| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/01217/И |
| Дугаар | 101/ШШ2022/01760 |
| Огноо | 2022-04-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2022/01760
2022 04 18 101/ШШ2022/01760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххх тоотод оршин суух, С-н Эын /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххххххх зочид буудал, 405, 406 тоот, Г ХХК-д /РД: хххххххххххххх/ холбогдох
5.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие С.Э нь Г ХХК-тай 2021 оны 05 сарын 02-ны өдрөөс 2021 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл түрээсийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн техник 37-19 УНЗ дугаартай шаланзаар сарын 13.000.000 төгрөгөөр тохиролцон ажилласан.
Ажиллах хугацаандаа даалгасан ажлыг бүрэн гүйцэд, доголдолгүй, асуудалгүй хийсэн. Үүнээс урьдчилгаа төлбөр 6.500.000 төгрөгийг 05 сарын 31-ний өдөр 000000000 тоот дансаар, 500 литр түлш 1.000.000 төгрөг /1 литр түлш 2.000 төгрөг/, нийт 7.500.000 төгрөг авсан.
Үлдэгдэл 5.500.000 төгрөгийг өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Утсаар ярьж, олон удаа очсон ч өгөөгүй, дараа өгнө, санхүүжилт ороогүй гэдэг шалтгаанаар өгөөгүй. Иймд Г ХХК-иас миний ажлын хөлсний үлдэгдэл 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Э нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Б.Доржпүрэвт олгосон итгэмжлэл, Хаан банк дахь 000000000 тоот дансны хуулга,
Г ХХК-тай 2021 оны 05 сарын 02-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх түрээсийн гэрээ, 500 литр түлш авсан баримт, жолоочийн тооцооны хуудас, Г ХХК болон С.Э нарын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар Г ХХК-ийн захирал Н.Ганхөлөгт нэхэмжлэлийн хувийг 2022 оны 02 сарын 21-ний өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч С.Э нь хариуцагч буюу түрээслэгч Г ХХК-тай 2021 оны 05 сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр С.Э нь foton, ххххххххххххххххххххххххх маркийн, хөдөлгүүрийн 444348, арлын хххххххххххххххххххххххххх дугаартай, 37-19 УНЗ улсын дугаартай улаан хүрэн өнгийн зүтгүүрийг сарын 13.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр,
Түрээслэгч Г ХХК нь механизмаар авто замын ажил гүйцэтгэн төлбөрийг бэлнээр болон түрээслүүлэгч С.Эын Хаан банк 000000000 тоот данс руу шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд гэрээг ажил гүйцэтгэх түрээсийн гэрээ гэж нэрийдсэн боловч дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2021 оны 05 сарын 02-ны өдрийн гэрээнд нэхэмжлэгч С.Э, хариуцагч Г ХХК нар нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 13-16 дугаар тал/
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Г ХХК-д 2021 оны 05 сарын 02-ны өдрөөс 2021 оны 06 сарын 02-ны өдрийн хооронд гэрээний дагуу хөлсөөр ажилласан талаараа тайлбарласан болно.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Түрээслэгч нь тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчийн Хаан банк 000000000 тоот данс руу шилжүүлнэ,
6.2-т Механизмын 1 сарын төлбөр 13.000.000 төгрөг байна гэж тус тус заасан бөгөөд Г ХХК нь 2021 оны 05 сарын 31-ний өдөр 6.500.000 төгрөг 37-19 УНЗ зүтгүүр машины 50 хувь, Г ХХК гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна.
/ХХ-ийн 8 дугаар тал/
Хаан банк дахь 504237872 тоот данс нь нэхэмжлэгч С.Эын эзэмшлийн данс болох нь түүний Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 5-11 дүгээр тал/
Нэхэмжлэгч С.Э нь Г ХХК-иас 2021 оны 06 сарын 25-ны өдөр 1 литр нь 2.000 төгрөгийн үнэтэй 500 литр дизель түлш авсан болох нь мөн өдрийн зарлагын баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 18 дугаар тал/
Гэрээний талууд 2021 оны 12 сарын 13-ны өдөр тооцоо нийлэн акт үйлдсэн ба уг актад трайлер 3719 УМЗ, ажилласан сар 05.02, гэрээний дүн /НӨАТ-тай/ 13.000.000 төгрөг, хоног 30, төлөлт 6.500.000 төгрөг, 1.000.000 төгрөгийн түлш, үлдэгдэл 5.500.000 төгрөг гэж тусган С.Э болон тухайн байгууллагын нягтлан бодогч Б.Байгалмаа гарын үсгээ зуран баталгаажуулжээ.
/ХХ-ийн 32 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 5.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эад олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Г ХХК-ийн захирал Н.Ганхөлөгт нэхэмжлэлийн хувийг 2022 оны 02 сарын 21-ний өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 24-31 дүгээр тал/
2022 оны 04 сарын 11-ний өдрийн 15 цагт товлосон бөгөөд уг өдрийн хуралдаанд хариуцагч Г ХХК-ийн захирал Н.Ганхөлөг ирээгүй тул хариуцагч талын мэтгэлцэх эрхийг ханган 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.
/ХХ-ийн 36-40 дүгээр тал/
2022 оны 04 сарын 18-ны өдрийн 16 цаг 30 минутанд товлосон хуралдааны товыг хариуцагч талд хуралдаан болохоос 6 хоногийн өмнө дурдсан хаягууд болон холбогдох утасны дугааруудад нь залган мэдэгдсэн бөгөөд хариуцагч Г ХХК-ийн захирал Н.Ганхөлөг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 41-45 дугаар тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржпүрэв нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тулд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдлаа.
/ХХ-ийн 46 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 5.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 102.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН