| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/04197/И |
| Дугаар | 101/ШШ2018/03186 |
| Огноо | 2018-10-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2018/03186
| 2018 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2018/03186 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С ХХК /РД: ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч. А /РД: -т холбогдох
4 296 105 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаад: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.А нь 2014 оны 7 дугаар сарын 24 өдөр манай байгууллагатай тоот дугаартай Цалин Барьцаалсан Зээлийн гэрээ байгуулж 3,000,000 /гурван сая төгрөг/ төгрөгийн цалингийн зээлийг 12 /арван хоёр cap / сарын хугацаатай: Нэг сард бодогдох сарын хүү 3.8% /гурав аравны найм хувь/ байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 1,740,337 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 714,996 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Ч.А нь:
- Үндсэн зээлийн үлдэгдэл 1,259,663 ,
- Үндсэн хүүгийн үлдэгдэл 4,244,828 ,
- Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 791,614 төгрөг, нийт 6,296,105 төгрөг төлөөгүй болно. Дээрх дүнг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн тоот дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 6,296,105 төгрөгний 2,000,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 4,296,105 төгрөгийг Ч.Аоос гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2014.7.21-нд 3 сая төгрөг зээлсэн. Эхний 7 сар төлөлтөө хийж байгаад 2015.4.25-ны өдрөөс зээлээ төлөхөө больсон. Бид 2018.1 сард шүүхэд хандаад хаягтаа байхгүй гэсэн тул эрэн сурвалжлуулсан. Улмаар хаягийг тогтоож дахин нэхэмжлэл гаргасан. Үлдэгдэл төлбөр нь 6 сая гаран байсан боловч бид нэх гаргахдаа 2 саяаас татгаллзсан. Одоо дахиж 1 сая төгрөгнөөс татгалзаж байна. Иймд 3 672 159 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч Ч.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017.07.21-ны өдөр С-тай зээл ба харилцааны гэрээ 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг зээлийн гэрээг 2015.07.21-ны өдөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 75.2.1-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Тиймээс энэ хугацаа дуусгавар болсон тул гэрээний үүргийг надаас шаардах эрхгүй. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Би хувиараа юм хийдэг байсан. Сүүлдээ хямралаас болоод больсон. Улмаар зээлээ төлөх боломжгүй болсон. Үндсэн зээл болон хүүнд нийт 1,500,000 төгрөг төлөх хүсэлтэй байна. Хэт өндөр хүүтэй байгаагаас үлдэх хэсгийг төлөх боломжгүй болсон гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 4,296,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж үлдэх 3,672,159 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дэмжсэн байна.
Хариуцагч Ч.А нь гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдөр зээлийн ба барьцааны гэсэн нэртэй 3,000,000 төгрөгний үнэ бүхий 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулжээ. Гэвч гэрээнд зааснаар бус харин түүнээс бага буюу 2,835,000 төгрөгний зээл олгосон болох нь хэрэгт байгаа 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн кассын зарлагын ордероор тогтоогдож байна. Зээл гэдэг нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг тодорхой зориулалтаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь буцаан төлөх болон гэрээнд заасан бол хариу төлбөр болгож хүү төлөх иргэний эрх зүйн харилцаа юм. Зохигчид зээлийн гэрээг 3,000,000 төгрөгний хэмжээнд байгуулсан боловч 2,835,000 төгрөг олгосон байх тул зээлийн гэрээ 2,835,000 төгрөгний хэмжээд хэрэгжсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2,835,000 төгрөг ашиглуулах эрх олгосон байна. Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар зохигчид зээлийн хүүг эхний 6 сард 3.8 хувь, дараагийн 5 сард 4.8 хувь, сүүлийн 1 сард 8.5 хувь байхаар тохиролцсон байна. Хэрэгт байгаа нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбараар нэхэмжлэгч нь зээл олгох үйл ажиллагааг байнга явуулдаг нь тогтоогдож байна. Үүнээс нэхэмжлэгчийг өөрийн үйлчлүүлэгч буюу олон нийтэд байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл бүхий гэрээг хариуцагчид санал болгосон гэж үзнэ. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Хэдийгээр зохигчид зээлийн хүүгийн хувийг шаталсан байдлаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлсон гэж үзэхээр боловч ийнхүү хүүгийн хувь хэмжээ өөрчлөгдөж байгаа үндэслэл нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэл, нөхцөлийн дагуу зээлийн хүүг хувьсах хэлбэрээр тогтоосон нь ойлгомжгүй байна. Иймд зээлийн хүүг гэрээний хугацаанаас хамааруулан өөрөөр тогтоосон нь зээлдэгч буюу энэ хэргийг хариуцагчид илт хохиролтой, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ. Энэхүү үндэслэлээр Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар зээлийн гэрээний хүү тогтоосон 2.1.3 дахь заалт нь хүчин төгөлдөр бус байна. Нэгэнт зээлийн гэрээний хүү тогтоосон заалт хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй.
Зээлийн гэрээний 6.1-д гэрээний нийт хугацаанд авсан зээл, зээлийн хүүг төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү болон зээлийн төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь нэмэгдүүлсэн хүүний дээд хэмжээг зааж, хязгаарласан зохицуулалт юм. Харин зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүний дээд хэмжээг заасан боловч ямар хугацаанд нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцох талаар гэрээний талууд тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаанд хоногийн хэдэн хувиар тооцох талаар заагаагүй нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар Монголбанкнаас тогтоосон Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.9, Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлалын 4-т заасан нэмэгдүүлсэн хүү бодох аргачлалд нийцэхгүй байна. Энэхүү үндэслэл болон зээлийн хүү шаардах эрхгүй байдал зэргээс нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох зээлийн гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар иргэний хэрэг үүсгэгдсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 02180 дугаар захирамжаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хэргийн 4 дүгээр тал/ Үүнийг энэхүү маргаантай холбогдох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдаж, улмаар мөн зүйлийн 79.4-т зааснаар шинээр тоологдож эхэлсэн гэж үзнэ. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Тодруулбал хариуцагчид Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсээгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу нийт 2,455,333 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. Мөн үүнээс илүү төлбөр төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь төлсөн гэх төлбөрийн хэмжээг зөвшөөрсөн гэж үзнэ. Эдгээрээс тооцвол зээлийн гэрээний дагуу олгосон 2,835,000 төгрөгнөөс төлсөн 2,455,333 төгрөгийг хасвал 379,667 төгрөг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүүнд нийт 1,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй боловч уг үндэслэл нь хариуцагчийн түүнийг төлөхийг зөвшөөрөх буюу төлөх эрхийг хязгаарлахгүй юм.
Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,172,159 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 202 дугаар зүйлийн 202.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Ч.Аоос 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,172,159 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД