| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/1064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1398 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1398
2025 5 26 2025/ШЦТ/1398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Ц.Б**********, түүний өмгөөлөгч Г.Мөнхбуян,
хохирогч Б.А**********, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ш********** овогт Ц*********ы Б**********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 241003937****дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *** улсад оюутан, ам бүл 1, ганцаараа амьдардаг, *** дүүргийн **** дугаар хороо *** **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Ш********** овогт Ц*********ы Болор- Эрдэнэ. /*****/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б********** мэдүүлэхдээ: “Нүүр рүү нь цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Зүгээр байсан хүнийг бол цохихгүй. Нүүрнээс бусад газар бол цохиогүй” гэв.
Хохирогч Б.А**********ийн "Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ч**** нэртэй бааранд ажилд орсон. Ажилд ороод 4 дэх өдрөө буюу 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ 18 цагт очиж цэвэрлэгээ хийж байгаад 22 цагт үндсэн ажил эхэлсэн. Тухайн өдөр үйлчлүүлэгч муу байсан. 23 цагаас 00 цагийн орчимд гаднаас 6 үйлчлүүлэгч орж ирсэн. Тухайн үйлчлүүлэгч нар караоке өрөөнд ороод тухайн ирсэн зочин караоке өрөөнд ороод хамт охид авч суудаг.
Хамт суусан охид нарт вино авч хамт суухыг хэлдэг. Тухайн өрөөнд 15 охид ороод тэр дундаас тухайн 6 үйлчлүүлэгч 3 Орос, 3 Монгол охин сонгогдоод суулт хийсэн.
Тухайн өрөөнд хамт суусан хоёр Монгол охин над руу байн байн муухай хараад байсан. Би тухайн байгууллагад орсон шинэ хүн учраас тийм үйлдэл гаргасан байх.
Ширээн дээр 2 вино орж ирээд 6 хүн хуваагаад уугаад дууссан. Дахиад 2 шил вино орж ирээд би согтоод юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан орсон чинь караоке өрөөнөөс гарсан охидын өрөөнд намайг зөөгч охин түшсэн нэг туранхай тайрмал үстэй охин бас тэр охинтой байнга хамт яваад байдаг охин байсан.
Би тэр хоёрын нэрийг мэдэхгүй байна. Тайрмал үстэй охин нь намайг өшиглөөд гараараа далайгаад байж байсан. Тэр охиныг менежер нь аваад явсан. Тэгээд би босоод хартал миний хамар цус болсон хамар шархирч өвдөөд нуруу өвдөөд, хамаг бие даагдахгүй өвчтэй болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дахь тал/
Гэрч О.Э*****************ын өгсөн “ ... А********** гэх шинэ ирсэн эмэгтэй маш их согтсон байсан тэгээд хүмүүсинй хувцас хунар луу бөөлжөөд шүлс хаясан байдалтай тэгээд нөгөө охид бөөөлжсөө цэвэрлэ гээд хэлэхэд хэлсэн хүн болгонтой хэрүүл маргаан хийгээд байсан. ... Дөлгөөн гэж дууддаг жинхэнэ нэр нь Б**********, А********** гэх эмэгтэйд шаардлага тавьсанаас болоод маргаан гарч эхэлсэн. А********** маргалдаж байгаад босохдоо намайг үсдээд аваад унасан бид нарөндөр өсгийтэй гутал өмсдөг согтуудаа тэгж унасан уу албаар намайг татаж унасан уу мэдэхгүй байна. Тэгээд Дөк А**********ийн гарыг тавиулах гээд дээр нь гараад суусан байсан. Би үсдүүлсэн байж байгаад нөгөө хэдэд гарыг нь тавиулдаа гэж хэлээд эргээд харсан чинь миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа жийсэн. Тэгээд миний турсикнээс татаад турсик ураад давхар миний баруун талын хөхнөөс доош хэвлий хүртэл урсан. ... Сүүлд Дөлгөөн буюу Б********** ажлаас гараад явж байгаад хоолны газар ороод ярьж сууж байхад “миний гарыг хазаад үсдээд нүүр лүү нулимахаар нь хамар луу нь цохьсон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дах тал/
Ц.Б**********ийн яллагдагчаар өгсөн “ ... А********** нэг үйлчлүүлэгчийн өмд дээр бөөлжсөн тэгээд нөгөө хүмүүс уурлаад гараад явсан. ... А********** тэнд байсан хүмүүс рүү харааж доромжилж эхэлсэн. ... Халиунаагийн үснээс зулгааж аваад доош дарсан тэгэхээр нь би А**********ийг газар унагаад хоёр гарыг нь бариад дээр нь гараад суусан. Тэгсэн чинь ... Халиунаагийн нүүр лүү А********** өшиглөсөн тэгэдэ би Халиунаагийн нүүр лүү өшиглөсөн үү гээд асуусан чинь тэгсэн гэх хэлэхээр нь би А********** гэх охины нүүр хэсэгт нь 3-4 удаа гараараа цохьсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 65, 66 дах тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №12529 дугаартай
“1. Б.А**********ийн биед хамар ясны хугарал, зүүн хөх, тохой, гуя, баруун эгэм, бугалга, өгзөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт. /хэргийн 36-37 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б********** нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ч**** нэртэй бааранд хамт ажилдаг Б.А**********ийг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн хөх, тохой, гуя, баруун эгэм, бугалга, өгзөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайучруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б********** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Б.А**********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Б**********ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Б.А**********ээс дансны хуулгаар 420868 төгрөг, НӨАТ-ын баримтаар 529307 төгрөгийн баримт шүүхийн шатанд гаргаж өгсөн байна.
Хохирогч Б.А**********ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад түүний нэхэмжилж байгаа 420,868 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна. Мөн ирээдүйд хийгдэж болох эмчилгээний урьдчилсан байдлаар тодорхойлсон Принцесс эмнэлгийн 3,900,000 төгрөгийн тодорхойлолтыг бодитоор учирсан хор уршигт тооцох боломжгүй байна.
Иймд хохирогч Б.А********** нь өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хор уршиг зэргийг нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Харин НӨАТ-ын баримтаар тогтоогдсон 529,307 төгрөгөөс шүүгдэгчийн урьд төлсөн 400,000 төгрөгийг хасч үлдэх 129,307 төгрөгийн төлбөр тогтоогдлоо.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хуралдааныг түр завсарлуулж, хохирол төлөх хүсэлт гаргассан ба уг хугацаанд шүүгдэгч шүүхээс тогтоосон 129,307 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Ц.Б**********ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч нь “нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагаар оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б**********ийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, төлбөр төлсөн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш********** овогт Ц*********ы Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б**********ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б**********ийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б********** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баимтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Б********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.А********** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ