Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М-ын Б-д холбогдох эрүүгийн 2438003010203 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мо-гол Улсын иргэн, Б овгийн М-ын Б , 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ...............сумын ............ дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .................. дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .............багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө улсын дугааргүй хар өнгийн Арвайн хурд маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн 3.7-д заасан “жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж Тоёота приүс-20 маркийн ...........УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, улмаар  М.Б ын жолоодон явсан мотоцикльд суун зорчиж явсан хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж мөн Тоёота приүс-20 маркийн ...........УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 2,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .............багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө улсын дугааргүй хар өнгийн Арвайн хурд маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн 3.7-д заасан “жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж Тоёота приүс-20 маркийн ...........УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, улмаар  М.Б ын жолоодон явсан мотоцикльд суун зорчиж явсан хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж мөн Тоёота приүс-20 маркийн ...........УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 2,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 22-р хуудас), зам тэзврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-27 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад шүүгдэгч М.Б аас 1.05 промили илэрсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр хуудас/, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33, 36 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 53, 56 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Б-ын биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл/хх-н 104-р тал/, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 26/229 дугаартай албан тоот, түүний хавсралт /хх-ийн 57-58 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 23- ны өдрийн 1548 дугаартай үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 88-90 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 103 дугаар хуудас/, Шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 48/07 дугаартай дүгнэлт /хх-ийн 111-113 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрий шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 120-123 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 129 дугаар хуудас/, шинжээч С.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.Б  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 42 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан.

Шүүгдэгч М.Б-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 448 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б  “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/ өгсөн нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч М.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б-т төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Д.Б-д 2,116,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 23- ны өдрийн 1548 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Б “...миний хувьд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн нэхэмжлэх шаардлага байхгүй. Би буруутай этгээдээс 1,000,000 төгрөг авчих юм бол ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд 2,166,000 төгрөг гарсан байна лээ.

Би өөрөө машинаа засаж зарим зүйлийг хийсэн.Одоо 1,000,000 төгрөг л авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/ өгсөн нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б  нь 1,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Б-д төлөхөө илэрхийлсэн учир түүнээс 1,000,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Б д олгов.

Мөн хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон ба иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б-т тусламж үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,705,636 төгрөгний зардал гарсан гээд дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн, шүүгдэгч М.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 3,705,636 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч М.Б-аас 3,705,636 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-т заасанаар “тэнссэн хугацаанд шүүгдэгч нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх”, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үррэг хүлээлгэх болон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж дүгнэв.

Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн М-ын Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч М-ын Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаагаар тэнссүгэй.  

3. Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-т заасан “тэнссэн хугацаанд шүүгдэгч нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх”, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх болон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жил, 5 (тав) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч М.Б аас 1,000,000 (нэг сая) төгрөгийг  гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б-д , 3,705,636 (гурван сая долоон зуун таван мянга зургаан зуун гучин зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай. 

6.Эрүүгийн 2438003010203 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.  

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Г.ДАВААХҮҮ