| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/08796/И |
| Дугаар | 101/ШШ2017/01153 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2017/01153
| 2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2017/01153 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 0-р хороо 00000 мянгат П Т оффис 0000тоотод байрлах Б ББСБ /РД:000000 /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 00-р хороо 00-р хороолол 00а байр 00 тоотод оршин суух Х овогт З. Д /РД:000000000/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Цагдаагийн академи гудамж 2-48 дугаар байр, 00 тоотод оршин суух Х.Б Зоригт /РД:00000000 /,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Цагдаагийн академи гудамж 2-48 дугаар байр, 00 тоотод оршин суух Х овогт Г.Ц/РД:00000000 / нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 38,760,308.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.Бат-Э, хариуцагч Б.З, Г.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч З.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Д нь манай банк бус санхүүгийн байгууллагаас 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15/03 тоот зээлийн гэрээ, З.Д, Г. Ц, Б.З нар нь 15/03-1 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг 3,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, сар бүрийн 20-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлсэн.
Зээлдэгч 2015 оны 7 дугаар сарын 20-ний өдөр 15/3-2 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн дүнгээ 5,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хэмжээ нь нийт 25,200,000 төгрөг, зээл төлөх хугацааг 18 сарын хугацаатай байхаар гэрээ байгуулсан.
Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай Баянзүрх дүүргийн 14-р хороо 00000-р хороолол 00а байр 00 тоот 00мкв талбайтай 0 өрөө орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч З.Д нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үндсэн зээл 59,684 төгрөг, зээлийн хүүнд 6,835,235 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 388,080 төгрөг төлсөн. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 25,140,315 төгрөг, хүү 11,925,612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,694,380 төгрөг, нийт 38,760,308.33 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй нөхцөлд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн нэмэлт гэрээг би З.Д байгуулсан, 5,200,000 төгрөгийг бэлнээр өгсөн тухайн үед зарлагын баримт үйлдээгүй тийм баримт байхгүй, манай мөнгөний нярав мөнгийг нь хүлээлгэн өгсөн гэв.
Хариуцагч Г.Ц, Б.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч З.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие банк бус санхүүгийн байгууллагаас 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15/03 тоот зээлийн гэрээг З.Дарьхүү би байгуулан 20,000,000 төгрөгийн зээл 3,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан нь үнэн. Зээлийн барьцааны гэрээг Г.Ц , Б.З бид нар байгуулсан. Энэ хугацаанд зээлийн хүүнд нийт 6,835,235 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний барьцаанд аав Б.Зоригт, ээж Г.Ц болон миний өмчлөлд байх 2 өрөө орон сууцыг барьцаалсан.
Би зээлийн гэрээг 6 сарын хугацаатай хийж хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй гэтэл 2015 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 25,200,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар нэмэлт зээлийн гэрээ байгуулсан. Өмнөх 20,000,000 төгрөгийн зээлийн хүү, алдангийг зээлийн төлбөр болгож нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээг байгуулан би 5,200,000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн аваагүй. Өмнөх 20,000,000 төгрөгийг банкаар миний дансанд шилжүүлсэн. Эднийх мөнгийг бэлнээр өгдөггүй дандаа дансаар шилжүүлдэг.
Эдний банк бус санхүүгийн байгууллага өмнөх зээлээ төлөөгүй байхад надад дахин зээл олгохгүй нь ойлгомжтой. Нэмэлт зээлийн гэрээгээр би 5,200,000 төгрөгийг аваагүй. Үндсэн зээлийн хүү 5 сая төгрөг болж байна буцаагаад зээл болгож гаргахаас дахин зээл өгөх боломжгүй гэж ярьж байгаад нэмэлт гэрээг хийж байсан. Нэхэмжлэгчийн тооцоололыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыгшинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хурал дээр болон бичгээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б ББСБ нь хариуцагч З.Д, Б.З, Г.Ц нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зээлийн гэрээний үндсэн төлбөр 25,140,315 төгрөг, хүү 11,925,612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,694,380 төгрөг, нийт 38,760,308.33 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй нөхцөлд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Д нь би Б ББСБ-аас 20,000,000 төгрөгийн зээл авсан, нэмэлт гэрээгээр 25,200,000 төгрөгийн гэрээ хийсэн боловч уг мөнгийг бэлэн болон бэлэн бусаар аваагүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Б ББСБ нь хариуцагч Д нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдан хоёр тал зөвшөөрөн гарын үсэг зурж, тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний үүрэг үүссэн байна.
Хариуцагч З.Д нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Б ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан, зээлийг хувийн хэрэгцээг санхүүжүүлэх зорилгоор 20,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,4%-ийн хүүтэй, сарын 0,42%-ийн нэмэгдүүлсэн хүүтэй байхаар тохиролцон зээлийн гэрээг байгуулжээ.
Зээлийн гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банкаар 20,000,000 төгрөгийг хариуцагч З.Д шилжүүлсэн байна.
Зохигчдын хооронд 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан 25,200,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар байгуулж, хоёр тал гарын үсэг зурсан боловч хариуцагч нь 20,000,000 төгрөг нь өмнөх зээл, 5,200,000 төгрөг нь хүү, алданги, гэрээний дагуу 25,200,000 төгрөгийг бэлнээр болон банкаар хүлээн аваагүй гэх тайлбар, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 5,200,000 төгрөгийг бэлнээр өгсөн, тухайн үед зарлагын баримт үйлдээгүй гэх тайлбар болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хариуцагч З.Д зээлийн дансны хуулганд 2015 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр 5,200,000 төгрөг зээл олголт гэж бичигдсэн зэргээс үзэхэд зээлдэгчид 25,200,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 25,200,000 төгрөгнөөс хүү, нэмэгдүүлсэн хүү бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Зохигчдын хооронд сарын 0,42 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцээгүй байна гэж үзлээ.
Хариуцагч нь үндсэн зээл 59,684 төгрөг, зээлийн хүүнд 6,835,235 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 388,080 төгрөг, нийт 7,282,999 төгрөг төлсөн бөгөөд зохигчид маргаагүй болно.
Хариуцагч З.Д нь зээлийн гэрээний хугацаанд хүү 4,080,000 төгрөг төлөхөөс 1,652,667 төгрөг төлсөн байна. Иймд хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү 1,019,480 төгрөг, нийт 17,817,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,943,223 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч З.Д, Г.Ц, Б.З нэхэмжлэгч Б ББСБ-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулагдан улсын бүртгэлийн Ү-2204066322 дугаартай Баянзүрх дүүргийн 00-р хороо 00-р хороолол 00а байр 65 тоот 37мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалан Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Иймд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч З.Д 17,817,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,943,223 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 14-р хороо 14-р хороолол 86а байр 65 тоотод байрлах 37мкв 2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З.Дарьхүүгээс 237,035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бүрэн финанс ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 351,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ