Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/208

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                   

Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн,

Шүүгдэгч Ж.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө-ын Ж-д холбогдох эрүүгийн 2438001850532 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г  овогт Ө-ийн Ж , 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ................ сумын ..................... ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн .................. сумын .................... багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн ......................  дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ж.Ө  нь Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг буюу “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, мөн хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг буюу “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэснийг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан өөрийн болон еертэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” гэснийг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39 1.2 дахь хэсэг буюу “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэснийг, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг буюу “Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэснийг  Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ын 1 дүгээр зорилтын 21 дэх хэсэг буюу “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” гэснийг  тус тус зөрчиж, Хөвсгөл аймгийн …………………. сумын ерөнхий боловсролын  сургуулийн захирлаар буюу Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-д заасан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргаж, нас барсан тус сургуулийн технологийн багш, өөрийн садны хүн болох М.Ш-т нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулахаар тухайн өдөр хариуцлагатай эргүүлээр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан мэтээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалыг гаргаж, хавсралтад М.Ш-ын нэрийг оруулах үүргийг өгөх зэргээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа буюу албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, холбогдох баримтыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүргүүлж нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгуулах нөхцөл байдлыг үүсгэж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ө ын өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Д , Ц.Б ,  Ц.С , П., П.Ш , Б.О , Д.М, Б.С нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/66 дугаартай тушаалын хуулбар, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл болон хуулбарлан авсан баримтууд, бүртгэлийн 1024 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлан авсан нотлох баримтууд, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ослыг хянан баталгаажуулсан баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлан авсан нотлох баримтууд зэрэг болно. 

Хоёр. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

2.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Ө  нь Хөвсгөл аймгийн Ханх сумын ерөнхий боловсролын  сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргаж, нас барсан тус сургуулийн технологийн багш, өөрийн садны хүн болох М.Ш-т нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулахаар тухайн өдөр хариуцлагатай эргүүлээр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан мэтээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалыг гаргаж, хавсралтад М.Ш-ын нэрийг оруулах үүргийг өгөх зэргээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа буюу албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, холбогдох баримтыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүргүүлж нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгуулах нөхцөл байдлыг үүсгэж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

2.2.Нотлох баримтуудын талаар

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал нотлогдлоо.Үүнд;

1.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үед шүүгдэгч Ж.Ө-ын өгсөн “…миний бие мэдүүлгээ бичгээр гаргаж өгөх хүсэлттэй байна. …Би 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аймгаас сум руу явсан. Эндээс гараад Мөрөнгийн хойно явж байтал сургуулиас залгаж н.Ш  багшийг нас барсан талаар хэлсэн. Эндээс Ханх сум руу 12-13 цаг явдаг. Өглөө очоод юу болсон талаар асуухад багш хариуцлагатай жижүүр хийж яваад нас барсан гэнээ гэсэн сураг сонсогдсон. Тэгэхээр нь би үйлдвэрлэлийн осол юм байна гэж ойлгоод 2023 оны 12 дугаар сард орон тооны бус комисс байгуулж энэ хэрэг дээр ажиллаж өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Д-ийн өгсөн “...Манай сургуулийн технологийн багш М.Ш  нь Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд ажиллаж байгаад манай сургуульд шилжин ирсэн байсан М.Ш  багшийг нас барах үед би Улаанбаатар хотод явж байсан. Авьяас заах аргын нэгдлийн фейсбүүк групп дээр М.Ш  багш нас барсан талаар яриа гарсан. Би хэрхэн яаж нас барсан талаар нь сонссон. Ингээд би сумандаа очоод талийгаач багшийг хэрхэн яаж нас барсан талаар манай сургуулийн Б.О  /................./, газар зүйн багш Д.М   /................./, ХАБ-ын ажилтан Ц.С  /................./, Б.С /................./ нар М.Ш  багшийг нас бардаг өдрөө албан үүрэг гүйцэтгээгүй талаар би энэ талаар сонссон. Гэтэл сургуулийн захирал Ж.Ө  нь талийгаач М.Ш тай үеэлүүд /сургуулийн захирлын аав  Ө нь талийгаачийн ээж Өл нар нэг гэрт өссөн/ юм. Ингээд сургуулийн захирал тухайн нас бардаг өдрөөр нь талийгаач багшийн хариуцлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан мэтээр жижүүрийн хуваарийг өөрчилж, сургууль дээрээ орон тооны бус комисс байгуулаад комиссоо хуралдуулж албан үүрэг гүйцэтгэж байсан мэтээр баримт бүрдуулж аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст тэтгэмжийг ар, гэрт нь олгуулахаар хүргүүлсэн байсан. Энэ талаар хэрхэн яаж мэдсэн юм бэ гэхээр талийгаачийн нас барахаас өмнөх хариуцлагатай эргүүлийн хуваарийг харахад тухайн хуваарь дээр талийгаач багшийн нэр дурдагдаагүй байсан. Тухайн хуваарийг Ч.Э-д гэх хүн хийж түүнийг сургуулийн захирал баталсан юм. Энэ хуваарь нь Авьяас заах аргын нэгдлийн фейсбүүк групп дээр байсан. Үүнийг бид бүгдээрээ харсан. Мөн Эр багшаар заах аргын нэгдлийн хуваарийг талийгаач багшийн нас барсан өдрөөр тааруулж хийлгэсэн байсныг мэдсэн. Эх хувиараа манай сургууль дээр одоо байхгүй. Манай сургуулийн хувьд 4 газарт галлагаа хийж халаадаг бөгөөд тухайн үед өвлийн улирал байсан болохоор эх баримтуудыг устгасан гэдэг яриа өгүүлэл гарч байсан. Талийгаачийг нас бардаг өдөг буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай ажлын цалин буусан өдөр байгаа юм. Мөн энэ өдрийн маргааш нь буюу талийгаач болон түүний заах аргын нэгдлийг багш нар шинэ жил тэмдэглэхээр бэлдэж байсан. Яг тухайн өдөр баяр ёслолын өдөр байгаагүй...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б ийн өгсөн “...Б.У нь одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд түүний 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол хурц хордпогыг судлан бүртгэсэн акт” болон бусад холбогдох материалтай танилцлаа. Уг баримт бичигтэй танилцахад Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн 29.4.1 /ослын акт. хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах/ гэж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаар “Дүрэм шинэчилэн батлах” тогтоолын 5 дахь хэсэгт 5.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ: 5.1.1. Осолдогч тус бүрээр гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт, 5.1.2. Осолдогчоос авсан тайлбар ярилцлагын тэмдэглэл, осолдогч нас барсан тохиолдолд гэрчийн тодорхойлолт, түүний ярилцлагын тэмдэглэл, 5.1.3. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлго гарсан ажлын байр, тоног төхөөрөмж техник, багаж хэрэгслийн гэрэл зураг болон бүдүүвч зураг, схем дүрс бичлэг, 5.1.4. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлоготой холбоотой асуудлаар холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, ярилилагын тэмдэглэл, 5.1.5. Осолдогчийн ажилд орсон тухай шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байсан бүртгэл, сургалтад хамрагдсаныг гэрчлэх болон бусад шаардлагатай баримтын хуулбар, 5.1.6. Осолдогчид олгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн баримтын хуулбар, 5.1.7. Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, тушаал хууль тогтоомжийн холбогдох хэсгийн хуулбар,  5.1.8 Тухайн ажлын байранд хийсэн эрсдэлийн үнэлгээний хуулбар, 5.1.9.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар яаралтай мэдэгдэх хуудас, 5.2. Энэ дүрммйн 3.16-д заасан тохиолдлыг судлан бүртгэхэд дараах бичиг баримтыг актад хавсаргана, 5.2.1 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас учирсан гэмтлийн зэрэг болон мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт, лабораторын шинжилгээ, туршилтын дүн туршилтын дүн, 5.2.2. Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагчийн дүгнэлт (дүгнэлт гарсан тохиолдолд), 5.2.3 холбогдох хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн, шинжээч болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт,  (дүгнэлт гарсан тохиолдолд), 5.2.4. Осолдогч нас барсан тохиолдолд цогцост задлан шинжилгээ хийсэн тухай шүүх эмнэлгийн дүгнэгт 5.2.5 хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу баримт бичгийн бүрдэл хангасан, хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй байсан тул улсын байцаагч актыг баталгаажуулсан байна. Үүний дагуу тус актыг 4 хувь үйлдэгдэж манай байгууллага, ажил олгогч, нийгмийн даатгал тухайн иргэнд эсхүл нас барсан бол ар гэрийнхэнд хувийг олгогддог. Нийгмийн даатгалаас тухайн байгууллагад зөвшөөрснөөр тэтгэмж олгогддог. Баримт, бичгийн бүрдэл дутуу бол нэмж шаардана, хуурамч гэдгийг улсын байцаагч шууд тогтоох боломжгүй бөгөөд материалыг харахад үйлдвэрлэлийн осол гэж үзсэн шалтгаан нь Ханх сумын ЕБС-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Хариуцлагатай жижүүр томилох тухай" тушаал болон тушаалын хавсралт хуваариар нас барагч нь ажил үүргээ гүйцэтгаж байсан байна, хэрвээ гүйцэтгээгүй байсан, нөхөж хийсэн бол, энэ байдлыг та бүхэн шалгаж тогтоосон бол үйлдвэрлэлийн осол биш гэж үзэх үндэслэлтэй...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 68- 69 дүгээр хуудас),

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.С ийн өгсөн “...Ж.Ө ын аав нь С-ын  Ө гэх хүн байсан юм. М.Ш-ын ээж нь С-ын  Өл гэх хүн байсан. Тиймээс үеэлүүд гэж хэлээд байгаа юм. М.Ш  бид 2 арван жилийн нэг анги байсан учраас нэг нутгийн хүмүүс учраас мэднэ. 2023 оны 12 дугаар сарын сүүлээр М.Ш ыг нас барсны дараагаар комисс байгуулагдаж М.Ш нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан баримт бүрдвэл тэтгэмж олгогдох юм байна гэсэн яриа гарч нэг өдөр Х.Эр багш надад хэлэхдээ “Хөвсгөл аймгийн Ханх сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалд М.Ш-ын нэр ороогүй байсан юм. Захирал намайг оруул гээд байхаар би хуваарьт М.Ш-ын нэрийг оруулаад дахиад батлуулчихлаа” гэж хэлсэн. Ингээд энэ талаар багш нарын дунд яриа гарч байсан.

Намайг аймгаас ирэхэд М.Ш  нас барсан байсан, намайг ирэхэд нярав надад баримт бичгүүд өгсөн, хальт харахад хариуцлагатай жижүүр ахиллуулах тушаал, хөдөлмөр хамгааллын журам, төлөвлөгөө, аюулгүй акиллагааны зааварчилгаа өгсөн талаарх гарын үсэг бүхий тэмдэглэл зэрэг баримт бичгүүд байсан. Би захирал дээр аваад ороход Ж.Ө  захирал “чи наадахаа бүрдүүлэхгүй, Бор ах буюу П.  багш наад материалыг чинь бүрдүүлнэ” гэж хэлээд аваад үлдсэн, үүний ослын үед хийсэн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гээд П.  багш авчрахаар нь би гарын үсэг зураагүй, ингээд бүүр дараа нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр санагдаж байна, П.  багш “Үйлдвэрлэлийн осол, хурц хордпогыг судлан бүртгэсэн акт”-д намайг гарын үсгээ зур гээд авчирсан, үлдэж буй хэдэн хүүхдэд нь хэрэгтэй ш дээ багшаа гэхээр нь би зурсан. Үүнээс өмнө Х.Эр багш надад хуваарийг өөрчилж батлуулсан талаар хэлж байсан учраас би мэдэж байсан. П.  багшаас асууж байсан.

Тэгэхэд хэдэн хүүхдэд нь л тэтгэмж олгуулах гээд гэж хэлсэн, комиссын гишүүнд Х.Эр багш буюу хуваарь өөрчилсөн багш нь байсан, надад захирал хэлсний дагуу хуваарийг өөрчилж батлуулсан, уг нь М.Ш  багш хуваарьт байгаагүй юм гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 192-194 дүгээр хуудас),

5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П-гийн өгсөн “...Намайг үйлдвэрлэлийн осолтой холбоотой бичиг баримтуудыг авахад Хөвсгөл аймгийн Ханх сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалын дагуу ажиллах багш нарын хуваарь байсан. Тэр хуваарийг Х.Эр багш гүйцэтгэсэн байсан бөгөөд тэр дунд нь М.Ш  багшйн нэр байсан. Ингээд бид үйлдвэрлэлийн ослыг яаж бүртгэдэг талаар хуулийн мэдлэггүй учраас Ж.Ө  захирал Хөвсгөл аймгийн төвөөс нийгмийн даатгалын байцаагчаас асууж байгаад үйлдвэрлэлийн ослын актыг үйлдсэн...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 172- 173 дугаар хуудас),

6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Ш-ийн өгсөн “...Хөвсгөл аймгийн Ханс сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалын дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллаж байсан. Хуваарьт нэр нь байсан юм байна гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваад осолдсон бол үйлдвэрлэлийн осол болдог юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас),

7.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.О гийн өгсөн  “...М.Ш-ыг хаана ямар чиг үүрэгтэй үүрэг гүйцэтгэх байсан талаар би мэдэхгүй буюу тухайн хуваарьт нэр нь байгаагүй гэдэг дам яриа сонссон. Энэ талаар манай сургуулийн багш нар ярьж байсан. Багш нарын ярианаас сонсоход талийгаачийн хариуцлагатай жижүүрээр ажиллаагүй гэж үзэхээр байна...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 181-182 дугаар хуудас),

8.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.М -ын өгсөн “...Хөвсгөл аймгийн Ханх сумын ЕБС-ийн сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушалын хавсралтаар батлагдсан нэр бүхий багш нарын нэрсийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан, баталсан шиг санагдаж байна. Энэ талаар заах аргын нэгдлийн ахлагч багш Эр нарийн мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 186-188 дугаар хуудас),

9.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.С-ийн өгсөн  “...2023 оны 12 дугаар сард манай Ханх сумын ЕБС-аас ямар нэгэн байдлаар хариуцлагатай жижүүрт үүрэг гүйцэтгэсэн хүн байхгүй.Би өөрөө нэг ч удаа хариуцлагатай жижүүрээр ажиллаагүй. Дээрх хуваарь гарсан талаар ч мэдээгүй. Талийгаачийг нас барсны дараагаар нөхөж үйлдсэн хуваарь байгаа юм. Тухайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр талийгаач М.Ш  нь хариуцлагатай жижүүрийн хуваарьгүй байсан. Ганц М.Ш  ч биш бусад багш нар хариуцлагатай жижүүрээр ажиллах хуваарьгүй буюу ямар нэг тушаал гараагүй байсан. Дээрх А/51 дугаар тушаалыг М.Ш ыг нас барсны дараа нөхөн гаргаж, М.Ш-ын ар гэрийнхэнд тэтгэмж олгуулахаар Ж , Эр багш нар ярилцаж байсан гэж сургууль дээр яриа гарсан. Ш  бол албан үүргээ гүйцэтгэж яваад биш өөр хувийн ажилтай явж байгаад осолд ороод нас барсан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 192-194 дүгээр хуудас),

10.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Эрийн өгсөн “...Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн багш М.Ш  нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний едөр зам тээврийн ослын улмаас нас барсан талаар 2023 оны 12 дугаар сарын  21-ий орой 20 цаг өнгөрч байсан байх дотуур байрын багш Н.Энхтуяа над руу залгаад Ш  багш машинтайгаа явж байгаад аваар хийгээд нас барчихсан байна гэнэ гэж уйлсан. Би юу яриад байгаа юм үнэн ярьж байгаа юм уу гэсэн. Үнэн үнэн Жа  ах тэгж байна гээд салгасан. Дараа нь би байрын багш Б-тэй  ярнад Жа-гаас асуу даа Ш  багш нас барсан гээд байна гэсэн за гээд утсаа салгасан. Буцаагаад тийм байна яанаа эмнэлэг явж байна гэнэ, эмнэлэг дээр цуглая гээд салгаад эмнэлэг дээр уулзацгааж гэрт нь очицгоосон.

Хөвсгөл аймгийн Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Ө ын 2024 оны 12 дугаар сарын 20-ны А/51 дугаар Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал гаргаж хавсралтаар хуваарь гаргасан, тушаалын хавсралтад тус сургуулийн багш М.Ш-ын нэр нь дурьдагдсан болон дурьдагдаагүй 2 хуваарь байгаа талаар заах аргын  нэгдлийн ахлагч нар эргүүлийн хуваарийг гаргаж батлуулдаг. Тухайн үед хуваарь гаргаж батлуулах байтал захирал аймгаас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдер ирсэн. Тэгтэл багийн менежер Ч.Э-д нягтлан бид нар талийгаачийг ажил үүргээ гүйцэтгэж явсан гэвэл тэтгэмжийн хэдэн төгрөг олдох юм шиг байна гэж ярилцсан. Та хуваариа талийгаачийг оруулаад цагийг нь тааруулаад гаргаарай гэж Ч.Э-д хэлсэн, түүнд захирал тэгж хэлсэн талаар надад хэлсэн. Би ар гэрт нь үлдэж байгаа хань 4 хүүхдэд  мөнгө нь хэрэгтэй биз гээд хуваарийн дэс дугаарын 7 дугаар хэсэгт М.Ш  багшийн нэрийг оруулж 20-23 цагийн хооронд ажиллах хугацаатай хичээлийн 1, 2 дугаар байр, дотуур байрыг хариуцлахаар хийж захирлаар батлуулсан.Тус хуваарьд багш М.Ш-ын нэрийг ямар шалтгаанаар оруулсан юм бэ гэхээр ажил үүргээ гүйцэтгэж байгаад осол болсон бол тэтгэмж олгодог тул хариуцлагатай жижүүрийн хуваарьт ажилтай оруулж олгуулахаар захирал шийдсэн гэж Э хэлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Ө , М.Ш-ын ээжийг ажаа гээд байдаг. Сургуулийн  нягтлан бодогч байсан О, Э нар мэдэж байгаа бид нар ярилцаад тэгж шийдсэн гэж байсан.

...Бид нар ярилцсан гэхдээ хуваарийг өөрчилье гэж шийдээгүй, Ж.Ө  захирал Э-р дамжуулж надад хэлсэн, би хуваарийг өөрчлөөд батлуулах гээд ороход танилцаад “аан ингээд өөрчилсөн үү “гээд гарын үсэг зурсан.

Тэгэхээр Ч.Э-д надад худлаа хэлээгүй. Угаасаа хуваарь гараагүй байсан юм. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр М.Ш  нас барсан, ингээд Ч.Э-д багш ажлаа хийж байгаад нас барсан гэж үзвэл тэтгэмж олгогддог гэж захирал хэллээ, тиймээс хуваарь гаргаад оройн цагаар М.Ш ыг үүрэг гүйцэтгэж байснаар оруулаарай гэсний дагуу би хуваарь гаргасан. 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрчилж гаргасан, би өөрийн компьютер дээр байсан өмнөх файлаа засаад өөрчилж гаргасан, одоо бол компьютер дээр байхгүй байхаа...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 65-66, 197 дугаар хуудас),

11.Шүүгчдэгч Ж.Ө-ын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын хуулбар ( 2 дахь хавтаст хэргийн  99-107 дугаар хуулас),

12.Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/66 дугаартай ”Ө-ийн Ж ыг ажилд эгүүлэн томилох тухай” тушаалын хуулбар ( 2 дугаар хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

13.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

14.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл болон хуулбарлан авсан баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 62-171 дүгээр хуудас),

15.Бүртгэлийн 1024 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлан авсан нотлох баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 174-225 дугаар хуудас),

         16.Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ослыг хянан баталгаажуулсан баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлан авсан нотлох баримтууд ( 1 дүгээр хавтаст хэргийн 226-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-36 дугаар хуудас) зэрэг баримтууд болно. 

Мөн шүүгдэгч Ж.Ө-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 73, 139 дүгээр хуудас), төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 205 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө болон газрын лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 117 дугаар хуудас), С-ын  Ө-ын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №247, ХААТР-1 (А), маягт (2 дахь хавтаст хэргийн 137 дугаар хуудас), С-ын  Өлийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №185, ХААТР-1 (А), маягт (2 дахь хавтаст хэргийн 140 дүгээр хуудас), С-ын  Өлийн иргэний үнэмлэх болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас), Өлийн Ш ын төрсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 143 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 144 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судласан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байх ба энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх  баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 2.3.Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:

“...Шүүгдэгч Ж.Ө ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:  

“...Улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөж үйлдсэн, тушаалд нэр оруулах зэргээр үйлдсэн гэдэг үйл баримт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. Мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгээгүй, дутуу явуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Ө  нь орон тооны бус комисс томилох тухай 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/54 дугаартай тушаалыг нэр бүхий гишүүдийн бүрэлдэхүүнтэй томилсон. Энэхүү комисс үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт үйлдэж гэрчийн мэдүүлэг тодорхойлолтыг хавсарган аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлсэн. Хэрвээ үнэхээр үйлдвэрлэлийн осол биш байсан бол комисс энэ ажиллагааг хийх шаардлагагүй. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст тэтгэмжийг олгох юм байна гэдэг бичгийг Ж.Ө  үйлдээд энэ тушаалаар гаргадаг байсан бол өнөөдөр бид нар үүнийг гэмт хэргийн шинжтэй гэдэг үндэслэлээр шалгаж хэлэлцэх боломжтой. Гэтэл хариуцлагатай жижүүрийг томилох тушаалыг хууль ёсны дүрэм журмынх нь дагуу гаргасан. Комисс томилсон.

Комисс энэ дээр акт, мэдүүлэг, тайлбар, тодорхойлолтыг хавсаргаж тогтоосны эцэст аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс рүү явуулсан. Үүнийг үндэслэж аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс тэтгэмж олгох уу, үгүй юу гэдгийг шийдэж байгаа. Ж.Ө  өөрөө мэдээд үүнийг шийдээгүй шүү дээ. Комисс шийдсэн.

...Хариуцлагатай жижүүрийн тушаалыг нөхөж үйлдсэн гэж байгаа бол энэ дээр шинжээч томилох боломжтой байсан. Компьютерт нь үзлэг хийж хэзээ үйлдэл хийсэн, хамгийн сүүлд энэ файл руу хэзээ орсон гэдгийг мэргэжлийн шинжээч томилж тогтоох боломжтой байсан. Энэ мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй.

Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинж нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нотлох баримтаар нотлогдох нотломжийн түвшинд нотлогдоогүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлогдоогүй учраас гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна...” гэв.

Шүүгдэгч Ж.Ө  нь “…Би комиссын гишүүдийн тэмдэглэл, тодорхойлолт, мэдүүлэг, дүгнэлт гарахад нь нөлөөлсөн, хүнээр хэлүүлсэн зүйл байхгүй...” гэж гэм буруугийн талаар маргаж оролцов.

2.4. Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.Ө , шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг  өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Ж.Ө  нь Хөвсгөл аймгийн Ханх сумын ерөнхий боловсролын  сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргаж, нас барсан тус сургуулийн технологийн багш, өөрийн садны хүн болох М.Ш-т нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулахаар тухайн өдөр хариуцлагатай эргүүлээр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан мэтээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалыг гаргаж, хавсралтад М.Ш-ын нэрийг оруулах үүргийг өгөх зэргээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа буюу албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, холбогдох баримтыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүргүүлж нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгуулах нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгон нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн нөхцөл байдал  тогтоогдож байх ба эдгээр нотлох баримтыг үгүйсгэх няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Тодруулбал прокуророос шүүгдэгч Ж.Ө ын үйлдлийг Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг буюу “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, мөн хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг буюу “Албаны эрх мэдэлбуюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэснийг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” гэснийг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39 1.2 дахь хэсэг буюу “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэснийг, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг буюу “Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэснийг  Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ын 1 дүгээр зорилтын 21 дэх хэсэг буюу “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” гэснийг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэж, гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Уг хэргийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдох буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэжээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна гэж заасны дагуу мөн зүйлийн 14.1.2-т зааснаар “...боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэсэн ба Хөвсгөл аймгийн Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд хамаарч байна.

Энэ нь хэрэгт авагдсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын хуулбар, Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Б/66 дугаартай ”Ө-ийн Ж ыг ажилд эгүүлэн томилох тухай” тушаалын хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьект гэж үзнэ.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх бөгөөд төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд үндсэн шууд обьект бол аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нэмэгдэл шууд обьект болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.

Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Ж.Ө-ыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэсэн ба 1 дүгээр хавтаст хэргийн 17-58 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар тооцоогүйг дурдлаа.

2.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Тус гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Ж.Ө-ыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар.

Шүүгдэгч Ж.Ө  “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна нийтийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Ө ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Ө ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Ө  нь хэрэг хариуцах чадвартай, эрхэлсэн тодорхой ажилтай буюу Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ж.Ө д 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Ханх сумын хилийн дээсээр тогтоох, шүүгдэгч Ж.Ө  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 2024 оны 4 дүгээр сарын 78 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлөөр иргэн н.Ш  нас барсан асуудлаар ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хязгаарлаж шийдвэрлэсэн байгаа. Дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх, иргэний бичиг баримт дагалдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Ө-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Ж.Ө нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Ажил, албан үүргээ гүйцэтгэж байхдаа сургуулийн үйл ажиллагаа, нэр хүндийг өндөрт өргөж ажил албан үүргээ сайн гүйцэтгэж шагнал урамшуулал авч байсан. Мөн бусдад ямар нэгэн байдлаар хохирол учраагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаж нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах прокурорын гаргасан ялыг дэмжиж байна…” гэв.

Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч нь ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт 3 дугаар багт оршин суух,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдал тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлжээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Ж.Ө  нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв. 

Мөн шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Ханх сумын хилийн дээсээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Ө д тайлбарлаж, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулсан үеэс эхлэн  тоолохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Ж.Ө  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г  овогт Ө-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ө-ийн Ж-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр)  жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Ханх сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ж.Ө ын Хөвсгөл аймгийн Ханх сумаас гадагш зорчих эрхийг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Ө-д тайлбарлаж, түүний нийтийн албанд ажиллах эрх хасах ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

         6. Шүүгдэгч Ө6Ж  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ө д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ДАВААХҮҮ