Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1151

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01154 дүгээр шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Д, Б.Э нарт холбогдох 9 344 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын өмгөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Г.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Д, Б.Э нар нь өрхийн хэрэглээ болон бизнесдээ зориулан 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр ЗГ-00150133 тоот зээлийн гэрээг байгуулан 3 500 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр тодорхой хэмжээгээр зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн хүүнд 395 043 төгрөг төлсөн байдаг.

Мөн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш үндсэн зээл, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс нэг ч төгрөг төлөөгүй, өнөөдрийг хүрч, хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Үндсэн зээлийн хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дууссан. Иймд үндсэн зээл 2 381 634 төгрөг, хүү 2 604 024 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 440 094 төгрөг, нийт 5 425 752 төгрөг төлөөгүй байна.

Түүнчлэн, Б.Э, У.Д нар нь өрхийн хэрэглээндээ зориулан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ-00160000 тоот цалингийн зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хүү 49 370, нэмэгдүүлсэн хүү 6 299 төгрөг төлсөн байна. Зээлийн хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дууссан. Иймд үндсэн зээл 1 549 965 төгрөг, хүү 1 214 553 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 293 730 төгрөг, нийт 3 058 248 төгрөг болсон. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 8 484 000 төгрөг, нотариатын зардалд 60 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөг, нийт 9 344 000 төгрөгийг У.Д, Б.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлана гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би уг мөнгийг хүлээн аваагүй. Тус ББСБ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон П.Эрдэнэбулган нь дээрх мөнгийг авч өөрийнхөө ажиллуулдаг ломбардны төлбөрийг төлсөн байдаг.

“Э” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3 500 000 төгрөг анх зээлж авч, өөрийн эзэмшлийн машинаа фидуцийн гэрээ хийж, зээлийн барьцаанд тавьсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цалингийн зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийн зээл авсан. Анх “Төгөлдөр финанс” ХХК-ийн ломбардны өр төлбөр үүссэн асуудлаас болж зээлийг авсан. Би эхнэрийгээ ломбарданд ажиллаж байгааг мэддэг ч өөр бусад асуудалд оролцдоггүй, нарийн зүйлийг мэдэхгүй. Зээлийн графикийн дагуу зээлээ төлж явж байгаад 2016 оны дундаас ямар ч орлогогүй болсон учир зээлээ төлөх боломжгүй болсон. Зээл төлөх боломжгүй байсан нөхцөл байдлаа хэлж байсан. Зээлийн төлбөрт нийт төлсөн мөнгөний хэмжээнд маргахгүй гэхдээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр У.Дгийн данснаас шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг зээлээс хасч тооцоогүй байна. Тус ББСБ нь өөрсдийн байгууллагын зээл олгох журмын 15.1.1, 15.1.3, 15.1.7, 11.2, 11.3.4, 11.3.7-д заасан заалтуудыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал зээлийн төлбөр төлөгдөхгүй зогссоноос хойшхи төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Д, Б.Э нараас 7 995 823 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 348 177 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 2 000 төгрөг, хариуцагч У.Д, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 142 883 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар зээл авсан шалтгаан нь П.Эрдэнэбулганы хувийн төгөлдөр финанс ломбарданд У.Д нь ажиллаж байгаад 5 500 000 төгрөгийн төлбөр гаргаж, уг төлбөрийг барагдуулах зорилгоор тус ББСБ-ын зээлийн эдийн засагч П.Эрдэнэбулган У.Д, Б.Э нарын автомашиныг барьцаалж 3 500 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг зээлийг төлж барагдуулаагүй байхад төгөлдөр финанс ломбардны үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөгийг төлүүлэх зорилгоор дахин зээл авахуулсан байдаг.

Уг асуудлаар цагдаагийн газарт гомдол гаргаж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн баримтуудаар нотлогддогоос гадна  П.Эрдэнэбулган нь өөрийн хувийн ломбардны өрийг төлүүлэхээр албан тушаалаа ашиглаж хоёр удаагийн зээл олгосон байна.

Дээрх зээл авсан үйлдлүүдийг шалгах зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч хангаагүй. Харин тус ББСБ нь өөрсдийн байгууллагын зээл олгох журмын 15.1.1, 15.1.3, 15.1.7, 11.2, 11.3.4, 11.3.7-д заасан заалтуудыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, хийсэн хэлцэл болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон тус ББСБ-ын журмаас тодорхой харагдаж байх тул дарааллан зээл авсан 5 500 000 төгрөгийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “7 995 823” гэснийг “5 500 000” төгрөг гэж өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч У.Д, Б.Э нарт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5 425 175 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн гэрээний үүрэгт  3 058 248 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 860 000 төгрөг, нийт 9 344 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

“Э” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь ба хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байна. /хх 4-5 дахь тал/

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч нарын зээлийн өргөдөл, анкет, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн тэдгээртэй 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-00150133 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ-00160000 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдүүлэхээр тохирч, улмаар мөнгийг У.Д, Б.Э нарт шилжүүлэн өгсөн үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээнүүд, кассын зарлагын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх 7-35 дахь тал/

“Э” ХХК нь дээрх зээлийг олгохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн баримт үйлдэж, гарын үсгээ зурсан байна. Иймд дээрх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэд биелүүлээгүй, зээлийн төлбөрт нийт төлсөн мөнгөний хэмжээнд маргахгүй гэх агуулгатай тайлбар гаргасан боловч “2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч У.Дгийн данснаас шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг зээлээс хасч тооцоогүй, мөн зээл төлөгдөхгүй зогссоноос хойш төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

Нэхэмжлэгч  “Э” ХХК нь хариуцагч У.Дгийн данснаас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг 2 зээлийн гэрээний үүргээс адил хэмжээгээр хассан болох нь хэргийн 13, 21 дүгээр талд авагдсан талуудын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг баталгаажуулсан актаар нотлогдож байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үүрэг гүйцэтгэх  дараалал зөрчсөн гэж дүгнэн, уг 1 000 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2 381 634 төгрөгөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсэгт заасанд нийцжээ. Харин зээлийн хүү тооцохдоо тооцооллын алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

Хэрэгт авагдсан 2 зээлийн гэрээнээс үзэхэд талууд жилийн хүүг 365 хоногоор бодохоор, мөн зээлийн гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг баталж, зээлдэгч нар сар бүрын 30-ны өдөр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлж байхаар тохиролцжээ. /хх 7-8 дахь тал/ Хариуцагч нар 2 зээлийн гэрээний үүргийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зөрчиж, хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр У.Дгийн дансаар 1 000 000 төгрөг зээлийн үүрэгт төлсөн гэдэгт маргаангүй. Иймд хариуцагч нарыг зээлийн гэрээний хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаанд төлсөн эргэн төлөлтөөс зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүү суутгасанд хариуцагч тал маргаагүй тул тэдгээрийн зээлийн үүргийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс нэхэмжлэгчийн шаардсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцвол, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хувьд: 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл  үндсэн зээлийн үлдэгдэл болох 2 381 634 төгрөгөөс 18 сар 20 хоногийн хүүд 1 777 230 төгрөг /2 381 634 х 4 %=95 265 х 18 сар, 20 хоног/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 1 381 634 төгрөг болж байх ба үүнээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны буюу 13 сар, 3  хоногийн хүү 723 894 төгрөг, нийт 2 501 124 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна.

2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нар 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1 549 965 төгрөгийг төлөөгүйд маргаангүй учир уг хугацаанаас нэхэмжлэгчийн шаардсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 30 сар 23 хоногийн хүүд 1 627 463 төгрөг /1 549 965 х 3.5%= 54 249 төгрөг х 30 сар 23 хоног/ төлөхөөр байна.

Нэхэмжлэгч тал, хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүйд хариуцлага тооцон нэмэгдүүлсэн хүү нэмж төлүүлэхээр шаардахдаа зээлийн нийт хуримтлагдсан хүүгээс 20 хувиар тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэхгүй байхад шүүх зөвтгөөгүй нь алдаатай болжээ. Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн заалтаас үзвэл гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх ба харин нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх агуулгатай байна. Иймээс нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцвол 1 дэх гэрээний нэмэгдүүлсэн хүүд 11 054 төгрөг /4 % : 20%= 0.8 нь нэмэгдүүлсэн хүү тооцох хувь, 1 381 634 төгрөг х 0.8%/, 2 дахь гэрээний нэмэгдүүлсэн хүүд 9 300 төгрөг төлөхөөр байх тул энэ хэмжээгээр хариуцагчийн төлөх нэмэгдүүлсэн хүүг тогтоох нь дээрх хуульд заасанд нийцнэ.

Нэхэмжлэгч “Эмдбалви кредит ББСБ” ХХК нь хариуцагч нараас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөг, нотариатын зардал 60 000 төгрөг, нийт 860 000 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүх уг шаардлагаас хариуцагч нарын зөвшөөрсөн нотариатын зардал 60 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талууд гомдоогүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.  

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01154 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7,995,823” гэснийг “7 121 449” гэж,  “1,348,177” гэснийг  “2 222 551” гэж, 2 дахь заалтын “142 883” гэснийг “128 893” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Ч.ЦЭНД