2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1552

 

 

 

 

 

 

 

 

   2025           6          12                                          2025/ШЦТ/1552

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

иргэдийн төлөөлөгч Л.Буянхишиг, А.Баярмаа,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Б.Г********, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр, Д.Ариунзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Гээнээ овогт Б********ын Г********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001830 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 48 дугаар байрны 24 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Гээнээ овгийн Б********ын Г********. /СФ88012631/

Шүүгдэгч Б.Г******** нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 24 тоотод хамт амьдарч байгаа өөрийн төрсөн эцэг болох Л.Б********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд хүзүүнд дарагдлын ором, ховч яс, хэлэн доорх ясны хугарал, цус хуралт, зүүн чамархай, дух, зулай, дагз, суурь яс, заадлын салаалсан шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун хөмсөгт, цээжинд шарх, эрүү, хүзүү, баруун, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, баруун тохой, нуруу, цээж, хэвлий, баруун, зүүн мөр, баруун өвдөг, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх бүхий хүнд гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар түүний хоолой хэсгийг хар өнгийн залгуураар боож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г******** мэдүүлэхдээ: “Хэрэг болох өдөр буюу 10 дугаар сарын 28-нд гадаа харанхуй байсан бөгөөд аав том өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

Тэгээд боль гэхэд миний яах чамд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь аав ууртай байна гэж бодоод жижиг өрөө рүүгээ явж байхад араас дуудаад хүйтэн уух зүйл аваад ир гэсэн. Тэгээд хүйтэн уух зүйл авч очоод хажууд нь юм яриад суухад харилцаа таарахгүй байсан учир босож явахад залгуураар цохисон байсан бөгөөд уг залгуурыг авч шидээд тэгээд цааш түлхсэн. Тэгтэл гартаа хутгатай босоод ирсэн учир би айгаад өөрт ойр залгуурыг аваад хоолойгоор нь боох шиг болсон.

Урьд өмнө нь намайг хоёр удаа хутгалж байсан учир айсан. Тэгээд аав доошоо хэвтээд өгөхөөр нь би жижиг өрөө рүүгээ ороод унтсан. Өглөө бостол аав өчигдрийн байрандаа яг хэвээрээ унтаж байгаа аятай байхаар нь сэрээгээд яах вэ гэж бодоод дэлгүүр ороод хажуу айл руугаа очсон.

Тэгээд эргээд гэртээ иртэл яг хэвэндээ байсан бөгөөд би гэдэс нь дээр гараараа дарахад амьсгалахгүй байсан. Тэгтэл хамт явж байсан хүмүүс аав чинь нас барсан байна гэж хэлээд гараад явсан. Тэгээд би яахаа мэдэхгүй байхаар нь араас нь гараад явсан. Тэгээд нэг мэдэхэд гадаа сандал дээр сууж байсан бөгөөд юу болсон бэ хэмээн бодож байгаад би эргэн очсон. Би аавыгаа хүндэлдэг, аавдаа хайртай. Би ааваасаа айдаг бөгөөд ийм зүйл хийсэндээ харамсаж байна” гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 11-25 дахь тал/

 

Цогцост үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл. /1дэх хавтаст хэргийн 27-32 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 120-122 дахь тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д***********гийн “Миний ээж Төмөрийн Нинагийн хамгийн бага дүү нь Лхамсүрэнгийн Б******** юм.

... Одоогоос 3-4 жилийн өмнө Улаанбаатар хотод орж ирээд Баянгол дүүргийн 20 дугаар хороо 48 дугаар байрны 24 тоотод хүү Г********тойгоо хамт амьдарч байсан” гэсэн мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 35-39 дэх тал/

“... Би шинжилгээ хийлгэхээс татгалзаж байна ... , надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/

 

Гэрч О.Т***********ийн “Манайх тус байранд 1999 оноос хойш амьдарч байгаа. Манай хажуу айл буюу 24 тоотод ямар хүмүүс байдгийг би мэдэхгүй, ямар ч байсан 60 орчим насны эрэгтэй таяг тулсан хөл муутай ах байдаг, нэрийг нь мэдэхгүй.

Тэр хүн байнга гэртээ болон гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэртээ янз бүрийн хүмүүс цуглуулаад архидаад байдаг. Согтуу хүмүүс гарч орохдоо хаалга үүд өшиглөдөг. Байнга цагдаа, түргэн ирдэг” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал/

 

Гэрч Б.Өлзийтулгын "2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би манай байрны залуу болох Одко гэх залуугийн гэрт нь 14 цагийн үед орсон. Тэгээд намайг гэрт нь ороход Одко гэх залуу нь өөрийнхөө аавтайгаа хамт гэртээ хоолоо хийгээд байж байсан бөгөөд би талийгаачаас тамхи авчхаад гэрээс нь гараад явсан.

Тэгээд тухайн өдрөөс хойш би Одко гэх залуутай уулзаагүй бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед манай гэрт Одко нь Б******** гэх эмэгтэйгийн хамт манайд орж ирээд Одко, Б********, Б********** нарын хамт манай гэрт байж байгаад нэг шил архи хувааж уучхаад Одко нь Б********гийн хамт манайхаас 18 цаг 50 минутын орчим гараад явсан.

Манай гэрт байх хугацаанд би Одкогоос аавынх нь талаар нь асуухад надад хэлэхдээ би аавыгаа Хэнтий аймаг руу нутаг руу нь таксинд суулгаад явуулсан гэж хэлж байсан. Тэгээд би Б**********ын гэрээсээ 20 цаг 13 минутын үед би Б**********ын хамт гэрээсээ Одкогийн манай гэрт үлдээсэн байсан ууттай зүйлсийг нь оруулж өгөх гээд Одкогийн гэрт нь очиход Одкогийн гэрт нь Б******** гэх эмэгтэй байж таараад хаалгыг нь онгойлгож өгсөн.

Тэгээд би Б**********ын хамт гэрт нь ороход Одкогийн аав нь том өрөөндөө нүүрийг нь юмаар бүтээсэн байдалтай байж байсан ба би Б**********ын хамт гэрээс нь гараад зугтаасан ба гэрт нь Б********, Одко нарын хамт үлдсэн. Тэгээд би гараад Б**********ын хамт цагдаа болон түргэнд дуудлага өгсөн.

Би гэрт нь ороход бол Б******** гэх эмэгтэй нь хаалгаа тайлсан бөгөөд би том өрөөнд нь ороход аав нь толгой дээгүүрээ юм нөмөрсөн байдалтай байсан ба би очоод сөхөөд үзэхэд битүү цус болсон байдалтай байхаар нь айгаад шууд Б**********ыг дагуулаад гараад явсан. Одко болон Б******** нарыг ямархуу байдалтай байсныг нь сайн анзаараагүй ээ" гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 45-47 дахь тал/

 

Гэрч Х.Б**********ын "2024 оны 10 сарын 29-ний өдөр /цагийг нь санахгүй байна/ өдөр гэгээтэй байх үед Өлзийгийн гэрээс Одкогийн гэрт нь орж архи уух зорилгоор очоод гэрийнх нь хаалгыг нүдэхэд Бөөлөө /бүтэн нэрийг мэдэхгүй/ хаалга тайлсан.

Бөөлөө хаалга тайлчхаад цаашаагаа алхаад явсан. Би Одкогийн гэрт нь ороод хартал Одкогийн аав нь /нэрийг нь мэдэхгүй/ том өрөөндөө дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Тэгэхээр нь айгаад Одкогийн гэрээс буцаж гараад Өлзийгийн гэрт нь орсон. Өлзийд хандаж Одкогийн аав нь үхчихсэн байна шүү дээ. Ээ пиздаа пиздаа гэж хэлсэн. Өлзий цагдаа руу шууд залга залга гэж хэлсэн. Тэгээд би 102-т дуудлага өгсөн" гэсэн мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 50-52 дахь тал/

" ... би тухайн үед архи их уугаад тасраад унтаад өгчихсөн юм байна лээ, тэр гурав хамт байж байгаад Бөөлөө буюу Д*********, Одко буюу Г******** нар нь гараад явсан байна лээ намайг сэрэхэд байгаагүй тэгээд Өлзийтулгын хамт нэмж архи авахаар гэрээс нь гарч явж байхдаа Одкогийн гэр рүү орж Одко байгааг үзье гээд гэрт нь орохоор болоод хаалга нь цоожтой байхаар нь тогшитол Бөөлөө хаалга тайлсан гэрт ороход Г********, Д********* хоёр хоёулаа байж байсан тэгтэл том өрөөнд нь аав нь дээшээ харсан байдалтай шалан дээр хэвтэж байсан. Дээгүүрээ хувцасгүй доогуураас ямар хувцастай байсныг санахгүй байна гэхдээ хувцасгүй байгаагүй. Би Өлзийтулгыг гаръя гаръя гээд гэрээс нь гараад цагдаад дуудлага өгсөн ..., ... 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өлзийтулгын хамт Г********ын гэрт нь орж нэг шил архи хувааж уухад аав нь байж байсан, биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй, толгойгоо маарлаар боочихсон байх шиг байсан" гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/

 

Гэрч А.О********ийн "2024 оны 10 дугаар сарын 28-ны орой буюу 23 цаг 40 минут өнгөрч байхад манай гэрт манай хүү болох Тэмүүлэнгийн хамт гэртээ байж байсан юм.

Тэгэхэд манай дээд талын айлын хүмүүс хоорондоо зодолдоод байгаа ч юм шиг эсхүл хоорондоо зодолдоод байгаа юм шиг чимээ гаргаад байсан. Тэгээд юу болоод байгаа талаар нь гайхаад байж байхад манай хүүхэд орой болчихсон байгаа юм чинь тоохгүй орхичих гэж хэлж байсан.

Тэгээд би шууд унтаад өгсөн ба өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бол ямар нэгэн чимээ бол гараагүй ээ" гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 59-60дахь тал/

 

Гэрч З.Д*********ын "2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчим Г********той уулзахаар гэрт нь ороход аавтайгаа хоёулхнаа байсан тухайн үед аав Б********ын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй.

Г********ын зүүн талын хацар хүзүүнд нь сорви байсан би юу болсон талаар тодруулахад гадаа гарч байгаад гэж хэлсэн, надад нарийн тодорхой хэлээгүй.

Г******** бид хоёр хаан банктай дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн хараа архи аваад Г********ын гэрт ороход Өлзий /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ болон түүний аавтай нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн архи ууж байхад Г******** нь аавтайгаа маргалдсан юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Архи ууж байгаад орой нь би гэртээ орж унтаад маргааш буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим Г********ын гэрт нь Г******** нь аавтайгаа хамт хоёулхнаа байж байсан хоорондоо маргалдаж муудалцсан зүйл болоогүй зүгээр байсан.

Би гэр рүүгээ орчхоод 1 цаг гарангийн дараа буцаж Г********ын гэрт ороход Г********ын аав Б******** нь гал тогоондоо дээшээ харсан байдалтай цээж нүцгэн, доогуураа өмдтэй, гэдэсний хүйсний тэндээ хуучин хагалгааны шархтай газар хэвтэж байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй хоёр гараа алдлаад хэвтэж байсан. Би амьсгалж байгаа үгүйг нь шалгахад цээж нь хөдлөхгүй байхаар хүзүү дээр нь дарахад хөдөлгөөн байгаагүй, би айгаад түргэн дуудах үед гаднаас Өлзий ирсэн, тэгээд Бодбаатарыг нас барчихсан байгааг хараад гэр рүүгээ яваад өгсөн, тэрний араас би гэр рүүгээ яваад орсон. Гэртээ ороод байж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн" гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 63-64, 67 дахь тал/

 

Гэрч З.Д*********ын дахин өгсөн "Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээс намайг ээж гаргаагүй би дүүгийн хүүхдийг харж өнжсөн. 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр би гэрээ цэвэрлэж байгаад диваны араас 0.75 литр архины талаас дээгүүр архи байсныг би ээжээсээ нууцаар өдөр 14 цагаас хойш уусан. Орой 18 цагийн орчим Г******** намайг утсаар дуудсан ямар утаснаас залгасныг мэдэхгүй байна. Би байрны дэлгүүр рүү явж байхад Г********, Өлзий, Б********** нар нь дэлгүүрээс гарч ирж таарсан.

Би дэлгүүрээс тамхи аваад Өлзийгийн гэр болох 3-р орцны 26 тоотод орж бид дөрөв 0,75 литрийн хараа архийг хувааж уусан. Тухайн үед Г******** нь их тайван байсан бид нартай инээгээд юм яриад сууж байсан. Г******** бид хоёр Өлзийгийн гэрээс 19 цагийн орчим гараад Г******** байрны дэлгүүр рүү явж нэмж архи авсан би гадаа нь хүлээгээд байж байсан.

Г******** дэлгүүрээс гарч ирээд Г********ын гэрт нь орсон гэрт нь ороод шууд гал тогооны өрөө рүү орж Г********ын хамт архи уусан тэр хэсэг хоорондох зүйлийг санахгүй байна. Гаднаас хаалга тогшихоор нь хаалга онгойлгож өгөхөд Өлзий, Б********** хоёр байсан тэр хоёр орж ирээд гэрэл асаагаад Өлзий Г********оос танай аав чинь хайчсан юм гэхэд Г******** юу гэж хэлсэн талаар санахгүй байна.

Өлзий, Б********** хоёр Б********ыг эвгүй болчихсон байна гэж хэлснийг санаж байна тэгээд тэр хоёр гараад яваад өгсөн би Г********од чи аавыгаа ийм болгоод байхдаа яадаг юм гэхэд Г******** уйлж байх шиг санагдаж байна юм хэлсэн үгүйг сайн санахгүй байна. Би Г********од хандаад ийм юм харж чадахгүй гэж хэлээд гараад яваад өгсөн. Би гэртээ ороод тасраад унтаад өгсөн. Намайг унтаж байхад цагдаа нар ирээд авч гарсан" гэсэн мэдүүлэг. /1дэх хавтаст хэргийн 79-81 дэх тал/

 

Гэрч П.Д*********гийн “... байрны гадаа сууж байхад гэрээс нь байнга чимээ гардаг байсан. Сонсохоор хүүтэйгээ маргалдаад байх шиг байсан..." гэсэн мэдүүлэг. /1дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/

 

Гэрч Г.Б************гийн "... Би хэрэг гардаг орой 20 цагийн орчим дэлгүүрээ хаагаад гэр рүүгээ орох гээд явж байхад байрны таньдаг ах Ө******** нь Г********ын гэрт орох гээд явж байна гээд нэг залуугийн хамт явж байсан. Удалгүй дэлгүүрээ нээгээд байж байхад цагдаа нар орж ирсэн, Би тухайн үед нь Г********ыг дахиад аавыгаа зодсон юм байх гэж бодсон ... . ... манай байрны хөгшин хүмүүс хүү нь зоддог гэж ярьж байсан. Нэг удаа нүд нь хавдчихсан явж байхаар нь асуутал уначихсан гэж надад хэлээд гадаа гараад байрны хөгшин хүмүүст машинд мөргүүлсэн гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /1дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 6180 дугаартай "Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн залгуур нь шинжилгээнд тэнцэнэ. Хар өнгийн залгуур дээрээс цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна" гэсэн шинжээчийн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 157-161 дэх тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 6181 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх шилний хэлтэрхийнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шилний хэлтэрхийнүүд дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна.

Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 6180 дугаартай хар өнгийн залгуур дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно" гэсэн шинжээчийн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 1164-165 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3277 дугаартай шинжээчийн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 170-173 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6185 дугаартай "Үзлэгээр хураан авсан гэх нунтаг хүрэн өнгийн зүйлд цус илэрсэн. Үзлэгээр хураан авсан гэх цус нь хүний цус байна. Уг цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна" гэсэн шинжээчийн дүгнэлт. /1дэх хавтаст хэргийн 241-243 дахь тал/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1109 дугаартай "Б.Г******** нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна" гэсэн шинжээчийн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 248-250 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн пүүзэн хос гутал дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов..., хар өнгийн пүүзэн хос гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Б.Г******** гэх завжны арчдасны ДНХ-ийн тогтоцтой тохирно" гэх шинжээчийн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 10-15 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3658 дугаартай:

 "1. Амь хохирогчид хүзүүнд дарагдлын ором, ховч яс хэлэн доорх ясны хугарал, цус хуралт, зүүн чамархай, дух, зулай, дагз, суурь яс, заадлын салаалсан шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун хөмсөгт, цээжинд шарх, эрүү, хүзүү, баруун, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, баруун тохой, нуруу, цээж, хэвлий, баруун, зүүн мөр, баруун өвдөг, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх, баруун 6,7,8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шилбэнд шарх, баруун 6,7,8-р хавирганы хугарал гэмтэл нь 1-сараас дээш хугацааны өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь 24-48 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Хүзүүнд үүссэн дарагдлын ором, ховч яс, хэлэн доорх ясны хугарал гэмтэл нь амь хохирогчийг шууд үхэлд хүргэсэн байна. Зүүн чамархай, дух, зулай, дагз, суурь яс, заадалын салаалсан шугаман хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, бусад гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Баруун 6,7,8-р хавирганы хуучин хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Амь хохирогч нь хоёр уушгины хатгалгаа, гуурсан хоолойн үрэвсэл, зүрхний архаг шигдээс, элэгний архаг үрэвсэл, сорвижил, хатуурал, дэлүүний архаг шигдээс, нойр булчирхайн архаг сорвижил, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөхгүй. Амь хохирогч нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдаж боогдсоны улмаас амьсгал бүтэж нас баржээ. Амь хохирогчийн цусанд спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 49-67 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Г******** нь өөрийн төрсөн эцэг болох Л.Б********тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь халдаж залгуураар хоолойг нь боож амь насыг нь хохироожээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Г******** нь Л.Б********ын амь насыг хохироосон өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иргэдийн төлөөлөгч нараас “шүүгдэгч Б.Г********ыг гэм буруутай болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна” гэсэн дүгнэлт гаргав.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар баримт гаргаж өгөөгүй, гомдол саналгүй, оршуулгын зардлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн ба, шүүх хуралдаанд энэ талаар бичгээр гаргасан хүсэлтээ ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Г********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих ангид эдлүүлэх” дүгнэлт гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр “Хэргийн зүйлчлэл дээр маргасан. Гэм буруу дээр бол маргаагүй. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, буруутай нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялыг хөнгөрүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунзориг “амь хохирочгийн зан төлөв, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хамгийн бага ялыг оноож нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г******** нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, мөн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл нийт 155 хоног цагдан хоригдсон байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн залгуур 1 ширхэг, шилний хэлтэрхийнүүд, "Хараа" нэртэй 3 ширхэг архины шил, хар өнгийн цамц 1 ширхэг, эрээн өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн куртик, хар юүдэнтэй цамц, эрээн өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн пүүзэн гутал 1 ширхэг, цэнхэр өнгөтэй ажлын куртик 1 ширхэг, цэнхэр өнгөтэй ажлын өмд 1 ширхэг, ногоон өнгөтэй хос пүүз, ягаан өнгөтэй цамц 1 ширхэг, 8. Хар өнгөтэй Дотоож 1 ширхэг, Д*********, Б.Г********ын завжны арчдас, Бор өнгийн ноосон оймс хос цаасан дугтуйтай биологийн дээж 2 ширхэг, хөвөн бамбартай биологийн дээж 2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гээнээ овогт Б********ын Г********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г********ыг 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Г********од оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г********ын цагдан хоригдсон нийт 155 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн залгуур 1 ширхэг, шилний хэлтэрхийнүүд, "Хараа" нэртэй 3 ширхэг архины шил, хар өнгийн цамц 1 ширхэг, эрээн өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн куртик, хар юүдэнтэй цамц, эрээн өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн пүүзэн гутал 1 ширхэг, Цэнхэр өнгөтэй ажлын куртик 1 ширхэг, Цэнхэр өнгөтэй ажлын өмд 1 ширхэг, Ногоон өнгөтэй хос пүүз, Ягаан өнгөтэй цамц 1 ширхэг, 8. Хар өнгөтэй дотоож 1 ширхэг, Д*********, Б.Г********ын завжны арчдас, Бор өнгийн ноосон оймс хос цаасан дупуйтай биологийн дээж 2 ширхэг, хөвөн бамбартай биологийн дээж 2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г********од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ

 

 

                                                ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                                                ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА