| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/05270/И |
| Дугаар | 101/ШШ2022/01863 |
| Огноо | 2022-04-21 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/01863
2022 04 21 101/ШШ2022/01863
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххх тоот хаягт байрлах, М ХХК-ийн /РД: ммммммммммм/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххххххххххх хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхагвасүрэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Одсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт ... Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 сарын 14-ний өдөр 101/ШШ2016/06599 дугаартай шүүгчийн захирамжаар М ХХК-иас 2,025,916,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгох тухай хэрэгт талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Тус захирамжийн дагуу төлбөр төлөгч М ХХК-иас 2,025,916,870 төгрөг гаргуулж төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж эрхийн улсын бүртгэлийн Y-000000000000 дугаарт бүртгэлтэй, 00000000000000000 тоот хаягт байршилтай, 298 м.кв барилгыг суурийн газрын хамт, мөн эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, 000000000000000 хаягт байрлах, 342,8 м.кв барилгыг суурийн хамт хураах ажиллагаа явуулсан.
Улмаар дээр дурдсан Мөнгөн бэрс ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000000000000 дугаарт бүртгэлтэй, ххххххххххххх тоот хаягт байршилтай, 298 м.кв барилгыг суурийн газрын хамт 376,548,070.21 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, ххххххххххххххх хаягт байрлах, 342,8 м.кв барилгыг суурийн хамт 433,156,639.16 төгрөгөөр, нийтэд нь 809,704,709 төгрөг гэж үнэлсэн.
Мөнгөн бэрс ХХК нь дээр дурдсан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ капиталжуулах зардлын өнөөгийн үнэ цэнийг огт тооцоогүй, нэгжийн норматив үнэлгээг хэт багаар буюу үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ийн үнийг 1,100,000 төгрөгөөр, конторын барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ийн үнийг 1,073,350 төгрөгөөр тооцсон байна. Нэгжийн норматив үнэлгээг хэрхэн тогтоосон болох нь тодорхойгүй.
Орлогын хандлагаар үнэлгээний тооцоолол хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлогыг 10,2 сая төгрөг гэж хэт багаар тогтоосон байна. 342 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг сарын 898,153 төгрөгөөр, 1 м.кв талбайг 2,620 төгрөгөөр түрээслэж орлого олно гэж тооцсон байна.
Хөрөнгийн зах зээлийн хандлагаарх тооцооллын хүснэгтийн 9-ийн 17, 18 дахь мөрд 298 м.кв барилгын өнөөгийн үнэ цэнийг 376,548,070.21 төгрөг, 342,8 м.кв талбайтай барилгын өнөөгийн үнэ цэнийг 433,156,639.16 төгрөг гэж тогтоосон байна. Тухайн байршил нь хотын төвд, төв зам дагуу, дэд бүтцэд бүрэн холбогдсон зэргийг харгалзаж үзээгүй байна.
Хүснэгт 9-ийн 15 дахь мөрд тусгагдсан сул чөлөөтэй газрын хассан үнэ болох 963,585,600 төгрөгийг нэмж үнэлгээг гаргах ёстой. Нэмж тооцвол дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгө нь 1,773,290,309.37 төгрөгийн үнэтэй байна.
Мөн тухайн байршилд байрлах, ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулалт хийгээгүй байна. Харьцуулан судалсан гэх 3 үл хөдлөх эд хөрөнгийн зарын эх сурвалж нь тодорхой бус байдаг. Тухайн байршилд байрлах зөвхөн газрын үнэлгээ нь зах зээлд дунджаар 309,478,400 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба зах зээлийн үнийг тодорхойлох гол үзүүлэлтүүд болох байршлын итгэлцүүр болон инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал зэргийг буруу тооцоолж үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой.
Иймд эрхийн улсын бүртгэлийн 000000000000000000000 дугаарт бүртгэлтэй, 000000000000000 тоот хаягт байршилтай, 298 м.кв барилгыг суурийн газрын хамт, мөн эрхийн улсын бүртгэлийн 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 00000000000 хаягт байрлах, 342,8 м.кв барилгыг суурийн хамт нийт 809,704,709 төгрөг гэж үнэлгээг тогтоосон Баян модот ХХК-ийн 2021 оны 09 сарын 27ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзориг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахмад Ц.Батзориг би Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 11/ШШ2016/06599 дугаар захирамжаар Мөнгөн бэрс ХХК-иас 2,036,916,870 төгрөгийг гаргуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт ажиллагаа явуулж байсан билээ.
Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч-хуулийн этгээдэд шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Мөнгөн бэрс ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2203006300 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11 Их тойруу гудамж, 5/1 тоот хаягт байршилтай, 298 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн Y-2203006343 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байрлах, 1.025,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 18261603/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2018 оны 12 сарын 27-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн.
Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 09 сарын 07-ны өдрийн 18261603/07 дугаар тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй тул үнэлгээ тогтоолгохоор 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 9/234 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Баян модот ХХК-иар тогтоолгоход 809,704,709 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2021 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 4-163/18432 дугаартай албан бичгүүдээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, Баян модот ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Мөнгөн бэрс ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Я.Лхагвасүрэнд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 4-163/18432 дугаартай мэдэгдэл,
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШЗ2018/07092 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06599 дугаартай талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 18456 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,
Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 12/43 дугаартай тогтоол, 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 4-163/22319 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдааны товыг мэдэгдсэн мэдэгдэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 12 сарын 02-ны өдрийн итгэмжлэл, тус шүүхийн 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 668 дугаартай гүйцэтгэх хуудас, 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШЗ2018/07092 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж,
мөн тус шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06599 дугаартай талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 18261603 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол,
2019 оны 11 сарын 08-ны өдрийн 18261603/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 11 сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд,
2021 оны 09 сарын 07-ны өдрийн 18261603/07 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 09 сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн 2021 оны 09 сарын 17-ны өдрийн 4-163/174470 дугаартай мэдэгдэл,
2021 оны 09 сарын 21-ний өдрийн 9/234 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр Баян модот ХХК-ийг томилсон тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль сануулсан баримт,
Баян модот ХХК-ийн итгэмжлэл, Баян модот ХХК-ийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн ОҮ-21/01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээ хийсэн хөрөнгийн гэрэл зураг, С.Цэвээнроломын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, үнэлгээний ажлын нэхэмжлэх,
2021 оны 09 сарын 30-ны өдрийн 4-163/18433 дугаартай Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн үнэлгээний мэдэгдэл, 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 4-163/18432 дугаартай Мөнгөн бэрс ХХК-д хүргүүлсэн үнэлгээний мэдэгдэл,
Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 11/73 дугаартай тогтоол, 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 4-163/19604 дугаартай анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг Мөнгөн бэрс ХХК-ийн захирал Б.Одсүрэнд хүргүүлсэн мэдэгдэл,
2021 оны 10 сарын 29-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мөнгөн бэрс ХХК нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт холбогдуулан тус компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11 Их тойруу гудамж, 5/1 тоот хаягт байршилтай, 298 м.кв талбайтай, үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203006300 дугаарт бүртгэлтэй,
мөн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байршилтай, 342,8 /1025,5/ м.кв талбайтай, контор, агуулах, авто гараж зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203006343 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Баян модот ХХК-ийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 6599 дугаар бүхий Талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар:
-Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гаргасан хариуцагч Мөнгөн бэрс ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,025,916,870.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон,
-Хариуцагч Мөнгөн бэрс ХХК нь 2016 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 150,000,000-200,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд зохигчид 2014 оны 10 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний хуваарь өөрчлөлт оруулах, хэрэв тус хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцагч тал нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,025,916,870.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээж,
-Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Мөнгөн бэрс ХХК-ийн өмчлөлийн Y-2203006300 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11 Их тойруу гудамж, 5/1 тоот хаягт байршилтай, 298 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
Y-2203006343 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байрлах 1025.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр хангахаар эвлэрсэн болохыг дурдан,
-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Мөнгөн бэрс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 10,287,534.00 төгрөгийн тал хувь 5,143,767.00 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулан,
-Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдан,
-Захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулан шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэр, 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 7092 дугаар бүхий шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 668 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 18261603 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа гардуулан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 7-13, 38-45, 49-50 дугаар тал/
Төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК-ийн өмчлөлийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 12 сарын 14-ний өдрийн тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 03 сарын 20-ны өдрийн тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд Мөнгөн бэрс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Одсүрэн оролцсон бөгөөд үүнээс хойш 1 сарын дотор хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлэх ажиллагаа явагдаагүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 95 дугаартай тогтоолоор дээр дурдсан ажиллагааг хүчингүй болгосон хэмээн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч тайлбарласныг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй.
2019 оны 11 сарын 08-ны өдрийн 18261603/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК-ийн өмчлөлийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11 Их тойруу гудамж, 5/1 тоот хаягт байршилтай, 298 м.кв талбайтай, үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203006300 дугаарт бүртгэлтэй,
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байршилтай, 1025,5 м.кв талбайтай, контор, агуулах, авто гараж зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203006343 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, төлбөр төлөгчид танилцуулан тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 46-48 дугаар тал/
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүх нийтийн бэлэн байдлын болон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой эд хөрөнгө битүүмжилсэн хугацаанаас хойш 2021 оны 09 сарын 07-ны өдөр хүртэл ажиллагаа явагдаагүй хэмээн хариуцагч тал тайлбарласныг нэхэмжлэгч тал мөн эсэргүүцээгүй.
Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2021 оны 09 сарын 07-ны өдрийн 18261603/07 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгийг барьцаалан хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэн тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 51-53 дугаар тал/
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11 Их тойруу гудамж, 5/1 тоот хаягт байршилтай, 298 м.кв талбайтай, үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203006300 дугаарт бүртгэлтэй, мөн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байршилтай, 1025,5 м.кв талбайтай, контор, агуулах, авто гараж зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203006343 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.
Дээрхи дурдсан ажиллагаануудын талаар төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК-д төлбөрт хураагдсан хөрөнгийн талаарх үнийн саналаа 2021 оны 09 сарын 20-ны өдрийн дотор ирүүл хэмээн 2021 оны 09 сарын 17-ны өдрийн 4-163/17470 дугаар бүхий мэдэгдлийг хүргүүлжээ.
/ХХ-ийн 54 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 9/234 тоот тогтоолоор төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11 Их тойруу гудамж, 5/1 тоот хаягт байршилтай, 298 м.кв талбайтай, үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203006300 дугаарт бүртгэлтэй,
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байршилтай, 1025,5 м.кв талбайтай, контор, агуулах, авто гараж зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203006343 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдэд зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр Баян модот ХХК-ийг томилжээ.
/ХХ-ийн 55-58 дугаар тал/
Баян модот ХХК нь 2021 оны 09 сарын 27-ны өдрийн ОҮ-21/01 тоот үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ:
-Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11 Их тойруу гудамж, 5/1 тоот, үл хөдлөх хөрөнгө, хэмжээ 298 м.кв, барилгын доорх суурийн газар 298 м.кв, өнөөгийн үнэ цэнэ 376,548,070.21 төгрөг,
-Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24 байр, ү хэмжээ 342,8 м.кв, барилгын доорх суурийн газар 342,8 м.кв, 433,156,639.16 төгрөг,
Нийт 809,704,709.37 төгрөг гэжээ.
/ХХ-ийн 59-84 дүгээр тал/
Баян модот ХХК-ийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн дүгнэлтийн 1.1 хэсэгт ... Үнэлгээний ажлын зорилго нь Мөнгөн бэрс ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11 Их тойруу гудамж, 5/1 хаягт байрлах, 298 м.кв талбайтай, үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байрлах 1025,5 м.кв талбайтай контор, агуулах, авто гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоход оршино.
... Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байрлах 1025,5 м.кв гэж Y-2203006343 дугаарт бүртгэгдсэн боловч хэмжилтээр 542,8 м.кв байгаа .... гэж,
2. Үнэлгээний зүйлийн танилцуулга, хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх орчны шинжилгээ хэсгийн 2.1-ийн б хэсэгт:
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байрлах 1025,5 м.кв гэж бүртгэсэн боловч хэмжилтээр 342,8 м.кв контор, агуулахын зориулалттай барилга байна.
В хэсэгт: ... Сэндвичэн үйлдвэрийн байр 200 м.кв хэмжээтэй ч тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байгаа тул тус үнэлгээнд хамруулаагүй болно гэх зэргээр үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тусган үнэлгээг гаргасан байна.
/ХХ-ийн 61-84 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2021 оны 09 сарын 28-ны өдөр хүлээн авч төлбөр авагч болон төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК-д Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 10-р байр, 236 тоот хаягаар үнэлгээний талаарх 2021 оны 09 сарын 30-ны өдөр 4-163/18432 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлжээ.
/ХХ-ийн 6, 60, 126 дугаар тал/
Төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК тус шүүхэд 2021 оны 10 сарын 21-ний өдөр Баян модот ХХК-ийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргахад 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 18456 дугаар захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруул хэмээн хүлээн авахаас татгалзсан бөгөөд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Мөнгөн бэрс ХХК захирамжид заасан зөрчлийг арилган 2021 оны 11 сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргажээ.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК-д тус компанийн өмчлөлийн хөрөнгө байрлаж буй хаягаар Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11 Их тойруу гудамж, 5/1 тоот болон Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24 байр хаягаар нь хүргүүлээгүй ажээ.
Дээрхээс дүгнэхэд төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуульд заасан хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.
Шийдвэр гүйцэтгэгч дээр дурдсан үл хөдлөх эд хөрөншгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 809,704,709 төгрөгийн 70 хувь 566,793,297 төгрөгөөр 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 11/73 тоот тогтоолоор шийдвэрлэсэн талаарх 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 4-163/19604 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.
Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй бөгөөд 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 20255 дугаартай шүүгчийн захирамжаар Мөнгөн бэрс ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 6599 дугаар бүхий Талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан тул ажиллагаа явагдаагүй ажээ.
/ХХ-ийн 87-91 дүгээр тал /
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 18261603/01 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2021 оны 09 сарын 07-ны өдрийн 18261603/07 тоот тогтоол, мөн шинжээч томилох тухай 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 9/234 тоот тогтоолуудад хөрөнгийг Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байршилтай, 1025,5 м.кв талбайтай, контор, агуулах, авто гараж зориулалттай хөрөнгө гэж тусгасан ба уг хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд хэмжээг 1025,5 м.кв гэж тусгасан байна.
Баян модот ХХК-ийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байрлах 1025,5 м.кв талбайтай контор, агуулах, авто гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоход оршино гэсэн атлаа дүгнэлт гаргахдаа:
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байрлах 1025,5 м.кв гэж Y-2203006343 дугаарт бүртгэгдсэн боловч хэмжилтээр 542,8 м.кв гэж,
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө гудамж, 24-р байр хаягт байрлах 1025,5 м.кв гэж бүртгэсэн боловч хэмжилтээр 342,8 м.кв гэж,
Сэндвичэн үйлдвэрийн байр 200 м.кв хэмжээтэй ч тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байгаа тул тус үнэлгээнд хамруулаагүй болно гэх зэргээр тусган үнэлгээг гаргасан байна.
Дээр дурьдсан байдлуудаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч Мөнгөн бэрс ХХК-ийн төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно,
8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцэхгүй байна.
Мөн шинжээч Баян модот ХХК дүгнэлтдээ мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 Хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт,
9.3.5-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт,
9.3.6-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл,
9.3.8-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл,
9.3.9-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал,
9.3.11-т Хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаархи үнэлгээчний мэдэгдэл зэргийг бүрэн гүйцэд тусгаагүй гэж үзэхээр байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 6599 дугаар бүхий Талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн дагуу хариуцагч Мөнгөн бэрс ХХК-иас 2,025,916,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, барьцаалан, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул Мөнгөн бэрс ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Мөнгөн бэрс ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11 Их тойруу гудамж, 5/1 тоот хаягт байршилтай, 298 м.кв талбайтай, үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 00000000000000000 дугаарт бүртгэлтэй, С000000000000000000000 хаягт байршилтай, 342,8 /1025,5/ м.кв талбайтай, контор, агуулах, авто гараж зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 0000000000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Баян модот ХХК-ийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн бхүулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 20255 дугаартай шүүгчийн захирамжаар М ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 6599 дугаар бүхий Талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН