| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0182/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/204 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ийн Б-д холбогдох эрүүгийн 2538000000152 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Г-ийн Б , 1966 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн .............. сумын ................. дүгээр багт оршин суух, хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Урт нарийн” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэж ойн санд 3,881,751 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар.
1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ы өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
1.2.Эрүүгийн 2538000000152 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-19-р хуудас),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 20-23-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчин санал (хх-ийн 24-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 25-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 26-28-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-ийн 29-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 30-34-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),
Гэрч Б.Э-ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),
Гэрч Ю.Б-ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас),
Гэрч Г.Б-ийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 57-59-р хуудас),
Гэрч Б.Д-ийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 62-64-р хуудас),
Гэрч Ц.М-ийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 66-67-р хуудас),
Яллагдагч Г.Б ы өгсөн мэдүүлэг (хх-ийн 112-114-р хуудас),
Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №07 дугаартай дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт №4 (хх-ийн 73-75-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 84-р хуудас),
Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-925-12132 дугаартай дүгнэлт (хх-ийн 91-94-р хуудас),
Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-925-12166 дугаартай дүгнэлт, хөрөнгийн байдлын зургийн үзүүлэлт (хх-ийн 98-103-р хуудас),
"Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №1002212 дугаартай: “.........УБТ улсын дугаартай ...Портер маркийн автомашины зах зээлийн дундаж үнийг 2.000.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт (хх-ийн 130-131-р хуудас)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 117-р хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 118-р хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 119-р хуудас),
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 121-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000000152 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Хэргийн талаарх шүүхийн дүгнэлтийн талаар.
2.1.Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Урт нарийн” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5 метр куб хэмжээтэй нойтон шинэс мод унагаж, бэлтгэж ойн санд 3,881,751 төгрөгийн учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
а.Шүүгдэгч Г.Б ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол 1 дүгээр багийн нутаг "Урт нарийн" гэдэг газарт тус багийн иргэн Г-ийн Б гэдэг хүн шинэс төрлийн 3 ширхэг босоо мод унагааж, хууль бусаар мод бэлтгэсэн. Г.Б надад ярихаар нь тэр үед би хууль бусаар мод бэлтгэж цагдаад шалгагдаж байгаа гэж мэдсэн. ...Г.Б гэдэг хүний хувьд мод бэлтгэх эрхийн бичиг баримт авахаар мнгөө тушаасан боловч эрхийн бичгээ аваагүй байсан гэж ярьсан. ...Тухайн иргэний барьсан 6x6 хэмжээтэй байшингийн торхыг бол би харсан. Уг модыг бэлтгэхдээ эхлээд байгаль хамгаалагчтай уулзаад өргөдөл гаргаж эрхийн бичиг авч эрхийн бичигт заасан хугацаанд заасан газраас модоо зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх ёстой. Тухайн иргэний хувьд мод бэлтгэх эрхийн бичиг баримтаа авахаар байгаль хамгаалагч Ц.Мөнхтуяа гэдэг хүнтэй холбогдож мөнгөө тушаасан боловч эрхийн бичгээ аваагүй, мод бэлтгэхдээ хууль бусаар босоо мод унагааж бэлтгэсэн гэх үйлдлүүд нь бүгд хууль бус гэж үзэж болно. Эрхийн бичиг авахаар мөнгө тушаасныг мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж үзэхгүй тэгээд ч босоо мод унагаасан нь хууль бус. ...Иргэн Г.Б гэх хүний үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, хохирлыг нөхөн төлүүлэх саналтай...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),
б.Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хяналт-2025" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хариуцсан сумынхаа 1 дүгээр багийн нутагт эргүүл хяналт шалгалтыг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажиллах хугацаанд тус багийн иргэн Г.Б гэдэг хүний гэрийн гадаа 6x6 хэмжээтэй шинээр өрсөн байшингийн торх мод байхаар нь очиж шалгахад иргэн Г.Б нь тухайн үед надад хэлэхдээ одоо танд үзүүлэх мод бэлтгэх эрхийн баримт бичиг алга байна гэсэн. ...Иргэн Г.Б надад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг баримт үзүүлээгүй тул би энэ талаар тус цагдаагийн газрын хоногийн мэдээнд оруулсан байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),
в.Гэрч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.....Намайг байшингийн торх өрөхөөр Түнэл сумын Зуны гол 1 дүгээр багийн нутаг "Урт нарийн" гэдэг газарт гэрт нь очиход гэрийнхээ гадаа 20 гаруй ширхэг 6 метрийн урттай бөөрөнхий дүнз мод байсан. ...Миний өрсөн байшингийн торх модыг хэн хаанаас бэлтгэсэн эсэх талаар би мэдэхгүй. ...Г.Б гэдэг хүнд өрж өгсөн байшингийн торхны мод хуурай нойтон холимог 10 гаруй ширхэг мод нь хуурай, 7-8 ширхэг мод нь нойтон мод байсан тул босоо нойтон моднууд нь байх шиг байсан. Унанги болон хуурай модонд давирхай байдаггүй миний торх өрсөн модон дотор байсан 7-8 ширхэг моднууд нь бүгд давирхаатай байсан тул энэ мод нь босоо мод байна гэж би таньсан. ...Би анх уулзахдаа байшингийн торх өрөх мод чинь бичиг баримт нь бүрэн юм уу гэхэд мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/ авсан байгаа асуудалгүй гэж хэлж байсан ч би өөрөө нүдээрээ тухайн эрхийн бичгийг хараагүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 48-49-р хуудас),
г.Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байхаа тухайн үед Б ах манай гэрийн урд модноос байшингийн модыг Пад трактороороо чирээд гаргаад өгөөч гэж гуйхаар нь би өөрийн ногоон өнгийн Пад трактороор тус сумын 1 дүгээр багийн нутаг "Урт нарийн" гэх газраас модыг нь чирч гаргаж өгсөн нь үнэн. Тухайн үед намайг очиход цасан дотор дарагдсан 6 орчим метрээр тайрсан юм болов уу? гэмээр 20 ширхэг мод байхаар нь чирч модны захад гаргаж өгсөн. ... ах мод бэлтгэх эрхийн бичиг /гоожинтой/ мод байгаа гэхээр нь би бичиг баримт нь бүрэн мод байна гэж ойлгоод модыг нь трактороороо чирч өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 57-59-р хуудас), /хх-ийн 56-58-р тал/
д.Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр байхаа яг хэдний өдөр байсан эсэх талаар сайн санахгүй байна. Тухайн үед Б ах манайд ирээд модны хаяанд гаргасан модыг татаад өгөөч гэхээр нь би хөх өнгийн Супер портер маркийн тээврийн хэрэгслээр бага багаар нь 3 ширхэгээр ачиж 2 өдөр зөөж нийт 20 ширхэг модыг нь нь тээвэрлэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-64-р хуудас),
е.Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Иргэн Г.Б гэдэг хүн мод бэлтгэх эрхийн бичиг баримт бичүүлж авсан зүйл байхгүй. Харин 2025 оны 01 дүгээр сард хэрэглээний зориулалтаар цэвэрлэгээний ажлаар 10 метр куб мод бэлтгэнэ гэж эрхийн бичгийн мөнгө болох 310,000 төгрөг тушаагаад мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлж аваагүй. Иргэн Г.Б над руу утсаар холбогдоод би энэ жил 10 метр куб хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг баримт авна. Мөнгөтэй байгаа дээрээ мөнгөө тушааж байя гэж хэлээд миний данс руу 310,000 төгрөг шилжүүлсэн тул би дор нь ойн нөөц ашигласны төлбөрийн даалгавар болгох нэхэмжлэл үүсгэж шилжүүлсэн. ...Тухайн иргэн мод бэлтгэх эрхийн бичиг авах төлбөр төлж нэхэмжлэл үүссэн нь мод бэлтгэх эрхийн бичиг авах нөхцөл бүрдэж байгаа болохоос биш ойгоос модоо бэлтгэж болох эрх зүйн ойлголт бол байхгүй. ...Иргэн Г.Б гэдэг хүний хувьд мод бэлтгэх эрхийн бичиг баримтгүй, мод бэлтгэж босоо мод унагаасан асуудал нь хууль зөрчсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-67-р хуудас),
ё.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас),
ж.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-19-р хуудас),
з.Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 20-23-р хуудас),
и.Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчин санал (хх-ийн 24-р хуудас),
й.Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 25-р хуудас),
к.Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 26-28-р хуудас),
л.Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-ийн 29-р хуудас),
м.Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 30-34-р хуудас),
н.Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” ойн ангийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №07 дугаартай “иргэн Г.Б ы бэлтгэсэн гэх мод нь шинэ нойтон хэрэглээний шинэс мод байв. 2. Иргэн Г.Б-ы бэлтгэсэн модонд хэмжилт хийхэд гол зүссэн 40 ширхэг, 6 метрийн урттай, 5 метр куб, хэрэглээний мод байсан. Бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 3,881,751 төгрөгийн хохирол учруулсныг хүснэгтээр харуулав” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт №4 (хх-ийн 73-75-р хуудас),
о.Хөвсгөл аймгийн байгаль орчны газрын шинжээчийн дүгнэлт №02 “...тухайн модны ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 11.645.253 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 84-р хуудас),
ө."Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-925- 12132 дугаартай “...Yamaha маркийн made in Japan бичиглэлтэй бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөний зах зээлийн дундаж үнэ 150.000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 91-94-р хуудас),
п.“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-925-12166 дугаартай “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Пад-250 мотортой тракторын зах зээлийн дундаж үнэ 1,500,000 төгрөг...” гэх дүгнэлт, хөрөнгийн байдлын зургийн үзүүлэлт (хх-ийн 98-103-р хуудас),
р."Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №1002212 дугаартай: “...5293УБТ улсын дугаартай ...Портер маркийн автомашины зах зээлийн дундаж үнийг 2.000.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт (хх-ийн 130-131-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-ы гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
2.2.Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Б нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Б ы үйлдэлтэй шалтгаант холбоотой.
Тодруулбал шүүгдэгч Г.Б нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Урт нарийн” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5 метр куб хэмжээтэй нойтон шинэс мод унагаж, бэлтгэж ойн санд 3,881,751 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхитэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх шинжгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэв.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Г.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсонг тэмдэглэв.
Мөн гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулах байтал шүүгдэгч Г.Б аас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр (хх-ийн 52-54-р хуудас) өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.Б ы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 3,881,751 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 11,645,253 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн 11,645,253 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б аас 11,645,253 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч “...Шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн Пад-250 мотортой трактор, портер маркийн 52-93УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгох, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 4 метрийн дундаж урттай, хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 41 ширхэг, 10,2 метр куб хэмжээтэй хуурай дүнз модыг улсын орлого болгох саналтай. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Мөн хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Б-ы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна., 2 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно., 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах ...” гэж тус тус хуульчилсан.
Иймээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Б ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн Пад-250 мотортой трактор болон портер маркийн 52-93УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө байх тул битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Г.Б аас Пад-250 мотортой тракторын үнэ 1,500,000 төгрөг, портер маркийн 52-93УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн үнэ 2,000,000 төгрөгийг гаргуулах, хэрэгт битүүмжлэгдсэн 41 ширхэг 10,2 метр куб хэмжээтэй хуурай дүнз мод болоод Г.Б ы Пад-250 мотортой трактор болон портер маркийн 52-93УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэд гаргуулсан 3,500,000 төгрөгийг тус тус түүний ойн санд учруулсан 11,645,253 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий, хөх өнгийн, хар бариултай Yamaha маркийн made in japan гэсэн бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө хөрөөг улсын орлого оруулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдав.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г-ийн Б ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-аас байгаль экологид учруулсан хохирол 11,645,253 (арван нэгэн сая зургаан зуун дөчин таван мянга хоёр зуун тавин гурав) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Пад-250 мотортой тракторын үнэ 1,500,000 төгрөг, портер маркийн 52-93УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Г.Б аас гаргуулж, хэрэгт битүүмжлэгдсэн хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 41 ширхэг, 10,2 метр куб хэмжээтэй хуурай дүнз модыг хурааж, нийт үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэсэн, хөх өнгийн, хар бариултай, “Yamaha” маркийн made in japan гэсэн бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг улсын орлогод оруулсугай.
8.Хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ