| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2002005510351 |
| Дугаар | 2021/ДШМ/307 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/307
2021 3 25 2021/ДШМ/307
Х.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бямбадагва,
шүүгдэгч Х.Агийн өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэнцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлоор Х.Ад холбогдох 2002005510351 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х.А,
Шүүгдэгч Х.Алтаншагай нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын билетийн касс руу явах замдаа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны үед 495,7 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, түүж бэлтгэсэн,
улмаар 2020 оны 9 дүгээр сарын 20-ны үеэс 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 109 дүгээр гудамжны 4б тоот хашаанд байрлах Монгол гэрт 2 хэсэг гялгар уутны хамт нийт 81,4 грамм жинтэй,
Монгол гэрийн хажуу талын байшинд “Вояж” усны саванд хийсэн цэвэр жин нь 172 грамм болон 2 хэсэг гялгар уутны хамт нийт 241 грамм жинтэй,
Мөн өөрийн биедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гялгар уутны хамт 1,3 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Х.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн Х.Аг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, шүүгдэгч Х.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 5-д дурдсан “71 грамм жинтэй хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 8,0786 грамм жинтэй улаан өнгийн гялгар уутанд боосон ургамал мэт зүйл, 172 грамм жинтэй “Вояж” цэвэр усны саванд хийсэн өвс мэт зүйл, 215 грамм жинтэй цэнхэр судалтай гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 15 грамм жинтэй цагаан өнгийн гялгар уутанд боосон ургамал мэт зүйлийг” тус тус устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Ан иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/139 тоот шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ад оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч Х.Ан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Х.Аг нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн энэ 2 заалтын бүх шаардлагыг шүүгдэгч Х.А бүрэн хангасаар байтал шүүх хэрэглээгүйд гомдож байна.
Монгол Улсын эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч Х.А нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, дахин ийм алдаа дутагдал огт гаргахгүй байж чадна гэдгээ илэрхийлсээр байгаа.
Иймд Х.Агийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг нь хөнгөрүүлэн шийдвэрлэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/139 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэдийгээр шүүгдэгч Х.А нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруу дээрээ маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч түүний холбогдсон гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг байгаа. Бусад гэмт хэргээс нийгмийн аюул, хор уршиг өндөр гэж авч үздэг. Иймд анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.А нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын билетийн касс руу явах замдаа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны үед 495,7 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар 2020 оны 9 дүгээр сарын 20-ны үеэс 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 109 дүгээр гудамжны 4б тоот хашаанд байрлах Монгол гэрт 2 хэсэг гялгар уутны хамт нийт 81,4 грамм жинтэй,
Монгол гэрийн хажуу талын байшинд “Вояж” усны саванд хийсэн цэвэр жин нь 172 грамм болон 2 хэсэг гялгар уутны хамт нийт 241 грамм жинтэй,
мөн өөрийн биедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гялгар уутны хамт 1,3 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Х.Агийн яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэрэгтэй их гэмшиж, болохгүй зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. ...” /хх 58-60/ гэсэн мэдүүлэг,
Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...тестээр үзсэнээс хойш 2 минутын дараа тестийн үр дүн нь /OPI-MET-TML-LSD-AMP-MOR-KET-COC-MDMA-THC/ гэсэн 10 төрлийн бодисоос ТНС төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5800 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Х.А ДЮ91069912 2020.10.20” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Х.А ДЮ91069912 2020.10.20” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannibinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannibinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” дүгнэлт /хх 40-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5800 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “1” гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан улаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан “Yoyage” усны савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан цэнхэр судалтай гялгар ууттай ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannibinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannibinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. ...” дүгнэлт /хх 46-50/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-10/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /хх 21-23/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Х.Агийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг байгалиас түүж хэрэглэсэн, улмаар хэрэглээндээ зориулан хадгалж байсан үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт “...ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Агийн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Агийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Цаашид, мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудлуудын талаар:
Нэг. Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Аг гэрч болгож, тэрээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж,
мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж,
мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрчид хамааруулж, гэрчээр мэдүүлэг өгч болох оролцогчийн хүрээг өргөжүүлэн хуульчилсан нь өмнөх процессын хуульд заасан гэрч нь тухайн хэрэгт холбогдолгүй байх гэсэн агуулгаас өөрчлөгджээ.
Мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээллийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэснийг ноцтой зөрчсөн эсэхэд анхаарах ёстой.
Гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж, тэр хүнээс гэрчийн мэдүүлэг авсан үйлдлийг яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно.
Харин гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй үед ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэрч нь өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” болохыг тусгайлан тайлбарласны дараа зөвшөөрсөн тохиолдолд мэдүүлэг авсан байдалд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
Нууц эх сурвалжаас шууд нэр заасан, хамаарал бүхий нотолгоо бий болсон буюу эд мөрийн баримтаа гаргаж өгсөн Х.Ад худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан нь хууль зөрчжээ.
Хоёр.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “... нууц эх сурвалжаас ирүүлсэн мэдээлэлд ... үндэслэсэн” талаар тусгажээ.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн хэм хэмжээний биелэлт, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах зорилгоор Эрүүгийн хуульд дараах хэм хэмжээг хуульчлан тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.12 дугаар зүйл/Хууль бусаар мөрдөж мөшгих/-ийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол ...”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол ...”,
мөн хуулийн 21.13 дугаар зүйл/Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/-ийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол ...”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол ...” тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд уг хэм хэмжээнүүдийн агуулга нь дээрх үйлдлүүдийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Гүйцэтгэх ажилд үндэсний болон нийгэм, төр, иргэний аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шуурхай, тасралтгүй байх, нууц хамгаалах зарчмыг удирдлага болгоно” гэж заажээ.
Нууц эх сурвалжаас мэдээлэл авах ажиллагаа Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хүрээнд явагдсан талаар баримтууд хавтас хэрэгт байхгүй байгаа нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх талаарх байдлыг дүгнэхэд шүүхэд эргэлзээ бий болгож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна” гэж,
мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллаагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана.” гэж,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд хавтас хэрэгт нууц ажиллагааны магадлагаа авагдаагүй байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, хавтаст хэрэгт тусгагдсан нууц мөрдөн шалгах ажиллагаа болон гүйцэтгэх ажилтай холбоотой бүх баримт, мэдээлэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, бэхжүүлсэн эсэхийг хянах асуудал шүүхийн хэлэлцүүлгийн хүрээнд нээлттэй бөгөөд яллаж буй тал уг асуудлыг шүүхэд танилцуулах үүрэгтэй болохыг тодорхойлсон гэж үзнэ.
Учир нь, төрийн нууц, түүний бүх зэрэглэлд хамаарах мэдээлэл агуулсан эсэхээс үл хамаарч Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан, хэргийг хянан шийдвэрлэх гэж буй шүүх нь тухайн хэрэгт холбогдох бүх арга хэмжээ, нотлох баримттай танилцах, уг нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн эсэхийг хянах эрхтэй бөгөөд энэ нь “Шүүх эрх мэдэл”-ийн хувьд төрийн зүгээс хийгдсэн аливаа ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, түүнийг хууль зүйн арга хэрэгслээр баталгаатай хангах үндэс, суурь болно.
Мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт хавтаст хэрэгт тусгагдсан тохиолдолд уг баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой баримт мэдээлэлтэй холбогдсон хэргээ шийдвэрлүүлэх гэж буй этгээд, түүний өмгөөлөгч зайлшгүй танилцах эрхтэй бөгөөд зөвхөн шүүх танилцаж, мэтгэлцээний нэг талд танилцуулагдаагүй “нууц баримт”-ыг хэргийг хянан шийдвэрлэхэд ашиглаж болохгүй.
Мөрдөн шалгах нууц ажиллагааны баримтыг цуглуулах, бэхжүүлэхээс бусад буюу шалгах, үнэлэхэд тавигдах шаардлага нь бусад нотлох баримтад тавигдах нийтлэг шаардлагатай ижил түвшинд байх ёстойг анхаарах нь зүйтэй.
Мөрдөн шалгах нууц ажиллагаанаас гадна гүйцэтгэх ажлын баримт хууль ёсны болохыг тогтооход уг ажиллагаа “Гүйцэтгэх ажлын тухай хууль”-д заасан зорилго, зарчимд нийцсэн эсэх, гүйцэтгэх ажил явуулах үндэслэл хамаарч байгаа эсэх, хууль болон зөвшөөрөлд заасан ажиллагаа явуулах хүрээ, бүрэн эрхийн хүрээнд тус тус хийгдсэн эсэх зэрэг ажиллагааг зайлшгүй хянаж дүгнэлт хийдэг.
Дээрх үндэслэлүүд нь мөрдөн шалгах нууц ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимд нийцсэн эсэхийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох нэг үндэслэл болно.
“Мөрдөн шалгах нууц ажиллагаа”-ны баримтаас гадна бусад нотлох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, эсхүл зайлшгүй уг баримтыг бусад баримтуудтай хамтад нь үнэлснээр хэргийн хянан шийдвэрлэх боломжтой эсэхэд шүүх дүгнэлт хийдэг тул нууц эх сурвалжтай холбоотой ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан талаарх баримтуудыг хуульд нийцүүлэн бэхжүүлж байх нь зүйтэй.
Дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Агийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР