| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/1011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1383 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1383
2025 5 22 2025/ШЦТ/1383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
иргэдийн төлөөлөгч Ш.Мөнххишиг,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч Ч.Х*********, түүний өмгөөлөгч Л.Амартогос,
гэрч Н.С******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б************** овогт Ч**************ын Х*********т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408042491949 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.Х********* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр Мал тууврын зам 9-6 тоот нийтийн байрны *** тоотод иргэн Ю.Д**************тэй үл ялих зүйлээр маргалдан баруун нүдэн тус газарт хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь “баруун ндэнд нэвтэрч салст, солонгон бүрхүүлийг гэмтээсэн шарх, баруун нүдний хараагүйдэл, гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х********* мэдүүлэхдээ: “...Манайд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бөгөөд намайг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд хохирогч гэх залуу манай эхнэрийг оролдож байсан. Тэгэхээр нь би хоёр удаа цохисон бөгөөд нийтийн байрны эзэн цагдаа дуудлаа гээд байхаар нь явсан...” гэв.
2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хэргийн 2 дахь тал/
2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн эмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5-7 дахь тал/
Хохирогч Ю.Д**************гийн мөрдөн байцаалтад өгсөн "2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 4-р хороо мал тууврын зам 9-8 тоотод байрлах нийтийн байрны *** тоотод Ч.Х********* нь хар өнгийн иштэй жижигхэн хутгаар миний баруун талын нүд рүү 1 удаа хатгаж миний нүдийг гэмтээсэн.
Би баруун нүдээрээ огт харахгүй байгаа. Ч.Х********* бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, зүгээр гар барилдаан хийж байгаад би ялсан чинь гэнэт хутга гаргаж ирээд нүд рүү хатгасан.
Тэр өрөөнд Х*********, Х*********ын эхнэр, манай найз Э*********** бид дөрөв хамт байсан. Х********* бид хоёр гар барилдаан хийж байсан. Манай найз харин Хадаагийн эхнэртэй юм яриад сууж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/
Гэрч Н.Лхамжавын "2024 оны 10-р сарын 13-ны өдөр би ариун цэврийн өрөө орохоор 2 давхарт гарах үед Х*********ын өрөөнд хүмүүс архи уусан байдалтай дуулаад байсан.
Чанга. чанга дуугараад орилоод байхаар нь өрөөнд орсон чинь *** тоот өрөөний Д**************, Х*********ын өрөөний оронд дээр хэвтчихсэн Х*********тай хэрэлдээд байсан. Би та хэд боль хаашаа янзын юм гэж хэлсэн. Тэр үед үл таних хоёр эмэгтэй, Х*********, Д************** нар нь тарсан. Би тэгээд гэртээ орсон. Намайг нь гэртээ ороод 2 цагийн дараа гаднаас цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дэх тал/
Гэрч Б.Э***********ын "Д**************тэй хуучин драгон дээр тааралдсан ба Д************** нь өөрийгөө Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Мал тууврын зам 9-6 тоот нийтийн байранд өрөө түрээсэлж байгаа манайх руу хамт явъя гэсэн тул би дагаж очоод гэр нь 1 хоносон.
Маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 13- ны өдөр бид 2 өглөө босоод 1 шил архи ууж байсан. Тэгсэн уг нийтийн байранд амьдардаг гэх Х******гэх залуу орж ирсэн ба удалгүй араас нь эхнэр нь гэх хүн орж ирсэн.
Бид хэд Х******гэх залуугийн өрөөнд орж үргэлжлүүлэн архи уусан. Намайг хүмүүстэй юм яриад сууж байсан чинь ард Д**************, Х******хоёр нь хоорондоо маргалдаад Хадаа, Д**************гийн нүд рүү нь цохисон байсан. Би босоод тэр хоёрыг хоёр тийш нь салгасан. Тэр үед Д**************, Х******нараас юу болсон талаар асуусан чинь Х******"Би нүүр рүү нь цохисон" гэж хэлсэн. Д************** нь "Би зүгээрээ, чи яв" гэхээр нь би такси бариад яваад өгсөн. Д************** өөрөө цагдаа дуудаж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дахь тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13660 дугаартай:
“1. Ю.Д**************гийн биед баруун нүдэнд нэвтэрч салст, солонгон бүрхүүлийг гэмтээсэн шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 26-27 дахь тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн
“1. Хохирогч Ю. Д************** /РД:********/-ийн сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 47-48 дахь тал/
2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 89 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Ч.Х********* нь согтуурсан үедээ хохирогч Ю.Д**************тэй маргалдаж улмаар хутгаар нүдэнд нь хатгаж “баруун нүдэнд нэвтэрч салст, солонгон бүрхүүлийг гэмтээсэн шарх, баруун нүдний хараагүйдэл” гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “хутгаар биш гараар цохьсон гэсэн, гэм буруугүй гэж бодож байна” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ч.Х********* нь Ю.Д**************гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Ю.Д************** нь хутгаар биш гараараа цохиж гэмтэл учруулсан гэж байгаа боловч хохирогчийн өгсөн “ ... Ч.Х********* нь хар өнгийн иштэй жижигхэн хутгаар миний баруун талын нүд рүү 1 удаа хатгаж миний нүдийг гэмтээсэн ...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хутга”, шинжээчийн “ ... Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар зэвсэг буюу хутга хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Ю.Д**************гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13660 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ю.Д************** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн баримт гарган өгөөгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох боломжгүй байна.
Гэхдээ Ю.Д************** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн “Хохирогч Ю.Д**************гийн сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт гарсан байна.
Мөрдөгчөөс хохирогч Ю.Д**************д танилцуулж, тэрээр хүлээн зөвшөөрсөн байх тул уг дүгнэлтэд зааснаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000төгрөгийг 18 дахин дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,880,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Х*********аас гаргуулж хохирогч Ю.Д**************д олгохоор шийдвэрлэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Д************** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,334,012 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэх боловч иргэний нэхэмжлэлийн талаар мөрдөн байцаалтын явцад ямар ч ажиллагаа явуулаагүй, энэ талаар нотлох баримт цуглуулж, бэхжүүлээгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “8 жилийн хугацаагаар хорих ял” оногдуулах дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос “5 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ч.Х********* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг 10 см урттай, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б************** овогт Ч**************ын Х*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Х*********ыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ч.Х*********т оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Ч.Х*********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ч.Х********* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.Х*********аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11,880,000 төгрөг гаргуулж хохирогч Ю.Д**************д олгож, Ю.Д************** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх бүхий байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Х*********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ