| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2019/01511/И |
| Дугаар | 183/ШШ2019/02080 |
| Огноо | 2019-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2019/02080
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т,
Нэхэмжлэгч: Тө,
Нэхэмжлэгч: Ш
Нэхэмжлэгч: Л нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч-д холбогдох,
Гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Э.Т , *******, М.Ш , Н.Л нар нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Б.Ч тай зуучлалын гэрээ байгуулж, *******ийн өмчлөлийн “*******” ХХК-ийг, нэхэмжлэгч Э.Т , *******, М.Ш , Н.Л нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч нарын нэг болох Э.Т гийн нэр дээр зуучлалын гэрээг хийсэн болно. Тус гэрээнд дурьдсанаар Б.Ч нь “*******” ХХК-н өмчлөгч болох *******ээс компанийг шилжүүлэх, мөн шилжүүлэн авсны дараа Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл мэдүүлж, үнэт цаасны бүртгэлтэй компани болгох, нэхэмжлэгч нарын нэр дээр шилжсэн “*******” ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргах замаар хандан, нээлттэй хувьцаат компаниар бүртгүүлэх үүргийг хүлээсэн. Дээрх гэрээ байгуулагдсаны дараа, Б.Ч нь *******оос 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 8 000 000 төгрөг, Э.Т гаас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, М.Ш ээс 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4 750 000 төгрөг, мөн тус өдөр М.Ш ээс 3 250 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард Н.Л гээс 13 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч Э.Т нар нь хариуцагчийн Хаан банкны ******* тоот дансанд нийтдээ 31 000 000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нар нь хариуцагчтай хийсэн зуучлалын гэрээнээс татгалзаж, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болон 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр уулзалт хийн, тэмдэглэл протокол үйлдэн, хариуцагчтай төлбөр төлөх баталгааны гэрээг байгуулан нотариатаар батлуулсан. Төлбөр төлөх баталгааны гэрээнд зааснаар хаиуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 16 000 000 төгрөгийг тус тус шүлжүүлэхээр тохирсон. Талуудын хооронд төлбөр төлөх баталгааны гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэг болох Н.Л гийн данс руу 4 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай миний бие гэрээнд дурьдсан хариуцагчийн хаягаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, Б.Ч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Хэрэглээ 7а байр 7 тоотод бүртгэлтэй боловч байнгын оршин суудаггүй гэсэн хорооны тодорхойлолыг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хариуцагч Б.Ч ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00737 шийдвэрээр Б.Ч ыг эрэн сурвалжлан, Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс Б.Ч ыг *******,******* тоот хаягт оршин сууж байгааг тогтоосон. Өнөөдрийн байдлаар хариуцагч Б.Ч нь төлбөр төлөх баталгааны гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй, “*******” ХХК-ийг нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлд шилжүүлж аваагүй, зуучлалын гэрээнээс татгалзсаны дараах, төлбөр төлөх баталгааны гэрээний дагуу үлдэгдэл 27 000 000 төгрөгийг хариуцагч буцааж өгөөгүй байна. Бага хээр ҮЦХ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Гэхдээ ямар зорилгоор энэ хэлцлийг байгуулсан бэ гэдэг байдлаар хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрөл зуучилж өгөөч гэх байдлаар гэрээ хэлцэл хийсэн, гэвч тус хэлцэл нь хүчин төгөлдөр бус эсэх дээр нэхэмжлэгчид эргэлзэж байгаа. Иймд хариуцагч Б.Ч аас нэхэмжлэгч Э.Т , *******, М.Ш , Н.Л нарт төлбөр төлөх баталгааны гэрээнд заасан үүргийн биелэлтийг хангуулах замаар 27 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...******* овогтой Ч миний нэр дээр тус шүүхэд нэхэмжлэгч Э.Т , *******, М.Ш , Н.Л нарын нийт 31 000 000 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэх ирүүлсэн байна. Миний бие Бага хээр ҮЦК ХХК-ийг хувьцаа эзэмшигч ******* болон худалдан авагч тал болох Э.Т , *******, М.Ш , Н.Л нарын хооронд зуучилж компанийг худалдах, худалдан авах гэрээг хийж дуусгасан бөгөөд худалдан авагч тал болох *******тэй нэхэмжлэгч Э.Т гийн зөвшөөрлийн дагуу тооцоо нийлж дуусгасан байх тул уг нэхэмжлэлд ямар ч хамааралгүй болно. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Т , *******, М.Ш , Н.Л нар нь хариуцагч Б.Ч д холбогдуулан гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “...Б.Ч тай зуучлалын гэрээ байгуулж, *******ийн өмчлөлийн “*******” ХХК-ийг, нэхэмжлэгч Э.Т , *******, М.Ш , Н.Л нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээ байгуулагдсаны дараа *******оос 8 000 000 төгрөг, Э.Т гаас 2 000 000 төгрөг, М.Ш ээс 4 750 000 төгрөг, М.Ш ээс 3 250 000 төгрөг, Н.Л гээс 13 000 000 төгрөг нийт 31 000 000 төгрөгийг Б.Ч ын дансанд шилжүүлсэн. Гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул зуучлалын гэрээнээс татгалзсан тул буцаан шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 27 000 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.
Хариуцагч “...Би Бага хээр ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* болон худалдан авагч тал болох Э.Т , *******, М.Ш , Н.Л нарын хооронд зуучилж компанийг худалдах, худалдан авах гэрээг хийж дуусгасан бөгөөд худалдан авагч тал болох *******тэй нэхэмжлэгч Э.Т гийн зөвшөөрлийн дагуу тооцоо нийлж дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.Т болон ******* нар нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан хэлцлээр “*******” ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдан авах гэрээний төлбөр 26 000 000 төгрөгийг Б.Ч ын данснаас *******ийн данс руу шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож, улмаар *******, Э.Т нар нь мөн өдрөө ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, мөн өдөр *******ээс *******, М.Ш нарт тус компанийн 25 хувийн хувьцаа эзэмших эрхийг тус тус шилжүүлсэн гэрээнүүд авагджээ.
Талуудын тайлбар, хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зуучлалын гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч Б.Ч нь “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******ээс компанийн эрхийг шилжүүлэх, шилжүүлэн авсны дараа Санхүүгийн зохицуулах хороонд мэдүүлж, үнэт цаасны бүртгэлтэй компани болгох, нэхэмжлэгч нарын нэр дээр шилжсэн “*******” ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргах замаар хандан, нээлттэй хувьцаат компаниар бүртгүүлэх зэрэг үүргийг, нэхэмжлэгч нар нь зуучлалын хөлс болон худалдах худалданв авах гэрээний үнийг Б.Ч т төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/845 дугаар “...үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй зохицуулалттай этгээд нь 300 000 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлагыг хангасан байх шаардлагатай, ...тус компани 70 000 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байх тул хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах боломжгүй” гэсэн агуулга бүхий албан бичгийг Бага хээр ҮЦХ ХХК-ийн гүйцэтгэх захирал *******т хүргүүлж, *******ийн нэхэмжлэгч нартай байгуулсан хувьцаа худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд тус тус биелэгдэх боломжгүй болсноор нэхэмжлэгч нарын Б.Ч тай байгуулсан зуучлалын гэрээ дуусгавар болжээ.
Иймд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т зааснаар зуучлалын гэрээг дуусгавар болгож, мөн хуулийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар өөрсдийн төлсөн 31 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч нь шүүхэд гаргасан “...компанийг худалдах, худалдан авах гэрээг хийж дуусгасан бөгөөд худалдан авагч тал болох *******тэй нэхэмжлэгч Э.Т гийн зөвшөөрлийн дагуу тооцоо нийлж дуусгасан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрөө нотлох, түүнийг нотолсон баримтаа шүүхэд өөрөө цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй.
Түүнчлэн шүүх хуралдааны товыг нэхэмжлэлийн хувийг гардаж авах үед хариуцагчийн өөрийнх нь тодорхойлсон хаягаар хүргүүлэхэд бүртгэлгүй талаарх тодорхойлолт ирсэн бөгөөд шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар түүний сүүлд оршин сууж байсан газрын буюу *******ны Засаг даргад шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн хэрэгт авагдсан талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан хариуцагч Б.Ч 31 000 000 төгрөгийг Э.Т , *******, М.Ш , Н.Л нарт буцаан олгохоор тохиролцсон хэлцэл болон 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Б.Ч ын бичгээр гаргаж өгсөн “...Бага хээр ҮЦХ ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээг буцаах болсонтой холбогдуулж гэрээний үндсэн төлбөр 26 000 000 төгрөг, үйл ажиллагааны зардал 5 000 000 төгрөг нийт 31 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 28-нд үлдэгдэл 16 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр баталж байна” гэх баталгаа зэрэг баримтаар шүүх хариуцагчийг уг гэрээ байгуулагдсан, цуцлагдсан, уг гэрээ цуцлагдсантай холбогдуулж 31 000 000 төгрөгийг буцаан төлөх талаар маргахгүй байна гэж дүгнэж, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 293 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Ч аас 27 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Т , *******, М.Ш , Н.Л нарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 293 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ