Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч *******т холбогдох Эрүүгийн ******* дугаар хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 9-2 тоот хашааны гаднаас 2017 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 00 цагийн орчимд иргэн ******* эзэмшлийн 52-52 БНЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эмээгийнхээс 23 цаг өнгөрч байхад Хүлэгбаатар ахын найз Умбазар ахын машинд суугаад арван мянгат руу айл руу явсан. Баянхонгор сумын 4 дүгээр баг 9 дүгээр гудамжны үзүүр дээр буугаад 4-9-2 тоот хашааны үүдэнд данхраадтай байсан цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг түрсээр байгаад нарийн гудамжны наад талын хашааны догол хэсэгт ирээд кондукторын утсыг нь салгаж асаагаад Баянхонгор сумын 48-27 тоотод байх эмээгийн хашаанд оруулж гэрийн ард данхраадаж тавьсан. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 цагийн үед би тус мотоциклийг унаад Жинст сумын 1 дүгээр багт байрлах гэртээ ирсэн. Тэгээд буцаад эмээтэй утсаар ярихад “ хүний мотоцикль унаад явчихсан юм уу, аваад ир” гэхээр нь буцаад ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 42-44/

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед эхнэр Алтанцэцэгийн хамт өөрийн 52-52 БНЗ улсын дугаартай цэхнэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой Баян-Овоо сумын 2 дугаар баг “Хөрзөн хороот” гэх газраас Баянхонгор сумын төвд орж ирсэн. Орой 23 цагийн үед Баянхонгор сумын 4-9-2 тоото байх Нэргүй гэх айлд ирээд хашааны гадна талд мотоциклио данхраадаж үлдсэн. Тэр айлд банш хийж байгаад гараад хартал мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би тус мотоциклийг 2015 оны 6 дугаар сард 1550000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний мотоциклийг үнэлгээний комисс 500000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. *******аас бэлнээр 150000 төгрөг авсан. Кондуктор, банкны таг, шинэ аккумлятор зэргийн авч өгсөн. Мотоциклийн ямар нэгэн эд анги эвдэрсэн болон сольсон зүйл байгаагүй тул ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр таскинд явж байтал Хүлэгбаатар над руу залгаад “ найз охин дээрээ очмоор байна хүргээд өгөөч “ гэхээр нь Баянхонгор сумын 4-8-26 тоотод хүргэж өгсөн. Гэтэл эргээд явахад ******* нь хамт явж байгаад гудамжны үзүүр дээр буучихъя гэхээр нь буулгаад явсан... гэх мэдүүлэг хх-ийн 29-30/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн “... ******* эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг 500000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 35-36/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2, /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 /, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 15-16, /, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 17/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / хх-ийн 18-19 /, насанд хүрээгүй шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 2096 тоот тодорхойлолт / 4-р хх-ийн 149/, иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар / хх-ийн 50-51 /, урьд ял шалгах хуудас/ хх-ийн 52/, нас тогтоох тухай тэмдэглэл, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэргийг шинжлэн судлав.

Насанд хүрээгүй яллагдагч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 9-2 тоот хашааны гаднаас 2017 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 00 цагийн орчимд иргэн ******* эзэмшлийн 52-52 БНЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн хохирогч *******... мэдүүлэг /хх-ийн 21-22 /, гэрч Б.Улбазарын ... мэдүүлэг /хх-ийн 29-30/, насанд хүрээгүй гэрч Х.Ганчулууны... мэдүүлэг /хх-ийн 31-32/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 36-37 зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч *******т аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул насанд хүрээгүй шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг зургаан сарын хугацаагаар хойшлуулсан байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар “...шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй ...” ялгүйд тооцох хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “... хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хор арилсан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаар илэрхийлсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн...” зэргийг харгалзан шүүгдэгч насанд хүрээгүй шүүгдэгч ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу насандд хүрээгүй шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Уг Эрүүгийн ******* дугаар хэрэгт ирсэн бичиг баримтгүй, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Насанд хүрээгүй шүүгдэгч *******ын өмчлөлийн “.улаан өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикль ..” бүхий битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож , дээрх зүйлсийн эзэмшигч *******т буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1- 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч М.Алангадасын өмчлөлийн...улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль ...битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг *******т буцаан олгосугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА