Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

       Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

       Иргэдийн төлөөлөгч Ж.Бямбажав,

       Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б (онлайн),

       Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал (онлайн), Б.Амаржаргал,

       Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ч.Батсүх,

       Шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Т-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн,

    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

    Шүүгдэгч  Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд *** аймгийн Ч.Ө сумын ** дүгээр багт Б.Дыг 5 настай охин болох Г.Бгийн дэргэд  онц харгис хэрцгийгээр зодож, олон тооны шарх үүсгэж, тарчлаан зовоож амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг  онц харгис хэрцгийгээр,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэж хүндрүүлэх   шинжтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн *********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

   Шүүгдэгч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд *** аймгийн Ч.Ө сумын ** дүгээр багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Дын бага насны охин болох Г.Бгийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  биед нь олон тооны шарх үүсгэж, онц харгис хэрцгий аргаар зодож, амь насыг нь хохироосон  үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

    Энэ үйл баримт  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Тийн өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй, би гэм буруу дээр маргахгүй, хохирол төлбөрийг төлнө гэсэн бодолтой байна. Одоогоор төлөх мөнгө байхгүй байгаа. Хохирогч талаас 60,000,000 төгрөг нэхэмжилсэн. Төлж барагдуулна..” гэх мэдүүлэг,

      Шүүхийн хэлэлцүүлэгт  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өгсөн: “...73,000,000 төгрөгийн талаар л яриад байна. Бодит баримт дээр үндэслэлтэй хохирол байгаа. Хүний амийг мөнгөөр хэмжишгүй. 2021 оны 7 дугаар сараас 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө энэ хэрэг гарсан. Одоо 3 жил болох гэж байна. Бид нар эмнэлэгт хэвтээд хагалгаанд орохоос нэг цагийн өмнө мэдсэн. 17-ны өдөр ийм хэрэг гарсан байхад 20-ны өдөр мэдсэн. Би 5 настай хүүхдэдээ барьцаалагдаад байсан байх гэж бодож байна. Бид нартай ярьсан бол маш хурднаараа очих байсан. Үхсэн хүн үг хэлэх юм биш гэдэг шиг ярьж байна. Миний дүү хэзээ ч архи уухгүй. Архи хэрэглээгүй байсан гэж шинжээчийн дүгнэлт дээр хүртэл байгаа. Улсын яллагчийн танилцуулсан яллах дүгнэлт дээрх маш олон хүмүүсийн мэдүүлгээс харахад хэргийг онц хэрцгийгээр хийсэн гэдэг нь харагдаж байгаа байх. Эцсийн амьсгаагаа хураатал аав, ээж, ах, дүү нартаа хэлэлгүйгээр яагаад ингэсэн бэ гэхээр 5 настай хүүхдэдээ санаа зовоод тэгсэн байх. Хүн үзэж болох бүх аймар зүйлийг миний дүү үзсэн. Би задлан шинжилгээнд ороод бүх биеийг нь үзсэн. Хүний нүд халтирам байсан. Ийм хэрэг хийсэн хүн өөрөөсөө хэргээ зугтаалгаж эмч нар луу хэргээ чихэж болохгүй. Маш их хуулийн мэдлэгтэй хүн байна. Оргон зайлж ирэхэд оргон зайлсан дээр ял нэмэгдэхгүй гэдгээ мэдэж байна. Бид нар юугаар ч төлж баршгүй хохирол амссан. Маш их гомдолтой байна. Дөрвөн өнчин хүүхэд байгаа. Оргосон гэхэд нь маш их айдастай байсан. Бараг Монгол орны дөрвөн зүгт очсон байна. Би дүүгийнхээ үхлээр далимдуулж мөнгө нэхээгүй. Ө.Т давж заалдах боломжтой бүх шатанд давж заалдсан. Нотлох баримт дээр үндэслээд шүүхийн байгууллага бүх шатандаа үнэн зөвийг ярьдаг юм байна гэдгийг харж байгаа. Хохирол барагдуулаад үлдсэн амьдарлаа бүтэн өнчин дүү нарынхаа төлөө амьдраач гэж гуйхгүй. Авч болох дээд хэмжээний ялыг өгөөсэй гэж бодож байна. Би болон миний аав, ээж бүгд ийм бодолтой байгаа..” гэх мэдүүлэг,

      Мөрдөн шалгах ажиллагааны үед амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Б.Д нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр *** аймгийн Ч.Ө сумаас *** аймгийн М.Н сумын Нэгдсэн эмнэлэгт ирээд нас барсан юм...Тэгээд 2021 оноос хойш *** аймгийн Ч.Ө сумын харьяат Т.Ш гэх залуутай танилцаж хайр сэтгэл, эр эмийн харилцаатай болсон байсан. Тэгээд саяхан Ч.Ө суманд Улаанбаатар хотоос 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирээд тэрнээс хойш *** аймагт байж байгаад нас барчихсан. Манай дүү 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг өнгөрч байхад *** аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүнд байдалтай нэг хагалгаанд орсон байна гэсэн мэдээллийг анх аваад юу болсон талаар судалж үзэхэд хамтран амьдрагч Ч.Ө сумын харьяат Т.Ш гэх залууд зодуулсны улмаас Ч.Ө сумын эмнэлэгт хүргэгдэж очоод тэндээсээ аймгийн төв буюу  сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирээд гэдэс дотрын хагалгаанд ороод ухаангүй байдалтай байсаар байгаад удалгүй нас барсан байсан. Талийгаач маань *** аймгийн Ч.Ө суманд анх ирэхдээ өөрийн төрсөн охин 5 настай Б.Атай ирсэн байсан. Манай дүүг эмнэлэгт ухаангүй байхад Т.Ш гэх залуугийн дүү нь гэх эмэгтэй нэрийг нь мэдэхгүй 5 настай охин Б.Аг харж байсан юм байна лээ. Харин тэр үед талийгаач дүүгийн маань найз эмэгтэй болох Х.Рын дүү эмэгтэйг *** аймгийн М.Н сумын Нэгдсэн эмнэлэгт очоод 5 настай охиныг нь авчих гэж хэлээд тухайн эмэгтэйн фейсбүүк чатаар видео бичлэг хийж Б.Атай ярихад Т.Ш манай ээж бид хоёрыг зодсон. Ээж машиндаа суугаад зугтах гэсэн чинь машины дугуй, цонхыг хагалсан гэж ярьсан...маш их гомдолтой байна. Талийгаач дүүгийн маань *** хүүхэд өнчирч үлдлээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-45, 49-50 тал),

 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 19 тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 20-25 тал),

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 28-31 тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-37 тал),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 38-39 тал),

Түргэн тусламжийн явуулын үйлчилгээг бүртгэх бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх (2-р хх-ийн 139-162-р хуудас),

   Иргэний нэхэмжлэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэргийн амь хохирогч Б.Д нь Эрүүл мэндийн даатгалын сангаас эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 4,978,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 53 тал),

   *** аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 31/132 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (1хх-ийн 54-55 тал),

   Гэрч Б.Ч өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад Ч.Ө сумын Эрүүл мэндийн төвийн машинаар  Б.Д гэх . настай, эмэгтэй хэвлийн битүү гэмтэлтэй гэдэс өвдөнө босож явж чадахгүй эвхэрч хэвтэж шаналсан байдалтай ирсэн. Тус өвчтөнөөс та хэзээ яаж гэмтсэн юм бэ гэж асуухад өвчтөн надад 07 сарын 17-ны өдрийн 19 цагт мотоциклоос унасан гэж муухан ярихад хажуугаас нь нөхөр нь гэх залуу би мотоциклоо бариад миний араар эхнэр маань сууж байсан юм. Гүүрэн дээр эргэх үед багтахгүй хазайж эхнэр маань миний дээгүүр даваад уначихсан юм гэж хэлсэн. Би яаралтайгаар өвчтөний шинжилгээг бүрдүүлж оношийг тодорхойлж өвчтөний түүхийг нээлгэж мэс заслын тасагт 04 цаг өнгөрч байхад хэвтүүлсэн. 06 цагт унтуулгын эмч сувилагч болон хагалгааны туслахыг бэлэн байлгаж хагалгаа хийхээр ажлын утсаараа дуудуулсан. Бусад нь ирж унтуулгын эмч А.Л цагтаа ирээгүй харин өглөө 09 цаг өнгөрч байхад унтуулгын эмч Б.Н ирж хэвлийн хагалгааг эхлүүлж гэмтлээ олж хагалгаа барагцаагаар 4 цаг үргэлжилж өдөр 13 цаг 30 минутын үед хагалгаа дууссан. Хагалгааны дараа биеийн байдал нь хүнд учраас өвчтөнийг шууд сэхээний тасаг руу шилжүүлсэн. Өдөр 15 цаг өнгөрч байхад өвчтөний нөхөр гэх залуу над руу гар утсаар залгаад хагалгаа ямар болов гэж асуухаар нь би хариуд нь маш олон гэмтэл байна. Ганцхан мотоциклоос унаад үүсэх гэмтэл биш байна. Өөр шалтгаантай гэмтэл байна. Хүний биеийн байдал хүнд байна. Нас барах эрсдэл өндөртэй байна. Манайх ийм гэмтлийг заавал цагдаад мэдэгдэх ёстой байдаг юм. Би цагдаад мэдэгдлээ гэж хэлэхэд надад хариуд мотоциклоос унаад гүүрний доошоо уначихсан юм л гээд байсан...Амь хохирогч Б.Дын нарийн гэдэс нь 12 хуруу гэдэснээс доошоо 40-50 см багцаанд чацархай нь хоёр газраа задраад мөн тэр хэсэгтээ нарийн гэдэс нь задарсан байсан. Нарийн гэдэсний чацархай нэлэнхийдээ хавдаж хавагнасан, нарийн гэдэс нэлэнхийдээ хөхөлбөр болж эрээнтсэн. Хэвлийн дотор талын хана хоёр талдаа хөхөрч хүрэнтсэн. Хэвлий дотроо 2 литр орчим баасаар бохирлогдсон цустай байсан. Мөн амь хохирогч Б.Д нь шөнө ирэхдээ бэлтгэлийн хувцастай байсан бөгөөд би цээж, хэвлий, нурууг үзсэн хувцсыг тайлж мөчдийг үзээгүй гэмтэл хагалгаа орох үед 4 мөч хөхөрч эрээнтсэн шилбэн дээрээ шархтай зэрэг гэмтлүүд байсан. Мөн нүүрэндээ хөхөрсөн шархтай толгойдоо бас шархтай байсан. Махлаг том биетэй, шаравтар царайтай, богинохон үстэй залуу байсан нэрээ надад хэлээгүй. ***** дугаарын утаснаас над руу залгаж өвчтөний биеийн байдлыг асууж байсан. Хагалгаанд орохоос өмнө эмнэлэг дээр өвчтөний хажууд байсан. Хагалгаанд орчхоод гарч ирэхэд байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 57-58 тал),

    Гэрч И.Ө өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр *** аймгийн М.Н суманд хамаатныхаа айлд нөхөр Ц.П хамт байж байтал *** дугаараас миний ***** дугаарын утсанд 16 цаг 51 минутад төрсөн эгч Х.Р эгч манай найз Д:. *** аймгийн эмнэлэгт байгаа юм шиг байна. Энэ талаар тодруулаад өгөөч гэж надаас гуйхаар нь би *** аймгийн Нэгдсэн эмнэлгийн фейсбүүк хаягаас *** гэсэн дугаарыг олж аваад 17 цаг 04 минутад залгаад энэ талаар асуухад надад хариуд нь та манай ахлах сувилагчийн **** гэсэн дугаар луу залгаад тодруулаарай гэж хэлэхээр нь би энэ дугаар луу нь 3 удаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд дахиад би **** дугаар луу холбогдоход ахлах сувилагч хагалгаанд орчихсон байж магадгүй. Би тодруулаад танд хэлье гэж хэлсэн. Ингээд 17 цаг 10 минутад***дугаараас над руу залгаад залгасан байна хэн бэ гэхээр нь би хариуд нь Д.В гэх хүн танай эмнэлэгт ирсэн үү энэ талаар Х.Д аймгаас тодруулах гэж хүссэн учраас залгалаа гэж асуухад хариуд нь надад Д.В гэх эмэгтэй манай эмнэлэгт ирсэн. Өнөөдөр өглөө хагалгаанд ороод биеийн байдал нь хүнд байгаа учраас сэхээнд орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч Х.Р луу залгаад Д.В гэх хүн *** аймгийн эмнэлэгт ирсэн байгаа гэж байна гэж хэлэхэд манай эгч Х.Р нь Д.В гэх хүний гэр бүлийнхэнтэй хамт байсан. Би Д.В гэх хүний ар гэрийнхэнд нь ахлах сувилагчийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд байж байтал 18 цаг 15 минутад манай эгч Х.Р над руу гар утсаар залгаад наад Д.В гэх эмэгтэйн охин нь эмнэлгийн гадаа байгаа юм шиг байна. Миний дүү очоод аваад харж хандаж байгаач жоохон хүүхэд байгаа 99164261 гэсэн утас руу холбогдоод очиж аваарай гэж хэлэхээр нь би нөхрийн хамт эмнэлэг дээр явж очоод уг дугаар луу залгаад уулзахад эрэгтэй, эмэгтэй үл таних хоёр хүн мөнгөлөг өнгийн приус-20 маркийн машинтай эмнэлгийн үүдэнд ирсэн. Тэр хоёр хүн надаас хүүхэд авах хүмүүс мөн үү гэж асуухаар нь би тийм байна гэж хэлээд хүүхдийн ар гэрийнхэн буюу Х.Д аймагт байгаа хүмүүстэй фейсбүүкээр дүрс дуудлагаар холбогдоход нөхөр бид хоёрт хандаж бид нарыг очтол охиныг маань хооллож ундлаад харж байгаач ээ наанаасаа аваад явчих гэж гуйсан. Би хариуд нь хажууд нь 2 том хүн байна шдээ би аваад явах нь зөв юм уу гэж хэлэхэд тийм ээ гэж байсан. Бас тэр хүн нөгөө жоохон охинд хандаж Б.А миний охин наад ах, эгч хоёртойгоо хамт байж байгаарай гэж захиж хэлж байсан. Тэндээс дөнгөж хөдлөөд явж байтал *** аймаг дахь Цагдаагийн газраас холбогдоод цагдаагийн газар дээр хүрээд ир гэж дуудсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 60 тал),

   Гэрч Ө. өгсөн: “...*** аймгийн ** суманд 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байж байтал 13 цаг 52 минутад Ө.Т ах өөрийнхөө ***дугаарын гар утаснаас миний найз хүүхэн П.Уийн ***1 дугаар луу залгаад надтай ярьсан. Ө.Т ах надад яаралтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасгийн гадаа очоод байж байгаач манай 33 настай Б.Д гээд найз гэмтээд бие нь муу байгаа юм. Ах нь завгүй байна биеийн байдал нь ямар байгааг ахдаа хэлээд өгөөрэй бас Д.О эгчийнд очоод нэг жаахан охиныг аваад хажуудаа хооллож ундлаад байлгаж байгаарай, сайн хараарай гэж хэлсэн юм. ...16 цагийн үед Ө.Т ах П.Уийн утас руу залгаж ярихад нь П.У нь Ө.Т ахад хандаж энэ хүн найдваргүй гэж байна шдээ, та эмнэлэг дээр хүрээд ирээч дээ ар гэрийнхнийг нь яаралтай дууд таныг хажууд нь сахь гэж байна гэж хэлэхэд Ө.Т ах хариуд нь өө найдваргүй гэж байна уу, тэгвэл ах нь түрүүлээд үхчихье дээ би хүнийг ийм болгочихсон юм чинь ар гэрийнхэнд нь сая залгаад хэлчихлээ. Х.Доос ярих байх шүү гэж хэлж байгаа сонсогдсон. П.У миний хажууд утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан юм. Удалгүй 19 цагийн үед Б.Дын ар гэрийнхэн нь гэх эмэгтэй хүн **** гэсэн дугаараас П.У бид хоёр луу залгаж юу болоод байгаа талаар мэдээлэл авсан. Мөн бид хоёртой цуг байсан жоохон охинтой ярьсан. Түүнээс хойш Ө.Т ах 19 цагийн үед дахиж залгаад ах нь ханьтайгаа ярья бие нь яаж байна гээд согтуу ярихад нь би уурлаад хурдан ирээч гэж хэлэхэд одоо очлоо л гээд байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62-63 тал),

     Насанд хүрээгүй гэрч Г.Бгийн өгсөн: “...Т.Э ах ээжийг гэртээ зодсон. Ээжийн толгойг модон шүүрээр, архины шилээр цохиж хагалсан. Бас ээжийн үснээс зулгаагаад халзан болгох гээд байсан. Ээжийн толгойноос цус гарсан. Гэдэс рүү хөлөөрөө удаан өшиглөөд байсан. Би болиоч гэж хэлээд уйлсан. Т.Э ах ээжийг эмнэлэгт хүргэж өгөөгүй. Эмнэлгийн машин ирээд ээжийг аваад явсан. ...Т.Э ах ээжийн машины дугуйг хутгаар цоолсон. Т.Э ах ээж бид хоёрыг хөөсөн. Ээж гүйж чадахгүй, ээжийн хөлийг Т.Э ах модоор цохисон. Ээж бид хоёр танихгүй айлд алхаад очсон. Тэр айлын хүмүүс ээжийг эмчлэх гээд байсан. Айлын хүмүүс эмч дуудаж өгсөн. Эмч ээжийн хөлд оёдол тавьж өгсөн. ...Т.Э ах гараараа миний хацар луу нэг удаа цохисон. ...ээж намайг миний охин чи ганцаараа зугт. Мод руу зугт. Модон дотор амьдраарай. Хол яваарай гэж хэлсэн. Намайг гүйгээд явж байхад машинтай хүн таарсан. Би тэр хүнд хандаж зогсоорой намайг аваад яв. Ээжийг Т.Э ах зодож байгаа гэж хэлсэн. Машин дотор нь хүүхдүүд байсан. Тэр хүн Т.Э ахын гэрийг мэддэг. Намайг гэртээ хүүхдүүдтэйгээ үлдээгээд ээжийг авч ирсэн. Би ээжийн нүүрийг салфетикаар арчсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69 тал),

   Гэрч Б.М өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний эгч Б.Д, том хүү Б.Ж, бага охин Г.Б нарын хамт Х.Д аймгаас өөрийн машинаа жолоочоор бариулаад Улаанбаатар хотод ирсэн юм. Ирэнгүүтээ над руу гар утсаар залгаад “эгч нь уулзаж чадахааргүй байна. *** явлаа, чи драгон дээр ирээд охин Г.Бг минь авчих гэж хэлэхээр нь манай нөхөр ганцаараа явж очиж уулзаад та яаж машинаа барьж явах гэж байгаа юм бэ гэж асуухад хариуд нь Ө.Т ***өөс ирж байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд охиныг нь би гэртээ аваад үлдсэн юм. Эгч маань *** рүү Б.Ж, Ө.Т нартай тухайн өдөр машинаараа яваад тэндээ хэд хонож байгаад барагцаагаар 06 сарын 30-ны өдөр ***ийн автобусаар Улаанбаатар хотод эгч ганцаараа ирсэн. Ирсэн өдрийнхөө маргааш нь байгууллагынхаа машинаар хамт олонтойгоо Х.Д аймаг руу буцсан. Х.Дод ажлаа хийж байгаад ээлжийн амралтаа авах үед нь ***өөс эгчийн машиныг Ө.Тийг жолоодоод эгчийн том хүү Б.Жтой хамт Х.Д аймагт ирээд тэндээсээ Улаанбаатар хотод болох манайхны хуримд 07 сарын 05-ны өдөр бөөндөө ирсэн юм. Хуримд 07 сарын 06-ны өдөр оролцоод маргааш нь буюу 07 сарын 07-ны өдөр талийгч эгч маань охин Г.Б болон Ө.Т нарын хамт *** аймаг руу өөрийнхөө приус-41 маркийн машинтай яваад өгсөн. ***д очсоноос нь хойш холбоотой байсан. Хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр талийгаач эгч маань өөрийнхөө гар утаснаас манай нөхрийн дугаар луу залгаж орж ирээд надтай ярьсан юм. Ерөнхийдөө эгч маань над руу шаардлагагүй тохиолдолд залгаж ярьдаггүй. Би л байнгын залгаж ярьдаг юм. Тухайн үед эгчийг гэнэт залгахаар нь би эгчээс яасан зүгээр залгасан уу, зүгээр үү гэж асуухад зүгээр ээ гэж дуу султайхан ойр зуурын юм ярьсан. Би эгчид хандаж фейсбүүк дүрстэй дуудлага хийж Г.Бтай ярья гэртээ хариад залгая гэж хэлээд утсаа салгаад гэртээ хариад эгч рүү нэг залгахад утсаа авахгүй байсан. Түүнээс хойш огт холбоо барьж чадаагүй. Манай аав надад хэлэхдээ эгчийн утсыг холбогдохгүй байна гэж байсан. Би бодохдоо хөдөө сүлжээгүй газар амарч байгаа юм байна даа гэж бодоод нээх тоогоогүй. ...Ө.Т рүү хэд хэдэн удаа залгасны эцэст Ө.Т утсаа авсан. Би юу болсон талаар асуухад Ө.Т надад мотоциклтой явж байгаад бид хоёр гүүрнээс нисчихсэн. Би уучихсан байсан юм уучлаарай, одоо надад амьд явах эрх байхгүй гээд согтуу ярихаар нь би согтуу хүнтэй юу ярих вэ дээ гэж бодоод утсаа салгасан юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-73 тал),

      Гэрч Д.Т өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт байхад байшингийн баруун талаар машин ирээд зогсох нь сонсогдсон. Би 20 гаран минут хүн орж ирэхийг хүлээгээд хүн орж ирэхгүй болохоор нь байшингаасаа гартал байшингийн баруун талд цагаан өнгийн **** юм уу 41 маркийн машин зогсож байсан. Би шууд машин луу очиж хаанаас хаа хүрч явна гээд машин луу өндийж хартал амь хохирогч Б.Дын толгой нь өргөнөөрөө 2 см орчим, уртаараа 5 см орчим хагарсан, баруун талын хацрын доод талаар 3 см орчим зүсэгдсэн, нүүр нь хөх алаг болсон шархтай 5 настай Б.А гээд охинтой хоёулаа явж байсан. Ч.Ө сумаас Улаанбаатар хот руу явж байгаад танай энүүхэнд дугуй хагараад хүрээд ирлээ гэхэд нь би машиныг нь тойрч хартал жолоочийн эсрэг талын урд дугуй хагарсан байсныг харсан. Тэгтэл амь хохирогч ахаа дугуй нөхөөд өг гэхэд нь би гэртээ ороод нэг аяга цай уучхаад гарч ирээд машин луу очтол амь хохирогч сууж явсан жолооч талынхаа суудлыг хойш нь хэвтүүлчихсэн. Цамцныхаа цаагуур баруун гараа оруулсан цээж хэвлий хэсгээр өвдөөд байна. Өвчин намдаах эм өгөөч гэхэд нь би гэр лүү орж гэрт байсан парацитирмоноос 2-г давхарлаж өгөөд ах нь цагдаа дуудъя гэхэд амь хохирогч цагдаад дуудаад хэрэггүй 103 дуудчих гэхэд нь би гэр лүү орж сумын төвийн эмч А.Я луу 19 цагийн орчимд дуудлага өгсөн. Дуудлага өгчхөөд байшингаас гарч машин руу очиж та хоёр гэрт орооч гэхэд би халуураад байна гээд машиныхаа паарыг эцэст тавиад бид 2 эндээ байж байя гээд хэвтээд байсан. Би 21 цагийн орчимд үхрээ хашиж байхад эмнэлгийн фургон машин ирж байхаар нь тосож аваад шууд машин луу очсон. Фургон машин приус 40, 41 хажууд зогсоод эмч А.Я бууж амь хохирогчийн биеийг үзэж байсан. Би хажууд нь зогсоод харж байсан. Тэгтэл эмч А.Я надад хандаж энэ гэрлийг бариад өгөөч гэхэд нь би уг гэрлийг барьж байхад амь хохирогчийн толгойны зулай хэсэг рүү тариа хийж байснаа оёод байсан. Оёж дуусаад амь хохирогчийн гараас тулаад фургондоо суулгаад яваад өгсөн. Би санаа амраад гэртээ орж амарсан. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ байж байхад Т.н даргын эхнэр Оэг, эмч А.Я, амь хохирогч, 5 настай Б.А охин, Т.Ш нар гэрийн гадаа ирж зогссон. Зогсоод Т.Ш шууд ****, 41 лүү явахаар нь би араас дагаж очоод хараад зогсож байтал машин дотроос 3 өмд, өөр хар цүнх гаргаж ирээд дэлгэж үзэнгүүтээ дотроос нь түлхүүр гаргаж надаа өгөөд энэ машиныг түгжчихээрэй гээд буцаад машин луу яваад өгсөн. Би араас нь очтол тэр хэд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 78-79 тал),

Гэрч Д.О-ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал нөхөр болох Э.Н над руу залгаад Т.Ш /Т.Э/ машинаа өгчих эмнэлгээс өвчтөн аваад зөөлөн машинаар М.Н хүргэж өгөх ажилтай байна гэхэд нь би манай эхнэр М.Н сум руу Драмын театрын урлагийн хувцас хүргэж өгнө цуг явчих гээд хэлчихлээ. Чи хамт яваад маргааш машинаа өөрөө бариад аваад ирэх үү гэхэд нь ганцаараа явах гэж байсан би ханьтай хүнтэй боллоо гээд тэгье, тэгье гэсэн. 14 цаг 30 минутын орчимд Т.Ш /Т.Э/ гэрийн гадаа ирээд явах уу гэхэд нь тэгье, тэгье гээд гэрээс гараад машиндаа суутал дугуй хагарсан байхаар нь дугуйгаа нөхүүлэх гэтэл засварын газар цоожтой байсан тул запас дугуйгаа тавиад эмнэлгээс эмч А.Я, амь хохирогч, 5 настай Б.А охиныг суулгаад Т.Ш /Т.Э/ машин бариад шууд хойгуураа М.Н сум руу хөдөлсөн. Сумаас гараад 20 орчим километр явж байтал шууд Төмөрхуягийн гэрийн гадаа очоод зогссон. Би машинаас буугаад зогсож байтал А.Я эмч мөн адил машинаас буугаад хамт зогссон. Амь хохирогч болон охин хоёр машинаас буугаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 82-83 тал),

    Гэрч Н.А.Ягийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны орой 19 цаг 20 минутын үед жижүүр сувилагч Л.М Ч.Ө сумын **-р баг хүүшийн гүвээ гэх газар хүнд зодуулж толгойндоо цус алдсан гэх дуудлага ирсэн. ...**маркийн машины хажууд очиж уг машиныг онгойлгоход жолоочийн үрүүлийн ард хагас хэвтээ байдалтай жолоочийн эсрэг талын урд суудал дээр 5 орчим настай эмэгтэй хүүхэд байсан. Амь хохирогч нь толгойноос нь цус гарч хойд суудал руугаа бөөлжсөн байдалтай байсан ба толгойг нь цэвэрлэж амин үзүүлэлтүүдийг үзэж толгойд нь 2 оёдол тавьсан. Өвчин намдаах тариа хийх гээд баруун гарын ханцуйг нь тайлж үзтэл гар нь хөхөрсөн байсан. Хэвлийгээр базалж өвдөнө хамаг бие хөндүүр байна гэж ярьж байсан. 2 нүд нь хөхөрсөн, хамрын зүүн талд 0.5 см зүсэгдсэн шархтай, нурууны ууц хэсгээр хөхөрсөн, баруун хөлийн шилбээр хавдаж хөхөрч өөх нь гарсан байсныг өвчин намдаах тариа хийж эмнэлгийн фургонд суулгаж 23 цаг 40 минутад Эрүүл мэндийн төвд авчирч Б.Б.Н эмчид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 86-88 тал),

    Гэрч Н.А.Ягийн дахин өгсөн: “...Хатгалаас цааш явж байхад Ө.Т жолоогоо сайн барихгүй замаас орж гараад зүүрмэглээд яваад байх шиг байсан. Би бодохдоо урд шөнө унтаагүй юм байх даа гэж бодсон. ...Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд хүлээн авахад оруулсан. Би биеийн байдлыг нь хүлээн авахын эмч, сувилагчид танилцуулсан, мэс заслын тасгаас Е.Н гэх эмч бууж ирээд амь хохирогчийг ЭХО-д харсан, хэвлийдээ шингэн ихтэй байна. Биеийн тань ил харагдах гэмтэл, шарх юунаас болж ийм болсон бэ гэж асуухад Т.Э шууд тэр эмчид мотоциклоор хурдтай явж байхад мотоциклоос 20-30 метрийн зайд шидэгдсэн юм гэж хэлсэн. Эмч амь хохирогчоос лавшруулж мотоциклоос унасан юм уу гэж асуухад толгой дохиж байсан. Тэгээд Т.Э гадаа тамхилах гээд гарсан хойгуур нь амь хохирогч Б.Д намайг дуудаад эмчээ та тэр эмчид намайг зодуулсан гэдгийг үнэнээр нь хэлээд өгөөч тэгэхгүй бол миний онош тодорхой болохгүй цаг алдаад байна. Би хурдан хагалгаанд ормоор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Е.Н гэх эмчтэй коридорт уулзаж байгаад энэ байдлыг хэлж танилцуулсан. ...Тэгээд би гадаа машинд суугаад амь хохирогчийн охин Г.Бг унтаж байхыг нь хараад байж байтал Г.Б сэрээд надаас эмчээ миний ээж яаж байна гэж асуусан. Би хариуд нь ээж нь тариа хийлгэж байна гэж хэлсэн. Тэгтэл Г.Б надад миний ээжийг Т.Э ах аймар зодсон шдээ өшиглөөд, үстээд, алгадаад гэж хэлж байсан. Тэгээд эмнэлгээс Т.Э тамхиа татахаар гадаа гарч ирж байхыг нь охин хараад шууд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 113-114 тал),

    ),

    Гэрч П.О өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *** аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүр бага эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *** аймгийн Ч.Ө суманд мотоциклоос унасан гэх эмэгтэй толгой, цээж, хэвлий хэсгээр хүчтэй өвдөнө гэсэн зовуурьтай, дотор муухайрна, бөөлжинө, цээжний хэсэгт хөхрөлттэй, толгой, баруун хөлд хоёр оёдолтой, оёдол тавиулсан байдалтай 00 цаг 01 минутад *** аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирсэн. Тухайн өвчтөнд шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлээд мэс заслын тасаг руу 07 дугаар сарын 19-ний өдрийн 05 цагийн үед хэвтүүлсэн. ... Би амь хохирогч Б.Даас юу болсон талаар асуухад хажуугаас нь нөхөр нь гэх залуу суманд мотоциклоос унасан гэж хэлсэн. ...амь хохирогч Б.Д нь хэвийн хүн шиг алхаж, гишгэхгүй, бие засах үедээ нөхрөөрөө түшүүлээд нойл руу явж байсан. Ер нь байнгын насилкан дээр байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 96-97 тал),

    Гэрч Д.С өгсөн: “...яаралтай түргэн тусламжийн тасагт үйлчлэгчийн ажлын үүрэг гүйцэтгэж байсан. Тус хугацаанд сумын эмчтэй болон нөхрийнхөө хамт нэг үл таних эмэгтэй гаднаас ирээд манай тасгийн их эмч Ц.Д үзүүлж байсан. Ц.А эмч тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад тэр эмэгтэй мотоциклоос унасан гэж ярьж байсан. Тэгээд би хүлээн авахаас гараад үйлчилгээнийхээ ажлыг хийгээд явж байгаад буцаад орж ирэхэд Ц.А эмч надад энэ эмэгтэйг төрөх тасаг руу үзүүлчхээд хүрээд ир гэж хэлсэн. Би тэр эмэгтэйн нөхөр гэх залуутай нь хамт явж байгаад төрөхийн хүлээн авах дээр үлдээчхээд гараад ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа бага эмч О.Н хамт насилк авч очоод нөгөө өвчтөнийг нөхрийнх нь хамт болон эмэгтэйчүүдийн эмчтэй хамт хүлээн авах дээр авч ирсэн. Тэгээд удалгүй мэс заслын тасаг руу О.Л болон нөхөр нь бид гурав өвчтөнийг гаргаж хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 99 тал),

   Гэрч Б.Ц.Агийн өгсөн: “...амь хохирогчийг ЭХО-нд харуулах үед нь нөхөртэй нь цуг явуулсан. Рентген КТГ харуулах үед нь үйлчлэгч С_Г нөхрийнх нь хамт өвчтөнийг насилкаар доош нь лифтээр буулгасан. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх үед нь 103-аас эмэгтэйчүүдийн тасаг руу нөхөртэй нь хамт алхуулж явуулсан. Яагаад гэвэл насилк тэргэнцэр байгаагүй амин үзүүлэлт нь тогтвортой байсан болохоор С.Э эгчээр замыг нь товчлуулаад нөхөртэй нь хамт явуулсан. Үзүүлээд дууссаных нь дараа даралт нь буурчихлаа гээд манай бага эмч, үйлчлэгч хоёр явж очоод насилкан дээр авч ирсэн. Би 103 дээрээ хүмүүсээ үзэж, эрэмбэлж, дуудлагаа хүлээж авдаг тул өвчтөнтэй хамт явах боломжгүй бага эмч, үйлчлэгчийг хамт явуулдаг. Би тухайн үед Л.В эмчийг ирээд үзэх боломж байна уу гэж асуухад шингэнтэй юм бол хатгалт хийж үзэх шаардлагатай юм байна, наан чинь эмэгтэйчүүдийн ор, үзлэгийн өрөө байхгүй юм чинь хатгалт хийж болохгүй тасаг руу явуулах боломж байна уу гэхээр нь амин үзүүлэлтийг нь үзэхэд тогтвортой байсан. Мөн насилк, тэргэнцэр яг тэр үед байхгүй байсан дээш нь тасаг аваад явчихсан байсан тул арын хаалгаар замыг нь дөтлүүлж явуулсан юм. Шингэнийг салгасан биш, хаагаад тасаг руу зөөвөрлөсөн юм...” (1-р хх-ийн 101-102-р тал),

   Гэрч Б.Б.Нгийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-нд манай эмнэлэг дээр хүн төрөхөөр өвдөж ирээд эмчлэгч эмч Ц.Д, эх баригч М.АХ, сувилагч М.Гнарын хамт хүнээ төрөхийг хүлээгээд хянаад ажил дээрээ байж байсан чинь манай эмч  Ц.Д д, сувилагч М.Г хоёр надад 3-р багийн Х.Н гүвээ гэдэг газраас хүнд зодуулсан, цус алдсан, машинтайгаа зугтаж явж байгаад айлын гадаа ирсэн байна. Тэр айлын утсаар дуудлага өгүүлсэн байна, дуудлага өгсөн хүний нэр нь Б.Н /Т.Н эхнэр/, утас ****, 19 цаг 20 минутад дуудлагыг хүлээж авлаа гэж хэлсэн. Тэгээд би А.Я эмчийг жолоочтой хамт дуудлагад томилоод явуулсан. А.Я эмч тухайн хүн дээр очиж үзэхэд зовуурь нь толгой өвдөнө, дотор муухайрна, хэвлийгээр базалж өвдөнө, хамаг бие хөндүүр байна, юу болсон талаар нь асуухад тухайн эмэгтэй 07 сарын 17-нд 18-19 цагийн хооронд гудамд нөхөртөө зодуулсан гэж хэлсэн гэсэн. ...би юу болсон талаар асуухад хариулахгүй, дуугүй юм бодоод л, айдастай байх шиг байсан. ...07 дугаар сарын 17-ны орой дуудлагад явж байх үедээ А.Я эмч сумын цагдаад мэдэгдэхэд хэсгийн төлөөлөгч нь аймгийн төвд ажилтай байсан цагдаа Ш.В нь ээлжийн амралтаа аваад М.Н сум руу явж байсан. Суманд цагдаа байхгүй байсан. Амь хохирогч Б.Д өвдөлт ихтэй, сэтгэл санаа тайван бус, их айсан байсан. Амин үзүүлэлтүүд тогтвортой, ухаан санаа эрүүл, өөрөө ярьж байсан. ... хэвлий эмзэглэлтэй байсан. Би тухайн шөнө нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчтэй ярьчхаад хугацаа алдалгүй, өвчин намдаах тариа хийж өгөөд аймаг руу хүргэж өгье гэхэд тэр эмэгтэй би харанхуйд явмааргүй байна гэгээ орохоор явъя, би айгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунд айсан юм бэ гэж асуухад тэр эмэгтэй дугарахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би утас аа эгчдээ өгчих, эгч нь тусалъя гэхэд утсаа өгөөгүй нэлээн байж байснаа би нэг жаахан дэмий юм хийчихвүү дээ, та нарт ч, надад ч гэмт халдлагад өртөх аюултай байж магадгүй харанхуйд явахгүй өглөө явъя” гээд байна гэхэд тэгвэл эмчилгээнүүдээ хийгээд гэгээ орохоор зөөвөрлөх эсэхийг шийдье гэж хэлсэн. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад оччихоод манай бага эмч А.Я над руу 23 цаг 40 минутын үед залгаад тогтвортой хүрээд ирлээ мотоциклоос унасан гээд хамт явж байгаа залуу нь хэлээд байна, Д.В болохоор намайг сэмхэн дуудаад эмчид үнэнийг нь хэлээд өгөөч гэж байна. Одоо яах ёстой вэ гэхээр нь наад залуугийнхаа хажууд эмчид хэлээд хэрэггүй шүү, эмчдээ сэмхэн хэлчих, эмч нь шийдэх байх гэж хэлсэн. Би бас бага эмчийнхээ аюулгүй байдлыг бодсон...” (1-р хх-ийн 104-107 тал),

   Гэрч Х.Б-ийн  өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр найз  Ц.Н нартай уулзаад Т.Шийнд 23 цагийн үед хамт очсон. ...Ц.Н  бөөд хандаж ахынх нь ажил төрөл бүтэхгүй байна, үзүүлж харуулмаар байна гэж хэлсэн. ...Маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө намайг унтаж байтал Т.Э ах машиныг нь авч ирж өгөөд мөн манай ширээн дээр байсан 1 литрийн хэмжээтэй Эвок гэх нэртэй архийг Т.Э ах аваад явчихсан байсан. Г.Р үгүй ээ Т.Э ах аваад явчихсан гэж хэлсэн. ...Тэрнээс өмнө Т.Э ах машиныг нь жолоодоод хажууд нь хар нүдний шилтэй эмэгтэй суугаад явж байсан. Тэр үед л би эхнэр нь ирчихсэн юм байна даа гэж бодсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 109-110 тал),

    Гэрч Г.Э  өгсөн: “... Ө.Т бид хоёр хамгийн сүүлд 07 сарын 18-ны өдөр уулзсан.  Уулзахад надад хөгшнийх нь *** хөхөөгийн бригадын дээд айлын гадаа дугуй нь хагарчихсан байгаад байна, чи янзлаад сумын төв рүү оруулаад ирээч,  эмч  аймаг явж эхнэрээ  үзүүл  гэж байна, эхнэр бид хоёр буланд мотоциклоос уначихсан юм гэж хэлсэн.  Би эндээс приус-20-тойгоо явж очоод оруулж ирэх гэхэд  дугуйны обуд нь таарахгүй болохоор нь буцаад гэртээ ирэх гээд явж байтал, замд Т.Э /**уначихсан, эхнэр нь хажуугийн суудал дээр нь дээшээ харчихсан хэвтээд явж байсан.  Би  сайн харалгүйгээр обуд нь таарахгүй байна шүү гэж хэлэхэд Т.Э надад за яаж ийж байгаад аргалаад төв рүү оруулаарай гэж  гэж байсан... ***загварын *** УБР  улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн  зүүн урд дугуй буюу жолоочийн  эсрэг талын урд дугуйны  бөөр нь цоорсон байдалтай  ямарч засвар авах боломжгүй болчихсон байсан учраас  дараа нь би дугуйг нь сольж өгөөд сумын цагдаад хүлээлгэж өгсөн.  Би тэр дугуй цоорсон гэмтлийг  хутга  болон  хурц ир  үзүүртэй  зүйлээр зүсэгдэж гэмтсэн  эсэхийг нь мэдэхгүй ээ. Хагарчихсан  дугуй  хийгүй удаан яваад  байхаар нь  бөөр нь цоорчихдог, би ингэсэн юм байна даа л гэж бодсон...” асуудлыг  гэх мэдүүлэг (1-р хх-ийн 117-118, 120 тал),

   Гэрч Б.П өгсөн: “...Нөхөр Г.Н хамт *** аймгийн  ***суманд 90,91 жилийн ойн баярт оролцохоор  4 хоног орчмын өмнө  очсон.  Ойн баяр болохоор нэгээс 2 хоногийн өнмө бид 3 уулзаж уусан. Ч.Ө сумын төвийн дэлгүүрийн үүдэнд бид 3 зогсож байсан, Гэтэл Т.Ш Б.Л рүү залгаж ярьсан. Бид 3 Т.Шийн гэрлүү очихоор болсоон. Биднийг гэрт нь  орох үед Т.Ш байсан ба бас нэг эмэгтэй орон дээр цаашаа харж  хөнжлөөрөө өөрийгөө хучсан байсан. Цай ууж, идээ идэж, мах идээд хэсэг байж байгаад Т.Шийхээс гарсан. Бид нар дрон нисгэх гэж байсан болохоор Т.Ш сонирхож бид нартай хамт Бадрахгэрэлийн гэрлүү явахаар болсон. Б.Л  гэрч очоод бид 3 нэг шил архи хувааж уусан ба энэ үед Т.Ш огт амсаагүй.  Хэсэг бид нар хоорондоо юм яриад сууж байхад Т.Ш ах нь харьлаа эхнэр гэрт ганцаараа байгаа гэж хэлсэн. Бид 3 уусан байсан тул өөрсдийн приус -41 машиныхаа түлхүүрийг Т.Шид өгч та эрүүл байгаа юм одоо авч яваад маргааш ирээрэй гэж хэлээд өгөөд явуулсан. Маргааш нь өглөө Т.Ш машиныг маань авчирч өгсөн. Т.Ш машин өгчихөөд буцаад яваад өгсөн. Үүнээс хойш 1-3 хоногийн дараа Т.Ш надруу залгаж эхнэр бид 2 мотоцикльтой явж байгаад уначихлаа эхнэрийн бие тааруу байна, сумын эмнэлэгт байна хүрээд ирээч нэг бол үзээд өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би Т.Шийн эхнэрийг нь үзэж бие нь тааруу байна, эмчилгээ сайн хийлгээрэй гэж хэлсэн. Үүнээс  хойш Т.Ш над руу ойрхон ойрхон залгах болсон. Намайг бөө гэдгийг Т.Ш  мэдсэн болохоор эхнэрээ  яавал хөл дээр нь босгох вээ арга чарга байна уу та аргалаад өгөөч гээд гуйгаад залгаад байсан. Би залгах бүрт нь үзэж эхнэрт нь өргөл өргөж ном уншиж байсан. Маргааш нь Т.Ш надруу дахиад залгахдаа манай эхнэр жирэмсэн байсан байна. савны гадуурх  жирэмслэлт гээд хүүхдийн авсан, одоо сэхээнд орчихлоо, аймгийн төв эмнэлэгт байна, одоо амьд үлдэх боловуу гээд нилээн сандарч айсан байдалтай хашгирч ярьж байсан. Тэгэж ярьсанаас хойш над руу дахиж залгаагүй. Маргааш нь би Т.Шийн гар утас руу залгахад холбогдохгүй байсан. ...** бид нар Т.Шийн гэрт очсон. Тэр үед танихгүй эмэгтэй орон дээр цаашаа харж хөнжлөө нөмрөөд унтаж байсан. Т.Ш бидэнд цай идээ  гаргаж өгч мах идүүлсэн. Ямар нэг уур амьсгал муухай байгаа юм шиг анзаарагдаагүй. Гэрээс нь гараад  Б.Л гэрлүү Т.Шийн хамт яваад тэднийд архи уухад   Т.Ш архинаас амсаагүй, эхнэр нь гэрт ганцаараа байгаа гээд явсан. Миний бодлоор Т.Ш эхнэртэйгээ ямар нэг хэрүүл маргаан хийгээгүй, тайван амгалан байсан. .. гэх мэдүүлэг (1-р хх-ийн 130-131 тал),

   Гэрч С.М өгсөн : “...Ө.Т бид хоёр 2018 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2020 онд охинтой болсон. Ө.Т нь миний албан ёсны нөхөр байгаа юм. Харин амь  хохирогч Б.Д  нь 2021 онд Ч.Ө суманд банз авахаар манай гэрийн гадаа машинтай ирээд манай нөхрийг суулгаад аваад явж байсан гэдгээр нь мэднэ. Амь хохирогч Б.Д нь 2021 оны 08 сард банз авахаар  ***суманд манай гэрийн гадаа ирж, нөхөр Ө.Ттэй анх уулзаж байсан. Тухайн үед манай нөхөр хөрөө араам ажиллуулдаг байсан юм. Тухайн цаг хугацаанаас хойш барагцаагаар 2 сарын дараа би “Ө.Т, Б.Д нарыг хоорондоо гар утсаар харилцаад байгааг мэдсэн”. Мэдсэн даруйдаа би Д.Вын гар утасных нь дугаарыг Ө.Тийн утсан дээрээс  мэдээд Д.В гэх хүн рүү залгаад “одоо энэ асуудлаа больчих” гээд эв зүйгээр хэлэхэд хариуд  нь надад “үгүй, би амьдарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн амьдарна гээд шууд хэлээд байхаар нь би амьдрах юм байх гэж бодоод шууд нялх хүүхдээ аваад М.Н суманд ээжийнхээ гэрт 2021 оны 11 сард ирсэн.  хохирогч Б.Д, Ө.Т нарыг хамтран амьдарч байсан эсэхийг мэдэхгүй. Манай нөхөр Ө.Т нь шударга, хүнд тусархаг, ажилсаг хөдөлмөрч, амьдралд дайчин хүн... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 133 тал),

   Гэрч Х.Б өгсөн : “...Хохирогч Б.Д, Ө.Т нарыг  хамтран амьдарч байсан талаар мэдэхгүй.. Харин Б.Д нь *** аймгийн нэг хүнтэй танилцсан,  харилцаатай  байгаа талаар  манай ажлын хамт олноос сонссон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 138-139 тал),

   Насанд хүрээгүй гэрч Б.Б өгсөн: “.. Д.В бол миний төрсөн ээж байгаа юм. Харин Т.Ш гэх хүн бол  манай ээжийн найз гээд Х.Д аймагт ирж байсан юм.  Би тэр хүнтэй харилцаа хамаарал байхгүй  Т.Ш манай ээж 2  нэг нэгийгээ ханиа гэж дуудаад байдаг байсан.  Т.Ш гэх хүн Х.Д аймагт  2021 онд 2 удаа ирээд  манайд ойролцоогоор 10-20 хоноод буцдаг байсан  хамт амьдарч байсан зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 151-152 тал),

          Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 162-163 тал),

    *** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаартай: “Амь хохирогч Б.Дын цогцост хэвлийд битүү гэмтэл тогтоогдлоо. Хэвлийн хэсэг рүү цохих өшиглөх, дэвслэх зэрэг мохоо зүйлийн үйлчлэлээр дээрх гэмтэл нь үүсгэгдсэн байна. Мөн зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, баруун сарвуунд цус хуралт, зулай болон баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Б.Дын цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.  Б.Д нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ орохоос 24 ба түүнээс дээш цагийн өмнө нас барсан байна. Амь хохирогч Б.Д нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Амь хохирогч Б.Д нь хэвлийн битүү гэмтлийн улмаас үжил үжлийн шоконд орж нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 164-168 тал),

     Шинжээч эмч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...яг хэвлийн битүү гэмтэл авсан даруйд мэс заслын эмчилгээг яаралтайгаар хийсэн тохиолдолд амь аврагдах боломжтой байсан. ...гэмтэл авсан даруйдаа гэдэг нь хэдэн минутаас 12 цаг хүртэлх хугацааг хэлнэ. Өөр өөр хэлбэл 12 цагийн дотор хагалгаа хийгдэх ёстой байсан...гэмтэл авснаас хойш 2 хоногийн дараагаар хагалгаа хийвэл амь аврагдах боломж байхгүй...Амь хохирогч Б.Дын  цогцост задлан шинжилгээгээр үзэхэд нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний тасарсан хэсгийг залгаж оёж, чацархайн урагдлыг нөхсөн байсан. Тэгэхээр мэс засал бол чадварлаг бөгөөд амжилттай хийгдсэн байсан... Амь хохирогч  Б.Дын биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна  Зулайн  хуйх болон  баруун шилбэнд  учирсан шарх гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна биед ил харагдаж байгаа бусад хэсгийн зулгаралт цус хуралт  гэмтлүүд нь  тус тусдаа гэмтлийн  зэрэгт хамаарагдахгүй гэсэн үг юм.  Харин нийлбэр  дүнгээрээ  хөнгөн  зэрэгт  хамаарна.  Үгүй ээ  боломжгүй яагаад гэвэл   амь хохирогч  Б.Дын цогцост  тогтоогдсон хэвлийн  гэмтэл  нь хэвлийн доод хэсгээрээ 2 хэсэг газарт, хэсэг газрын үйлчлэлээр  үүсгэгдсэн  байсан, өөрөөр хэлбэл цохих, өшиглөх, дэвсэх. Хэрэв машины  руль  жолооны  гэмтэл  гэж үзвэл  өвчүү, аюулхай, хэвлийн  дээд хэсэгт  том гадаргууг гэмтэл гэж үзвэл өвчүү, аюулхай, хэвлийн дээд хэсэгт том гадаргууг хамарсан хөндлөн  гэмтэл учирна..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 176-177, 180 тал),

   Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт шинжилгээ №43 дугаартай: “ Ө.Т нь сэтгэцийн өвчингүй, Ө.Т нь сэтгэцийн хувьд эрүүл, Ө.Т нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй, Ө.Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ойлгуулах чадвартай, Ө.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, Ө.Т нь хэвтэн эмчлүүлж байгаагүй, Т.Шид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 188-190 тал),

     Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоосон Ашид Билгүүн ХХК-ийн  2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн: “...Автомашины техникийн эвдрэл үнэлгээгээр тогтоосон нийт дүн ..95.000 төгрөг ...” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 196-197 тал),

    *** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Ө 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дугуйнд гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь цооролт байна. Уг гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 202-205 тал),

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.П 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4592 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цус нь задарч муудсан. ДНХ шинжилгээгээр үр дүн гараагүй, шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн нарны хаалт, суудлын бүрээс, дэрэн дээр цус илэрсэн, ДНХ тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн нарны хаалт, суудлын бүрээс, дэрэн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 211-214 тал),

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.П 2022 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 5184 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн Б.Дын гэх бэхжүүлэн хатаасан цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэж байна. ДНХ тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн Б.Дын гэх цус нь ДНХ-ийн тогтцоороо 4592 дугаартай шинжилгээний объект болох нарны хаалт, суудлын бүрээс, дэрэн дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 218-220 тал),

    Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.С, нарын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1021 дугаартай: “.. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны 158 дугаартай дүгнэлтийн 5-р хариултаас бусад нь үндэслэлтэй байна. Амь хохирогчид нарийн гэдэсний чацархайн урагдал, цочмог цус алдалт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ сарвууны цус хуралт, зулай болон баруун шилбэний шарх, хамар, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд учирсан байна. Эдгээр гэмтлүүд мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Хуйх болон баруун шилбэний шарх зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ сарвууны цус хуралт, хамар, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цочмог цус алдалт нь үхэлд хүргэжээ. Үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ орохоос 24 ба түүнээс дээш цагийн өмнө нас барсан байна. Гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой. Талийгаач нь нарийн гэдэсний чацархайн урагдлын улмаас цочмог цус алдаж нас баржээ. Энэ нь өвчний түүх, задлан шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна. Үжил, үжлийн шокын шинж задлан шинжилгээ, эд эсээр батлагдсангүй. Талийгаач нь нарийн гэдэсний чацархайн урагдлын улмаас цочмог цус алдаж нас баржээ. Уг гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 227-233 тал),

     Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 138-р хуудас),

      Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ц.Г, Ш.Ц, Ц.Б, Н.Э, Э.Б нарын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаартай: “... Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 158 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1021 дугаартай дүгнэлтийн 1, 5, 6, 7-р хариултууд үндэслэлгүй байна.  Б.Дын цогцост нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэнд сарвуунд цус хуралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулай, баруун шилбэний шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

     *** аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6207 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны 10:00 минутад нас баржээ. Нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн гэмтэл хэвлийн гялтангийн түгээмэл ялгадаст үрэвсэл үүссэн тохиолдолд аль болох эрт буюу хэдэн цагийн дотор мэс засал хийгдвэл амь насыг аврах боломж их байдаг. Хугацаа алдах тусам амь нас аврах боломж багасдаг. Талийгаач нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгээмэл ялгадаст үрэвсэл үүсэж хордлогоор нас баржээ. Дээрх онош нь мэс заслын тэмдэглэл, лабораторийн шинжилгээний хариу болон задлан шинжилгээгээр батлагдаж байна. Тухайн нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтлийг авснаас хойш аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэх хүртлээ хугацаа алдсан байсан бөгөөд мэс заслын эмчилгээг зохих ёсоор хийсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 119-125 тал),

      Шүүгдэгч Ө.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 16-ны шөнө амарч байхад манайд н.Б, н.Ц, н Т.Ө гурав нэг шил архи барьж ирсэн. Хүүхэд унтаж байгаа учраас гэрт архи уухгүй гээд тэр хэдийг гэрээсээ гаргасан. Тэгээд танай адууны зүчээ рүү очъё гэхээр нь тэр гурвыг дагаж машинд нь сууж яваад адууны зүчээ рүү очоод 0,75 граммтай эдэн (eden) нэртэй архи хувааж уугаад одоо ах нь гэр рүүгээ харилаа. Намайг хүргээд өг гэхэд та машиныг унаад явчих. Өглөө очиж машинаа авъя гэхээр нь би машиныг нь унаад гэртээ ирээд унтаж амарсан. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 10, 11 цагийн үед та машиныг минь аваад ирээч гэхээр нь аваачиж өгөхөд тэд  нар архи ууж байгаад надад архи өгөхөөр нь би уухгүй гэхэд та ганц татчихаач гэхээр нь нэг татаад архийг нь хувааж уусан. Амь хохирогч Б.Д над руу залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь машиныг нь хүргэж өгөөд тэд нартай хамт архи ууж байна гэхэд за би очоод авъя гээд намайг ирж авснаар бид хоёр төвөөр дайраад явъя гээд дэлгүүр орж ойр зуурын хүнсний зүйл болон 1 шил 0,75 граммын хэмжээтэй архи аваад тэр архиа хувааж уусан. Тухайн үед охин н.Б.А унтаж байсан. Тэгээд байж байтал н.Ц над руу залгаад хаана байгаа юм бэ хүрээд ирээч гэхээр нь очих гээд машины түлхүүр аваад гарах гэхэд амь хохирогч гаргахгүй гээд түлхүүр булаацалдсан. Мөн тал шил архи байсныг аваад гарах гэтэл гаргахгүй гээд булаацалдаад байхаар нь тал шил архиа хаалганы дээш нь шидэхэд амь хохирогчийн толгой дээр унаснаар толгойноос нь цус гарсан. Тэгээд байж байхад охин н.Б.А сэрээд болиоч та хоёр гэсэн. Би савнаас шанаганд ус хийж аваад толгойг нь угаасан боловч толгойных нь цус тогтохгүй байсан. Тэгээд байж байтал Б.Д чи миний үгэнд орохгүй юм байна гээд н.Б.Аг дагуулаад машины түлхүүр аваад гараад машинд суугаад явсан. Би тухайн үед газар мэдэхгүй учраас хол явахгүй байх сумын төв ороод хүрээд ирэх байх гэж бодож байсан. Тухайн маргаан 16, 17  цагийн үед болсон. Би 19, 20 цагийн үед унтаж байгаад сэрэхэд эргэж ирээгүй байсан. Тэгээд утас руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй байсан...Бид хоёр түлхүүр булаацалдаад давхарлалдаж ор руу ганц нэг удаа унаж би ганц, нэг удаа нүүр рүү нь цохисон...Миний буруутай үйлдлээс үүдэн амь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Гэхдээ надад хүнийг санаатайгаар алах зорилго байгаагүй...Надад тэр хүнийг алах санаа зорилго байгаагүй учраас зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Би өөрийн боломжоороо амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 40,000,000 төгрөг өгсөн...2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагаас 18 цагийн үед биед нь халдсан...2023 оны 7 дугаар сарын 7, 8-ны өдрийн үеэр ирээд 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамт амьдарсан... Бид 2021 оны 6 дугаар сард танилцаад утсаар ярьдаг байж байгаад 2022 оны 7 дугаар сард цаашдаа хамт амьдаръя гэж шийдээд би хөрөө рам болон хашаа, байшингаа зараад Х.Д аймаг руу явж амьдаръя гэсэн бодолтой байсан. Манай хашаа, байшинг 2022 оны 7 дугаар сарын 20-нд нэг хүн ирж үзэхээр болсон байсан тул тухайн хүнийг хүлээгээд байж байсан...би онц харгис хэрцгийгээр хүн алсан гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ явдал 1-2 минутын дотор  болоод өнгөрсөн. Талийгч өөрөө явна гээд хүүхэдтэйгээ машинаа унаад явсан.  Би Д.Выг  тарчлаан зовоож, байнгын зодож олон тооны шарх үүсгэсэн асуудал байхгүй.  Машины түлхүүр  булаацалдаж  байх үед  нааш цааш  түлхэлцэж  шалан дээр юм асгарсан  архины шил хагарсан байсан. тэрэн дээр  хальтирч унаад шарх сорви үүссэн... эмч нар цаг алдалгүй  түргэн шуурхай арга хэмжээ авсан  бол амь насыг нь аврах боломж байсан гэж бодож байна..  ” гэх мэдүүлэг ( 2 хх-ийн 86-94, 96-98 тал, 5 хх-ийн 118-119 тал ) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл зэргийг   шинжлэн судалснаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

     Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

       Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

      Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч  Б.Үүрийнтуяа гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд *** аймгийн Ч.Ө сумын 4 дүгээр багт Б.Дыг 5 настай охин болох Г.Бгийн дэргэд  онц харгис хэрцгийгээр зодож, олон тооны шарх үүсгэж, тарчлаан зовоож амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэж хүндрүүлэх шинжтэй үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т заасан гэмт хэрэгт онц, харгис, хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 73,945,063 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнээс 40,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул 33,945,063 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн баримтаас хасагдах баримт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4,978,000 төгрөгийн хохирол учирсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх саналтай байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг нэхэмжилснийг шүүх эрх  хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх асуудал гэж үзэж байна...” гэх санал дүгнэлт,

     Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Энхжаргал гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйл дээр оргон зайлах гэсэн зүйл анги байна. Шүүхийн шатнаас оргон зайлсан үйл баримт байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн нөхцөл байдал байна. Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслээд шүүх холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасны дагуу 60 хүртэл хоногоор хойшлуулна гэсэн заалт байгаа. Миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлээр ял хүндрүүлэх үндэслэлтэй гэж харж байна.

     Хоёрдугаарт уг ял хүндрүүлэх нөхцөл байдал боломжгүй гэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Улсын дээд шүүхийн 88 дугаартай тогтоолоор шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслээд миний гаргасан саналын дагуу зүйлчлэлийг өөрчилж хүндрүүлэхээр анхан шат руу буцаасан. Амь хохирогчийн биед нарийн гэдэсний чацархайн урагдал, цочмог цус алдалт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ сарвууны цус хуралт, зулай болон баруун шилбэний шарх, хамар, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд учирсан байна гэдэг нь тогтоогдсон. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үйлдэгдсэн гэж дүгнэсэн. Мөн насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн н.Т.Э ах ээжийг гэртээ зодсон. Ээжийн толгойг модон шүүрээр, архины шилээр цохиж хагалсан. Бас ээжийн үснээс зулгаагаад халзан болгох гээд байсан. Ээжийн толгойноос цус гарсан. Гэдэс рүү хөлөөрөө удаан өшиглөөд байсан. Бас миний хацар луу цохисон гэх мэдүүлэг авагдсан байдаг. Амь хохирогч 5 настай хүүхдээ яаж аюулгүй байлгахыг бодсон. Амь хохирогчийн хувийн байдлын талаар түүний хууль ёсны төлөөлөгч тодорхой хэмжээний тайлбар гаргалаа. Яагаад Ө.Ттэй дотго харилцаатай байсан юм бол. Ө.Тийг тоохооргүй дээд боловсролтой, аймгийн ерөнхий санхүү ч, аймгийн аудитор хийж байсан хүн. Мөн тал бүрийн авьяастай. Олон байгууллагад ажиллаж байсан талаар хэлж байна. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гээд байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал харагдахгүй байна гэж бодож байна. Гэмт хэрэг бол нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, нөгөө талаасаа хор уршиг, хохирол яригддаг. Бусдын амь нас хэзээ ч  сэргэхгүй. Хохирол, хор уршгаар хязгаарлагдахгүй. Хохирол дээр маргаж байгаа учир хурал хоёр үе шаттай явж байгаа. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхөөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэсэн ойлголт биш. Гэмт хэргийн бүх шинжийг хангаж байна. Өөрөө хэлбэл үр дагавар дээрээ маргасан. Гэмт үйлдэл нь санаатай үйлдэл байсан. Эрүүгийн хуулийн тухай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц хэрцгийгээр хүний амь насыг хөнөөсөн нь тогтоогдсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан. Хамтран амьдрагч гэдэг нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч гэсэн харилцан  тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтарч амьдарсныг хэлнэ. Амь хохирогчийн хувьд Ө.Ттэй хамтран амьдран *** аймагт байсан үйл баримт тогтоогддог.  Хохирол дээр 73,000,000 төгрөг төлчхөөд болох юм шиг зүйл ярьж байна. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1,  511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-т заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргаж өгөөч гэсэн саналтай байна. Бид нар өндөр настай ээж, аавыг нь бол орхисон. Энэ хүн ** хүүхэд гаргасан. Хүүхдүүдээ өсгөөд ажил хийгээд явж байсан хүчирхэг эмэгтэй хүн байсан. Нөхрөөсөө салахдаа хүчирхэг байсан учир салсан. Яагаад нөхрөөсөө салсныг шүүх болон шүүгдэгчийн зүгээс гайхаж байгаа байх гэж бодож байна. Гэр бүлийн үл ойлголцлоос болоод гэр бүлээ цуцлуулсан. Дөрвөн хүүхдээ аваад явж байгаа эмэгтэйг өнөөдөр хүчирхэг эмэгтэй гэхээс өөр хэлэх үг байхгүй. Захиргааны хэргийн шүүхэд төрийн байгууллагаа төлөөлөөд шүүх хуралдаанд оролцоод явж байсан ажил мэргэжлийн хувьд өндөр боловсон хүчин байсан. Ө.Тийн хувьд гэм буруутайд тооцож өгөөч, учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр гаргуулж өгөөч гэсэн саналтай байна. Хүн амины хэрэг үйлдэж шоронд сууж гарч ирээд дахин хүн амины хэрэг үйлдэж олон хүнийг хувь заяа, амьдралаар нь хохироож байна. Хүүхдийн баяр болоход нөгөө дөрвөн хүүхэд нь яаж байгаа бол гэж боддог. Мөн аюулгүй байдлынх нь үүднээс эмээд нь хэлж байсан. Энэ хүн оргоод алга болсон байна. Дөрвөн хүүхдийг нь сайн хараараа гэж хэлж байсан. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээс харагдаж байгаа байх. Би нэг архи уусан байсан. Ганц, хоёр л удаа цохисон гэсэн ийм байдлаар хандаад байна. Шүүх хуралдаан дээр ирээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхдөө биш. Энэ хүн гэм буруу дээрээ маргаж байсан. Гэм буруутайд тооцоод хохирлыг гаргаж өгөөч. Хохирогч нарын сэтгэл санаа сайжрахгүй. Хохирол, хор уршиг нь шүүхээр шийдвэрлэгдсэн ч гэснэ арилахгүй. 7 настай хүүхэд нь ээжийгээ нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Одоо болтол ээжийгээ нэхдэг. Ах, эгч нар нь чи ээжийг хамгаалахгүй яагаад зодуулаад байсан юм бэ гэж дүү рүүгээ хэлдэг. Дүү нь байнга уйлж, хар дардаг. Ээжийг нь өөрийнх нь нүдэн дээр зэрлэгээр хөнөөж байгаа үйлдэл байгаа. Энэ хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй байгаа. Би хүүхдүүдээ дагуулаад ороод ирэхээр нь бураатай юм шиг мэдрэмж авдаг. Ийм нөхцөл байдалтай байхад Ө.Тийг гэм буруутайд тооцож хохирлыг бүрэн гаргаж өгөөч гэсэн саналтай байна. Цаана нь 4 хүүхэд үлдэж байна. Энэ хүн насаараа  төлөх нь хамаа байхгүй. Энэ хохирлыг төлөөд насаараа өртэй юм шиг амьдраасай гэж хүсэж байна. Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйл дээр заасан байгаа. Иргэний хуулиар ч гэсэн хохирол гаргах боломжтой байгаа шүү гэсэн саналтай байна...” гэх санал дүгнэлт,

       Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т заасан онц, харгис хэрцгий аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж оруулж ирж байгаа яллах дүгнэлтийн үндэслэл болон уг зүйлчлэлийг дэмжиж оролцож байна. Дээрх үндэслэлээр гэм буруутайд тооцуулах саналтай байна. Онц, харгис, хэрцгий аргаар гэх үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтууд мөн 2 дугаар хх-ийн 152 дугаар хуудаснаас харагдана. Чачархай болон нарийн гэдэсний олон задрал, тасралын улмаас хүнд гэмтэл учирсан, эмнэлгийн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй байсан гэдгийг гэрч нарын мэдүүлэг тайлбар, насанд хүрээгүй гэрч Г.Бгийн мэдүүлгээр тогтоогддог. Улсын дээд шүүхийн тогтоолд дээр ч гэсэн насанд хүрээгүй гэрч Г.Бгийн “... ээжийн толгойг модон шүүрийн ишээр цохиод байсан. Архины шилээр ээжийн толгойг хагалсан, удаа дараа гэдэс рүү өшиглөсөн, зугтаах явах гэхээр хөл рүү нь цохисон, тээрийн хэрэгслээр зугтаах гэхээр дугуйг нь хагалсан...” гэх мэдүүлэг байгаа. Дээрх нөхцөлөөр амь аврагдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг нь үгүй хийсэн. Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж уг гэмт хэргийг онц, хэрцгий, харгис аргаар үйлдсэн. Олон удаагийн үйлчлэлийн улмаас уг гэмтлүүд үүсгэгдсэн гэдэг нь тогтоогдож байгаа. Улсын яллагчийг онц, харгис, хэрцгий аргаар уг гэмт хэргийг үйлдсэн байна гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлон тогтоож чадсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдож байгаа. Амь хохирогч эмнэлгийн байгууллагад хандаж тусламж авахдаа хүртэл маш их айдастай байсан. Бусад хүмүүсийн аюулгүй байдал, амь насыг бодож өнөөдөр гэмтэл авсан даруй эмчийн үйлчилгээ авах бололцоогүй байсан гэдэг нь бүрэн нотлогдон тогтоогдож байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн гэм буруутайд тооцохдоо анхаараасай гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд нийт нотлох баримтаар 73,945,063 төгрөгийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч төлөхөө илэрхийлж оролцож байна. Уг хохирлоос 40,000,000 төгрөг төлсөн. Үлдэх 33,945,063 төгрөгийг төлөхөө илэрхийлж оролцож байгаа учир шүүх нотлох баримтын үнэлэхгүйгээр хүлээн авч төлүүлэхээр шийдвэрлүүлэх санал оруулж байна. Насанд хүрээгүй дөрвөн хүүхдийн асран хамгаалагчийн амь насыг хохироосон. Уг хохирол, хор уршиг тэр хүүхдүүдээс насан туршдаа дагаж явна. Сэтгэцийн эрүүл мэндэд асар их хохирол, хор уршиг учирсан нөхцөл байдаг бий болж байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.6, мөн хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 зааснаар сэтгэцийн эрүүл мэндийн хохирлыг гаргуулах саналтай байна. 5 настай хүүхэд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нөхцөл байдлыг харсан. Амь хохирогч мөн мод руу зугтаа, модонд амьдар гэж оныхоо амь насыг аврах  гэж шаналж байсан нь харагддаг. Ийм учир сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн гаргаж өгөөч гэсэн байр суурьтай оролцож байна....” гэх санал дүгнэлт,

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчийн гэм буруутай холбоотой асуудлыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээрээ маргаан байхгүй гэж хэлж байгаа. Энэ шүүхийн эрх хэмжээний асуудал. Би хуульч болон өмгөөлөгчийн нэр төрөөр дэнчин тавиад үйлчлүүлэгч Ө.Тийн таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өгөөч, энэ хүн хохирол төлбөр төлье гээд гарсан. Нөхцөл байдал ийм болсон байгаа. Бид тангараг өргөсөн хуульчид. Гэм буруу дээр маргаан байхгүй. Хохирол төлбөр дээр саналаа хэлсэн. 73,945,063 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан эсэхээс үл хамаараад төлье гэсэн. Гэм буруу дээрээ маргаад байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхнэ гэж байна. Шүүгдэгчийн зүгээс 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоол дээр сэтгэцэд учирсан хор, хохирлын талаар бичсэн. Үүнийг дахин нурших шаардлага байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгаа ямар үндэслэлээ тодорхой хэдэн төгрөг нэхэмжилж байгаа вэ гэдгийг тогтоохгүйгээр яаж хэрхэн төлөх, төлөхөө илэрхийлэх вэ гэсэн асуудал үүсэж байна. Энэ асуудал мөнгөө, юугаар ч нөхөшгүй зүйл. Үүнийг би өөрөө мэдэрч байна. Мэдэрч байна гээд өмгөөлөгчийн үүргээ хэрэгжүүлэхгүй байж болохгүй. Энэ 4 хүүхдийн өмнөөс харамсаж байна. Улсын дээд шүүх зүйлчлэлийг ийм байх боломжтой байна гэж дүгнээд тогтоогоод ирсэн учир бид маргахгүй. Шүүгдэгчид ямар нөхцөл байдал ашигтай байна. Тэр болгоныг хайхыг хүссэн. Албан ёсоор уучлалт, эмгэнэл илэрхийлж байна. Шүүгдэгчийн хүлээн зөвшөөрч байгаа 73,945,063 төгрөгийн хэмжээнд төлнө. Өөр боломж байвал үүнээс ч илүү төлнө гэсэн саналтай байна ...”  гэх дүгнэлт,

     Иргэдийн төлөөлөгч Ж.Бямбажав нь “ ..гэм буруутай байна гэж үзэж байна.. ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

      Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтийг шүүгдэгч Ө.Т болон түүний өмгөөлөгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

      Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,  иргэний нэхэмжлэгч М.М, гэрч Б.Ч,  И.Ө, Ө.Б, Б.М,  Д.Т, Д.О,  Н.А.Я, П.О,  Д.С.Э,  Б.Ц.А, Б.Б.Н,  С.М Х.Б, Б.П, Х.Б, насанд хүрээгүй гэрч Г.Б, Б.Б, шинжээч эмч М.Б нарын өгсөн мэдүүлэг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,   цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, *** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт шинжилгээний 43 дугаартай дүгнэлт, *** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4592 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.П 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5184 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын  2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлт, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, Түргэн тусламжийн явуулын үйлчилгээг бүртгэх бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаартай дүгнэлт,  шүүгдэгч Ө.Тийн мөрдөн шалгах ажиллагааны  шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэг,  хэрэгт хураагдаж ирсэн автомашины урд талын суудлын бүрээс тус бүр нэг ширхэг, нийт 2 ширхэг бүрээс (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон) суудлын дэрний бүрээс 2 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооч талын суудлын дэр 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооны хүрдний дээд талын нарны хаалт 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), бариулгүй төмөр хутга 1 ширхэг, 225/60R17 хэмжээтэй, хоёр хэсэг газарт зах ирмэг тэгш бус цооролттой дугуй 1 ширхэг эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд *** аймгийн Ч.Ө сумын ** дүгээр багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Дын бага насны охин болох Г.Бгийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  биед нь олон тооны шарх үүсгэж, онц харгис хэрцгий аргаар зодож, амь насыг нь хохироосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ө.Т нь амь хохирогч Б.Дыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирч, нас барсан байх шинжээр тодорхойлогдох бөгөөд уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, хохирогчийг ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан буюу амь хохирогч Б.Дын төрсөн хүүхэд болох бага насны  Г.Бгийн дэргэд алсан байна.

Тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлтээр  амь хохирогчийн биед нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэнд сарвуунд цус хуралт гэмтлүүд учирсан,  дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн,  нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарч,  олон тооны шарх гэмтэл учирсан нь тогтоогдсон. Түүнчлэн, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч Б.М,  Д.Тг, Д.Оч,  Н.А.Я, П.О,  Д.С.Э,  Б.Ц.А, Б.Б.Н,  Х.Ба, Б.П,  насанд хүрээгүй гэрч Г.Б, шинжээч эмч М.Б нарын өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь   хохирогчийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлохдоо тус хуулийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж;

мөн хуулийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж;

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т ”гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ө.Т, амь хохирогч Б.Д нар нь 2021 оноос эхлэн хайр сэтгэл, эр эмийн харилцаатай болсон, хамтран амьдарч байсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45, 49-50 тал /, гэрч Б.М  өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71-73 тал /, насанд хүрээгүй гэрч Б.Б өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 151-152 тал /, болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд  шүүгдэгч Ө.Тийн  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие эрх чөлөөнд халдаж улмаар амь насыг нь хохироосон гэмт үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй  байна.

     Шүүгдэгч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд *** аймгийн Ч.Ө сумын ** дүгээр багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Дын бага насны охин болох Г.Бгийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь олон тооны шарх үүсгэж, онц харгис хэрцгий аргаар зодож, амь насыг нь хохироосон  шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоотой байна.

    Шүүх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг.

      Хүнийг алах гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

      Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд: “Хүн бүр амьд явах эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж тус тус заасан. Хүний амьд явах эрх эрхийн хэвлийгээс төрснөөр эхэлж, амьсгал хурааснаар дуусгавар болдог бөгөөд энэхүү эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалдаг.

Шүүгдэгч Ө.Т нь хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл бөгөөд гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч Ж.Бямбажавын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Энхжаргалын гэм буруугийн дүгнэлтдээ гаргасан: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйл дээр оргон зайлах гэсэн зүйл анги байна. Шүүхийн шатнаас оргон зайлсан үйл баримт байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн нөхцөл байдал байна. Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслээд шүүх холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасны дагуу 60 хүртэл хоногоор хойшлуулна гэсэн заалт байгаа. Миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлээр ял хүндрүүлэх үндэслэлтэй гэж харж байна.”  гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

     Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр  зүйлд  заасан “оргон зайлах” гэмт хэргийн субьект нь “Баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан” байна. Өөрөөр хэлбэл Баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 31.4, 31.5 дугаар зүйлд  заасан  үндэслэлийн дагуу шүүхийн  зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан  сэжигтэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу  шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон  яллагдагч, шүүгдэгч, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг шүүхээс  тогтоож, хорих ял  шийтгүүлсэн ялтанг тус тус ойлгох тул шүүгдэгч Ө.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оргон зайлах” гэмт хэргийн субьект  биш байна.  Оргон зайлах  үйлдлийг  зөвхөн чөлөөтэй  зорчих эрх нь хязгаарлагдсан  буюу баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч, хорих ял шийтгүүлсэн ялтны тухайд ойлгохоор заасан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Энхжаргалын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлээр ял хүндрүүлэх” тухай санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

     Шүүгдэгч Ө.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Дын амь нас хохирч, хүнд хохирол, хор уршиг учирчээ.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас,  эрүүл мэнд, бусад  эрх, эрх  чөлөө, эд  хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн  хүн, хуулийн  этгээдийг  хохирогч  гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ...тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд  мөрдөн  шалгах  ажиллагааны явцад  амь  хохирогч   Б.Дын  төрсөн ах Б.Бийг амь хохирогчийн  хууль  ёсны  төлөөлөгчөөр  тогтоосон  нь  хуульд нийцнэ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь оршуулгатай холбоотой  зардалд 73,945,063 төгрөгийг нэхэмжилсэн ба  шүүгдэгч Ө.Т нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 40,000,000 төгрөгийг төлсөн болох нь (3 дугаар хавтаст хэргийн 221, 222, 223 тал, 4 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал)-д  тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг  хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр, нотлох баримтын шаардлага хангасан эсэхээс үл хамаарч төлнө” гэх санал тайлбар өгч байх тул  шүүгдэгч Ө.Тээс үлдэгдэл хохирол 33,945,065 төгрөгийг  гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бэд олгож шийдвэрлэлээ.

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч Э.Энхжаргал, Б.Амаржаргал нар  нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан  болон сэтгэл санааны хохирлоо шүүгдэгч Ө.Тээс нэхэмжилж байх боловч үүнийг хангах үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.   

      Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

      Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт *** аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  М.М тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

     Иргэний нэхэмжлэгч М.М нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 4,978,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системд амь хохирогч Б.Дт 4,978,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (1 дүгээр хх-ийн 54-55-р хуудас)-гаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн  даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ө.Тээс 4,978,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн *** дугаартай дансанд олгох нь зүйтэй байна.

  Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар:

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т заасан  хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн   хуулийн  ерөнхий  ангийн   6.1 дүгээр  зүйлийн  1 дэх  хэсэгт   “Шүүх   гэмт  хэрэг  үйлдсэн хүнд энэ  хуулийн  ерөнхий  ангид  заасан  үндэслэл  журмын дагуу тусгай ангид заасан  төрөл,   хэмжээний   дотор  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэнэ”  гэж   заасны  дагуу шүүгдэгч Ө.Тийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Улсын яллагч Б.Үүрийнтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Тийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг хоёр дахь удаагаа үйлдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шат, анхан шатны шүүхийн шат, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гэм буруу дээрээ маргаж оролцсон. Үүнийг гэм буруу дээрээ маргасан гэж үзнэ. Шүүхийн танхимд гэм буруу дэрээ маргахгүй гэснийг гэм буруу дээрээ маргаагүй гэж үзэх үндэслэл байхгүй. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй, мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ө.Тийн баривчлагдсан болон цагдан хоригдсон хоногийг  ял эдлэх хоногт оруулан тооцуулах саналтай байна...” гэв,

   Амь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  Э.Энхжаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Ө.Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйлчлэлийн дагуу 11 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан. 3 жилийн хугацаа ч болоогүй байхад дахин гэмт хэрэг үйлдээд ороод ирсэн байна. Энэ хувийн байдлыг нь шүүхийн зүгээс харгалзаж үзээч.  Мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд ямар хууль хэрэглээтэй хүн бэ гэдэг нь харагдаж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшээгүй нөхцөл байдал байгаа. Бид хоёр мотоциклоос унаад гэмтэл авсан шүү гэж хэлээрэй гэж зааж өгсөн. Хүн асуувал тэгж хэлээрэй гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд би энэ гэмтлийг учруулаагүй гэж мэдүүлэг өгдөг. Прокурор, шүүхийн шатанд бид нарын зүгээс шалтгаалаагүй. Эмч нарын буруутай үйл ажиллагаа байна гэж маргадаг. Ингэж маргасны дагуу өөрөө болон өөрийнх нь өмгөөлөгч нар дээд шүүхэд гомдол гаргасан. Миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан зүйл анги байж болно шүү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оруулж ирж байгаа прокурорыг гайхаж байна гэж хэлж байсан. Улсын дээд шүүх хэргийг тал бүрээс нь нотлох баримтаар бүрэн дүгнэж хуулийг хэрэглэсэн. Тэгээд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр л гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж зогсоод байна. Энэ шүүх хуралдааныг зарлаж  товлох хүртэл хэдэн сар хаана байсан бэ. Оргон зайлсан. Үүнийгээ хохирогч нарт мөнгө өгөх гэж явсан гэж өөрийгөө өмөөрч байгаа. Тэгтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэчхээд ярьж байгаа зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зүйл ярьж байна. Өмгөөлөгч нь би нэр төрөөрөө андгайлъя гэж байна. Өмгөөлөгчийн тангаргийг Ө.Тээс болж андгайлдаг тангараг биш. Энэ хүн хийсэн хэрэгтээ гэмшээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Улсын яллагчийн зүгээс 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Миний зүгээс хамгийн дээд талын шийтгэлийг оногдуулж өгөөч гэж хүсэж байна. 20 жил энэ хүн ял эдэлж гараад дахиад гэмт хэрэг үйлдэхгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Нийгэмд энэ хүнийг гаргах боломж байхгүй. Хүн амины хэргээр дагнаж байгаа хүн байна. Шүүх 30,000,000 гаран төгрөг гаргаж шийдвэрлэж байна. Энэ мөнгө хүрэхгүй. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээнэ гэж байна. Иргэний журмаар нэхэмжлэх үгүйгээ ярина. Бүх насаар нь хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Хүний амь тоглоом биш. Онц, хэрцгий, харгис аргаар хүний амь насыг хохироож байна. Ээж нь хүүхдүүдийг нь дагуулаад уйлаад ороод ирдэг. Би Х.Д аймагт амьдарч байгаа хүний хувьд сэтгэл зүрхээрээ мэдэрч байна. 23 жил өмгөөлөгч хийхдээ ийм гэмт хэрэгт цөөхөн орж байсан. Ийм нөхцөл байдалтай байхад 20 жилийн ял өгөх юм бол үнэхээр харамсалтай. Бүх насаар нь хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Шорондоо хүмүүжээгүй, нийгэмдээ хүмүүжээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэснийг харгалзаж үзэхгүйгээр бүх насаар нь хорих ял оногдуулж өгөөч...” гэв,

            Амь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  Б.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Ж.Энхжаргал өмгөөлөгчтэй санал нэг байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд тухайн хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 5 настай хүүхдийн хажууд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нөхцөл, насанд туршид нь хор уршиг учирсан энэ бүгдийг тайлбарлаж байна. Мөн хуульд заасан дээд хэмжээгээр ял олгож өгөөч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэлж байсан. Энэ саналыг нь дэмжиж байна. Бүх насаар нь хорих ял оногдуулах саналтай байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хэрэгтээ хандаж байгаа хандлага, оролцож байгаа оролцоо, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нөхцөл байдлуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 20 жилийн хугацаанд ял эдлүүлэхэд энэ хүн хийснэ хэрэгтээ гэмших үү.  Учруулсан хор уршиг, үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл нийцсэн байх ёстой. Энэ нөхцөл байдлаас шүүхээс дүгнэлт хийж шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:  “...Улсын яллагч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын саналыг сонслоо. Гэм буруу дээр  маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар гэм буруутайд тооцсон. Үүнийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөөд орж байгаа. Үүнийг яагаад гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй гээд байгааг би сайн ойлгохгүй байна. Учруулсан хохиролтой холбоотой 73,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. 40,000,000 төгрөг сайн дураараа төлсөн байгаа. Дотоод хүн гэдэг талаас нь энэ хүний дотор юу болж байгааг бид мэдэхгүй.  Тухайн үед тийм нөхцөл байдал үүслээ гээд эмнэлэгт хүргээд ийм ийм процесс болсон. Улсын яллагч 20 жил, өмгөөлөгч нар бүх насаар хорих ял санал болгож байна. Энэ гэмт хэрэг 12-20 жилийн хугацаагаар хорих ялтай. Үүнийг шийдэх нь шүүх бүрэлдэхүүний бүрэн эрх хэмжээний асуудал. Тогтоосон хуулиар заасан хязгаар дотор ял оногдуулж өгөөч..” гэв.

   Шүүгдэгч Ө.Тийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар  эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Ө.Тид эрүүгийн   хариуцлага  хүлээлгэхэд  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5, 6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй  болохыг  дурдах  нь зүйтэй байна.

  Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

   Шүүгдэгч Ө.Тийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан, гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т зааснаар  19 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэх нь  түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 19 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

   Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Т  нь  571 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины урд талын суудлын бүрээс тус бүр нэг ширхэг, нийт 2 ширхэг бүрээс (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон) суудлын дэрний бүрээс 2 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооч талын суудлын дэр 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооны хүрдний дээд талын нарны хаалт 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), бариулгүй төмөр хутга 1 ширхэг, 225/60R17 хэмжээтэй, хоёр хэсэг газарт зах ирмэг тэгш бус цооролттой дугуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

   Эрүүгийн ********  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1.  Шүүгдэгч  Ө.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад  зааснаар шүүгдэгч   Ө.Т-г  19 (арван ес) жилийн хугацаагаар  хорих  ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ө.Т-д оногдуулсан 19 (арван ес) жилийн  хугацаагаар  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тийн цагдан хоригдсон 571 (таван зуун далан нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

    5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ө.Тээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 4,978,000 (дөрвөн сая есөн зуун далан найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн **0 дугаартай дансанд  олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн нэхэмжлэлээс 33,945,065 (гучин гурван сая есөн зуун дөчин таван мянга жаран тав)   төгрөгийг шүүгдэгч Ө.Тээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бэд олгож,  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөг Б.Б нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

     6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины урд талын суудлын бүрээс тус бүр нэг ширхэг, нийт 2 ширхэг бүрээс (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон) суудлын дэрний бүрээс 2 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооч талын суудлын дэр 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооны хүрдний дээд талын нарны хаалт 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), бариулгүй төмөр хутга 1 ширхэг, 225/60R17 хэмжээтэй, хоёр хэсэг газарт зах ирмэг тэгш бус цооролттой дугуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн  мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

    7.  Энэ  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

    8.   Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       А.ДӨЛГӨӨН

 

      

                                     ШҮҮГЧИД                             Т.ХҮРЭЛБААТАР

                                     

                        

                                                                                           М.ЭРДЭНЭ-ОЧИР