| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0090/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/117 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006810107 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөгжимт драмын театрын урд Н.Бат-Эрдэнийг цохисны улмаас түүний биед баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, дээд, доод уруул, хамрын нуруунд цус хуралт, баруун хацар, эрүүний хажуу хэсэгт зулгаралт, дээд 2, доод 3-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Эрх үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй, эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө баарны гадна 2-3 залуучуудтай маргалдаад цагдаа дээр ирчхээд буцаад Мягмарсүрэн, ******* нартай хамт явж байгаад Театрын урд *******тай маргалдаад барилцаж авахад ******* намайг 1 удаа гараараа цохисон, түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн эмнэлэгт ирсэн байсан. *******д гар хүрсэн зүйл байхгүй, ахынх нь талаар буруу юм ярихад уурлаж намайг зодсон. Хамар хавдаж, нүд хөхөрч 3 шүд эмтэрсэн байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,
4. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн…..Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний мэдээлэлд ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 11 дүгээр сарын 19- ний өдрөөс хойш нийт 96386 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байгаа тул лавлагааг гаргаж хүргүүлсэн, буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,
5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн…..2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би “ВИ” бааранд ажлаа хийж байсан, манайд үйлчлүүлж байсан гэх залуу баарны гадна хэдэн залуучуудтай маргалдаад байсан, хажууд нь ******* ах бид 2 байсан. Цагдаа дээрээс гэх залууг ******* ах бид 2 хүлээж аваад явах замдаа театрын өмнө ******* нар хоорондоо маргалдаад барилцаж авсан байсан. Тухайн үед би биеэ засаж байсан, эргээд очиход газар унасан, дээр нь ******* ах гарсан байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Эргүүлийн үүрэг гүйцэтгэх чиглэл аваад Номгон 1 дүгээр баг, театрын урд талд нэг залуу хэвтэж байсан. Хамраас нь цус гарсан орилоод байхаар нь жижүүрийн шуурхай албанд станцаар мэдэгдэж, 103 руу дуудлага өгсөн. *******ыг ална гээд орилоод зам дээр хэвтэж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 /,
7. Шинжээч эмч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Дээрх гэмтлүүд нь унахад үүсэхгүй, мохоо хүчин зүйл буюу цохиход үүснэ...Баруун дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, дээд, доод уруул, хамрын нуруунд цус хуралт гэмтэл нь цохиход үүснэ. Баруун хацар эрүүний зүүн хажуугийн зулгаралт шүдний эмтрэл гэмтлүүд нь унахад үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 615 дугаартай шинжээчийн:.... 1. биед баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, дээд, доод уруул, хамрын нуруунд цус хуралт, баруун хацар, эрүүний хажуу хэсэгт зулгаралт, дээд 2, доод 3- р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 42-43/ болон Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/, зөрчлөөс эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн прокурорын тогтоол /хх-ийн 01-02/ зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөгжимт драмын театрын урд хохирогч *******тэй хамт явж байгаад улмаар маргалдаж түүнийг цохисны улмаас түүний биед баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, дээд, доод уруул, хамрын нуруунд цус хуралт, баруун хацар, эрүүний хажуу хэсэгт зулгаралт, дээд 2, доод 3-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 615 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь согтууруулах ундаа хэрэглэж хувийн таарамжгүй харилцаанаас болж цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч Н.Бат-Эрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Мөнсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч ******* нь зодуулсны улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас 96.386 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* нь 96.386 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул түүнийг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч хохирол нэхэмжлээгүй зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянга / 600.000 / төгрөгөөр торгох ялаар ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянга / 600.000 / төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэг нарт төлөх төлбөргүй хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ