| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/1221/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1477 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1477
2025 6 03 2025/ШЦТ/1477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Э.Оргилбат,
шүүгдэгч С.М********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х******** овогт С******************ын М**********ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2310014430*** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.М********** нь 2023 оны 03 дугаар сарын 30-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо "Нью Гарден" хотхоны 1424 дүгээр байрны 5 давхрын 14 тоотоос "Ай ваач сейр 1" маркийн цаг 1 ширхэг, бренд тодорхойгүй цаг 1 ширхэг, 50 граммын "Диор савайж" нэртэй үнэртэй ус 1 ширхэг, Жордан 10 нэртэй пүүз 1 ширхэг, Сваровски загварын цаг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн авч, хохирогч Т.Г**********т 1.044.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М********** мэдүүлэхдээ “Тухайн өдөр би ажилтай байсан бөгөөд тоолуурын заалт авч байхад түлхүүр байсан. Тэрхүү түлхүүрээр уг гэр рүү орж гал тогооны өрөөнөөс нь 3 ширхэг мөнгөн аяга авсан.
Жижиг өрөө рүү нь орж цаг, үнэртэй ус зэргийг авсан. Тэгээд гарах гэж байсан чинь үүдэнд нь пүүз байсан. Тухайн пүүзийг аваад шууд гарсан. Тэр өдрөөс хойш ажил дээрээ очоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / хэргийн 9-13 дахь тал/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 14 дэх тал/
Хохирогч Т.Г**********ын мөрдөн байцаалтад өгсөн "Би өнөөдөр 08 цагт гэрээсээ гарсан. Манай эхнэр 10 цагийн үед гэрээсээ гараад би 18 цаг 30 минутын гэртэй ирсэн. Тэгээд ирээд гал тогоондоо хоол хийж байгаад харахад үүдэнд байсан пүүз алга болсон байсан. Манай эхнэр 20 цагийн үед ирээд би пүүз асуухад хараагүй гэсэн. Би гэрээ шалгахад манай гэрээс цаг, мөнгөн аяга, пүүз зэрэг зүйл алга болсон байсан.
Манай гэрийн түлхүүр нэг болоод үүдний хажуу талын төмөр хаалганд хийсэн. Сангийн хоолой байдаг. Өнөөдөр ус тасарсан гэж оршин суугчид фейсбүүк группт бичсэн байсан. Орой ирэхэд хаалга хэвийн түлхүүр үлдээсэн газар болох хаалганы хажуу талын төмөр хаалгатай сангийн тоолуурт өлгөөтэй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дахь тал/
"Дамно" ХХК-ийн 2023 оны 30 дугаар сарын 30-ны өдрийн ХУ2-23-277 дугаартай алдагдсан "ай вач сейр 1" маркийн цаг 1 ширхэг, бренд тодорхойгүй цаг 1 ширхэг, 50 граммын "Диор савайж" нэртэй үнэртэй ус 1 ширхэг, Жордан 10 нэртэй пүүз 1 ширхэг, Сваровски загварын цаг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг 1.044.600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 26-27 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч С.М********** нь 2023 оны 03 дугаар сарын 30-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо "Нью Гарден" хотхоны 1424 дүгээр байрны 5 давхрын 14 тоотоос "Ай ваач сейр 1" маркийн цаг 1 ширхэг, бренд тодорхойгүй цаг 1 ширхэг, 50 граммын "Диор савайж" нэртэй үнэртэй ус 1 ширхэг, Жордан 10 нэртэй пүүз 1 ширхэг, Сваровски загварын цаг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн авч, хохирогч Т.Г**********т 1.044.600 төгрөгийн хохирол учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.М********** нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор, хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын өмчлөлөөс нууцаар авсан, мөн түүнийг нэвтрэхийг зөвшөөрөөгүй орон зай буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан ба хохирогч Т.Г**********т 1,044,600 төгрөгийн хохирол учирсан байх ба уг хохирол төлөгдөөгүй байх тул түүнийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох саналтай байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.М**********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч С.М********** нь 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 41 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******** овогт С******************ын М**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.М**********ад 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.М**********ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.М**********ын баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.М**********аас 1.044.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Г**********т олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.М**********ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ