| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/1092/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1400 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1400
2025 5 26 2024/ШЦТ/1400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч М.Б**********, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Г**** овогт М******ын Б**********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2503000000*** дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, CU сүлжээ дэлгүүрт мужаан, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 85а байр 43 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г**** овогт М********ын Б**********. /АР91091815/
Шүүгдэгч М.Б********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр МҮОНТ-ийн хойд талын замд Toyota Prius маркийн **-** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б********** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1.83% согтолттой гэх тэмдэглэл. /хэргийн 3-4 дэх тал/
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа 2024 оны 08 дугааp сарын 15-ны өдөр эрх хасагдсан гэх тэмдэглэл. /хавтаст хэргийн 23 дахь тал/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-8 дахь тал/
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2009 дугаартай “Г**** овогт М********ын Б********** /РД:********/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэсэн шийтгэврийн хуулбар. /хэргийн 10-11 дэх тал/
М.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “Миний бие жолоодох эрхгүй үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудалдаа үнэхээр харамсаж гэмшиж, буруугаа ойлгон ухамсарлаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр МҮОНТ-ийн хойд талын замд Toyota Prius маркийн **-** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Б********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Toyota Prius маркийн **-** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял” оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь 3,000,000 төгрөгөөр торгож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч М.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэн, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г**** овогт М********ын Бат-эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б**********д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б********** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Б**********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б**********д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан М.Б**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ