Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

 

 

 

 

2025         06          02                                       2025/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Н.Өлзий, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокрурор Б.Энхтулга, хохирогч Б.*******, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2536000030073 дугаартай, 319/2025/0094/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, ******* овогт *******гийн *******:

Холбогдсон хэгийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын багийн 12-10 тоотод байрлах Ж.*******ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 7 хайрцаг /350 ширхэг/ калибрийн сумыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах:

 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 5-42 тоотод байрлах Б.*******ын гэрт түүнтэй түр амьдарч байх хугацаандаа 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг домакратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

1.1.2024 оны 11 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын багийн 12-10 тоотод байх Ж.*******ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, авдарт байсан хохирогч Д.гийн гэх  7 хайрцаг /350 ширхэг/ калибрын сумыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухай: Үүнд:

            1.2.Ховд аймгийн Цагдаагийн газар гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6 дугаар хуудас),

1.3.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-11 дүгээр хуудас),

1.4.Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сард Улаанбаатар хот "Наран туул" захаас нэг хүнээс ирээд калибр бууны сум хямд зарж байхаар нь 7 хайрцаг сумыг 1 хайрцгийг 80.000 төгрөгөөр нийт 560.000 төгрөгөөр бэлнээр худалдан авч байсан. 2022 оноос хойшоо 7 хайрцаг сумаа гэртээ хадгалж байгаад энэ жил Ж.******* гэх нутгийн найз болох залууд өгөөд тарваганы зөвшөөрөл өгч байгаа сураг байна хэрэгтэй хүнд өгчихөөрэй гэж өгсөн. Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18:00-19:00 цагийн хооронд над руу залгаад гэрт авдарт байсан сум алга болчихсон байна гэж надад хэлсэн. Тэгээд Ж.******* цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн бууны сумны хайрцаг цаасан улаан цоохор хайрцагтай гадна хэсгээрээ үл ялиг урагдсан байсан шинэвтэр биш байсан. Нэг хайрцагт 50 ширхэг 7 хайрцагт 350 ширхэг сум байсан. Надад гомдол, санал байхгүй тул шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15,91 дүгээр хуудас),

1.5.Гэрч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Манай нутгийн миний найз болдог Д. гэх залуу надад энэ оны 08 дугаар сард 7 ширхэг хайрцагтай сум өгсөн. ...7 хайрцаг сумыг аваад Ховд аймагт гэртээ авдарт гэртээ хадгалж байсан. Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагийн орчимд Д. залгаад бууны сумаа авах гэсэн юм. Тэгээд оройны 17:00 цагийн үед Ховд аймгийн ******* сумын багийн 12-10 тоотод байх гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг хуга цохиод гэр лүү хүн орчихсон байсан. Гэртээ ороод цоож эвдчихсэн байсан болохоор хулгай орсон юм болов уу гэж бодоод авдраа нээгээд харахад 7 хайрцаг сум нь алга болчихсон байсан. Би Д. рүү залгаад чиний сум алга болчихсон байна гэж хэлэхэд худлаа хэлээд бай яахлаараа алга болдог юм гэхээр нь би хүний юм алга болгочихсон юм чинь цагдаад мэдэгдэх хэрэгтэй гээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас),

1.6.Гэрч О.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 11 дүгээр сарын дундуур Ховд аймгийн ******* сумын Хайрхан багийн 11-43 тоотод манай гэрт манай аав *******, бид гурав байж байтал 23 цагийн орчимд гаднаас Б.******* тортой зүйл бариад ороод ирсэн. Тухайн торонд 2 ширхэг 0.75 граммын Хараа нэртэй архи, 1 том 2.5 литрийн ундаа, хайрцаг тамхи, 2,3 ширхэг савтай гоймон зэрэг зүйлс байсан. Архийг бид гурав хувааж уугаад байж байгаад надад 1 зүйл байна гэхээр нь юу байгаа юм гэхэд сум байна гэхээр ямар учиртай хаанаас авсан сум юм гэхэд миний өөрийн сум байгаа юм машиныхаа дотроос авч ирлээ гэсэн. Куртикний халааснаас нийт 6 хайрцаг, хайрцаг нь улаан хар өнгөтэй, сум нь хар өнгөтэй жижиг сум байсан. Нийт 7 хайрцаг сум байснаас 1 хайрцгийг нь дэлгүүрт өгч архи, ундаа. бэлэн гоймон, тамхи авсан гэжхэлсэн. Тухайн сумыг үзэж байтал 1 хайрцагтай сумны хайрцаг нь задарчихаар нь би скочоор ороож өгсөн. Шөнө 02 цаг өнгөрч байхад манай аав уурлаад С., Б.******* хоёрыг уурлаад хөөгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас),

1.7.Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Хөрш айл болох Муухайгийн гэрт ороход аавтайгаа тэр хоёр байсан. Бид 3 хөзөр тоглоод сууж байхад ******* гэх залуу орж ирсэн ба тортой зүйл бариад орж ирсэн. Тухайн торноосоо Хараа гэх нэршилтэй 0.75л 2 ширхэг архи, 2 бэлэн гоймон, 2 тамхи, Сэнгүр гэх нэршилтэй 2 том пиво гаргаж ирсэн. Манай хөрш болох хоч нэр нь Муухай гэх залуу Б.******* гэх залууд хаанаас авсан юм гэж асуухад дэлгүүрт сум тавиад авчихлаа гэж хэлээд куртикнээсээ 5 хайрцаг буюу хар, улаан судалтай хуучиндуу хайрцагтай калибр бууны сум гаргаж ирээд энэ хэдийг зараад гутал авч өмсмөөр байна. Заралцаад өгөөч авах хүн амьтан байна уу гэхэд Муухай миний утсаар манай урд талын гудмын Буянт суманд мал малладаг Болдоо гэх ах руу залгаад сум авах хүн байна уу гэхэд аваад хүрээд ир гэсэн. Тэгээд Болдоо ах нэг хүнтэй утсаар яриад нөгөө утсаар ярьсан хүн нь сумнуудаа аваад ир гэж хэлэхээр нь ******* Болдоо ах бид гурав яваад тухайн хүнд 1 хайрцаг сумыг 100.000 төгрөгөөр зарсан. Тухайн очсон айл нь 7-р сургуулийн урагшаа хаягийг нь сайн мэдэхгүй байна 1 хайрцаг сумны мөнгийг манай эхнэр Э.Батцэцэгийн Хаан банкны 5023546140 дугаарын данс руу хийлгэсэн. Тэгээд тэндээсээ үргэлжлээд дахиад гурван айлд ороод 3 хайрцаг сумыг зарсан. Нийт 4 хайрцаг сумны мөнгийг манай эхнэрийг данс руу хийлгэсэн. Б.******* 1 хайрцаг сумыг нь Болдоо ахад сум зарж өгсөн гээд үнэгүй өгсөн. Манай эхнэрийн дансанд орсон 400.000 төгрөгөөс 100.000 төгрөгт дэлгүүрээс архи, пиво аваад аа гэх айлд очсон. Би тухайн аа гэх айлыг танихгүй Б.*******ын л таньдаг айл гэсэн. Тухайн аа гэх айл очоод Б.*******ын авсан архи, пивийг хувааж уугаад би гэрлүүгээ явчихсан. Тухайн 4 хайрцаг сум зарсан гэх мөнгөнүүдийг ******* ашигласан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас),

1.8.Гэрч Э.чулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Дэлгүүрт зогсож байхад нэг залуу орж ирээд жаахан зогсож байгаад ахаа калибр бууны сум авах уу 1 хайрцаг сум байна оронд нь жаал жуул идэж уух зүйл авчихъя идэж уух зүйл солиод авч болох уу гэж хэлээд манай дэлгүүрээс архи, ундаа, тамхи зэрэг зүйлсийг аваад гараад явсан. Би бас нарийн яг юу юу хэдэн төгрөгт авсан эсэхийг одоо марчихжээ. Тухайн сум зарсан залуу үстэй дээлтэй, ноосондуу малгайтай байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас),

1.9.Дамно үнэлгээ ХХК-ийн ХВЦ-24-269 дугаартай “шинжилгээний объектын 2024 оны 11 дүгээр сарын байдлаарх нийт үнэ 560.000.” гэсэн дүгнэлт (хх-ийн 39-42 дугаар хуудас),

1.10.Гэрч Э.чулуунаар “ Б.*******ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-ийн 68-72 дугаар хуудас),

1.11.Б.*******ын өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би өөрийн гаргасан үйлдлийгхүлээн зөвшөөрч байна. Би Д., Ж.******* гэх хүмүүсийг танихгүй би яг хэзээ гэдгээ сайн мэдэхгүй байна. Манайхаас хойшоо Хан жаргалантын хойд талын гудамж байх багийн нутаг дэвсгэрт байрлах айлын гэрээс калибр бууны 7 хайрцаг сумыг авч зарч борлуулсан. Би тухайн 7 хайрцаг сумыг , Болдоо нарын хамт явж Болдбаатарын таньдаг хүмүүст зарж борлуулсан. Мөнгийг архи дарс авах, идэж уух зүйлд зарцуулсан. Би өөрөө данс, виза карт байхгүй болохоор гэх залуугийн виза карт руу шилжүүлж аваад идэж уух зүйлд зарцуулсан. Би иргэн Ж.******* гэх хүнтэй уулзаж уучлал гуйсан. Мөн учирсан хохирлыг нь нөхөн төлөх талаар хэлсэн тэр хүмүүс надад гомдолгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 88-89 дүгээр хуудас),

1.12.Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5866/2025/120 дугаартай албан бичиг, хавсралт (хх-ийн 107-109 дүгээр хуудас),

            1.13.Иргэн Э.Батцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 50.....0 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 110 дугаар хуудас),зэрэг баримтууд:

2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 5-42 тоотод байх хохирогч Б.*******ын гэрт түүнтэй түр амьдарч байх хугацаандаа хохирогчийн эзэмшлийн 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг домакратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 394,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар. Үүнд:

1.14.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 127-130 дугаар хуудас),

1.15.Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал манай хүү болох - өөрийн найз болох ******* гэх залууг дагуулж ирээд “Ааваа би 20 хоногийн баривчилгаанд явлаа, манай энэ найз таны ажил төрөлд туслаад хэд хоног манайд байна” гэхээр нь би за тэг гэсэн юм. Б.******* гэх залуу манайд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг 30 минут хүртэл манайд байсан. Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 10 цаг 20 минутад босоод гэрт байсан 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг данхраат хааччихав гээд Б*******аас асуухад мэдэхгүй гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй байж байгаад Ерөөл гэх 0.5 граммын архи, Алтаннавч гэх тамхи би таньдаг эгчээсээ зээлээр аваад ирлээ гэж хэлээд орж ирсэн. Бид 2 архиа хувааж ууж дуусаад би цагдаа дуудсан юм... Ямар нэгэн хохирол төлбөр барагдуулаагүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг (хх-ийн 134,169 дүгээр хуудас),

1.16.Гэрч Я.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Намайг өглөө ажилдаа очоод байж байхад нэгз алуу ирээд 2 ширхэг аккумлятор худалдахаар ирсэн. Би тухайн залуугийн нэрийг огт мэдэхгүй гэхдээ би 21,000 төгрөгөөр тухайн 2 аккумляторыг худалдан авсан. Тэр цагаас хойш тэр залууг огт хараагүй, над дээр ч бас ирээгүй. Надад тэр залуу ямар ч хулгайлсан болон хэн нэгний эд зүйлийг авч ирж зарж байгаа гэж хэлээгүй. Би олон хүнээс машины техник технологи худалдан авдаг тул тухайн залууг бол нэрийг мэдэхгүй, гэхдээ харвал танина. Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдан авсан тээврийн хэрэгслийн эд анги, 2 дахь түүхий эдийг Улаанбаатар хот руу тээврийн хэрэгсэлд ачиж явуулсан. Одоо надад байхгүй... ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 141-142 дугаар хуудас),

1.17.Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ХВЦ-24-236 дугаартай: ...хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг үнэлсэн “...394,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хх-ийн 145-148 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

2.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1.Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл хамааран уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Б.*******ын айлийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь “хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

2.2. Хүн байнга үйл ажиллагаа явуулах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байдаг бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 Өөрөөр хэлбэл цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах нь үйлдлийн арга бөгөөд гол шалгуур нь хориглосон цаг хугацаанд, шүүгдэгчийн хувьд нэвтэрхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байдаг.

Айлын гэр нь шүүгдэгч Б.*******ын хувьд орохыг зөвшөөрөгдөөгүй орон зай байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон  байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Харин хохирогч Б.*******ын гэрт түүнтэй түр амьдарч байх хугацаандаа хохирогчийн эзэмшлийн 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг домакратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 394,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага хэмжээний хохирол буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан нь дээрхи хуулийн зүйл хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ. 

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирогч Б.*******т 394,000 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар уг хохиролыг  шүүгдэгчээс гаргуулж олгуулах, хохирогч Д.гээс “ямар нэгэн саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс бусдад учруулсан хохирлын талаар маргаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

1.Шүүгдэгч Б.*******ыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

2.2.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 117-р хуудас), оршин суугаа газрын хаягийн, иргэний үнэмлэхийн лавлагаа, хаягийн бүртгэлийн (хэргийн 112-116, 187 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

 Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ  суурь боловсролтой, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, ам бүл-5 эхнэр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг гэх боловч тодорхой эрхэлсэн ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд маргаагүй, хохирол төлөхөө илэрхийлсэн гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.3.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “ шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 394,000 төгрөгийг хохирогч Б.*******т олгуулах,цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах  ” гэх санал, дүгнэлт;

2.4.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ шүүгдэгч нь гэм буруугийн талаар  маргаагүй, хохирлоо төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуульд заасан ялын бага хэмжээгээр оногдуулж өгнө үү. гэх  саналыг тус тус гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

2.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш үйлдсэн ...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******т 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

  2.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.*******аас 394,000/гурван зуун ерөн дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.*******т олгуулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС