Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/305

 

 

 

 

     2021           3              25                                        2021/ДШМ/305

 

 

С.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б,

яллагдагч С.Ц, түүний өмгөөлөгч М.Мөнгөнхүү,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/106 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр С.Цд холбогдох 2011016241001 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Ц,

Яллагдагч С.Ц 2020 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейшн тауэр” барилгын 1 дүгээр лифтний удирдлагын самбарын шилэн дэлгэцийг гараараа цохин хагалж гэмтээсний улмаас “Барилга” ХХК-д 13.418.529 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Прокуророос С.Цг “лифтний удирдлагын самбарын шилэн дэлгэцийг хагалж гэмтээсэн” хэрэгт буруутгасан атлаа учруулсан хохирлын хэмжээг лифтний удирдлагын самбарын шилэн дэлгэцийг дахин ашиглаж хэрэглэх ямар ч бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдсан байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар ...шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж заасан ба шүүх өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох хууль зүйн зохицуулалт байхгүй юм.

Нөгөөтэйгүүр “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”гэж, “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж тус тус зааснаар шүүхээс хийгдэх ажиллагаа нь зөвхөн талуудын хүсэлтээр хийгдэх ба шүүх хуралдаанд оролцож буй талууд харилцан зөвшөөрсөн тохиолдолд хөндлөнгийн байр суурь бүхий шүүх нэмэлт шинжилгээ хийлгэж болохоор хуульчилсныг дурьдаж байна.

Ийм учраас “...хөрөнгийн үнэлгээ бодитой бус тул дахин шинжээч томилуулах, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” гэсэн өмгөөлөгчийн хүсэлт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

...С.Цд холбогдох эрүүгийн 2011016241001 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч С.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр” шийдвэрлэжээ.

 Прокурор Ц.Хулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар бус шүүх хуралдааны явцад нотлохоор заасан байдаг.

Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохтой холбоотойгоор хийсэн хөрөнгийн үнэлгээг бодитой бус эргэлзээтэй гэж үзвэл мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх ... дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны дагуу шүүхээс шинжээч томилох бүрэн эрхтэй буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй асуудлаар хэргийг прокурорт буцаасан байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/106 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх хуралдаан болсон гэж прокуророос сонссон. Уг шүүх хуралдаанд би өөрийн биеэр оролцож чадаагүй, надад ямар нэгэн байдлаар хурлын товыг мэдэгдээгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 Яллагдагчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бид хандаж хэлэхэд, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, урьдчилсан хэлэлцүүлгийн хурал болсон байгаа. ...” гэв.

Яллагдагч С.Ц “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч С.Цд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

 

Хэрэгт буй шинжээчийн дүгнэлтэд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 13.418.529 төгрөгөөр үнэлэгдэв. ...” /хх 42/ гэжээ.

Гэрч Н.М “...Манай компани смарт товчлуур буюу точтой дэлгэцийг Солонгос улсаас Монгол улсад нийлүүлдэг. Манайх цаад газраасаа 3073 ам.доллар буюу Монгол мөнгөөр 8.770.250 төгрөгөөр худалдаж аваад Монголд зарахдаа 10 хувийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар, дээрээс нь компанийн ашиг 10 хувь, нийт 30 хувийг нэмэхээр 12.528.972 төгрөг болно. ...Хагарсан гэх дэлгэцийг дангаар үнэлж болохгүй, дангаараа дээрх дэлгэцний шил нь зарагддаггүй гэсэн. ...” /хх 32/,

гэрч Б.Э “...Дангаар нь сольж болохгүй гэж бодож байна. Дээрх удирдлагын самбарын дэлгэцийг дангаар нийлүүлдэг газар байдаг, үгүйг мэдэхгүй байна. ...” /хх 36/,

шинжээч Ц.Түвшинцэнгэлийн “...энэ удаагийн үнэлгээг “Урбан элеваторс” ХХК-иас гаргасан үнийн саналаар хийсэн болно. Өөр ямар нэг эх сурвалж ашиглаагүй. ...” /хх 38/ гэсэн тус тус мэдүүлгүүд өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан бөгөөд дээрх нотлох баримтуудаас үзэхэд эд зүйлийн үнэлгээний эх сурвалж тодорхойгүй байх тул лифтний удирдлага, түүний шилэн дэлгэц нь тус тусдаа болон иж бүрдлээрээ ямар үнэтэй болох талаар албан ёсны үйлдвэрлэгчийн баримтад тулгуурлан үнийн эх сурвалжыг тодорхойлсон баримтыг хэрэгт хавсаргаж, уг баримт, хохирогчийн үнэлгээний санал зэрэгт үндэслэн үнэлгээг бодитой тогтоосны эцэст уг асуудалд шүүх дүгнэлт хийх нь хуульд нийцнэ.

Гэрч Н.М, Б.Э нарын “...дангаараа дээрх дэлгэцний шил нь зарагддаггүй гэсэн, дангаар нь сольж болохгүй гэж бодож байна. Дээрх удирдлагын самбарын дэлгэцийг дангаар нийлүүлдэг газар байдаг, үгүйг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлгүүдэд хязгаарлагдан лифтний удирдлага, түүний шилэн дэлгэцийг тусад нь үнэлэх боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллаагааны явцад ...техник хэрэгсэл, төхөөрөмж ашиглах, ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, ...зөвөлгөө авах зорилгоор тухайн хэрэгт хувийн сонирхолгүй тусгай мэдлэг, туршлага бүхий хүнийг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр мэргэжилтнээр оролцуулж болно.” гэж заасан бөгөөд энэ хэрэгт мэргэжилтэн оролцуулж, лифтний удирдлага, түүний шилэн дэлгэц иж бүрдлийн хувьд тус тусдаа ашиглагддаг тоног төхөөрөмж болох эсэх, лифтний удирдлагын шилэн дэлгэц хагарсан тохиолдолд зөвхөн дэлгэцийг солих болможтой эсэх, эсхүл иж бүрдлээр нь солих технологийн горимтой эсэх асуудлыг тодорхой болгох нь хохирлын хэмжээг тогтооход ач холбогдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/106 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Хулангийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР