Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/203

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, 

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Л.Д ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-ийн Б-д  холбогдох эрүүгийн 2538000000153 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х  овогт З-ын  Б , 1993 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн .................... сумын .................. дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ......................... дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Б нь Хөвсгөл аймгийн .................... сумын ................... дугаар баг, .................. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Д г 2024 оны 01 дүгээр сарын 20-ны үед “архи уух уу” гэж толгой руу нь шилтэй архиар цохисон, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны үед “чек калибр” маркийн буугаар “буудна” гэж чиглүүлж, айлган, толгойн тус газарт нь 2-3 удаа цохиж, “чамайг ална” гэж хоолойд нь хутга тулгасан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 12 дугаар сарын сүүлээр шөнө гэртээ унтаж байхад нь “бос” хэмээн алгадсан, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны орой 19:00 цаг өнгөрч байхад толгой руу нь 4-5 удаа цохиж, 2-3 удаа алгадан, хоолойг нь боосон, гарч зугтаахад нь барьж авч, үснээс нь зулгааж, хоолойг нь боосны улмаас хохирогч Л.Д гийн эрүүл мэндэд биед баруун дээд, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000153  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

       Нэг.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар.

       Шүүгдэгч З.Б нь Хөвсгөл аймгийн .................... сумын ................... дугаар баг, .................. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Д г 2024 оны 01 дүгээр сарын 20-ны үед “архи уух уу” гэж толгой руу нь шилтэй архиар цохисон, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны үед “чек калибр” маркийн буугаар “буудна” гэж чиглүүлж, айлган, толгойн тус газарт нь 2-3 удаа цохиж, “чамайг ална” гэж хоолойд нь хутга тулгасан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 12 дугаар сарын сүүлээр шөнө гэртээ унтаж байхад нь “бос” хэмээн алгадсан, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны орой 19:00 цаг өнгөрч байхад толгой руу нь 4-5 удаа цохиж, 2-3 удаа алгадан, хоолойг нь боосон, гарч зугтаахад нь барьж авч, үснээс нь зулгааж, хоолойг нь боосны улмаас хохирогч Л.Д гийн эрүүл мэндэд биед баруун дээд, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоогдож байна. Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт:

        а.Шүүгдэгч З.Б-ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

б.Хохирогч Л.Д-ийн өгсөн: “...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, манай нөхөр буруугаа ойлгож, гэмшиж надаас уучлалт гуйсан ба  бид эвлэрч нэг дор хамт амьдарч байгаа тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

в. Эрүүгийн 2538000000153 дугаартай хэргээс:

  1. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Д гийн өгсөн “…З.Б гэдэг хүн архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг хүн байгаа юм. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны үед яг хэдэн гэдгийг санахгүй байна. Манай нөхөр согтуу гэртээ орж ирээд өөрийн эзэмшлийн “чек калибр” маркийн буугаар буудна гээд над руу чиглүүлээд бариад байсан. Тэгээд гэрээс гараад явахаар нь би бууг нь гэрээс гаргаад нуучихаад ажил дээрээ очоод байж байхад манай нөхөр Б  утсаар ярихаар нь ажил дээрээс хүүхдүүдээ ирээд авчихаач гэж хэлсэн, согтуу байхаар нь чи согтуу байгаа юм уу гэж асуусан, чи намайг архи уугаагүй байхад архи уусан гэж хэллээ гээд уурлаад байхаар нь ирээд намайг зодох байх гэж айгаад гэртээ ирэхээс нь өмнө гэртээ харьж хувцсаа авч өөр газар очъё гэж бодоод ажлын газрын О  гэдэг хүнийг гуйгаад гэртээ очоод би хувцсаа авах гээд гэртээ орсон. О  эгч хашааны гадаа машиндаа үлдсэн.Тэгсэн манай нөхөр Б  гаднаас согтуу орж ирээд намайг толгой тус газар 2-3 удаа цохиж, хутга гаргаж ирээд чамайг ална гээд хоолойд тулгаад байсан. ...2024 оны 12 дугаар сарын сүүлээр яг хэдэн гэдгийг санахгүй байна. Шөнө 02:00 цагийн үед гэртээ хүүхдүүдийн хамт унтаж байхад манай нөхөр согтуу орж ирээд намайг бос гээд нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гэрийн гадаа 2 цаг орчим зогсож байгаад унтахаар нь гэртээ орох гэсэн үүдээ түгжсэн байсан. Тэгэхээр нь надад илүү түлхүүр байснаараа онгойлгож гэртээ орж унтсан. Тухайн үед манай хадам аав нас барсан удаагүй байсан. Архи уух бүртээ чи миний аавын буяны ажилд мөнгө харамласан. Энийг чинь хэзээ ч мартахгүй гэх зэрэг маш их дарамталдаг. ...2025 оны 01 дүгээр сарын 20-ны үед манай ээж Оюунгэрэл манайд хонож байсан. Манай нөхөр шөнө 02:00 цагийн үед гаднаас согтуу нэг шил архи барьсан орж ирээд “чи энэ архинаас уух уу” гээд миний толгой руу шилтэй архиараа цохиод байсан. Тэгж байгаад гэрээсээ гараад явсан. ...2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Б  хөдөө явж ирлээ гээд над руу залгаад байсан. Би ажлын хүмүүс хамт айлд очно гэхээр нь би нөхрөөсөө гуйгаад хамт айлд очоод ирье гэсэн. Намайг хэл амаар доромжлоод тэр чигээрээ зайлаарай гээд байхаар нь орой нь гэртээ очсон. Машин нь байхгүй, хашааны хаалга онгорхой хаясан байхаар нь би гэртээ орох гэснээ айгаад гэртээ ороогүй. У  гэдэг эгчийн гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь буюу 04 дүгээр сарын 02-ны өглөө гэртээ ороход манай хадам ээж манай охинтой хамт байж байсан.Тэгээд Б ыг гараад явсан гэж байсан. Тэгээд би тухайн өдөр ажилдаа явж байгаад гэртээ орой 19:00 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгсэн манай нөхөр гаднаас орж ирээд” чи яадаг гэлээ” гээд миний толгой руу 4-5 удаа цохиж, 2-3 удаа алгадсан.

Хадам ээж дундуур ороод салгах гээд дийлэхгүй байсан. Миний хоолойг боогоод байсан. Тэгэхээр нь хаалгаар гарах гэсэн хаалгаар гаргахгүй байхаар нь цонхоор гараад зугтаасан. Араас хаалгаар гарч ирээд хашаан дотор намайг барьж аваад үснээс зулгаагаад хоолой боогоод байсан. ...Одоо би Н  гэдэг эгчийн гэрт байгаа. Ер нь бол манай нөхөр Б  архи уусан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг. Эрүүл байхдаа ч гэсэн огцом ууртай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р тал/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.О-ийн өгсөн “...Намайг хашааны гадаа байхад түүний нөхөр Б  гэртээ машинтай ирж байсан.

Машины цонхоор мэндлээд би ажил руугаа явсан. Хэсэг хугацааны дараа манай ажлын С  гэдэг хүн Д  утсаар яръя гэж байна гэхээр нь ярьсан.

Д  манай нөхөр намайг зодоод байна хүрээд ирээч гэхээр нь би ганцаараа гэрт нь очсон. Хашааны үүдэнд Ою гэдэг хүүхэд нь уйлсаар гарч ирээд ээжийг хоолойд нь хутга тулгасан байна гээд уйлаад байхаар нь айгаад ажил руугаа очиж ажлын газрын Д, У  эгч нарыг аваад Б ын гэрийн гадаа очиход Л.Д  урдаас хүүхдүүдээ аваад гараад ирсэн. Тэгэхээр нь У  эгчийн гэрт Д г хүргэж өгөөд би явсан. ...Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай ажлын газрын хүмүүс хүн эргэхээр айлд очиход Л.Д  хамт явсан ба айлд байж байхад Б  залгаад та 3 янхан юу хийж байна, хаана байна гээд залгахаар нь эгчийн дүү битгий ийм юм ярь гэж хэлээд утсаа салгасан.

...Маргааш нь буюу 04 дүгээр сарын 02-ны өдөр манай ажлын газрын хүмүүс Л.Д  нөхөртөө зодуулсан чөлөө авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.У ын өгсөн “...Би яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед манай байгууллагын 60 жилийн ой болох гээд ажил ихтэй байсан үед О  над руу залгаад Д-г нөхөр нь зодсон байна. Хамт очъё гэхээр нь би хамт очихоор явсан. Тухайн үед О гийн машинд Ою гэдэг хүүхэд аав, ээжийг зодоод байна гээд уйлаад байсан. Тэгээд хашааны үүдэнд очиход Д  уйлсан хоёр бага хүүхдээ аваад гэрээс гарч ирэхээр нь бид нар гэрт нь ороогүй. Хашааны үүднээс нь машинд суулгаад хонох газар байхгүй гэхээр нь гэртээ 3 хүүхдийнх нь хамт хонуулсан. Тухайн үед Л. Д  манай нөхөр намайг зодсон гээд уйлаад байсан. Яг яаж зодсон талаар тодорхой яриагүй. ...Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай ажлын газрын хүмүүс хүн эргэхээр айлд очсон.

Айлаасаа гараад Л.Д г хүргэж өгөхөөр О , С  бид 3 хамт Б ын үүдэнд очсон. Хашааны хаалга нь онгорхой байсан. Л.Д  гэртээ ормооргүй байна. Ээж 3 хүүхдүүд харж байгаа. Нөхрөөсөө айгаад байна гэхэд би гэртээ авч ирж хамт хоносон. ...Манай ажлын газрын хүмүүс Л.Д  эмч нөхөртөө зодуулсан чөлөө авсан гэж ярьж байсан. Хэд хоногийн дараа ажил дээрээ ирэхдээ нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Д гийн өгсөн “...Тэгээд хашааны үүдэнд очиход Д  уйлсан хоёр бага хүүхдээ дагуулаад гэрээс гарч ирэхээр нь бид нар гэрт нь ороогүй. Хашааны үүднээс нь машинд суулгаад хонох газар байхгүй гэхээр нь У  эгч гэртээ хонуулахаар 3 хүүхдийнх нь хамт авч явсан. Тухай үед Л.Д  манай нөхөр намайг зодсон, хоолойд хутга тулгаад ална гээд байсан гээд уйлаад байсан. 04 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээрээ ирэх үед Л. Д гийн зүүн талын нүд нь хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.О-ийн өгсөн “...Д  надад утсаар ярьж хэлэхдээ Б  архи уугаад намайг зодох гээд гэрээс хөөгөөд байна гэж ярьж байсан. Би 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр Б ын гэрт хонож байсан. Шөнө Б  согтуу нэг шил архи барьсан гэрт орж ирээд эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд эхнэрийгээ зайл гээд хөөсөн.

Эхнэр нь гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би ч бас явъя гэсэн. Ээж хэрэггүй байж бай гэхээр нь хүүхдүүд нь айчих юм болов уу гэж бодоод байж байтал нэг шил архи задлаад намайг уу гэхээр нь эхнэр рүүгээ уурлахаа больж тайвширах байх гэж бодоод архинаас нь 2 хундагыг ууж өгсөн. Ер нь эхнэрийгээ зодох гээд байсан. Намайг харж байхад нэг удаа алгадсан, өөр юу болсон талаар сайн хараагүй. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны орой Л.Д  над руу залгаад би Б од зодуулчихлаа. Би айлд ирсэн байна гэж байсан. Маргааш нь би өөрөө хөдөөнөөс орж ирээд Д г Н  гэдэг айлаас ирж авахад зүүн талын нүд нь хавдаад хөхөрсөн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Б.Ою-ын өгсөн “...Намар хичээл ороод удаагүй байсан. Би ээж, 2 дүүгийн хамт гэртээ байсан. Манай аав хүнтэй утсаар ярьж орж ирээд гэрийн гал тогооны хажууд ээжийн цээж рүү түлхэж унагасан гээд хоёр гараараа цээж рүүгээ заав. Тэгээд аав ээжийг гэрээс гарах гэсэн гаргахгүй байсан. Ээж бид нарыг гэрээс гараарай гэсэн. Аав хаалганы хажууд зогсоод гаргахгүй байсан. Аав ээжийн хоолойг нь боогоод байсан. Тэгээд ээж цонхоор гарах гэсэн ээжийг татаад унагасан. Аав ээжийг ална гээд байсан. Тэгэхээр нь хар хурдаараа үүдээр гараад зугтаасан. Ээжийн ажлын О  эгч байхаар нь аав ээжийг зодоод байна гэж хэлсэн. О  эгч намайг машиндаа суулгаад ажлынхаа нэлээн хэдэн хүнийг аваад буцаад манай үүдэнд ирсэн. Ээж хоёр дүүг дагуулаад гэрээс гараад ирсэн. Гарч ирээд манай ээж гэрээс хөөгөөд байна гээд уйлаад байсан. Тэгээд ээжийн ажлын газрын эгчийн гэрт очиж хоносон. ...Би хэдэн сар гэдгийг мэдэхгүй байна. Нэг удаа эмээ эмнэлэгт үзүүлэх гэж төв орж ирээд манайд хонож байхад манай аав бас л шөнө согтуу орж ирсэн. Тэгэхэд би утасныхаа цагийг харсан 02:20 болж байсан. Аав ээж рүү нас барсан өвөөг яриад уурлаад байсан. Ээж тэгж байхад нь утсан дээрээ бичлэгийг нь хийгээд авсан. Тэгээд байж байсан аав, ээжийг энэ талын хацар дээр алгадсан гээд зүүн хацраа гараараа заав. Аав ээжийг гэрээс минь зайл гээд байсан.

Ээж гэрээс гарсан. ...Дараа нь аав намайг дүүтэй минь өвөөгийн гэрт хүргэж өгөөд жаахан хонь харж өгч байгаад оройхондоо төв явсан.Ээжийг эмээ явж гэртээ авч ирсэн. Манай ээжийн нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч  Ц.Г-ийн өгсөн “...Г.Д  миний ээжийн дүүгийн хүүхэд, 2025 оны 4 дүгээр сарын 3-ны орой 20:00 цагийн үед надруу залгаад ажил дээрээс ирээд аваач гэхээр нь би очиж авсан. Гэртээ харьж хувцсаа аваад манай ээжийнд очно гэхээр нь би хүргэж өгсөн.Тухайн үед нөхөртөө зодуулсан гээд зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Б  намайг зодсон, хадам ээжийн үгэнд ороогүй гэж ярьсан. Өөр юм яриагүй. Намар 2024 оны 9 дүгээр сард Г.Д  нөхөртөө зодуулсан гэж манай гэрт 7 хоносон гэж манай эхнэр хэлж байсан, би тухайн үед байгаагүй ажилд явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

8.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/,

9.Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 178 дугаартай “... Л.Д гийн биед баруун дээд, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/,

      10.Хэсгийн төлөөлөгч А.Энхбаярын “...Хохирогчийн биед гэмтэл учирсан байдалтай. Хохирогч өөрийн төрөл Н  гэх айлд түр байгаа. ...Нууц далд аргаар удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг. Хохирогчийн амь насанд аюул учрах боломжтой. Галт зэвсэг, хутга барьж айлгадаг...” гэх аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 45-47-р тал/,

11.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нийгмийн ажилтан Н.Мягмармаагийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “...Гэр бүлийн гишүүд хорт зуршил хэрэглэдэг эсэх: Нөхөр архи уудаг, Ерөнхий дүгнэлт: Нөхөр Б-ыг архинаас гаргах үйлчилгээнд хамруулах хэрэгтэй. Эхнэр Л.Д  сэтгэл зүйн үйлчилгээ хэрэгтэй...” гэх гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 48-56-р тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судалснаар  нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч “…Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнэ би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон шүүгдэгч З-ийн Б-д  холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.  Шүүгдэгч З.Б , хохирогч Л.Д  нарын хувьд албан ёсны гэр бүлийн бүртгэлтэй, 7 жилийн гаруй хугацаанд хамтын амьдралтай, дундаасаа 3 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэрийнхээ бие мах бодид нь халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Иймд шүүгдэгч З.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Л.Д  нь баримтаар нэхэмжлэл гаргаагүй учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчтой эвлэрсэн, эмнэлэгт үзүүлсэн хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Шүүгдэгч өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй. Өнөөдрийг хүртэл жилийн 4 улирал хөдөө мал маллаж амьжиргаагаа залгуулах ажлыг хийж амьдардаг. Мөн шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.Д , гэрч  Г.О , гэрч Ч.У , гэрч Д.Д , гэрч Б.О , гэрч Ц.Г , насанд хүрээгүй гэрч Б.Ою нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 178 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б-ын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч З.Б нь Хөвсгөл аймгийн ............. сумын ....................... тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Д г 2024 оны 01 дүгээр сарын 20-ны үед “архи уух уу” гэж толгой руу нь шилтэй архиар цохисон, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны үед “чек калибр” маркийн буугаар “буудна” гэж чиглүүлж, айлган, толгойн тус газарт нь 2-3 удаа цохиж, “чамайг ална” гэж хоолойд нь хутга тулгасан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 12 дугаар сарын сүүлээр шөнө гэртээ унтаж байхад нь “бос” хэмээн алгадсан, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны орой 19:00 цаг өнгөрч байхад толгой руу нь 4-5 удаа цохиж, 2-3 удаа алгадан, хоолойг нь боосон, гарч зугтаахад нь барьж авч, үснээс нь зулгааж, хоолойг нь боосны улмаас хохирогч Л.Д гийн эрүүл мэндэд биед баруун дээд, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Д гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч З.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой болно.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг.

      Шүүгдэгч З.Б-ын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр  Л.Д гийн биед халдаж байгаа дээрх үйлдэлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд байнгын шинжтэй хүч хэрэглэн халдаж, түүний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэжээ.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

       Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд байх ба энэ нотлох баримтаар шүүгдэгч З.Б-ын үйлдэл идэвхитэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн буруутай байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

      Мөн шүүгдэгчийн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно…” гэсэн зохицуулалтад хамаарагдаж байна.

      Тодруулбал эрүүгийн эрх зүйд нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжих тохиолдол гардаг. Энэ тохиолдол буюу зүй тогтлыг нийлмэл гэмт хэрэг гэнэ. Нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх ёстой.

      Үүнээс дүгнэвэл шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан энэхүү үйлдлийг нийлмэл гэмт хэрэг гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч З.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж дүгнэв.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч З.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч З.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Д  “...надад гомдол, санал байхгүй, манай нөхөр бид хоёр эвлэрсэн, нэг нэгнээсээ уучлалт гуйгаад бие, биеэ уучилсан, хууль ямар чанга гэдгийг манай нөхөр мэдэрсэн байх, би ч бас ойлгосон, миний  буруу ч байгаа, ял шийтгэл өгөхгүй шийдэж өгөөч гэж би өөрийн биеэр ирсэн юм...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч З.Б ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Л.Д д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын программаас мэдээллийг шүүж үзэхэд Лхагвадоржийн Д  / 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тусламж, үйлчилгээний зардал гараагүй байна гэх албан бичиг (хх-ийн 90-р тал) хэрэгт авагдсанг дурдлаа.

Гурав.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч З.Б ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч З.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...шүүгдэгч З.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх ялын санал гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Гэр бүлийн ашиг сонирхол, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн. Энэ хэрэгт шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Н.Баттөмөр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ “...Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Н.Баттөмөр миний бие шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч прокуророос гардаж авсан яллах дүгнэлтийн хүрээнд 4 үйлдэл бүхий гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас энэ үйлдлүүд гарсан байх магадлалтай гэж харж байна. Хэргийн материалаас харахад хохирогч Л.Д  2025 оны  4 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа яваад ирээгүй, айлд 2,3 хүнтэй архи, пиво уусан байдал харагддаг. Бусад үйлдлийг харахаар уур, бухимдлын улмаас хэрүүл маргаан үүсдэг гэдэг нь гэрчийн мэдүүлгээс харагддаг. …Миний үйлчлүүлэгч бүрэн дунд боловсролтой, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчтой эвлэрсэн, эмнэлэгт үзүүлсэн хор уршгийг арилгасан, хохирлоо төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал харагдаж байна. Өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийн талаар маргаагүй. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх сэргээх, нийгэмшүүлэхэд оршино гэж хуулиар заасан байдаг. Гэм буруутай байдлаа гэмшээд өөртөө дүгнэлт хийгээд ухамсарлан ойлгож байгаа, гэм буруугийн тал дээр маргаагүй, хувийн байдал зэрэг нь харагдаж байгаа гэж үзэж байна. Мөн хүүхдүүд рүү чиглэсэн гэр бүлийн хүчирхийлэл гаргаагүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдаг, учруулсан хор уршиг, гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлүүдийг тал бүрээс нь харгалзаж үзээд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. …Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хохирлоо барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзаад хамгийн хөнгөн шийтгэлийг тус тусад нь оногдуулахаар шийдэж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч З.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

Мөн нийлмэл гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог. Иймээс эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч З.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Хавтаст хэргийн 69, 71,72,73-р талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэрэг хувийн байдал, нөгөө талаар хохирогч гомдол саналгүй, хөнгөн шийтгэл оногдуулах хүсэлтийг гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч  З.Б-д оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

      Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х  овогт З-ын  Б-ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”,гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч З-ын  Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч З.Б од оногдуулсан ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ДАВААХҮҮ