Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00208

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч Ч.Сэлэнгэ

          Шүүгдэгч Л.Отгонбаяр

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201714000309 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, КТВ-ын техникч мэргэжилтэй, одоо Улаанбаатар хотод Сэвэн стар супермаркит тасгийн худалдагч ажилтай, ам бүл 2, аавын хамт Орхон аймаг Баян-Өндөр Говил баг Илгээлтийн 7-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарга морьт овогт Лхагвасүрэнгийн Отгонбаяр РД:/ФА92031415/,

 

Шүүгдэгч Л.Отгонбаяр нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 7-8 тоот өрөөний гадна коридорт О.Бадрахтай маргалдан түүнийг хавсарч унаган зүүн хөлний өвдөгний чагтан шөрмөсийг тасалж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Л.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би согтуу байсан боловч биеэ авч явах чадвартай байсан. Намайг багалзуурдаж боохоор нь дээгүүрээ давуулаад үүрч унагаасан. Унахдаа хөлөө гэмтээсэн байх. Хохирогчид учирсан гэмтэл миний буруугаас болсон. Хохирогчид эмчилгээний зардал 100 гаран мянга төгрөг өгсөн. Цаашдаа мөнгөн тусламж үзүүлнэ. Хийсэн хэргээ ойлгож гэмшиж байна. Ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч О.Бадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр би гэртээ 8 настай охин Номинзулын хамт байж байсан юм. Тэгсэн чинь орой 17 цагийн үед манай хадам дүү Л.Отгонбаяр гаднаас согтуу орж ирээд намайг машинаараа Говил багийн эцэс рүү яваад ирье гэж байсан, би түүнд хандан чадахгүй, машинд газ байхгүй гэж хэлсэн. Тэгээд түүнийг чи согтуу байна гэртээ харьж унт гэж хэлсэн юм. Түүний гэр нь манай хажуугийн байрны орцонд байдаг юм. Бид нар Говил багийн хуучнаар Илгээлтийн байранд амьдардаг юм. Тэрээр миний машинаар яг юунд явах гэж байгаа гэдгээ тодорхой хэлээгүй, тухайн үед миний машинд город руу өгсөх л газ байсан юм. Ийш тийш явах газ байгаагүй. Тэгээд түүнийг гэрээсээ түлхэж гаргаад буцаад гэртээ ороод ирсэн чинь тэрээр хойноос орж ирээд яваад өгчихөөч гээд байсан, би түүнийг согтуу байсан учир жаахан сэргэж ухаан орох болов уу гээд хацар руу нь гараар хальт 1 удаа алгадсан юм. Тэгсэн чинь тэрээр намайг барьж авч, гэрээс зууралдсан чигээрээ байрны коридорт гарч ирээд хавсарч унагаагаад дээрээс биеэрээ дараад унасан юм. Тэгэхэд нь миний хөлийн өвдөг эвгүй болж хөдлөж болохгүй болсон юм. Тэрээр намайг хөл эвгүй болчихлоо гэсэн чинь өргөж босгох гээд байсан, намайг хөл өвдөөд байна гэж хэлэхэд тэрээр битгий баашлаад бай гэж байсан. Би түүнийг битгий хөлөнд хүр боль гэж хэлсэн юм. Тэрээр тухайн үед миний хөлийг өвдгөөрөө мултарсан гэж бодсон байх оруулах гэж байсан юм болов уу мэдэхгүй байна, хөлнөөс татаад байсан. Тэгээд Отгонбаяр тэнд байж байгаад гараад явсан. Тухайн үед би гар утсаараа түргэн дуудсан юм. Түргэн ирэхгүй удаад байхлаар нь би өөрийхөө машиныг асаагаад БОЭТ-рүү очиж хүлээн авахад үзүүлсэн юм. Тэгээд Орхон аймагт МЭДИ ПАС эмнэлэгт үзүүлээд дараа нь Улаанбаатар хот руу явж Гэмтлийн эмнэлэгт үзүүлж үений хагалгаад орсон юм гэсэн мэдүүлэг /хх 17 /,

-Гэрч Л.Шинэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хэрэг болох үед гэртээ байгаагүй, манай нөхөр 8 настай охинтойгоо гэртээ байсан юм байна лээ. Манай дүү Отгонбаяр түүнийг гэртээ байж байхад нь гаднаас согтуу орж ирээд агсам тавьж машинаараа Говил багийн эцэс рүү хүргээд өгчих гэж хэлж маргалдсан юм билээ. Нөхөр маань түүнийг согтуу байсан учир ах хүний хувиар чи согтуу байна, ийш тийш явж яах гээд байгаа юм бэ? гэж эхэндээ зүгээр хэлээд дараа нь Отгонбаяр нь үгэнд нь орохгүй болхоор уурлаж нэг удаа цохиж авсан юм байна лээ. Тэгсэн чинь Отгонбаяр манай нөхрийг заамдаж аваад гэрийн үүдний коридорт хавсарч унагаагаад хөлийг нь гэмтээсэн юм байна лээ. Тэр өдөр нь 15-ны өдөр байсан бөгөөд архи зардаггүй өдөр байсан, Отгонбаяр дэлгүүр рүү явах гээд байсан юм шиг байна лээ тэгээд үгэнд нь орохгүй байсан болхоор нөхөр маань ах хүний хувьд ууралсан юм байна лээ. Тэгээд тэр өдөр намайг Оюут багийн 2-2-р байрны Оюу дэлгүүр дээр байж байхад нөхөр маань ирж Отгонбаяр намайг хавсарч унагаагаад миний хөлийг эвгүй болгоод хаячихлаа гээд өрөө машинаа арай хийж нэг юм барьж ирлээ гэж байсан, тэгээд би машинаа барьж түүнтэй хамт эмнэлэг орсон юм. Эмнэлэг дээр очоод харахад хөл нь гаднаасаа сайн мэдэгдэхгүй байсан. Хүлээн авахын эмч үзээд Рентгенд харуул гэсэн. Хөлийн өвдөгний ясны зураг авахуулахад эмч яс нь хугараагүй байна гэсэн. Тэгээд яс нь зүгээр байна гэхлээр нь би ажил руугаа явсан гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 477 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. О.Бадрахын биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоос, дотор талын хажуугийн холбоосын бүрэн биш тасрал үүсчээ.                  

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 19 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 543 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Л.Отгонбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /хх 22 ху/,

-Бичиг баримтанд үзлэг хийж, зарим хэсгийг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх 09-13 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30-31 ху/

-Л.Отгонбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 41-44 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.Отгонбаяр нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 7-8 тоот өрөөний гадна коридорт О.Бадрахтай маргалдан түүнийг хавсарч унаган зүүн хөлний өвдөгний чагтан холбоосыг тасалж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч О.Бадрахын “...тэрээр намайг барьж авч, гэрээс зууралдсан чигээрээ байрны коридорт гарч ирээд хавсарч унагаагаад дээрээс биеэрээ дараад унасан юм. Тэгэхэд нь миний хөлийн өвдөг эвгүй болж хөдлөж болохгүй болсон” гэсэн мэдүүлэг /хх 17 ху/, гэрч Л.Шинэтуяагийн /хх 25/ мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас, хохирогчийн биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоос, дотор талын хажуугийн холбоосын бүрэн биш тасрал гэмтэл үүссэнийг тогтоосон 477 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан тул шүүгдэгч Л.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч О.Бадрах мөрдөн байцаалтын шатанд “гомдол байхгүй, мөн нэхэмжлэх зүйл бол байхгүй, тэрээр надаас уучлалт гуйсан” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарга морьт овогт Лхагвасүрэнгийн Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Л.Отгонбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Л.Отгонбаярт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Л.Отгонбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ж.БАЙГАЛМАА