Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000116 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багт иргэн *******гийн гэрт иргэн *******ыг “манай ах дүүгээс салсан” гэх шалтгаанаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан гэх шилэн аягаар түүний нүүр хэсэгт цохисны улмаас биед зүүн хөмсөг, доод уруулд шарх, баруун хөмсөг, хамрын нуруу хамрын угалз, хамрын үзүүр, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би сонсгож байгаа ялаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Богд сумын Алтай 3 дугаар багийн Улаан Хороот гэдэг газраас 3 тооны адуу туугаад сумын төвд ирсэн юм. Тэгээд 3 тооны адуугаа агтны адуунд өгчхөөд сумын төвд ажил амжуулж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гийнд яваад очтол *******, хоёр архи уугаад сууж байсан. Тэгсэн надад ******* 2 ширхэг Сэрүүн нэртэй пиво авч өгсөн. Бид гурав хувааж уусан. надаас чи ганцаараа байгаа юу гэхээр нь тийм ээ би эхнэрээсээ салаад ганцаараа амьдарч байгаа гэсэн чинь ******* намайг “чи яахаараа манай ах дүүгээс салдаг юм” гээд над руу хэл амаар доромжилж байснаа гэнэт над руу шилэн аяга шидсэн. Нөгөө шидсэн шилэн аяга нь миний дух хэсэг рүү цохиж, миний духнаас болон уруул хэсгээс цус гоожиж эхэлсэн. ах миний духны болон уруулын шархыг нойлын цаасаар тогтоож өгсөн. Тэгээд би хөдөө гэр лүүгээ явж очоод тэндээ хоносон. Маргааш өглөө нь босоод нүүрээ угаасан чинь духны тогтоосон шархнаас цус гоожоод эхэлсэн. Тэгээд би нойлын цаасаар дахиж тогтоогоод орой нь сум дээр ирж эмнэлэг дээр ирж үзүүлж дух болон уруул хэсэгтээ 7 оёдол тавиулсан. Тэгээд *******тай уулзаад миний духыг хагалснаас болоод цус нь тогтохгүй байна гэсэн чинь согтуу архи уучихсан миний хэлсэн үгийг тоохгүй гомдол гаргах газар нь гаргахгүй юу гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн.

Манай мал хөдөө эзэнгүй байсан болохоор би мал руугаа яараад тэгээд ч миний духны болон уруулын цус тогтсон болохоор нь би цагдаад дуудлага өгөөгүй юм. Би энэ 2 хүнийг танина. Бид гурав нэг багийн хүмүүс байгаа юм. Бид нарын дунд төрөл садангийн холбоо байхгүй. Надаас өмнө бол ******* хоёр 0,75-тай “Агар” нэртэй архийг тэг дундуур болтол нь уучихсан байсан. ******* надад 2 ширхэг Сэрүүн нэртэй 2,5 литртэй пиво авч өгсөн юм. “Агар” нэртэй архийг бол , ******* хоёр хувааж ууж дуусгасан. Тэгээр Сэрүүн нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пивыг бол бид гурав хувааж ууж дуусгасан. ******* намайг манай хамаатнаас саллаа гэж над руу шилэн аяга шидэж миний духыг болон уруул хэсгийг хагалж гэмтээсэн. Өөрөөр бол хоорондоо зодоон хийсэн зүйл бол байхгүй. Харин ******* намайг заамдаж аваад байх үед бол ах *******г боль гэж хэлээд надаас салгасан. Би ******* нарын биед халдаж зодсон зүйл байхгүй. Миний дух руу ******* шилэн аяга шидэж, миний дух болон уруул хэсгийг хагалж гэмтээсэн. Тэгээд ах *******г боль гээд хориод байсан болохоор намайг дахиж цохисон зүйл байхгүй. Над руу шидсэн шилэн аяга нь хагараад миний дух болон уруул хэсгийг гэмтээсэн. Тэгээд сумын эмнэлэг дээр ирж үзүүлэхэд бол миний дух хэсэгт 4 оёдол, уруул хэсэгт 3 оёдол тавиулсан. Миний толгой болон дух, уруулын доод хэсгийн дотор хэсэг байнга өвдөөд байна. Би сумын эмнэлэгт үзүүлээ өвчин намдаах эм болон тариа хийлгэж дух хэсэгтээ 4 оёдол хийлгэж уруул хэсэгтээ 3 оёдол тавиулсан. Тэгээд одоо бол өвчин намдаах эм болон буглахаас урьдчилан сэргийлэх эмүүд ууж байгаа. Би ууж байгаа эмийнхээ нэрийг мэдэхгүй байна. Бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй.....гэх мэдүүлэг / хх-ийн 14-16 /,

.... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Харин эмнэлгийн баримт бичгээ аваад ирсэн байгаа. Энэ баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргуулмаар байна. Би сумын төвийн эмнэлэгт үзүүлээд хөмсөг болон доод уруул хоёрт нийтдээ 7 оёдол тавиулсан. Тэгээд гадуур боолт хийлгэсэн. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал байхгүй. Би хөдөө гэрээсээ хоёр удаа ирэхдээ машин болон мотоциклоор 100,000 төгрөгийн шатахуун хийж ирсэн. Тэр боол, маарал, ариутгалын бодис, ам зайлах шингэн, өвчин намдаах эм, сорвины тос зэргийг 40,000 төгрөг болсон юм. Тэрийг ******* надад бэлнээр өгсөн болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

4. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би хохирогч *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 121,548 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 13 цагийн үед Богд сумын Хориулт 6 дугаар багт гэртээ *******, нартай хамт байж байтал гаднаас ороод ирсэн. Тэгээд *******, хоёр нэг ангид сурдаг байсан гээд *******, хоёр нэг нэгэндээ 2 ширхэг Сэрүүн нэртэй 2,5 литртэй пиво авсан. Бид дөрөв нөгөө тал Агар нэртэй архи болон 2 ширхэг пивыг хувааж уугаад дуусаж байтал ******* нь оосоо өмнө хоорондоо маргалдаж байсан талаараа ярьж байснаа бид нарын пиво аягалж байсан бариултай жижиг аягыг барьж байгаад ын нүүр хэсэг рүү цохисон чинь нөгөө аяга нь ын нүүр хэсэгт хагарч нүүрнээс цус гоожоод эхэлсэн. Би өөрийн өмсөж байсан малгайтай цамцаар цус гоожиж байгаа хэсгийг нь дарсан. Тэгээд нойлын цаасаар тогтоож цамцны уранхайгаар боож өгсөн. Манайд хэсэг байж байгаад гэр лүүгээ явлаа гээд манайхаас гараад явсан. *******, бид 3 манайд үлдсэн. Би , ******* нарыг танина. Бид гурав нэг багийн хүмүүс байгаа юм. Бид нарын дунд төрөл садангийн холбоо байхгүй. Миний санаж байгаагаар бол ын зүүн талын хөмсөг, дух, хамрын үзүүр уруулын доод талын дотор хэсгээс цус гоожоод байсан. Өнгөгүй шилэн 150 граммтай, бариултай аяга байсан. Тэр аягаар бид нар архи пиво аягалж ууж байсан юм. Тэр үедээ хагарсан байсан учраас хогийн саванд хаясан байсан. Маргааш нь манай сумын хог ачигдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би энэ өдөр сумын төвд гийнд үдээс хойно цагаа сайн санахгүй байна 0,75 граммтай “Хараа” нэртэй архи авч очсон юм. гэртээ ганцаараа байсан. Бид хоёр “Хараа” нэртэй 0,75 граммтай архи хувааж ууж байж байтал гаднаас ******* ороод ирсэн. Тэгээд бид гурав архиа ууж дуусгаад ******* гараад явсан. Удалгүй 0,75 граммын архи аваад ороод ирсэн. Бид гурав уугаад байж байтал гаднаас ганцаараа ороод ирсэн. Бид дөрөв нөгөө архиа хувааж уугаад дуусгасан. Тухайн үедээ бол ухаан санаа орж гараад байсан. Би гийн гэрээс гараад тамхи татчихаад эргээд орж иртэл ын нүүрнээс нь цус гоожсон цусыг нь цэвэрлээд байж байхаар нь би ын нүүрнээс нь гоожсон цусыг нь нойлын цаасаар дарж тогтоосон. Тэгээд би гэрээс нь гараад явсан. гийнд *******, нар үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би энэ өдөр жижүүр эмч нь байсан юм. Ажил дээрээ байж байтал 20 цагийн үед хүнд зодуулсан гээд ******* гэдэг хүн ирсэн. Би биед нь эмчийн үзлэг хийхэд зүүн талын хөмсөг задарсан, доод уруулын дотор хэсэг хэгзэрсэн байдалтай байсан. Тэгээд зүүн талын хөмсөг хэсэгт 4 оёдол, доод уруулын дотор хэсэгт 3 оёдол тавиад өвчин намдаах эм зөвлөөд буцаасан....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед зүүн хөмсөг, доод уруулд шарх, баруун хөмсөг, хамрын нуруу хамрын угалз, хамрын үзүүр, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй......гэх дүгнэлт / хх-ийн 48-49/ гэх дүгнэлт  болон   гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 09/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багт иргэн *******гийн гэрт иргэн *******ыг “манай ах дүүгээс салсан” гэх шалтгаанаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан гэх шилэн аягаар түүний нүүр хэсэгт цохисны улмаас биед зүүн хөмсөг, доод уруулд шарх, баруун хөмсөг, хамрын нуруу хамрын угалз, хамрын үзүүр, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь  хохирогч *******ын мэдүүлэг,  гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 173 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч нар нь архидан согтуурсан үедээ  шүүгдэгч нь өөрийн дүүгээс гэр бүлээ салгасан гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргалдаж улмаар түүн рүү  аяга шидэж нүүр хэсэгт зүүн талд цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******г гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч ******* нь хохирогчийн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 121.548 төгрөгийг төлсөн баримт гаргаж өгсөн тул түүнийг иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт  төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ