэдгийг тогтоосон баримтгүй, Монхидроконстракшен ХХК-нд хохирол учирсан гэх байдал нотлогдохгүй, эдгээр нэхэмжлэгч нар хэрхэн хамтран ажилласан гэдэг нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага болох 56,,689 төгрөгийн шатсан мод, сөөгийн үнэ 28,580,000 төгрөг, мод, сөөгийг суулгасан ажилчдын томилолтын зардал 9,000,000 төгрөг, өөрийн автомашины түлшинд зарцуулсан зардал 4,690,560 төгрөг, ажилчдын хоол хүнс, цалин хөлсний зардал 5,120,000 төгрөг, автомашины түрээсийн зардал 5,300,000 төгрөг, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвийн шинжээч очиж ажиллахад гарсан түлшний зардал 1,040,000 төгрөг зэрэг нь нэхэмжлэгч Ч.Дугаржавт учирсан хохирол, 3,034,129 төгрөг нь нэхэмжлэгч “Монхидроконстракшен” ХХК-аас Ч.Дугаржавын мод тарих ажилд тусламж дэмжлэг болгон өгсөн түлшний зардал буюу тус компанид учирсан хохирол тодорхойлсон.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт гэж хаягласан 1/456 дугаартай албан бичигт ...танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Шинжлэх ухааны академийн академич, ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор Ч.Дугаржав, ...нарын хамт Шилийн богд уулын түймэрт өртсөн таримал ойг газар дээр нь шалгаж, тоолж, таксацын хэмжилт хийж, шаардлагатай үзлэг хийлээ. ...түймэрт өртсөн талбайд хийсэн тооллого, үзлэгээс үзэхэд 2011 оноос өмнө тарьсан 3.7-6.40м өндөртэй шинэс модны ишний ёзоороос дээш 1.5 м өндөрт холтос түймэрт өртсөн боловч тэдгээр модны шилмүүс гарч ургаж байна. Харин 2019-4-22-ны өдөр хээр талаас гарсан газрын гадаргуугийн эрчимтэй түймрийн улмаас 2.6 м өндөртэй 21 настай гацуур-6 ширхэг, 0.20-1.45м өндөр, 3-11 настай нарс 2000 ширхэг, 0.25-3.4м өндөртэй 3-11 настай шинэс 6000 ширхэг, 6 төрлийн сөөг 60 ширхэг, нийт 8066 ширхэг мод, сөөг амьдрах чадваргүй болсон байна. Академич Ч.Дугаржавын эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор тарьж байгаа ой нь улсын ойн санд бүртгэгдээгүй, ...таримал ойд гарсан түймрийн улмаас үүссэн хохирлыг академич Ч.Дугаржавын гаргаж өгсөн баримт ба нэхэмжлэлд тулгуурлан түймрийн актад тусгахыг зөвлөж байна гэжээ /хх-15-16/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр оролцсон гэрч Д.Цогт-Эрдэнэ нь нэхэмжлэгч Ч.Дугаржавын хүүхэд нь байх бөгөөд тэрээр ...ойн мэргэжилтэн, 2000 оноос хойш мод тарьж, аавынхаа төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд цөлжилтөөс урьдчилан сэргийлж мод тарьж, ургуулж, судалгаа шинжилгээний ажилд ашиглаж байсан боловч 2 га газар бүхий 8000 орчим мод шатсанаар МУИСургуулийн докторын ажлын бүтээлийн дата шатсан, миний докторын судалгааны ажил байсан тул энэ газарт тарьсан ой модыг улсын санд хүлээлгэн өгөөгүй байсан, Монхидроконстракшен ХХК-ийн захирал Ц.Батдорж нь миний хадам аав бөгөөд уг компанийн үйл ажиллагаа нь усны чиглэлийн буюу сэлбэ голын усыг тэтгэх зорилгоор хамтарч ажилладаг... гэж мэдүүлсэн.
Харин Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол хэргийн 12-14-р талд авагдсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй, канондсон байдлаар авагдсан, зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2-р багийн нутаг дэвсгэрт орших Шилийн богд ууланд хариуцагч Н.Мягмарсүрэнгийн буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарсанд маргаагүй.
Тиймээс дээрх цаг хугацаанд галд өртсөн ойн төгөл бүхий таримал ой шатсаны хохирлыг нэхэмжлэгч нар шаардаж, тухайн таримал ойг нэхэмжлэгч Ч.Дугаржавын эд хөрөнгө гэж тодорхойлж байх тул шүүх тухайн үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв.
Ойн тухай хуулийн 3.1.14-т "ой үржүүлэг" гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт таримал ой ургуулахыг ойлгоно гэж зааснаар таримал ой ургуулахыг хориглоогүй байх бөгөөд хуулийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ойн нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү ард түмний мэдэлд байна гэж, хуулийн 4.2-т хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болно гэж заажээ.
Тайлбарлавал, ойн нөөц нь төрийн өмч байх боловч тодорхой журмын дагуу иргэн өөрийн өмчлөл, эзэмшил газар дээр өөрийн хөрөнгөөр зориудаар тарьсан ойг өмчилж болохоор байна.
Тиймээс Ойн тухай хуулийн 4.4-т зааснаар ойн нөөц болон ойн санг төрийн захиргааны төв байгууллага ойн нөөцийг аймаг, сум, нийслэл, дүүргийн эзэмшилд, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад эзэмшүүлэхээр байна.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ч.Дугаржав нь Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан шаардлагыг хангаагүй буюу тусгай хамгаалалтын газарт өөрийн сайн дурын үндсэн дээр мод, сөөгийг өөрийн зардлаар тарьж ургуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн таримал ой нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хамаарна гэх тайлбар үндэслэлгүй байна.
Тодруулбал, Ойн тухай хуулийн 30 дугаар зүйлд иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, түүнчлэн мод бэлтгэсэн талбайн ойг нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг улсын захиалгаар улсын болон орон нутгийн төсөв, өөрийн хөрөнгө, дотоод, гадаадын хандив, тусламжаар гүйцэтгэнэ, тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, гол, горхи, булаг, шандын эх, бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах зорилгоор ногоон зурвас байгуулах хөтөлбөр, төслийг улсын төсөв, бусад эх үүсвэрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нарын хувьд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2-р багийн нутаг дэвсгэрт орших Шилийн богд ууланд ойн төглийг өөрийн хөрөнгөөр бий болгосон байх боловч түүнийг нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн гэх үйл баримтаар тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, Ойн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан тул ойн санд учруулсан хохирлыг байгаль орчны хяналтын улсын байцаагч зардлыг ногдуулж, төлөлтөд хяналт тавихаар хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т, ойн санд учирсан хохирлыг зохих шатны Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг тухайн түймэр унтарснаас хойш 30 хоногт багтаан тогтоохоор мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д тус тус зохицуулсан.
Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Энэ хуулийн 85.2-т заасны дагуу эзэмшил газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна” гэж заажээ.
Тайлбарлавал, энэ хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын улсын тусгай хамгаалалттай газар болох Шилийн богд ууланд тарьсан мод бут, сөөг нь тухайн газар өмчлөгчийн өмчид хамаарна.
Нэхэмжлэгч нарын шаардлага, тэдгээрийн үндэслэл тайлбар болон гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь тухайн таримал ой модыг газраас нь салгаж болох үржүүлэг суулгацын хэлбэрээр буюу арилжааны шинжтэй анхнаасаа бий болгоогүй байх тул уг таримал ойг тухайн газраас нь салгаж үл болох газрын бүрдэл хэсэг гэж үзэх юм.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно” гэж зааснаар газраас салгаж үл болох ой, мод, бут сөөгийг иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан нь нэг талаас хариуцагчийн үйлдэл хууль зөрчсөн санаатай эсхүл болгоомжгүй үйлдэл байх нөгөө талаас уг хууль зөрчсөн үйлдлийн улмаас шаардах эрх бүхий этгээдийн эрх, эд хөрөнгөд хохирол учирсан байхыг шаардана.
Хэдийгээр, хариуцагч нь гал алдаж, хээрийн түймэр гаргасан гэм буруутай үйлдэлтэй маргахгүй байх боловч уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч нь хэргийн материалд дурдагдсанаар 8 га газар тарьж ургуулсан модны нэлээдгүй хэсэг галд өртсөн байна. Хэдийгээр санамсар болгоомжгүй үйлдлээр хийгдсэн гэж үзэх авч гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд шүүх тухайн ой мод, бут сөөгийг нэхэмжлэгч нарын эд хөрөнгө гэж үзээгүй тул энэ үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн санал нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Мягмарсүрэнд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 56,,689 төгрөг гаргуулахыг хүссэн Ч.Дугаржав, “Монхидроконстракшен” ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ
ШҮҮГЧИД Л.ЭНХЖАРГАЛ
Э.ЭНЭБИШ