2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1391

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          5            22                                         2025/ШЦТ/1391

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Г***********,

улсын яллагч Э.Оргилбат,

шүүгдэгч Г.Г************, түүний өмгөөлөгч О.Мөнхтөр,

хохирогч Х.Ш***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б*********** овогт Г***********ын Г************т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410050970347 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татвар эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 аав ээж дүүгийн хамтаар амьдардаг, *** аймаг **** гудамж 3 дугаар **-н айлын *** тоотод оршин суудаг, урьд:

*** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын **-ны өдрийн 2018/шщт/**** дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ял биелэгдэж, дуусгавар болсон байна. Б*********** овогт Г***********ын Г************. /***********/

 

Шүүгдэгч Г.Г************ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын тоот байхгүй өрөөнд иргэн Х.Ш***********той үл ялих зүйлээс маргалдаж нүүр, зүүн нүдний орчимд 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнгэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г************ мэдүүлэхдээ: “Тухайн шөнө Э*********** ах, Ш********** бид гурав архи авч уусан. Ш********** ахтай тухайн үед үл ойлголцсон. Ш********** ах босож ирээд надтай маргалдсан. Би Ш********** ахыг нэг удаа цохисон. Нүднээс нь цус гарахаар нь би алчуураар арчиж өгөөд такси аваад эмнэлэг дээр очсон гэв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ш***********мэдүүлэхдээ: “Тэр орой хоёр шил архи аваад Г************, Э*********** нартай уусан. Уух юм дуусаад Г************, Э***********той дэлгүүр орж юм авах гээд явсан.

Тэр хооронд унтаж байгаад нэг сэрсэн чинь миний тухай ярьж байсан. Г************ ирээд орноос татаж унагаад миний дээр гараад нүд рүү цохисон. Тэндээсээ шууд Г************той гэмтлийн эмнэлэг орсон. Тэндээсээ цаашаа яваад аавыгаа дуудсан. Шүүгдэгчээс 60,000,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

Хохирогч Х.Ш***********ийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд баригдаж байгаа /нэрийг нь мэдэхгүй/ барилгын компанид туслах ажилтнаар ажилд орсон.

Тэгээд би нийт 7 хоног ажиллаж байгаад хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ танилцаад найзууд болсон. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлын газрын хүмүүс болох Э***********, Г************, зүс таних хоёр хүний хамтаар бид тав архи уухаар болоод ажил 19 цагийн үед тарахаар нь Г************ нийт 4 шил 0.75 литрийн Агар нэртэй архи ажлын газрын бидний байрладаг /тоот байхгүй/ өрөөнд авч ирээд бид нийлээд архиа ууж эхэлсэн.

Тэгээд бид архиндаа нилээн согтоод хоорондоо элдэв зүйл ярилцан байж байгаад миний нойр хүрээд өрөөний баруун хананы ойролцоо байрлуулсан модон хавтангаар угсарсан орон дээр унтаад өгсөн. Би унтаж байгаад шөнө дунд /цагийг нь мэдэхгүй байна/ сэрээд хартал Э***********, Г************ нар хоорондоо миний талаар намайг муулсан байдалтай ярилцаад согтуу сууж байсан.

Тэгэхээр нь би босож ирээд миний талаар юу яриад байгаа юм гэж асуусан. Би Г************т хандаж юу хэлснээ санахгүй байна, Г************ надад хандаж юу хэлснийг санахгүй байна ямарч байсан бид хоёр хоорондоо ам хэлээрээ маргалдаад хэлсэн.

Тэгж байтал Г************ сууж байсан орон дээрээсээ босоод над руу дайрч ирээд намайг орноос түлхэж унагаад миний цээжин хэсэгт бөгсөн биеээрээ дарж суугаад зүүн гараараа миний футболкноос заамдаж хоолойны хэсэгт дарж байгаад баруун гараараа миний нүүр, зүүн нүдний орчимд нэг удаа цохиод авсан.

Энэ үед миний зүүн нүдээр халуу дүүгээд шингэн зүйл урсаад эхэлсэн. Тэгсэн Г************ миний нүднээс гарсан зүйлийг харчихаад миний дээрээс боссон би араас нь босоод гараараа нүүрээ арчтал цус байсан. Миний нүднээс гарсан шингэн зүйл нь цус байсан. Тэгээд би тэндээс Г************той хамт гараад зам руу гүйгээд такси бариад гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэн нүдний зовхинд оёо тавиулж мөн нүдэндээ боолт хийлгээд, толгойн томограф зураг авахуулчихаад гараад ирсэн чинь Г************ зүгээр үү гэж асуугаад би гарч тамхи татчихаад ирье хэлээд гарч яваад одоог хүртэл сураггүй алга болсон. Тэгээд би өнөөдөр ирж мэдүүлэг тайлбар өгч байна. Би архи дарс хэрэглэсэн байсан. Болсон явдлыг маш сайн санаж байна. Нүдэндээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хагалгаа хийлгэсэн. Миний зүүн нүд юу ч харахгүй байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 11, 28 дахь тал/

“... Би өмнө нь болсон явдлын талаар нэгд нэгэнгүй ярьсан. Г************ гэдэг залууд 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр зүүн нүд рүүгээ цохиулснаас болж миний зүүн нүд сохорсон. Ингээд би хөдөлмөрийн чадвараа алдаад байна. Энэ гэмт хэргийн улмаас нэг нүдгүй болж тахир дутуу болсон доо маш их харамсаж байна.

Би зодуулснаасаа хойш эмнэлгийн байгууллагуудаар байнга явж үзүүлсэн. Явдлын зардал болон эм тариа, эмнэлэгт үзүүлсэн үнэ өртөг зэрэг нийлээд 5 сая орчим болж байна. Мөн би ийм хэцүү байдалд орсон тул намайг нэг нүдгүй болгосон Г************ гэгчээс 60 сая төгрөг нэхэмжилж байна. Нүдгүй болсон би ямар нэгэн ажил хөдөлмөрийг эрхлэх боломжгүй болоод байна. Би Г************оос нийт 65 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15, 29 дэх тал/

 

Гэрч Ж.Э***********ын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн "Тэгээд бид нар бүгдээрээ унтаж байтал 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн үүрийн 05 цагийн орчимд Г************, Ш***********хоёр маргалдаж эхэлсэн бөгөөд би маргалдах дуунаар нь сэрсэн юм.

Г************, Ш***********, Батсүх нар сэрүүн байсан. Тэгээд Ш***********, Г************ хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би одоо больцгоо, унтаж амарцгаа гэж хэлээд цаашаа хараад утсаа оролдоод хэвтэж байсан юм. Тэгсэн чинь Ш***********ах ёоё гээд дугарахаар нь би эргээд хартал Ш***********ахын баруун нүднээс цус гарч байсан юм. Тэгээд би босож ирээд Ш***********ахад салфетка гаргаж өгөөд, цусыг арчуулж, цусыг нь тогтоогоод Ш***********ахыг Г************той хамт гэмтлийн эмнэлэг рүү явуулсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дахь тал/

 

Хохирогч Х.Ш***********ийн 2024 оны 12 дугаар 03-ны өдөр нотлох баримтаар гаргаж өгсөн, Улсын нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн картын хуулбар 4 хуудас. /хэргийн 39-42 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №385 дугаартай:

“1. Х.Ш***********ийн биед зүүн нүдний нэвт гэмтэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, зүүн зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024.05 21- ний өдрийн А/225/А153/A85 дугаар тушаалын хавсралт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 5.2.21.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдоно” гэсэн дүгнэлт. /хэргийн 20-21 дэх тал/

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаартай:

“1. Хишигдоржийн Ш***********ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарна.

3. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх уу, байнгынх уу, гэдэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог гэр бүл нийгэм хамт олны дэмжлэг, сэтгэл заслын тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс шалтгаална” гэсэн дүгнэлт. /хэргийн 31-33 дахь тал/

 

2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Х.Ш***********ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 16-17 дахь тал/

 

Г.Г************ийн яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 19-ний шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа хамт ажилдаг хүмүүстэй нийлж архидан согтуурч байгаад Х.Ш***********ахтай маргалдаж улмаар түүний зүүн нүд рүү 1 удаа цохиж гэмтээсэн.

Би тухайн үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Би Х.Ш***********ахын нүдэнд гэмтэл учруулсан даруйд ахад туслаж нүднээс гарсан цусыг нь угааж өгөөд алчуураар арчиж өгөөд, ахыг дагуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү такси бариад хүргэж өгсөн.

Таксины төлбөрийг би төлж байсан. Тэгээд энэ үйл явдлаас хойш Х.Ш***********ахтай холбогдож өөрийнхөө зүгээс 800,000 төгрөгийг өгсөн. Энэ баримтаа хэрэгт хавсаргуулахаар өгөх болно...” гэсэн мэдүүлэг /хэргийн 92 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Г.Г************, хохирогч Х.Ш***********нар нь 2024 оны 11 дүгээр сарын 18-с 19-нд шилжих шөнө тухайн барилгын ажилчдын амрах өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, энэ явцдаа хоорондоо үл ялих зүйлээр болж маргаан үүсгэж, Г.Г************ нь Х.Ш***********ийн биед халдаж, зүүн нүдний нэвт гэмтэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, зүүн зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Г************ нь хохирогч Х.Ш***********ийн үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хүнд хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Х.Ш***********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №385 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Г************ийн зүгээс хохирогч Х.Ш***********ид 800,000 төгрөг өгсөн байх ба хохирогч Х.Ш***********нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн баримт гарган өгөөгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох боломжгүй байна.

 

Гэхдээ Х.Ш***********нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаартай шинжээчийн “Хишигдоржийн Ш***********ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт гарсан байна.

 

Мөрдөгчөөс хохирогч Х.Ш***********ид танилцуулж, тэрээр хүлээн зөвшөөрсөн байх тул уг дүгнэлтэд зааснаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг 187 дахин нэмэгдүүлж 11,880,000 төгрөгөөр тооцон шүүгдэгч Г.Г************оос гаргуулж хохирогч Х.Ш***********ид олгохоор шийдвэрлэлээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ш***********нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,149,060 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэх боловч иргэний нэхэмжлэлийн талаар мөрдөн байцаалтын явцад ямар ч ажиллагаа явуулаагүй, энэ талаар нотлох баримт цуглуулж, бэхжүүлээгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Г************ийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн хэр хэмжээг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г************ нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б*********** овогт Г***********ын Г************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г************ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г************т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Г************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Г************ баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Г************оос 11,880,000 төгрөгийг гаргуулж Х.Ш***********ид олгож, Х.Ш***********нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх бүхий байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г************т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ