| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/02534/И |
| Дугаар | 101/ШШ2022/01499 |
| Огноо | 2022-04-04 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/01499
2022 04 04 101/ШШ2022/01499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ххххх, дүүргийн хххххх хороо, ххххххх гудамжны 00000 тоотод оршин суух хххххххх овгийн Э.М /000000 /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххх дүүргийн, хххх хороо, хххххх гудамжны 0000 тоотод оршин суух хххххх овгийн Ч.Б /00000000 /-д холбогдох,
Газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, С.Э, хариуцагч Ч.Б, нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Т , С.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.М нь ххххх дүүргийн ххххх хороо, хххх гудамжны 0000 тоотод байгаа 203 м.кв газрын өмчлөгч юм. Ковидын хөл хорионы үед 14 хоногийн хугацаанд хариуцагч хана барьсан байсан. Хүүхдүүд маань 10-р хороололд байр авч өгөхөөр нь бид нүүгээд байшингаа охиндоо шилжүүлтэл хариуцагч ороод хана барьсан байсан. Хариуцагч өмнөх ханыг нураахгүй, нураана гэвэл 10 сая төгрөг өг гэсэн. Бид чадахгүй тухайгаа хэлсэн. Газраа чөлөөлүүлж авмаар байна гэв.
Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тоосгон хашааг авах боломжгүй, харин дээр нь байгаа модон хашаагаа авч болж байна. Би өмнө шүүхэд тайлбараа дэлгэрэнгүй гаргаад яагаад хашаа барьсан тухайгаа тодорхой бичсэн байгаа. Хэрэв тоосгон хашааг буулгана гэвэл барьсан мөнгөний зардлыг яах вэ, надад тэр барьсан хашааны үнийг төлөх ёстой. Энэ хүмүүс хазгай газрыг ухаад манай газарт тулгаад ирсэн, тэгээд ухсан газраа засдаггүй нуралт үүсгээд байсан учраас хашаа барьж хамгаалсан тэгэхгүй бол манай байшин нурах, байшингийн сууринд нөлөөлөхөөр байгаа гэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд Хххххх дүүргийн хххх хороо, дунд ххххх гудамжны 000 тоотод орших 203 м.кв газрын гэрчилгээ, гэрэл зураг, кадастрын зургийг /хавтаст хэргийн 3-5 дахь тал/, Хариуцагч татгалзлаа илэрхийлж тайлбар, гэрэл зураг, кадастрын зургийг /хавтаст хэргийн 15-37, 46 дахь тал/, Шүүхийн журмаар Газар зохион байгуулалт, Геодези,зураг зүйн газраас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн 2022/02 тоот хэмжилтийн дүгнэлтийг /хавтаст хэргийн 78-80 дахь тал/ тус тус хэрэгт нотлох баримтаар авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М, хариуцагч Ч.Б-д холбогдуулан Хххххх дүүргийн хххх хороо, дунд хххх гудамжны 000 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000, нэгж талбарын 000000000000 дугаартай, 203 м.кв газрын 71 м.кв газраас хариуцагчийн хууль бус эзэмшлийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан бөгөөд модон хашааг чөлөөлж болно, цементэн хашааг хэвээр байлгана, хэрэв чөлөөлбөл тоосгон хашаа барьсан зардлаа төлүүлнэ гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Э.М , эрхийн улсын бүртгэлийн Г-000000000, нэгж талбарын 000000 дугаартай, 203 м.кв газрын өмчлөгчөөр 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Хариуцагч Ч.Б нь хөрш залгаа газрын буюу мөн дүүрэг, хорооны дунд ххххххх гудамжны 0000 тоотод орших 362 м.кв газрын өмчлөгч байна.
Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь хил залгаа орших нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр тоосгон хашаа барьж дээгүүр нь модоор өндөрлөсөн үйл явдлын талаар маргаагүй байна. Гагцхүү нэхэмжлэгч газраа зохих ёсоор, хил залгаа орших хөрш хариуцагчийн аюулгүй байдлыг хангахуйц хэмжээнд газраа ашиглаагүйгээс хариуцагч бэхэлгээ хийн тоосгон хашаа барьсан гэх тайлбарыг гаргаж, талууд маргаж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газрыг эзэмшиж, ашиглах явцдаа хариуцагчийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэх, эд хөрөнгөд нь хохирол учруулахуйц байдлаар ашигласнаас үүдэн хариуцагч өөрийн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хил, заагийг давж, 71 м.кв газар дээр түүний зөвшөөрөлгүйгээр тоосгон хашаа, хамгаалалт барьсан гэх тайлбар нь түүний үйлдлийг зөвтгөхгүй. Хэрэв нэхэмжлэгч өмчлөлийн газраа зүй зохистой ашиглаагүй, хил залгаа орших хөрш буюу хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахуйц, хариуцагчийн барьсан байшинг нурах, түүний өмчлөлийн газарт аюул учруулахаар байвал энэ нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар нэхэмжлэгчид хориглогдоно.
Нэхэмжлэгчийн газраа ашиглаж байгаа байдлаас шалтгаалан хариуцагчийн барьсан байшинг нурах, түүний өмчлөлийн газарт аюул учруулахаар байвал хариуцагч уг үйлдлээ зогсоохыг, аюулыг зайлуулах арга хэмжээ авахыг болон хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсанаар газрын хэвгийг ухахгүй байхыг, ухсан газартаа бэхэлгээ хийх, хүчитгэхийг шаардах, шаардлагыг хүлээн аваагүй нөхцөлд эрх бүхий этгээдэд гомдол гарган албадлагын журмаар эрхээ хамгаалуулах, аюулгүй байдлаа хамгаалуулах эрхтэй.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт дур мэдэн халдаж тоосгон хашаа барьж тусгаарласан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрх, өмчлөлийн газраа эзэмших эрхийг зөрчиж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар хариуцагчийн барьсан хашааг буулгуулах, газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна. Мэргэжлийн байгууллага болох Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газраас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн 2022/02 тоот хэмжилтийн дүгнэлтээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт нэвтэрч 71 м.кв газрыг хашаалсан болох нь тогтоогдсон. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн зөвшөөрөл, хууль ёсны шаардлагагүйгээр түүний өмчлөлийн газраас 71 м.кв газрыг тусгаарлан хашаалсан нь хууль бус эзэмшил болно.
Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн Хххххх дүүргийн ххххх хороо, ххххх гудамжны 0000 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000, нэгж талбарын 00000000000 /хуучин нэгж талбарын 000000000000 дугаартай/ дугаартай, 203 м.кв газрын хариуцагчийн эзэмшилд байгаа тоосгон хашаагаар тусгаарлагдсан 71 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр хариуцагчийн барьсан тоосгон хашааг буулгаж газрыг чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.М /0000000 /-ийн өмчлөлийн Хххххх дүүргийн ххххх хороо, ххххх гудамжны 0000 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000, нэгж талбарын 0000000 /хуучин нэгж талбарын дугаар 000000000/ дугаартай, 203 м.кв газарт хариуцагч Ч.Б /000000000/-ны барьсан тоосгон хашааг буулгаж, хашаагаар тусгаарлагдсан нэхэмжлэгч Э.М-ын өмчлөлийн 71 м.кв газрыг хариуцагч Ч.Б-ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Б-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.М д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ