Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/01070

 

 

 

 

 

 

 

 2017         11           23                                                      138/ШШ2017/01070

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн говь гэх газарт оршин суух, ЖЖ64011402 регистрийн дугаартай, Хатгин овогт Амаржаргалын Чулууны хүсэлттэй

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын          10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Чулуун, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч А.Чулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1981 оноос Матад сумын “Энхтайван” нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1992 оныг дуустал Матад сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан юм. Миний бие тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажилд орсон тушаал болон 1980-1984 онуудын тушаал архиваас олдохгүй байна. Харин миний цалингийн түүвэр, ажиллаж байсан хугацаанд гаргаж байсан “Энхтайван” нэгдлийн даргын зарим тушаалууд архиваас гарч ирсэн. Надад хөдөлмөрийн дэвтэр байсан боловч тухайн үед багийн дарга бөглөнө гэж авч яваад буцааж өгөөгүй юм. Иймд намайг 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хатгин овогт Амаржаргалын Чулуун нь 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

            Нэхэмжлэгч А.Чулуун нь Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 11 сарын 05-ны өдрийн 81 дүгээр тогтоол, хавсралт, 1986 оны 11 сарын 04-ний өдрийн 63 дугаар тогтоол, Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 19-ний өдрийн 111 дүгээр тушаал, 1988 оны 11 сарын 20-ны өдрийн 146 дугаар тушаал, 1989 оны 9 сарын 20-ны өдрийн 105 дугаар тушаал, “Энхтайван” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 10 сарын 30-ны өдрийн 106 дугаар тушаал, 1991 оны 11 сарын 15-ны өдрийн 60 дугаар тушаал, 1992 оны 6 сарын 10-ны өдрийн 21 дүгээр тушаал, Матад сумын “Энхтайван” хувьцаат компанийн бүх гишүүдийн 3-р хурлын 1993 оны 8 сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоол, нэхэмжлэгчийн цалингийн түүврийг нотолсон Дорнод аймгийн Матад сумын архивын лавлагаа, гэрч Т.Цогсүрэн, Х.Эрдэнэчулуун нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байна.

            Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хатгин овогт Амаржаргалын Чулууныг 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

 2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Чулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ