Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/306

 

 

 

 

      2021           3              25                                       2021/ДШМ/306

 

Э.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Ариунболд,

хохирогч Т.Т,

шүүгдэгч Э.П,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Тын гаргасан давж заалдах гомдлоор Э.Пд холбогдох 2006000002863 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.П,

 

Шүүгдэгч Э.П нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн гэр зардаг хэсэгт “зээлсэн барааны мөнгөө өгөөгүй” гэх шалтгааны улмаас иргэн Т.Ттай маргалдаж, улмаар дөрвөлжин мод буюу банз шидэж толгой хэсэгт нь онож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Чухал овгийн Эрдэнэ-Очирын Э.Пыг “Хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Пыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Э.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Т нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанаар хохирогч миний эмчилгээний төлбөр, одоо байгаа биеийн байдлын талаар хэлэлцэгдээгүй болно. Иймд эмчилгээний зардалд 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Э.П нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед жижиг маргаанаас болж над руу том банз шидэн толгойн хэсгийг онож, баруун нүдний ухархайн доторх яс хугарсан. Э.Пын энэ балмад үйлдлээс болж би сүүлийн хэдэн сар ажлаа хийж чадахгүй, толгой тархи их өвдөж, нүдний ухархайн болон тонгойхоор зовхи байнга унжиж, даралт байнгын 130-160 хүрч, шөнө нойр хүрэхгүй, даралтны эм өдөрт 2 ширхэгийг уудаг болсон. Э.П “таныг би цаашид харж үзнэ, 4.000.000 төгрөг өгнө” гэж хэлээд одоо болтол эмнэлэгт хэвтсэний 890.000 төгрөгөөс 395.000 төгрөгийг өгөөд эмнэлгээр явсан. Бусад шинжилгээ, хувийн бариа засал, такси унааны зардал төлөөгүй. Одоо миний бие тун хүнд байдалтай, нойргүй, даралт хэт өндөр, уур уцаартай, мартамхай, байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай болсон. Э.П одоо хүртэл уучлаарай гэж нэг ч үг хэлээгүй, аав шигээ хүнийг илт доромжилж, басамжилсан байдалтай байна. ...Иймд шинжилгээ, нарийвчилсан оношлогоонд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг Э.Паас гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Миний эмчилгээний зардал болон цаашид гарах зардал маань хавтаст хэрэгт хавсрагдсан болно. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надаас мөнгө нэхэх зорилготой гомдол гаргаж байгаа байх. ...” гэв.

 

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохирогч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “гомдол, саналгүй” гэсэн байдаг. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Э.П нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн гэр зардаг хэсэгт “зээлсэн барааны мөнгөө өгөөгүй” гэх шалтгааны улмаас иргэн Т.Ттай маргалдаж, улмаар дөрвөлжин мод буюу банз шидэж толгой хэсэгт нь онож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

 хохирогч Т.Тын “...Пүүжээ надруу ... хагас сайн өдөр цагаан бүрээс авсан, одоо мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр би ... цагаан бүрээс аваагүй гэж хэлсэн. Пүүжээ чи авсан шүү дээ гээд дайраад байсан. Би өөрийнхөө контейнерт зогсож байхад лангуун дээр тавьдаг дөрвөлжин цагаан банз аваад миний баруун чамархайн хэсэг рүү шидэж оносон. Тэгээд тухайн үед маш их цус гараад, нойтон салфетикаар шархаа дарж байгаад гэмтлийн эмнэлэг явсан. ...” /хх 8/,

Э.Пын яллагдагчаар өгсөн “...барааны хонхорхойг дарж тавьдаг мод аваад шидтэл Т.Тын толгойд оносон, тухайн үед Т.Т цохиулаад газарт унахад би Т.Тын хажууд очоод эхнэрээ нойтон салфетка аваад ир гээд Т.Тт өгсөн. Удалгүй Т.Тын толгойноос цус гараад байсан болохоор гэмтэл хүргүүлж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. ...” /хх 20/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 12200 дугаартай “...Т.Тын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 12-13/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Пыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Пын “зээлсэн барааны мөнгөө өгөөгүй” гэх шалтгааны улмаас иргэн Т.Ттай маргалдаж, улмаар дөрвөлжин мод шидэж эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Пыг 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэм бурууд нь тохирсон байна.

 

 

 

Хохирогч Т.Т “...миний эмчилгээний зардал болон цаашид гарах зардалд нийт 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах нөхцөл байдлыг тодорхойлжээ.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд хохирогч Т.Тын эмчилгээний нийт зардал 502761 төгрөг гарч байх бөгөөд шүүгдэгч Э.П нь хохирогчид 395000 төгрөгийг төлж барагдуулсан /хх 84/ байх тул хохирлын төлбөрийн зөрүү 107761 төгрөгийг хохирогчид нэмж олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Т.Т нь цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдлүүлэн шүүгдэгч Э.Паас гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхийг анхан шатны шүүх нээллтэй үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Иймд, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Т.Тын гаргасан “...цаашид гарах эмчилгээний зардалд нийт 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Паас 107.761 төгрөг гаргуулан хохирогч Т.Тт олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...бусдад төлөх төлбөргүй...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Т.Тын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР