Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/330

 

 

 

 

      2021            4              1                                        2021/ДШМ/330

 

Ц.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Эрдэнэтуяа,

хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,  

шүүгдэгч Ц.Хгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлоор Ц.Хд холбогдох 2010024181049 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.Х,

 

Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” дотор үйл ажиллагаа явуулдаг “ЕОН” нэртэй бааранд Э.Тийг “тооцоо хийлцдэггүй” гэдгээр шалтаглан түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь духны ясны хөндийд урд хана, ухархайн дээд ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харгана овгийн Цогтбаатарын Ц.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Ц.Хд оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 4 сарын хугацаанд биелүүлэхийг, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, хохирогчийн өмгөөлөгчийг хөлсөнд төлсөн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Хд шүүхээс 600.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэсэн нь миний эрүүл мэндэд учруулсан хохиролд маш хөнгөгдсөн шийтгэл боллоо гэж үзэж байгаа. Тухайн зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх ёстой байсан гэж миний хувьд үзэж байна. Учир нь, мөрдөн шалгах ажиллагаанд уг хэрэг шалгагдаж байхад, миний зүгээс мөрдөгчид хандан эрүүл мэндээрээ хохирсон асуудлын талаар ярихад шалгаж байгаа мөрдөгч нь байнга надад “Ц.Хтэй эвлэр” гэдэг шаардлагыг тавьдаг байсан бөгөөд мөн надад шүүх эмнэлэгт үзүүлж бас болдог талаар хэлдэггүй, сануулдаггүй байсан.

Би анх ээжээсээ айгаад, нуугаад Ц.Хд мөргүүлж цохиулснаа хэлэхгүй явж байсан. Гэвч нэг гэрт амьдардаг болохоор ээж маань намайг хараад, миний нүд харагдахгүй болтлоо хаагдаж хавдсан, хөхөрсөн байдалтай байгаа зэргийг хараад “чи хэнд зодуулсан юм бэ” гэж асууснаар ээждээ хэлсэн.

Дараа нь ээж маань өмгөөлөгчөөс хүүгийн нүдийг цохиж гэмтээсэн хүн хагалгаа хийлгэх төлбөр төлөхгүй байна гэж зөвлөгөө авахад, ээжид хүүхдийн чинь хагалгаа эмчилгээний хохирол төлбөрийг өгөхгүй бол хуулийн дагуу шүүх эмнэлэгт үзүүлж болдог, хэрэв гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг үүснэ, ном журмаар нь яваад хохирол, хагалгаа, эмчилгээний төлбөрөө гаргуулж авах боломжтой” гэдэг зөвлөгөөг өгсөн байдаг.

Ингээд миний гаргасан өргөдлийн дагуу ээж маань Цагдаагийн байгууллагад ирж мөрдөгчтэй уулзаж, хүүгээ шүүх эмнэлэгт үзүүлмээр байна, таниас тогтоол авч явдаг гэнэ, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоолыг нь гаргаж өгөөч” гэсэн шаардлагыг тавьж байж, арай гэж тэр бичгийг авахад мөрдөгч аль эрт шүүх эмнэлэгт үзүүлэх бичгийг гаргасан байсан атлаа надад зориуд өгөхгүй, “Ц.Хтэй эвлэр” гээд байсан байна. Ээж маань мөрдөгчид хандан “чи аль эрт энэ бичгээ гаргасан байж эртхэн өгчихгүй” яасан бэ гэж хэлж байсан.

Одоо сүүлд бодоход ээжийг шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоолыг мөрдөгчөөс шаардаж, нэхэж аваагүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй бол мөрдөгч гэмтлийн зэрэг гараагүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй гэдэг байдлаар наана нь Зөрчлийн тухай хуулиар Ц.Хг торгосон болоод өнгөрөх, уг хэргийг хаах зорилготой байсан байна гэдгийг хожим би бодож байгаа.

Би мөн анх Ц.Хг найз гэж бодож, цагдаа, шүүх гээд яваад яахав, миний хагалгаа, эмчлгээний төлбөрийг төлөөд намайг хагалгаанд оруулчих юм бол би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад яахав гээд ээждээ хүртэл Ц.Хг цохиж, зодсоныг хэлээгүй явсан юм.

Гэтэл Ц.Х шүүх хурал дээр намайг болон ээжийн минь нэрийг оруулж үндэслэлгүй мөнгө нэхсэн, шуналтай мэтээр ойлголт төрүүлсэнд, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон хохирогч би маш их гомдож байна.

Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжил гэж зааж, дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хохирогч миний зүгээс хагалгаа, эмчилгээ, бусад зардлын тооцоо, баримтыг хуулийн дагуу бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн байгаа. /хохирогчоос гаргасан тооцоо хх 71, “Оргил” сувилал ХХК-ийн нэхэмжлэх хх 72, “Эм Би Жи Мед”-ийн нэхэмжлэх хх 74, комьютер томографийн оношлогоо хх 75/

Би ажил эрхэлдэггүй, цалин орлогогүй, оюутан гэдэг нь баримтаар тогтоогдож байхад (хх 86 дугаар талд Хүмүүнлэгийн ухааны сургуулийн баримт, хх 87 дугаар талд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн сургуулийн тодорхойлолт) шүүх намайг хаанаас хагалгааны төлбөр олоод Ц.Хгийн надад учруулсан хагалгааны мөнгийг төлөөд, хагалгаанд орсны дараа нэхэмжлэлээ гарга гэх байдлаар хохирогчийн эрүүл мэндийг бодохгүй, хатуухан хэлэхэд шүүх намайг хохироод үлд гэдэг байдлаар шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.

Шүүхэд хохирогч надаас хагалгаа, эмчилгээ хийлгэх зардлыг тооцсон баримт, холбогдох эмнэлгийн нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байхад ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй мэт дүгнэж, иргэний журмаар нэхэмжил гэж цалин орлогогүй, оюутан надад биелэгдэх боломжгүй лоозон мэт шийдвэр гаргалаа.

Тодруулбал, миний шүүхэд гаргаж өгсөн дээрх эмнэлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шүүх үнэлээгүйд гомдож, хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч Ц.Хд хүчтэй мөргүүлсний улмаас миний биед: 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 13227 дугаар шинжээчийн дүгнэлтээр “2020 оны 11 дүгээр сарын 3-ны КТГ: Гавал ясанд баруун талын духны гадна ялтас болон нүдний ухархайн дээд ханыг хамарсан 2.4 см өргөн хэсэгт дотогш духны хөндий рүү 0.7 см гүн цөмөрсөн хугаралтай. Тархины зүүн тал бөмбөлөгт зүүн хажуу ховдлын хажуу их биеийн түвшинд духны дэлбэнгийн гүний цагаан бодист 1.5x0.9 см хэмжээтэй +4НU) нягтралтай уйланхайлаг зонтой. ...” гэсэн.

Дүрс оношлогооны хариуд: “Толгойн томографуудад баруун духны хөндийн гадна хананд баруун нүдний ухархайн дээд хана руу сэтэрсэн, цөмөрсөн хугаралтай, зүүн хажуу ховдлын их биеийн түвшинд хажуу тийш ивэрсэн уйланхайт өөрчлөлттэй. ...” гэжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр духны ясны хөндийн урд хана, ухархайн дээд ханын хугарал гэмтлийг Ц.Х нь надад учруулсан юм.

Ингэж Ц.Хд цохиулсны улмаас миний ... нүдний зовхи унжиж, толгойн баруун хэсэгт мэдээ алдалттай толгой өвдөж эхэлсэн. Одоо болтол толгой өвдөж, тогтмол эм ууж байгаа бөгөөд хараанд нөлөөлж харааны шилээ сольсон. Сайн ажиглавал цохиулсан талын хөмсөг унжиж гоо сайхан, дүр төрх өмнөхөөсөө өөр болж алдагдсан байгаа.

Би заавал хагалгаанд орох шаардлагатай бөгөөд хэрэв хагалгаанд орохгүй бол цаашид маш хор уршигтай. Тийм учраас яг одоо орох хагалгаа, үүнтэй холбоотой эмчилгээ, сувилгаа, бусад холбогдох зардлаа /өмгөөлөгчид төлсөн хөлс/ нэхэж байгаа.

Хэрвээ Ц.Х нь согтоогүй, биеэ барих чадвартай байсан бол би ингэж хагалгаанд зайлшгүй орох, үүнээс үүдэлтэй сувилгаа, бусад зайлшгүй зардлаа гаргуулах шаардлага үүсэхгүй байсан. Энэ нь Ц.Хгээс өөрөөс нь болсон асуудал.

Мөн тухайн өдөр би мөнгөгүй, очихгүй гэдгээ хэлсэн, гэтэл хүрээд ирээ, би дааяа гээд Болор нэртэй найз маань намайг аваад явсан. Хамгийн гол нь Ц.Х надтай тухайн өдөр нэг ч муудалцаагүй байж, юу ч яриагүй байж, ямар ч шаардлага тавьж хэлээгүй байж, гэнэт миний толгойноос барьж аваад өөрийн толгойгоороо маш хүчтэй мөргөсөн нь хамгийн муухай, хорчин мөргөсөн явдал юм. Заавал миний эмзэг эрхтэн болох нүдний ухархайн ясыг хүчтэй хугартал нь мөргөсөн, түүний арга нь их муухай байгаа тул би гомдолтой байна.

Хэрэв Ц.Х нь тухайн өдөр надтай ямар нэгэн байдлаар муудалцсан бол би тухайн газраас гараад явах, хэрүүлээс холдох, хол очих, зайгаа барих, эсвэл биеэ хамгаалж гараараа хаах зэрэг байдлаар өөрийгөө хамгаалах, ядаж тэр газраас зугтаах байсан. Гэтэл надад хохирол учруулж байгаа Ц.Хгийн арга нь хамгийн муухай, байж боломгүй аргаар шууд шалтгаангүйгээр, гэнэт миний толгойноос барьж аваад өөрийнхөө хүнд толгойгоороо /том биетэй хүн/ маш хүчтэй, намайг анзаараагүй байхад мөргөсөнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, надад хохирол учруулсан арга нь маш хортой, маш хорчиноор мөргөсөн явдал мөнөөсөө мөн.

Ц.Х надад учруулсан энэ үйлдлээ шүүх хурал дээр тайлбарлахдаа зөв мэтээр, мөнгө гаргаагүй, би даадаг гэх мэт өчүүхэн арга ядсан шалтгаан хайж, хэлж байгаа нь харамсалтай байна.

Ингэж бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, хагалгаанд орж, эмчлүүлж чадахгүй хохирч байгаадаа маш их гомдолтой байгаа тул миний хохирол нийт 8.359.000 төгрөгийг (хагалганы зардал 4.391.000, хагалгааны дараах сувиллын зардал 570.000, өмгөөлөгчид төлсөн 400.000, мэдээж хагалгааны дараа зайлшгүй толгойн МРI зураг авахуулах, нүдний эмнэлэг, эм тарианы зардалд 3.000.000) гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

Дашрамд дурдахад, шийтгэх тогтоолын хохирол төлбөрийн талаар: “...Учир нь, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.6.6 дахь хэсэгт “... насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй, хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр ... гэж зохицуулсан бөгөөд хохирогч Э.Тийн биеийн байцаалт, мэдүүлэгт авагдсан хувийн мэдээллээр насанд хүрсэн болох нь тогтоогдож байна” гэжээ.

Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн хохирогчийн эрхийн 1 дэх хэсгийн 1.1-д “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй”. Мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус хуульчилсан байна.

Гэтэл шүүх дээрх Эрүүгийн хууль болон Засгийн газрын тогтоол, энэ хоёр харилцан зөрүүтэй байхад (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй) аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж чадсангүй. ...” гэв.

    

Хохирогчийн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол төлбөрийн талаар “...Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан бөгөөд энэ нь бодит хохирлыг шаардана. Иймд дээрх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.

Анхан шатны шүүх дээрх хуулийн зүйл, заалтыг иш татсан атлаа буруу ойлгож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” гэж заасан байна.

Гэтэл шүүх хохирогчоос нотлох баримттайгаар хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг хохирогчийн зүгээс тооцон гаргасан байхад анхан шатны шүүх, ялангуяа хагалгаа, эмчилгээтэй холбоотой зардлыг гаргаагүй алдаатай шийдвэр гаргасан байна.

Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэхдээ “миний хувьд хагалгааны тал дээр хүлээн зөвшөөрсөн, ...Мөнгөнгүүр эмнэлэгт 3.500.000 төгрөгөөр хагалгаа хийдэг юм байна /хх 100/ гэсэн мэдүүлгээс харахад шүүгдэгч ямар ч байсан хагалгааны төлбөр, түүнтэй холбоотой зардлыг төлнө гээд маргахгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн өмнөөс ялангуяа хагалгааны төлбөр, түүнтэй холбоотой хохирлыг хасаж шийдвэр гаргасан. Ингэж анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар болох хор уршиг бүрэн арилаагүй байхад “шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасан.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нараас өмгөөллийн хөлс төлсөн баримт, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөрийн баримт 3 хуудас...” зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав” гэжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: “...хохирогчийн өмгөөлөгч нь шүүхэд гэрч А.Билгүүнбаатарын мэдүүлэг хх 11, гэрч А.Болорын мэдүүлэг хх 14, ЭМЖЖ эмнэлгийн баримт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт хх 27, Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн баримт, шүүхэд шинээр гаргасан 3 хуудас баримт зэргийг шинжлэн судална” гэж нэг бүрчлэн тодорхой хэлсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. /хх 99-102/

Гэтэл анхан шатны шүүх хохирогчоос гаргаж өгсөн хамгийн чухал нотлох баримт болох хагалгаа, эмчилгээтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэг бүрчлэн дурдахгүй, зориуд орхигдуулж, зөвхөн дээрх гуравхан баримтыг шинжлэн судлуулсан мэт, үүн дээр л зөвхөн хохирогч талаас маргасан мэт ойлголтыг төрүүлж, бусад хохирлын баримтуудад ямар ч хууль зүйн үндэслэл бүхий “дүгнэлт” хийхгүйгээр ор тас орхиж, эмнэлэг, хагалгаа, эмчилгээтэй холбогдох нотлох баримтууд, хохирогчийн эрүүл мэнд, хор уршгийг үнэлээгүй, үнэлэх талаарх хуулийн зохицуулалтуудыг хэрэглэхгүй, буруу гуйвуулан тайлбарласан нь анхан шатны шүүхийн “шийдвэр нь /шийтгэх тогтоол/ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангаж чадсангүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн улмаас учирсан хохирогчийн хагалгаа болон эмчилгээний хохирлоо хариуцах нь хуулийн дагуу шударга ёсонд нийцнэ.

Хохирогчоос гаргаж өгсөн, зайлшгүй хагалгаа, эмчилгээтэй холбоотой болон бусад нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзсэн, /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ямар үндэслэлээр нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулсан /мөн зүйлийн 8 дахь хэсэг/ гэж үзэж байгаагаа няцааж чадсангүй.

Хохирогчийн талаас шинжлэн судлуулсан дээрх бичгийн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад энэ талаар анхан шатны шүүхээс бодит хохирлыг шаардана гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтыг хэрэглэж, хавтаст хэрэгт шинжлэн судлуулсан хх 72, хх 74, хх 75, хх 86, хх 87, хх 98-102 хохиролтой /4.961.000 төгрөг/ холбоотой зайлшгүй хагалгаа, эмчилгээний нотлох баримтуудыг үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс шаардаж байгаа зардал нь бодит хохирол биш. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тогтоож өгсөн. Үүнд, өмгөөлөгчийн хөлсийг ямар тохиолдолд төлөх ёстой вэ гэдгийг зааж өгсөн. Насанд хүрээгүй хохирогч болон төлбөрийн чадваргүй этгээдийн өмгөөллийн хөлсийг төлөхөөр зааж өгсөн. Хохирогч нь насанд хүрсэн, мөн төлбөрийн чадвартай эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон. Иргэний журмаар хохирол шаардах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангиийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгүүдэд зааснаар бодитойгоор учирсан хохирлыг шаардах ёстой. Хохирогчийн шаардаж байгаа зардал нь бодитойгоор учирсан зардал биш учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” дотор үйл ажиллагаа явуулдаг “ЕОН” нэртэй бааранд Э.Тийг “тооцоо хийлцдэггүй” гэдгээр шалтаглан түүний нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь духны ясны хөндийд урд хана, ухархайн дээд ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Тийн “...Ц.Хтэй хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад юм ярьж байхад Ц.Х миний хүзүүнээс барьж аваад мөргөсөн. Би мөргүүлээд газарт унасан ба тус баарны хамгаалагч залуу ирж салгасан. ...” /хх 8/,

гэрч А.Бын “...би гадаа гараад тамхи татаад байж байтал Төмөрөө баарнаас гараад явж байсан, би хаачих гэж байгаа юм гэхэд Төмөрөө уйлсан, нилээн согтуу, гадуур хувцасгүй байсан. Би яасан юм бэ гэж асуухад Ц.Х намайг цохьчихлоо гэл үү, мөргөчихлөө гэж хэлсэн. ...” /хх 12/,

гэрч А.Болор “...маргааш өглөө нь Төмөр рүү залгаад өчигдөр юу болсон бэ, хэлэлгүй яагаад явчихсан юм бэ гэж асуухад Ц.Х намайг мөргөчихсөн, нүд хавдсан байна гэж хэлсэн. Тэгээд найзууд маргалдсан юм байх л гэж бодсон. ...” /хх 15/,   

шүүгдэгч Ц.Хгийн “...би Э.Тийг шилдэж, чи дандаа төлбөр тооцооноос зугтаж байх юм гэж хэлсэн чинь тоохгүй байхаар нь толгойгоороо түүний толгой хэсэгт нэг удаа мөргөсөн, тэгээд Э.Т гараад явсан. ...” /хх 37/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 13227 дугаартай “...Э.Тийн биед духны ясны хөндийн урд хана, ухархайн дээд ханын хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон ...” /хх 28/ шинжээчийн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Хг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ц.Хгийн “тооцоо хийлцдэггүй” гэдгээр шалтаглан Э.Тийг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хохирогч Э.Т “...торгуулийн ял оногдуулсан нь гэм бурууд нь тохироогүй, эрүүл мэндэд учирсан хохирлын 8.359.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн, хохирогчийн өмгөөлөгч Д.Саранчимэг “...Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар зайлшгүй хийлгэх хагалгаа болон эмчилгээний нотлох баримтуудыг үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” тус тус заасан.

 

 

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгасны эцэст шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шийдвэрлэдэг бөгөөд иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн эсхүл бүгдийг хангаж, түүнчлэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрхтэй болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор нийт 358.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хх 73/ байх бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө хохирогчид 510.000 төгрөгийг хохирол төлбөрт нөхөн төлсөн байна. /хх 88-89/

 

Харин цаашид гаргах эмчилгээний зардалд хохирогч нийт 8.359.000 төгрөгийг (хагалганы зардал 4.391.000, хагалгааны дараах сувиллын зардал 570.000, өмгөөлөгчид төлсөн 400.000, хагалгааны дараа зайлшгүй толгойн МРI зураг авахуулах, нүдний эмнэлэг, эм тарианы зардалд 3.000.000) нэхэмжилж, Оргил рашаан сувилал” ХХК-ийн болон “Эм Би Жи Мед” эмнэлгийн нэхэмжлэх тус тус хэрэгт хавсаргажээ.

 

Хохирогчийн нэхэмжилсэн дээрх хохирлын зарим хэсэг нотлох баримтгүй, Оргил рашаан сувилал” ХХК-ийн болон “Эм Би Жи Мед” эмнэлгийн нэхэмжлэх нь тус тус  дангаараа хохирогчийн эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхүйц нотлох баримт болж чадахгүй байна гэж үзэв.

 

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний нэхэмжлэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар гаргах эрхтэй болохыг дурдсаныг буруутгах үндэслэлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь хохирогч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөнөөсөө гаргаж буй зардал юм.

 

Гэмт хэргийн улмаас хохирч, хууль зүйн туслалцаа авах нөхцөл байдал үүссэн боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад зардлыг хохирол, хор уршигт хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “бусдад төлөх төлбөргүй” гэж заасан нь үндэслэлгүй болсон байх тул өөрчилж, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлэсэн асуудлуудын агуулгыг харгалзан зарим заалтыг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгохыг ялыг сонгож, Ц.Хг 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэм бурууд нь тохирсон байна.

 

Иймд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр  сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.” гэснийг, 6 дахь заалтад “Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.” гэснийг тус тус нэгтгэж “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

    

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Төд 510.000 төгрөг төлснийг дурдсугай.

 

3. Хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                       

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР