Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/331

 

 

 

 

    2021             4               1                                        2021/ДШМ/331

 

Э.З, Х.Ө, Д.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Яндаг,

шүүгдэгч Э.З,

шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.З, Х.Ө нарын тус тус гаргасан давж заалдах гомдлоор Э.З, Х.Ө, Д.М нарт холбогдох 2010011410660 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Х.Ө,

 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

2. Э.З,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан,

 

3. Д.М,

 

шүүгдэгч Э.З, Х.Ө нар нь бүлэглэн:

1. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 11-125-2а тоотод оршин суух Л.Оийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн Монел зурагт, мөнгөн аяга, бөхийн малгай зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 472,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 34-а-03 тоотод оршин суух иргэн Н.Эгийн эзэмшлийн өвлийн сууцны хаалгыг эвдэн орж, Фунай маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2020 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15-310 тоотод оршин суух иргэн С.Лгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Тошиба маркийн 42 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 9-160 тоотод оршин суух иргэн Г.Оын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Самсунг маркийн 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 270,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, зээлийн 4-26 тоотод оршин суух иргэн З.Уийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, ЛЖ маркийн 42 инчийн зурагт, алтан ээмэг, бөгж, хуримын бөгж, мөнгөн ээмэг, бөгж, хуванцар хайрцаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,960,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 9-154 тоотод оршин суух иргэн Б.Бын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 29 инчийн зурагт, манан хөөрөг, шүрэн эрхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 8-173 тоотод оршин суух иргэн Б.Эын эзэмшлийн орон сууцны хаалгыг эвдэн орж, шарп фирмийн 32 инчийн зурагт, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-024 тоотод оршин суух иргэн Б.Нын монгол гэрийн цоожийг эвдэн орж, Фунай фирмийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ны 3-83 тоотод оршин суух иргэн О.Бийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Хайер маркийн 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 96 дугаар гудамжны 47 тоотод оршин суух Э.Мын орон байранд нэвтэрч 2 ширхэг зурагт, процессор, хөөрөг, самсунг маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 2 дугаар гудамжны 336 тоотод оршин суух Б.Тын орон байранд нэвтэрч 55 инчийн арена маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65-38 тоотод байрлах Г.Эын орон байранд нэвтэрч 40 инчийн зурагт, индукцэн плитка, 15 киллограм махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65-38 тоотод байрлах Э.Гийн орон байранд нэвтэрч 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 49 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух Н.Эийн монгол гэрийн цоожийг эвдэн орж, 40 инчийн “Hisense” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-9а тоотод оршин суух Д.Мын орон байранд хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, чулуун xөөрөг, усан манан хөөрөг, 32 инчийн ЛСД зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Х.Ө нь:

1. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд эхийн 20-1432 тоотод оршин суух Б.Мгийн орон байранд нэвтэрч, 6 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 980,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 50-14б тоотод оршин суух Г.Оын орон байранд нэвтэрч, 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Э.З нь:

1. 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 3 дугаар гудамжны 12 тоотод гэр бүлийн маргаанаас болж, хамтран амьдрагч Б.Згийн нүүрэн тус газарт 3 удаа гараараа цохиж зодсон,

2. 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны орчим уулын модонд байхдаа нүүр, гар, хөл, цээж хэсэг рүү өшиглөж, гараараа цохиж зодсон,

3. 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцсийн буудлын ойролцоо хувцасыг нь тайлж нүцгэлэн нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодсон,

4. 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 3 дугаар гудамжны 12 тоотод хүүхдээ ээждээ аваачиж өглөө гээд нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, өшиглөж зодсон,

5. 2020 оны 3 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43-10 тоотод шөнийн 00 цагийн үед “хэнийгээ бодоод байгаа гөлөг вэ” гэж хэлээд нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт,

6. 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 3 дугаар гудамжинд хамтран амьдрагч Б.Зг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, духны баруун хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.М нь 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Зт хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Х.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад, Д.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Аяа овгийн Э.Зыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Харцад овгийн Х.Өыг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Д.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

шүүгдэгч Х.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар тооцон 50 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 9 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З, Х.Ө нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З, Х.Ө нарын цагдан хоригдсон 221 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Заас нийт 3.918.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.От 236.000 төгрөг, С.Лд 10.000 төгрөг, Г.Од 135.000 төгрөг, З.Ут 430.000 төгрөг, Б.Бад 275.000 төгрөг, Б.Эт 25000 төгрөг, Б.Нд 125.000 төгрөг, О.Бт 15000 төгрөг, Э.Мд 655.000 төгрөг, Г.Эд 260.000 төгрөг, Э.Гт 150.000 төгрөг, Н.Эт 197.500 төгрөг, Д.Мт 375.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Мд 135.000 төгрөг, Б.Мт 150.000 төгрөг, Н.Чд 140.000 төгрөг, Д.Эт   220.000 төгрөг, Г.Жд 60.000 төгрөг, П.От 75.000 төгрөг, Л.Мд 250.000 төгрөг тус тус олгох,

шүүгдэгч Х.Өоос нийт 5.198.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.От 236.000 төгрөг, С.Лд 10.000 төгрөг, Г.Од 135.000 төгрөг, З.Ут 430.000 төгрөг, Б.Бад 275.000 төгрөг, Б.Эт  25000 төгрөг, Б.Нд 125.000 төгрөг, О.Бт 15000 төгрөг, Э.Мд 655.000 төгрөг, Г.Эд 260.000 төгрөг, Э.Гт 150.000 төгрөг, Н.Эт 197.500 төгрөг, Д.Мт 375.000 төгрөг, Б.Мд 980.000 төгрөг, Г.От 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Мд 135.000 төгрөг, Б.Мт 150.000 төгрөг, Н.Чд 140.000 төгрөг, Д.Эт 220.000 төгрөг, Г.Жд 60.000 төгрөг, П.От 75.000 төгрөг, Л.Мд 250.000 төгрөг тус тус олгох, шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь хохирогч Н.Э, Б.Т нарт төлөх төлбөргүй болохыг, хохирогч Г.О нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Заас нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ниссан Теана маркийн 95-98 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Н.Энхтуяад буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 6 сар 20 хоногийн хугацаатай, нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналыг прокурор Г.Яндаг нь оруулсан боловч анхан шатны шүүх миний эрх зүйн байдлыг минь дордуулж үзсэнд гомдол гаргаж байна. Миний бие нээлттэй хорих ангид ял эдлэж, цалинтай ажил хийж, хохирол гомдлыг нэн даруй барагдуулах хүсэлтэй байна. Надад оногдуулсан ялыг багасгаж, нээлттэй хорих ангид ял элүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн хэрэгт шалгагдах явцдаа мөрдөн байцаагчид хэргийг үнэн зөвөөр мэдүүлж, байцаагч, прокурор нарын ажилд ямар ч саад учруулаагүй, мөн хохирлоо тодорхой хэмжээгээр барагдуулж байгаа, цаашид 100 хувь барагдуулна. Миний энэ байдлыг харгалзаж үзэж, прокурор Г.Яндаг нь 6 жил 7 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал оруулахад шүүх бүрэлдэхүүн миний эрх зүйн байдлыг дордуулж, 8 жил 2 сар хорих ялыг хаалттай дэглэмтэй болгосон. Үүнд миний бие гомдолтой байна. 2017 онд хэрэгжиж эхэлсэн хуулиар яллагдагч хэргээ үнэн зөвөөр хүлээсэн тохиолдолд ялыг хөнгөрүүлж үзнэ гэж заасан байдаг. Миний бие нээлттэй хорих ангид ял эдэлвэл цалинтай ажил хийж, хохирлыг богино хугацаанд 100 хувь төлж барагдуулна. Надад оногдуулсан ялыг багасгаж, нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Өын өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Х.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлбэл хохирлыг төлж барагдуулах боломжтой. Эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлд өөрчлөлт оруулж, нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Э.З, Х.Ө нар нь бүлэглэн 2020 оны 2-4 дүгээр сарын хооронд 4 удаагийн, 2020 оны 6 дугаар сард 11 удаагийн, нийт 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсны улмаас бусдад нийт 10.152.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг, шүүгдэгч Х.Ө нь ганцаараа 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус тус бусдын орон байранд нэвтэрч, нийт 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:  

хохирогч Л.О /1хх 30, 31, 34/, Н.Э /1хх 122-123, 126/, С.Л /1хх 217-218, 221/, Г.О /2хх 27-28, 31/, З.У /2хх 11-112, 115/, Б.Ба /2хх 193-194, 197, 200/, Б.Э /3хх 17-18, 31/, Б.Н /3хх 81, 84/, О.Б /3хх 151, 155/, Э.М /3хх 217-218/, Б.Т /4хх 143-144, 205/, Г.Э /5хх 229, 6хх 84/, Э.Г /5хх 235, 6хх 81/, Н.Э /6хх 120-121/, Д.М /6хх 191-192, 196, 7хх 1, 9хх 200/, Д.М /7хх 35, 109/, Г.О /7хх 195, 198/,

гэрч О.Б /1хх 37/, Д.Б /2хх 33/, насанд хүрээгүй гэрч О.Б /2хх 35-36/, С.М /6хх 208, 9хх 204/, Г.Г /7хх 38/, Х.О /7хх 190/, О.Э /9хх 209/, Э.У /9хх 214/, Г.Ж /9хх 219/,

иргэний нэхэмжлэгч С.М /1хх 223-224, 2хх 202-203/, Б.М /2хх 117-118/, Н.Ч /2хх 120-121/, В.Э /2хх 123-124/, Г.Ж /3хх 20-21/, Л.М /4хх 209-210/ нарын мэдүүлгүүд,

хохирогч нарын алдагдсан эд хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнэлгээ /1хх 51-53, 170-171, 238-239, 2хх 62-63, 140-141, 213-214, 3хх 30, 110-111, 167-168, 231-233, 4хх 160-162, 6хх 2-3, 6хх 137-139, 216-218, 7хх 3-5, 62-63/,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02/441 дугаартай дүгнэлт /7хх 49-50/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-20, 103-109, 198-202, 2хх 14-19, 92-97, 175-178, 250, 3хх 1-4, 66-72, 137-140, 206-211, 4хх 122-128, 5хх 218-224, 6хх 92-96, 168-173, 7хх 32, 43-44, 116-121/,

шүүгдэгч Х.Өын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 48-49, 151-157, 4хх 1-6, 164-169, 6хх 103-109, 179-184/,

шүүгдэгч Э.Зын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 87-88, 180, 189-190/,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 37-39/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 176-182/,

шүүгдэгч Э.Зын яллагдагчаар өгсөн /1хх 63-64, 79-86, 180, 188, 2хх 77, 159-160, 236-237, 3хх 125, 189-190, 245-247, 4хх 173-175, 6хх 12-13, 64-65, 154-156/, шүүгдэгч Х.Өын яллагдагчаар өгсөн /1хх 67-68, 70-77, 185, 248, 2хх 81-82, 164-165, 231-232, 3хх 45-46, 119-120, 184-185, 248-250, 4хх 170-172, 6хх 10-11, 70-71, 152-153, 7хх 91-93/ мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн,

 

шүүгдэгч Э.З нь:

1. 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 3 дугаар гудамжны 12 тоотод гэр бүлийн маргаанаас болж, хамтран амьдрагч Б.Згийн нүүрэн тус газарт 3 удаа гараараа цохиж зодсон,

2. 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны орчим уулын модонд байхдаа нүүр, гар, хөл, цээж хэсэг рүү өшиглөж, гараараа цохиж зодсон,

3. 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцсийн буудлын ойролцоо хувцасыг нь тайлж нүцгэлэн нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодсон,

4. 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 3 дугаар гудамжны 12 тоотод хүүхдээ ээждээ аваачиж өглөө гээд нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, өшиглөж зодсон,

5. 2020 оны 3 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43-10 тоотод шөнийн 00 цагийн үед “хэнийгээ бодоод байгаа гөлөг вэ” гэж хэлээд нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт,

6. 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 3 дугаар гудамжинд хамтран амьдрагч Б.Зг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, духны баруун хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Зийн “2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ...манай нөхөр намайг хүчээр машины урд талын суудал дээр суулгасан. ...машинд суусан цагаас хойш зодож байгаад гэрийнхээ ар талын гудамжинд ирээд зогссон. ...Хамгийн ах намайг хамтран амьдрагч Э.З 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Зүүнсалаанд гэртээ байж байхад, багш нарын баярын өдөр ээжийг маань баяр тэмдэглэх гээд явчихсан байхад бага зэргийн гэр бүлийн хэрүүл маргаанаас болоод гурван удаа нүүрэн тус газарт гараараа цохисон. ...Мөн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хэрүүл маргаанаас болж орой 21 цагийн орчим баруун салааны уулын модон дунд аваачиж байгаад нүүр, гар, хөл, цээж гээд биеийн бүх хэсэг рүү өшиглөж, гараараа цохиж зодсон. Миний бие их хөхөрсөн байсан. ...Мөн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, “Хангай” захын ар талаас өөрийнхөө гэрээс намайг машинтайгаа ирж аваад манай гэр рүү хүргэж өгнө гэж хэлээд Зүүн салааны эцсийн тэнд хөдөө гарч байгаад миний бүх хувцасыг тайлаад, нүцгэлж байгаад нүүрэн тус газар 2-3 удаа цохиж зодсон. ...2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр би ээж дээрээ хүүхдээ аваачиж өгсөн чинь уурлаад, намайг нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, нэг удаа өшиглөсөн. ...Мөн 2020 оны 3 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43-10 тоотод 2 давхар байшингийн 2 давхарт шөнийн 00 цаг өнгөрч байхад би утсаараа өгүүллэг уншиж байгаад уйлсан чинь “хэнийгээ бодоод байгаа гөлөг вэ” гэж хэлээд нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. ...Э.З намайг машинд суулгаад зодох үед би жирэмсний 16 долоо хоногтой байсан ба би 4 долоо хоногтой бие давхар болох үедээ Э.Зт бие давхар талаараа хэлсэн. Намайг зодох үедээ бие давхар гэдгийг мэдэж байсан. ...” /7хх 215-216/,

 гэрч Д.Мийн “...2019 оны 10 дугаар сарын эхээр багш нарын баярын үеэр намайг баярт явчихсан байхад манай охин Золзаяаг зодсон байсан. Би яаж мэдсэн гэхээр нүд нь хөхөрчихсөн байсан. Мөн Э.З өөрийн гэртээ охинтой маань амьдарч байхдаа зодож байсан талаар надад ярьсан. ...” /7хх 237/,

 

Э.Зын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /10хх 44/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6808 дугаартай “...Б.Згийн биед баруун нүдний дээд, доод зовхи, духны баруун хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон...” шинжээчийн дүгнэлт /7хх 243-244/,

 

“Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” /8хх 55-60/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн,

 

шүүгдэгч Д.М нь 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Зт хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Зын “2020 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ хамтран амьдрагч Г.Огийн хамт унтаж байсан. ...би гэр дотроо Баяртай ноцолдож байхад Д.М хаалга эвдсэн төмөр сүхээр миний нуруу руу сүхний бөгс хэсгээр нэг удаа цохисон ба би унасан. ...” /7хх 225/,

гэрч Г.Огийн “...2020 оны 6 дугаар сарын 9-ний үүрээр Э.З бид хоёр гэртээ байж байхад манай ээж, ээжийн төрсөн ах Мөнхбаяр нар гаднаас Э.Зын хашааны хаалгыг эвдэж орж ирээд Мөнхбаяр ах намайг үсдээд гараад явсан. Харин ээж төмөр сүх барьчихсан Э.Зыг цохих гээд гэр дотор үлдсэн. Би хашааны гадаа приус машин дотор сууж байхад Э.З түрүүлж гүйж гарч ирэхэд ээж Э.Зыг төмөр сүхээр зүүн гуя руу нь байх, хоёр удаа сүхний ар хэсгээр цохисон. ...” /7хх 227/,

гэрч Д.Мын “...би Золзаяагийн үснээс зулгаагаад гэрээс гаргаад машинд суу гэж хэлээд машинд суулгасан. Харин Д.М төмөр сүхээ барьчихсан гэр дотор Э.Зыг цохих гээд үлдсэн. ...” /7хх 230/,

шүүгдэгч Д.Мийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Э.Зыг цохисон. Өөр хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй, би Э.Зыг гэрийнхээ төмөр иштэй сүхний эргүй талаар охиноо дахиж цохиулахгүй гэж айлгах гэж гуя орчим нь хоёр удаа цохисон. Мөн 5 литрийн усны савтай усаар нуруу орчим нь цохисон. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. ...” /8хх 76/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 6922 дугаартай “...Э.Зын биед нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон...” шинжээчийн дүгнэлт /7хх 249-250/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн тус тус нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Зыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж, шүүгдэгч Х.Өыг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж, шүүгдэгч Д.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Зын шүүгдэгч Х.Өтой 2020 оны 2-4 дүгээр сарын хооронд 4 удаагийн, 2020 оны 6 дугаар сард 11 удаагийн, нийт 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсны улмаас бусдад 10.152.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Э.Зын хамтран амьдрагч Б.Зг 5 удаагийн үйлдлээр зодсон, зодуулсан зарим үйлдлийн цаг хугацаанд хохирогч жирэмсэн байсныг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Э.Зын хамтран амьдрагч Б.Зг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Х.Өын ганцаараа 2 удаагийн үйлдлээр, мөн шүүгдэгч Э.Зтай 2020 оны 2-4 дүгээр сарын хооронд 4 удаагийн, 2020 оны 6 дугаар сард 11 удаагийн, нийт 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсны улмаас бусдад 11.432.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Д.Мийн хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Зын нуруун тус газар нь сүхний ар хэсгээр цохиж, эрүүл мэндэд нь  нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Э.З “...Надад оногдуулсан ялыг багасгаж, нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Х.Ө “...надад оногдуулсан ялыг багасгаж, нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

              2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заасан хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, улмаар дадал зуршилтай болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосноор илэрхийлэгдэнэ.

 

              Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ амьдралынхаа хэвшил болгосон, өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгоно.

 

              Шүүгдэгч Э.З, Х.Ө нарын бүлэглэн 2020 оны 2-4 дүгээр сарын хооронд 4 удаагийн, 2020 оны 6 дугаар сард 11 удаагийн, нийт 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсны улмаас бусдад нийт 10.152.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заасан хүндрүүлэх шинжийг хангажээ.

 

              Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үргэлжлэл, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын хэмжээ, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч нарын алдагдсан эд хөрөнгийн шинж, тоо хэмжээ, үнэ өртгийн талаарх мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Зт онодуулсан 8 жилийн хорих ялыг 6 жил, шүүгдэгч Х.Өод оногдуулсан 8 жил 2 сарын хорих ялыг 6 жил 2 сар болгон багасгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

              Хорих ял эдлүүлэх дэглэм гэдэг нь ялтны ял эдлэх хугацаанд амьдрах, ажиллах нөхцөл, журмыг хуульчилан тогтоосон хэм хэмжээний цогц бүрдэл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.З, Х.Ө нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.З, Х.Ө нарын гаргасан давж заалдах гомдлын “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэснийг хүлээн авч, харин “...нээлттэй дэглэмтэй хорих анги болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэсэн хэсгийг “Шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Шүүгдэгч Х.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял, ...” гэсэн хэсгийг “...Шүүгдэгч Х.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журмалан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 2 сарын хугацаагаар хорих ял, ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журмалан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар тооцон 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.З, Х.Ө нарын гаргасан давж заалдах гомдлын “...нээлттэй дэглэмтэй хорих анги болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР