Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа

Улсын яллагч В.Дэлгэрмаа

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 201705000046 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар бүрд худалдааны төвийн урд талын асфальтан зам дээр 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд ******* эзэмшлийн мицүбиши колт маркийн 92-86 УБҮулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөны дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарцруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч болох насанд хүрээгүй *******ын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тухайн осол хэрэг болдог өдөр найз Сэр-Одтой такси үйлчилгээнд явж байгаад яаралтай тусламжийн төв, цагдаагийн газрын хажуугийн зам дээрээс нэг зорчигчийг аваад уруудаад явсан. Төв асфальтан зам руу ороод “Шар бүрд"”супер маркетын урд дээр осол болсон. Баруун гар талаас хүүхэд гарч ирэхийг хараагүй тэр хүүхэд маш хурдан орж ирсэн. Машины шилний баруун доод булангийн орчимд цохигдоход л хүн мөргүүллээ гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 91-92/

...Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Өөрийн болгоомжгүй байдлын улмаас зам тээврийн осол хэрэг гаргасан. Хохирогч талд хохирлыг төлж барагдуулна. Би осол болсны дараагаар түргэн тусламжийн утас руу залгаж дуудлага өгсөн. Хүүхдийг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь 45300 төгрөгийн эм авч өгсөн. Мөн дараа нь 300000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг / 94-95 /

Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Амартүвшин бид хоёр манайд байж байгаад гэрээс гараад төв зам руу алхаад зам хөндлөн гараад Шар бүрдний урд автобусны буудлын зүүн талын гарцны хажуугийн явган хүний зам дээр юм ярьж тоглож зогсож байгаад би гэрлүүгээ явахаар явган хүний гарц руу орсон. Би машинд мөргүүлснээ мэдээгүй нэг мэдсэн эмнэлэгт ирчихсэн байсан. Амартүвшин намайг машин зам руу түлхээгүй. Харин явган хүний замын хажууд тоглож байхдаа миний араас болон баруун гараас татаж түлхээд байж байсан. Бид хоёр л явсан. Өөр хүүхэд байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“.... Манай дүү Мөнхтамир ярихдаа би гэртээ байсан, манай ангийн Амартүвшин ирсэн, бид хоёр дэлгүүр ороод дэлгүүрээс гараад мөн ангийнхаа хүүхэд болох Өсөхжаргалтай уулзсан гэсэн дээрх зүйлийг яриад түүнээс хойш тэгсэн ингэсэн гэж ярихгүй байгаа. Дүүтэйгээ Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад ирснээс хойш уулзахдаа ослын талаар огт яриагүй. Мөнхтамир Улаанбаатар хотод Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад аймагт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Түүний биеийн байдал одоогийн байдлаар дунд зэрэг, орой болохоор толгой нь өвддөг, өвчин намдаах тариа хийж өгдөг. Ноотроф эмчилгээ хийлгэж байгаа, энэ нь тархины эдийн нөхөн төлжилт, голомтод эмгэгийн шимэгдэлтийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг юм. Мөн тархины цусан хангамжийг сайжруулах, тархины эд хамгаалах эмчилгээг хийж байгаа. Одоогийн байдлаар баримттай нь 2000000 төгрөг, баримт аваагүй 1000000 төгрөгийн зардал гарсан. Баримтыг гаргаж өгнө. Хохирол төлөгдсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Мөнхтамирыг машинд мөргүүлэх үед би хамт явсан юм. Бид хоёр тухайн өдөр уулзсан. Мөнхтамирын гэрт байж байгаад би гэр рүүгээ харихаар болоод Мөнхтамир бид хоёр төв зам дээр очсон замын ойролцоо зогсож байхдаа замын саад модны баруун захад болон явган хүний зам дээр бид хоёр хоорондоо тоглосон. Мөнхтамир тоглож байгаад явган хүний гарцаар гүйх гэхээр нь би машин ирж байхыг хараад түүний араас татах гэтэл татаж чадаагүй. Тэр машин зам руу орж гарцан дээр машинд мөргүүлсэн юм. Би Мөнхтамирыг машинд мөргүүлэхэд нь айгаад түүнииг орхиод гэр рүүгээ гүйсэн. Би Мөнхтамирыг зам руу түлхэж оруулж машинд мөргүүлсэн зүйл байхгүй. Бид хоёр замын хажууд тоглож байсан нь үнэн. Тэгэхэд нэг нэгнээ барьж аваад түлхэж татаад тоглосон. Түүнээс нэгнийгээ зам руу түлхэж тоглосон зүйл байхгүй. Мөнхтамир нь машины урдуур нь орж мөргүүлсэн түүнээс машины хажуу руу өөрөө мөргөсөн зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед би гэр рүүгээ явах гээд зорчигч тээврийн автомашиныг хүлээгээд Шар бүрд супер маркетын урдах автобусны буудал дээр зогсож байхад автобусны буудлын дээд талын явган хүний гарцын ойролцоо хоёр хүүхэд тоглож байгаа харагдсан. Тэр үед би тамхи татаад зогсож байсан, дээрх хоёр хүүхэд рүү харчихаад хараагаа буруулаад өөр тийшээ харчихаад эргэтэл түк гэх чимээ сонсогдсон, хартал хүүхэд машинд мөргүүлчихсэн газарт хэвтэж байгаа харагдсан. Би хүүхэд дээр гүйж очсон, мөргөсөн гэх жолооч нь бас машинаасаа гарч ирсэн, би түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. Машинд мөргүүлсэн хүүхэдтэй байсан хүүхэд Соёмбо рестораныг чиглээд гүйж харагдсан. Хоёр хүүхэд явган хүний гарц руу ордог тасархай саадны голд тоглож байсан. Тэгэхэд гүйдэг хүүхэд нь машинд мөргүүлсэн хүүхдийн хувцасны араас татаж, түлхэж байгаа харагдсан, түүнээс хойш гарц, явган хүний зам, саадны хаана тоглосныг хараагүй. Дээрх хүүхдийг харчихаад ингэж байгаад бие биеэ түлхээд янз бүр болгочихвийдээ гэж бодчихоод хараагаа өөрт тийш хандуулсан. Тэр хооронд юу болсныг мэдэхгүй. Зам уруудаад машин ирж байхыг би хараагүй. Миний харснаар ойрхон машин ирж байгаа харагдаагүй барагцаалж байгаагаар ойролцоогоор минут хэртэй л болсон байх.Тухайн цаг хугацаанд автобусны буудал дээр намайг зогсож байхад автобусны буудлын сүүдрэвч дотор нэг хүүхэд утсаар яриад сууж байсан. Түүнээс өөр хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 /

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Миний өөрийн эзэмшлийн машин. Би уг автомашиныг худалдаж аваад өөрийн төрсөн эгчийн хүүхэд болох *******д 2015 онд 5500000 төгрөгөөр зарсан. ******* 2500000 төгрөгийг нь өгсөн. 3000000 төгрөгийг нь өгөөгүй байгаа. 3000000 төгрөгийг төлсөн үед нь нэр дээр нь шилжүүлж өгөхөөр ам хэлцэл хийсэн. Бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Би автомашиныг хараагүй. *******ын хэлж байгаагаар урд талын салхины шил хагарсан гэсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 153 /

Гэрч М.Сэр-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...******* бид хоёр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед таксинд явсан. Тухайн үед ******* өөрийнхөө эзэмшлийн 92- 86 УБҮ улсын дугаартай Колт маркийн машинаа жолоодож явсан, би жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан. Таксинд үдээс хойш 16 цагийн үед ******* бид хоёр арван мянгатын голоор уруудаад Эрүүл мэндийн газрын хажуугаар явж байгаад Ардчилсан намын байрны баруун талын зам дээрээс нэг эрэгтэй зорчигчийг авсан. Тэгээд төв зам руу ороод уруудаад явж байтал “Шар бүрд” супер маркетын урдах зам дээр хүүхэд гэнэт гарч ирээд машинд мөргүүлсэн. ******* машинаа зогсоогоод бид хоёр машинаас буусан, арын суудалд сууж явсан зорчигч машинаас буугаад явчихсан. Хаашаа явсныг мэдээгүй. Машинд мөргүүлсэн хүүхэд дээр очиход хүүхэд зам дээр хэвтэж байсан. Хүүхэд гэнэт гарч ирсэн учир яг яасныг мэдэхгүй, түк гэх чимээ гараад л явж байсан зорчих хэсэгтээ зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

Шинжээч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батцэнгэл шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үйлдэж ирүүлсний дагуу үзүүлэгч хүүхэд *******ын өвчний түүх, компьютер томографийн зураг, зургийн тодорхойлолт зэргийг үндэслэн дүгнэлтийг гаргасан.*******ын бие махбодид зүүн чамархайн ар хэсэг заадас дайрсан шугаман хугарал, зүүн чамархайн ар хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, духны баруун хэсэгт шугаман цууралт, нүүр, дух, зулайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон. *******ын зүүн чамархайн ар хэсэгт заад дайрсан шугаман хугарал, зүүн чамархайн ар хэсэгт хатуу хальсны дээрх цус хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учир нь дээрх гэмтэл учрах үед амь насанд аюултай юм. Харин духны баруун хэсэг дэх шугаман цууралт, нүүр дух, зулайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжлгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаартай

1.*******ын биед учирсан зүүн чамархайн ар хэсэгт заадас дайрсан шугаман хугарал, зүүн чамархайн ар хэсэг хатуу хальсан дээрх цусан хураа, духны баруун хэсэгт шугаман цууралт, нүүр, дух, зулайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх Мөнхтамирын биед учирсан зүүн чамархайн ар хэсэгт заадас дайрсан шугаман хугарал, зүүн чамархайн ар хэсэг хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Харин духны баруун хэсэгт шугаман цууралт, нүүр, дух, зулайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 59-60 /

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай

1.Тухайн зам тээврийн осол гарахад 92-86 УБҮ улсын дугаартай колт маркийн автомашины жолооч ******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

2.Тухайн зам тээврийн осол ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “....Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө...” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Тухайн зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг болон хэмжилт, жолооч *******ын өгсөн тайлбар зэргээс үзэхэд осол үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан ул мөр байхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 63 /

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай

1.Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад М.Дашзэвэгийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Gold маркийн 92-86 УБҮ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт зааснаар “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Насанд хүрээгүй хохирогч ******* нь 9 настай бөгөөд харгалзах хүнгүйгээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан нь Монгол улсын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.Явган зорчигч ******* нь явган зорчигч зам хөндлөн гарахад зориулагдсан гарцаар зам хөндлөн гарч явсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн гэрэл зураг зэргээр тогтоогдож байх тул Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70 /

Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн Тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 07 дугаартай

1.Уг автомашины техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжинд оруулж техникийн ерөнхий байдал, гадаад өнгө үзэмжийг зам тээврийн ослын дараа шалгаж үзэхэд салхины шил гадны нөлөөллөөр жолооч талын буюу баруун талын доод хэсгээр их хэмжээний цууралт үүссэн, капот нь баруун талдаа цөмөрсөн байдалтай байв. Шингэн удирдлагатай тормосны систем хэвийн ажиллагааг ЕШ92200 маркийн тормосны стенд дээр шалгаж үзэхэд тормосны хүчний зөрүү 1-р тэнхлэгт 15 хувийн, 2-р тэнхлэгт 7.69 хувийн зөрүүтэй байгаа нь М№5011:2003 стандартын 5.1.3.5-д заасан урд тэнхлэгт 20-аас, бусад тэнхлэгт 30 хувиас тус тус бага, тэнхлэг шалгагч дээр урд тэнхлэгийн хажуу гулсалтыг шалгахад 0.1 мм/м байгаа нь стандартад заасан 5мм/м-ээс бага...” гэх дүгнэлт /хх-ийн 74-75/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-34/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд /хх-ийн 35-38/, хураан авах тогтоол /хх-ийн 39-40/, насанд хүрээгүй хохирогч *******ын эичлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас / хх-ийн 108/, яаралтай тусламжийн хуудас / хх-ийн 110-117/, өвчний түүх / хх-ийн 118-146/, хохирлын баримтууд / хх-ийн 147-150, 179-183 /, амбулаториор эмчлүүлэгдийн карт / хх-ийн174-178 /, насанд хүрээгүй хохирогч С.Нарангэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 118/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 98/ шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар бүрд худалдааны төвийн урд талын асфальтан зам дээр 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд ******* эзэмшлийн мицүбиши колт маркийн 92-86 УБҮулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөны дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Явган хзний зохицуулдаггүй гарцруу ойртон ирсэн жолоч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар яьж байвал зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч болох насанд хүрээгүй *******ын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын ... Баруун гар талаас хүүхэд гарч ирэхийг хараагүй тэр хүүхэд маш хурдан орж ирсэн, машины шилний баруун доод булангийн орчимд цохигдоход л хүн мөргүүллээ гэдгийг мэдсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/

Насанд хүрээгүй хохирогч *******ын... Би машинд мөргүүлснээ мэдээгүй нэг мэдсэн эмнэлэгт ирчихсэн байсан. Амартүвшин намайг машин зам руу түлхээгүй. Харин явган хүний замын хажууд тоглож байхдаа миний араас болон баруун гараас татаж түлхээд байж байсан.....гэх мэдүүлэг./хх-ийн 43/

Гэрч М.Сэр-Одын ... Тэгээд төв зам руу ороод уруудаад явж байтал “Шар бүрд” супер маркетын урдах зам дээр хүүхэд гэнэт яах ийхийн зуурталгүй гарч ирээд машинд мөргүүлсэн. ******* машинаа зогсоогоод бид хоёр машинаас буусан. Машинд мөргүүлсэн хүүхэд дээр очиход хүүхэд зам дээр хэвтэж байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 49/, Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 тоот ...” /хх-ийн 63/, Аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот /хх-ийн 69-70/, 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн 07 тоот гэх дүгнэлтүүд /хх-ийн 74-76/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч *******т Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас насанд хүрээгүй *******ын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахдаа субьектив талын хувьд шүүгдэгч нь болгоомжгүйн улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол болон эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэргийн улмаас учир гэм хор бүрэн арилсан, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв

Насанд хүрээгүй хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******ын эмчилгээний зардал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар 20000000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ******* нь 2545000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын №866405 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, №00834353 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Д.Оюунд буцаан олгож, шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн болно.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цаашид гарах курс эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч *******ын жолоодож явсан 92-86 УБҮ улсын дугаартай мицубиши колт маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч *******ын эзэзмшлийн sharp брэндийн хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож , дээрх зүйлсийг эзэмшигч Д.Оюун, ******* нарт буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан *******ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр жил нэг сарын хыацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг хэлэлцсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цаашид гарах курс эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын жолоодож явсан 92-86 УБҮ улсын дугаартай мицубиши колт маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч *******ын эзэзмшлийн sharp брэндийн хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийг эзэмшигч *******, Д.Оюун нарт буцаан олгосугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2, 330 дугаар зүйлийн 330.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын №866405 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, №00834353 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Д.Оюунд буцаан олгосугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА