Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/391

 

 

 

 

     2021           4              15                                        2021/ДШМ/391

 

Л.Сад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын тус тус гаргасан давж заалдах гомдлоор Л.Сад холбогдох 1910019860792 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л.С,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 817 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Л.С нь “Австрали улсын виз гаргаж өгнө” гэж иргэн О.Уг хуурч, төөрөгдөлд оруулан 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу “Рапид харш” хороололд бэлнээр болон ХААН банкны дансаар 12.270.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Олхонууд овгийн Лхагвын Л.Сыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Сад оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Сын цагдан хоригдсон 151 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Саас 12.280.000 төгрөг гаргуулан хохирогч О.Уд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.С надад холбогдох хэрэгт мөрдөн байцаалт болон шүүх хурлын явцад шинжлэн судлагдсан мэдүүлгүүд, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийхдээ тооцооллын болон процессын алдаатай дараах зүйлсийг хангалтгүй шинжлэн судалж шийдвэр гаргасанд миний бие гомдолтой байна. Үүнд:

1. Хавтаст хэрэгт тусгагдсан баримтуудыг бүрэн бодитой шинжлэн судлалгүйгээр дүгнэлт гаргасан.

2. Хохирогч О.У, гэрч Г.Э нарын мэдүүлэг зөрүүтэй.

3. Хохирогч О.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр хохирлын хэмжээг тодорхойлохдоо бэлэн мөнгөөр 6.500.000 төгрөг, 5045566658 тоот дансанд 10.270.000 төгрөг, 5007941671 тоот бусдын дансаар дамжуулан 3.660.000 төгрөг тус тус өгч, нийт 20.430.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг. Миний бие Л.С нь мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр барагдуулахаа илэрхийлсэн хэдий ч дээрх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир тодруулга хийж өгөх хүсэлт гаргасан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Ербол нотлох баримт цуглуулж, шинжлэн судлаад бодит хохирлыг 8.620.000 төгрөг гэж тогтоосон. Үүнийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл хянаж үзээд үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.У өөрийн Хаан банк дахь дансаар 1.200.000, 5.000.000, 7.000.000 тус тус төгрөгийг нийт 3 удаагийн гүйлгээгээр 13.200.000 төгрөгийг 5045565558 тоот дансанд шилжүүлж хохирсон гэх бөгөөд нотлох баримт болох 5675449349 тоот О.Угийн Хаан банк дахь дансны хуулгыг шинжлэн судлахад бэлнээр буюу АТМ-ээс 2018 оны 1 дүгээр сарын 23-наас 2 дугаар сарын 13-ны хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр 7.195.000 төгрөг гаргаж авсан. Дансаар буюу Хаан банк дахь 5045566658 тоот дансанд 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1.575.000 төгрөг, 6 дугаар сарын 24-ний өдөр 3.500.000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 2 удаагийн гүйлгээгээр 5.075.000 төгрөг шилжүүлсэн. Бусдын дансаар буюу 5007941671 тоот Хаан банк дахь дансанд 3.660.000 төгрөг шилжүүлэн бусдаар дамжуулан Л.С надад өгсөн гэх бөгөөд нийт дүнгээр 15.930.000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч АТМ-ээс гаргаж авсан 7.195.000 төгрөг, бусдын дансаар дамжуулан өгсөн гэх 3.660.000 төгрөгийг Л.С надад өгсөн гэж холбогдуулах хангалттай нотлох баримт байхгүй.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч Х.Одбаяр, хяналтын прокурор Б.Гүнсэл нар хохирлын дүнг судлан залруулга хийхдээ О.Угийн Хаан банк дахь 5975449349 тоот дансанд Л.С миний 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний хооронд 9 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн өгсөн 3.650.000 төгрөгийг мөрдөн байцаалтын үед хохирлын хэмжээг тооцохдоо давхардуулан хасаж тооцсон гэж үзэн, нийт хохирлыг 12.280.000 төгрөг гэж тогтоосон нь мөрдөн байцаалт явагдах үед нотлогдоогүй хохирогч О.Угийн бусдын дансаар дамжуулан өгсөн гэх 3.660.000 төгрөгийг хасахгүйгээр тооцоолж, тооцооны шинжтэй алдаа гаргасан.

6. Хан-Уул дүүргийн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181002452 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5/68 дугаартай мэдэгдэх хуудсаар баримт болгон гаргаж өгсөн нотолгоонуудаар дээрх хоёр хэрэг нь цаг хугацаа, хэргийн агуулга, хохирогч нарын хоорондын хамаарал зэргээр нэг хэрэг болох тогтоогддог.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/62 тоот тогтоол, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зэрэг нь Л.С миний үйлдсэн гэмт хэргээ нэгтгэн шийтгүүлэх боломжийг хязгаарлаж, хохирлын хэмжээг буруу тогтоож шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж, хохирол төлбөрөө барагдуулах боломжийг хязгаарласанд гомдолтой байна.

Хохирлоо үнэн бодитойгоор тогтоолгож, учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулж, хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх боломжийг олгон Л.С надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/62 тоот шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181002452 дугаартай тогтоолоор Л.Сад холбогдуулан Н.Чинзоригоос гаргасан Х-1-2698 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тодорхойлолт ч гэсэн хавтаст хэрэгт байгаа. Өмгөөлөгч миний зүгээс дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийг нэгтгүүлэн шалгуулах шаардлагатай тул мөрдөн байцаалтанд буцаалгах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/62 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцсан. Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шалгагдаж байгаа хэрэгтээ холбоотой баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгнө гэсэн учраас анхан шатны шүүх хуралдаан тодорхой хугацаагаар хойшилсон. Мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд өөр бусад дүүрэгт эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хэрэг байгаа талаар баримт байгаагүй. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар хэрэгт шалгагдаж байгаа гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.С нь “Австрали улсын виз гаргаж өгнө” гэж иргэн О.Уг хуурч, төөрөгдөлд оруулан 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу “Рапид харш” хороололд бэлнээр болон ХААН банкны дансаар 12.280.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч О.Угийн “...намайг Австрали улс руу явуулж өгнө гэж авсан. Миний 7.600.000 төгрөгийг авахдаа миний Хаан банкны 5675449349 дугаарын дансны виза картыг авч яваад ... Хурд Рапид хотхоны АТМ-ээс Л.С гурав хувааж авсан байна. Би Л.Сын данс руу шилжүүлчих үү гэхэд ахдаа итгэхгүй байгаа юм уу гээд миний виза картыг авч яваад авсан. Би 5 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 5675449349 данснаас Л.Сын өгсөн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Энэ данс нь Батболд гэсэн хүний нэр дээр байсан. 1.2 сая төгрөгийг мөн Л.Сын өгсөн Батболдын данс руу шилжүүлсэн. ...” /1хх 32-33/

гэрч Г.Эгийн “...Уранзаяа надад виз гарах гэж байна, материалаа бүрдүүлэх мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би Уранзаяа руу мөнгө явуулж эхэлсэн. ...Би Уранзаяад Австрали улс руу явахад зориулж дараах мөнгийг өөрийн Хаан банкны 5687002147 дугаарын дансаар Уранзаяагийн Хаан банкны 5675449349 дугаартай дансруу шилжүүлсэн болно. Үүнд: 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 5.680.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө нь Уранзаяа байрны түрээсийн мөнгөө төлж чадахгүй байна гэхээр нь явуулсан мөнгө. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөгийг Уранзаяа ус, дулаан гээд байрны төлбөрөө төлж чадахгүй байна гэхээр явуулсан. 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр 560.000 төгрөгийг Уранзаяа байрны түрээсийн төлбөрт өгнө гэхээр нь шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5.000.0000 төгрөгийг Батжаргал гэх хүнээс зээлж аваад Батжаргал өөрийн 5676065123 дугаарын данснаар Уранзаяа руу шилжүүлсэн. ...” /1хх 55-56/,

гэрч Д.Сын “...5045566658 тоот Хаан банкны данс нь манай том хүү болох Батболдын эзэмшлийн данс байгаа юм. Уг дансны виза карт, нууц кодыг Батболдоос авсан байна. Яг хэзээ яаж авсан талаар мэдэхгүй, мөн уг данс интернет банктай холбогдсон эсэх талаар мэдэхгүй байна. Уг дансаар олон хүнээс мөнгө залилж авсан юм байна лээ. ...” /1хх 178-179/,

шүүгдэгч Л.Сын “...Би яллагдагчаар татсан зүйлийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Уранзаяад худал хэлж мөнгө авсан нь үнэн. ...Хурд хорооллын хажуу талын Рапид харш хотхонд тавилгатай хоёр өрөө байрыг гражийн хамт, сарын 1 сая төгрөгөөр түрээслэж байсан. Энэ байранд 6 сар амьдарсан түрээсийн төлбөр зэрэг зүйлд зарцуулаад үрж дууссан. ...Уранзаяа өөрөө Австрали улсад гармаар байна гэхээр нь миний таньдаг авга ах Австрали улсын Сиднэй хотод амьдардаг байсан. Тэр ахын ярьсан зүйлийг өөрөө тухайн улсад амьдарч байснаар худлаа ярьсан юм. ...” /1хх 72, 74/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч О.Угийн Хаан банкны 5675449349 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 36-52/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Сыг “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Л.Сын “Австрали улсын виз гаргаж өгнө” гэж иргэн О.Уг хуурч, 12280000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож, Л.Сад 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгч Л.С “...хохирлоо үнэн бодитойгоор тогтоолгож, учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулах боломжоор хангаж, хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх боломжийг олгож, надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн “...хэргийг нэгтгүүлэн шалгуулах шаардлагатай тул мөрдөн байцаалтанд буцаалгах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Тиймээс ...62 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Прокуророос шүүгдэгч Л.Сын үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч О.Угийн хохирлын хэмжээг 12.270.000 төгрөгөөр тооцсон бол анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг 12.280.000 төгрөг болгон хэргийн үйл баримтыг өөрчилсөн байх бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг хөндөхгүйгээр дараах үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Прокуророос болон анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг шүүгдэгч Л.Сын нийт залилж авсан хохирлын мөнгөн дүнгээс буцаан төлсөн мөнгөн дүнг хасч тогтоосон байх бөгөөд энэ нь залилах гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоох хууль зүйн үндэслэлд нийцээгүй байх боловч уг байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хохирогчийн эрх ашиг хөндөгдөхөөргүй, түүнчлэн давж заалдах шатны шүүхээс хохирлын тооцоог зөвтгөх байдлаар өөрчлөн хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтад нийцнэ гэж үзэв.

 

Цаашид, залилах гэмт хэргийн хохирлын хэмжээг залилах гэмт санааг хэрэгжүүлсэн цаг хугацаанд шилжүүлэн авсан хөрөнгийн нийт үнийн дүнгээр тодорхойлж, харин буцаан өгсөн хөрөнгийн хэмжээг хохирол төлөгдсөн байдалд тооцож байх нь хуульд нийцнэ.

 

Гэхдээ, залилах гэмт хэрэг үйлдэх санаа, зорилгыг тодорхойлохдоо эхнээсээ зарим эд хөрөнгийг залилан авч, зарим эд хөрөнгийг буцаан өгөх санаа зорилготой байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөхийг анхаарвал зохино.

 

Хохирогч О.Угийн банкны дансны хуулгыг шинжлэн судлаж үзэхэд, тэрээр шүүгдэгч Л.Сад нийт 16.420.000 төгрөг өгч, 3.666.500 төгрөг буцаан авсан байх бөгөөд үлдэгдэл  төлбөрийн хэмжээ нь 12.753.000 төгрөг болж байх тул уг төлбөрийг гаргуулан хохирогчид олгохоор тогтоов.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181002452 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол /хх 236/ хавтаст хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж,

мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэж,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд уг зохицуулалтын агуулга нь мөрдөн байцаалтын үед эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хувьд хэргийг нэгтгэх зохицуулалт үйлчлэхээр байна.

 

Мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Нэг үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэж хэрэг бүртгэлт явуулна” гэж заасан нь хэрэгт холбогдогч нэг үйлдэлд хэд хэдэн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа тохиолдолд хэргийг нэгтгэж, нэг хэргийн хүрээнд нэг үйлдлийг шалгах ажиллагааг зохицуулжээ.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Л.Сад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг прокурорт болон анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр  сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Саас 12.280.000 төгрөг гаргуулж хохирогч О.Уд олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Саас 12.753.000 төгрөг гаргуулан хохирогч О.Уд олгосугай.” гэж өөрчилсүгэй.

   

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР